Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно


8-р сарын 18
12 цаг 20 минут

       2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болох гэж байна.  Их эзэн Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хар зүрх уулыг төрийн тахилгатай болгох зарлигийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан юм.

Хар зүрх уулын орчмын газар нутаг нь Монгол төрийн өлгий нутаг:

Их Монгол Улсын хааны ордонд бичсэн төрийн албан түүхэнд өгүүлснээр Хар зүрх уул орчмын газар нутаг нь Хамаг Монгол Улсын төрийг 1189 онд сэргээн байгуулж, Тэмүжинг “Чингис хаан” хэмээн өргөмжилсөн, монгол төрийн өлгий нутаг юм. Монгол төрийн түүхэнд хаан оронд суусан газар цөөнгүй бөгөөд Хэрлэнгийн хөдөө аралд Өгэдэй, Мөнх, Есөнтөмөр хаан суусан бол Хархорумд Аригбөх нар хаан сууж байв. Хубилай хаан Кайпин хотод их сууринд сууж байжээ.

Чингис хааны хүчирхэгжилт, мандлын эхлэл болсон газар:

Хар зүрх уул орчим бол Эзэн богд Чингис хаан дайн тулаанд огт ялагдаагүй, эсгий туургатныг шулуутган, нэгэн төрийн дор хурааж, бүс нутаг, дэлхий дахинд монгол үндэстний манлайллыг бий болгож, Монголын амар амгаланг дэлхий дахинд тогтоох үндэс сууриа тавьсан нутаг юм.

“Чингис хаан”-ы тахилгыг сэргээж болох түүхэн үнэ цэнтэй нутаг

Эзэн Богд Чингис хаан бол монгол үндэстний гайхамшигт манлайлагч, агуу их хүмүүн болохын хувьд хожмын монголчууд, ураг удмынхан нь түүнийг “Тэнгэр” болгон тахиж, тахилын сан зохион, дэг бүтээн шүтэж залбирч ирсэн ч ХХ зуунд тасалдаж, бүдгэрсэн түүхтэй.

“Хар зүрхний Хөх нуур” буюу Тэмүжин хөвүүнийг “Чингис хаан” өргөмжилсөн газар бол “Чингис хааны тахилга”-ыг сэргээн уламжлуулахад нэн тохиромжтой, түүхэн нөхцөл бүрдсэн газар гэж түүхчид үздэг.

Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт далайн түвшнээс дээш 1675 м өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг. Нуурын эрэгт Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө, түүнийг тойруулан 108 метр голчтой, хагас саран хэлбэртэй талбайд Алтан ургийн их, бага 36 хааны модон сийлбэр байрлуулсан. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, эцэг Есүхэй, хатан эх Өэлүн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэр гээд 50 ширхэг модон сийлбэр байдаг юм.

Хар зүрхний Хөх нуур сурвалжийн мэдээнд дурдагдсан нь:

Монголын нууц товчоонд Хар зүрхний Хөх нуурын нэр 2 удаа дурдагддаг. Тэмүжиний гэр бүл нутаглаж, тарвага зурам агнаж байсан (§ 89), мөн тэнд авга, үеэлүүдээс болон Жадаран зэрэг бусад овгоос салж, Тэмүжинтэй нийлсэн олон хүрээ бүхий хүн ам Хөх нуурт буусан (§ 122) тухай өгүүлжээ. 89. Тэнд нийлэлдэж Бурхан халдуны өвөр Хүрэлхү дотор урсах Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж ахуйд, тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ. Бас 122. Хунан тэргүүтэн Гэнигэс нэгэн хүрээн ирэв. Бас Дааридай отчигин нэгэн хүрээн ирэв. Жадаранаас Мулхалху ирэв. Бас Үнжин Сахайт нэгэн хүрээн ирэв. Жамухаас төдий хагацан хөдлөөд, Химурга горхины Айл харганад бууж бүхүйд бас Жамухаас хагацаж, Жүрхиний Сорхату, Жүрхийн хөвүүн Сача бэхи, Тайчу хоёр нэгэн хүрээн, бас Нэхүн тайжийн хөвүүн Хучар бэхи нэгэн хүрээн, эд бас Жамухаас хагацан хөдөлж, Тэмүжинийг Химурга горхины Айл харганад бууж бүхүйд нийлэн буув. Тэндээс нүүж, Хүрэлхү дотор Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт буув хэмээжээ.

