Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв


8-р сарын 10
15 цаг 18 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд өнөөдөр /2026.08.10/ ажиллаж байна.

Үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах, төслийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор албаныханд үүрэг өглөө.

Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар эхний 100 хоногтоо 20 хувийн гүйцэтгэлтэй хоёр жил гацсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг гацаанаас гаргасан. Үр дүнд нь  бүтээн байгуулалт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Тухайлбал, түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах нийт 276,430 метр.куб багтаамжтай агуулах савнууд барьж байна. 

Үйлдвэрт нийт 263 км ил шугам хоолой, 26 км далд шугам хоолой байх бөгөөд эдгээрээс 190 км шугам хоолойн материалыг татан авч, гагнаж угсран суурилуулж байна. 

Үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох БНЭУ-д үйлдвэрлэсэн "Атмосферийн нэрлэгийн цамхаг"-ийг 2026 оны тавдугаар сард, "Вакуум нэрлэгийн цамхаг"-уудыг долоодугаар сард үйлдвэрийн талбайд амжилттай тээвэрлэн авчирч, угсралтын ажил явагдаж байна. 

Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолой барьж байгуулах ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй, дуусах гэж байна. Дорнод аймгийн Матад суман дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь үйлдвэрийн талбай хүртэлх уг дамжуулах хоолой нь Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болжээ.  

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, төсөл нэлээд их саад бэрхшээл туулсан. Хоёр тал төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх өндөр түвшний хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон нь бүтээн байгуулалтад чухал түлхэц болно гэж үзэж байна. 

Дуусдаггүй олон яриа дуусаагүй үлдсэн байсан. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан 2 жил орчим гацсан байсан. Манай Засгийн газар байгуулагдаад гацаа арилж, одоо энэ талбай дээр 4500 инженер техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн угсралт бүрэн эхэлсэн. Алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж, бүтээн байгуулалтаа дуусгая хэмээв. 
"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал  Д.Алтанцэцэг хуримтлагдсан шийдэрлүүлэх асуудлуудаа Ерөнхий сайдад уламжлав.

Саад бэрхшээлийг шуурхай шийдвэрлэх хүрээнд Ерөнхий сайд онцгой хяналт тавьж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд асуудлыг шийдвэрлэхээ хэлэв.  Холбогдох албаныханд дараах үүрэг өгөв. 

Үүнд: 

-Үйлдвэрийн санхүүгийн дарамтыг бууруулах, Аж үйлдвэрийн парк болгохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт, 

-Түүхий тосны хайгуулыг эрчимжүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт,

-Барилгын материалын хангамжийг шийдвэрлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт,

-Зураг төслийн магадлалыг шуурхайлахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар нарт,

-Эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Найдалаад,

-Нарийн мэргэшсэн инженер, боловсон хүчний бэлтгэл хангахыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт,  

-Хотхон, дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэхийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нарт, 

-Төслийн компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинэчлэхийг Сангийн сайд З. Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайд, 

-Дамжуулах хоолойн санхүүжилттэй холбоотой нүүрсний тээврийг тасалдуулахгүй байхыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нарт тус, тус үүрэг болгов.  

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1.7 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байна.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, 824 мян.тн дизель, АИ95 бензин 396 мян.тн, онгоцны түлш 80 мян.тн, зуухны түлш 17 мян.тн, шингэрүүлсэн шатдаг хий 27 мян.тн үйлдвэрлэх юм. Үйлдвэр ашиглалтад орсноор, Монгол Улс газрын тосны хэрэгцээний 55 орчим хувиа дотооддоо хангана. 

Үйлдвэрийн гадна талбайн болон дотоод дэд бүтцийн ажил дууссан. 550 ажилтны орон сууцны бүтээн байгуулалтын эхний шат дууссан. 135 айлын орон сууц болон оффис-үйлчилгээний төв ашиглалтад оржээ. Харин 35МВт ДЦС, 5МВт “Ширээт” дэд станцын санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэснээр ажил эхэлсэн. Үйлдвэрийн төсөл бүрэн дууссанаар 850-900 ажлын байр шинээр бий болох юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 19 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.