Прокурорын байгууллага энэ оны 8 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 208 хүнд холбогдох 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь ашигт малтмалын нөөц, тархалтын байдлаас хамаарч Өвөрхангай, Дорноговь, Говь-Алтай, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн прокурорын газар 14 хэрэгт, Говь-Алтай аймгийн прокурорын газар 13 хэрэгт, Өмнөговь аймгийн прокурорын газар 12 хэрэгт, Баянхонгор аймгийн прокурорын газар 8 хэрэгт, Өвөрхангай аймгийн прокурорын газар 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Прокурорын байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэрэг:
- П.А. Б.У нар нь бүлэглэн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний хооронд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагт хамаарах 859.4 м² талбайд Хюндэй загварын экскаватор, Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл, ус соруулах насос, гитаран буу зэрэг техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт, боловсруулалт ашиглалт явуулж, байгаль орчинд 27,5 сая төгрөгийн хохирол учруулсан,
- Я.Э, М.Г нар нь П.А, Б.У нарыг дээрх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон алтыг худалдан авахаар урьдчилан амлаж, 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд дансаар нийт 73,9 сая төгрөгийг шилжүүлж гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс П.А, Б.У, Я.Э, М.Г нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, М.Г, Я.Э нарт 5,4- 6,5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, П.А, Б.У нарт хорих ял оногдуулахгүйгээр 2-2,6 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан.
Түүнчлэн байгаль орчинд учруулсан 27,5 сая төгрөгийн хохирол, нөхөн сэргээлт хийх зардал 1,8 сая төгрөг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлөгдсөн болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан экскаваторын үнэ 12,5 сая төгрөг, Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нийт 73,9 сая төгрөгийг шүүгдэгч П.А нараас тус тус гаргуулах, эд мөрийн баримтаар хураагдсан нийт 745.3 грамм алтыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. Шийтгэл тогтоол харах
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэрэг:
- Н.О нь 2025 оны 9 дүгээр сарын 03-наас 06-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт гэх нэртэй газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын (алт) эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 20,6 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Н.О-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, байгаль экологид учруулсан хохирол 20,6 сая төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 4 сая төгрөг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техникийн хэрэгслийн үнэ болох 69,9 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. Шийтгэх тогтоол харах
Дорноговь аймгийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэрэг
- Ч.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын (жонш) олборлолт явуулж, байгаль орчинд 669,8 мянган төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ч.Б-г тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, байгаль орчинд учруулсан хохирол 669,8 мянган төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнэ болох нийт 171 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. Шийтгэл тогтоол харах
Иргэн танд
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон байдаг.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого тус тус улсын орлого болох, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож төлөх хуулийн зохицуулалттай.
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ

Сэтгэгдэл бичих