Хар зүрх уул болон Хөх нуурын орчимд, ялангуяа Цэнхэрмандал сумын нутагт хийсэн археологийн судалгаа багагүй бий. Эдгээрээс үзэхэд одоогоос 3,500 орчим жилийн тэртээ буюу Хүрлийн үеэс нүүдэлчин үндэстэн амьдран сууж байсан нь харагддаг.

Монголчуудын өвөг дээдсийн дөрвөлжин булш ба түүний шууд өвөг болсон шоргоолжин булш олддог. Мөн XIII-XV зууны үеийн дурсгал, түүний дотор монгол хүн чулуу байдаг. Батхаан уулын хормой Таван толгой хэмээх газарт нутгийнхан “Чингисийн тулга” хэмээн нэрлэдэг цэцгэн хээ бүхий хавтант хашлага байдаг нь Чингис хааны үеэс эрт НТ VI-VIII зуунд хамаарах бололтой. Цаашид энэ бүс нутагт археологийн тусгайлсан нарийвчлал өндөртэй хайгуулыг хийх зайлшгүй шаардлагатай гэж түүхчид үздэг. 2009-2011 онд Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт судалгаа явуулж, хүрэл, төмөр, хүннү, түрэг, Монголын үед холбогдох хэдэн арван дурсгалын цогцолборыг илрүүлэн, газар зүйн байршлыг тодорхойлон бүртгэн баримтжуулсан. МУИС-ийн судалгааны баг 2011 онд энэ төслийн хүрээнд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Жаргалантын хөндийд археологийн судалгаа хийж, Жаргалантын хөндий болон түүний орчмын нутаг Хавцал уул, Аваргын гуу зэрэг газарт 150 гаруй дурсгал олж, бүртгэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гадаадын иргэн, зочин, төлөөлөгчдийн хөтчөөр 60 оюутан цагдаа ажиллаж байна1 цаг 26 минутын өмнөЭ.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна1 цаг 32 минутын өмнө“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна1 цаг 37 минутын өмнөСОР17-гийн шийдлийг ажил болгох, Монголыг таниулах Ногоон бүсийг нээлээ1 цаг 40 минутын өмнөШатахууны түгээлтэд хойрго хандвал тусгай зөвшөөрлийг нь цуцална1 цаг 45 минутын өмнөХиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна1 цаг 50 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний павильон ногоон бүсэд нээлтээ хийлээ1 цаг 53 минутын өмнөХар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно1 цаг 56 минутын өмнөCOP17: Монгол Улс Рамсарын конвенцтой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ2 цагийн өмнөЕвропын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав4 цаг 56 минутын өмнө“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо5 цаг 4 минутын өмнөCOP17: Ногоон бүс өнөөдөр олон нийтэд нээлтээ хийнэ5 цаг 11 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан5 цаг 16 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана8 сар 17. 13:51Н.УЧРАЛ: COP17 бага хурлаар амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе8 сар 17. 13:402,520 тонн Аи-92 автобензин буух өртөөд рүү илгээв8 сар 17. 11:331 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ8 сар 17. 11:28Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын нээлт8 сар 17. 10:10Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ8 сар 17. 10:05Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ8 сар 17. 10:02СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 17. 9:52COP17 “Торгоны замын жингийн цуваа”-гаар эхэллээ8 сар 17. 9:16COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ8 сар 17. 9:05УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 17. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 17. 8:58COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ8 сар 15. 11:22Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо8 сар 15. 11:13АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 сар 14. 17:33COP17-ын үеийн зам тээврийн зохицуулалт: Иргэд юу мэдэх хэрэгтэй вэ?8 сар 14. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.