Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?


8-р сарын 21
9 цаг 47 минут

      Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц эмзэг асуудал юм. Үүнийг мэдсээр ирсэн, энэ зун илүү мэдэрцгээлээ. Монгол Улс нийт шатахууныхаа хэрэглээний 95 орчим хувийг Оросоос импортолдог Шатахуунаа Оросоос “зөөгөөд” 100 гаруй жилийг үдсэн. Үүний 30 шахам жилд нь шатахуун импортлогч компаниуд буюу дундын зуучлагчид шатахуун импортлох эрх, үүргийг хэрэгжүүлж ирсэн. Шатахууны төрлүүдээс хамгийн хүнд нь АИ-92 бензиний асуудал байдаг. Сард дунджаар 65–70 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Өдөр тутмын хэрэглээ нь 2200 тонн болдог.

Гэвч, хяссан юм шиг Улсын баяр наадам тарж, монголчуудын хөдөө хээрээр аялж давхидаг өдрүүдийг тааруулаад  АИ-92 шатахуун тасарч олон нийтийг ихээхэн бухимдуулж уцаарлууллаа. Ингэх нь ч бас аргагүй юм. Монголчууд бид чинь жилийн ганцхан сард л зугаа цэнгэл хөөж, уул ус барааддаг улиралтай ард түмэн шүү дээ. Баяр наадам хүртэл яаж ийгээд ажил албандаа дөнгөлүүлнэ. Өнгөрөнгүүт нь сар гаруйхан хөдөөгүүр давхих байгалийн болоод нийгмийн “чөлөө”-тэй байдаг. Тэгээд л наймдугаар сарын дундаас хотоо бараадна. Хүүхдийн сургууль соёл, намрын ажлын бэлтгэл гээд хот хөдөөгүй ажил албаа бодож эхэлдэг. Өдгөө тийм өдрүүд эхэллээ. Түүнтэй зэрэгцээд шатахуунд оочерлосон өдрүүд ч ард үлдэж байх шиг байна. Ингэснээр, сайд Г.Дамдиннямын чих амарч байх шиг байна. Угаасаа, Монголд шатахууны хангалт, түгээлт хэвийн болоход эрдэс баялаг, уул уурхай хариуцсан сайдын санаа амардаг. Баяр наадмаас хойш шатахуун тасарч, ШТС-уудын оочер сунжирч уртсах тусам түүний хоёр чих дэлбэртэл хараалгаж загнуулсан. Тэр утгаараа, Г.Дамдинням дарамт авсан өдрүүдийнхээ ард гарав бололтой. Уг нь, тэр зүгээр суугаагүй байдаг. Орос руу явлаа, Хятадтай уулзлаа, Сонгосоос хүртэл шатахуун импортлох гэж үзсэн. Гэвч, “тал таарахгүй” гэдэг шиг баруунд боловсорч, үзэл бодлоо задгай гаргадаг сайд томилогдох нь Монгол Улсын шатахууны хангалтад эрсдэл үүсгэдэг гэдгийг сая харууллаа. Шатахуун хомсдож, үнэ нэмэгдсэний шууд шалтгаан энэ биш ч үүний нэлээд хувийн шалтаг болох нь тодорхой юм. Юутай ч зуныг аргалаад давлаа. Одоо “Наадмын дараа намар” гэдэгчлэн намрын хадлан бордоо, өвс тэжээлийн ид ажлын үе эхэллээ. Дизелийн түлшний хэрэглээний оргил үе гэсэн ч болно. Энэ утгаараа, Монголын эрдэс баялаг, уул уурхай хариуцсан сайд байх хэцүү л дээ. Шатахуун, түлшний асуудал Г.Дамдиннямаас салахгүй гэдэг ганц үнэн бий. Учир нь, түүнээс өмнөх сайд нарын мөнхийн зовлон байж ирсэн. Дотооддоо үйлдвэрлэж, хараат байдлаас гарахгүй л бол цаашдаа ч ийм хэвээр байна.

Шатахуунаас гадна эрчим хүч гэдэг зовлон бас бидэнд бий. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам өсөж, үйлдвэрлэлийн хүчин чадал, хангамжийн эрэлт хоорондын зөрүү нэмэгдсээр байна. Тодруулбал, эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-8 орчим хувиар өсөж, дотоодын үйлдвэрлэл хэрэглээгээ бүрэн гүйцэд хангаж чадахгүй импортоос улам хамааралтай болж байгаа юм. Дотоодын эрчим хүчний 90.9 хувийг дулааны цахилгаан станцуудүлдсэн 9.07 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлдэг. Оргил ачааллын үеийн дутагдалтай эрчим хүчээ Орос, Хятадаас импортоор авдаг. Бас л шатахуун шиг голдуу хойд хөршөөс хараат явсаар ирсэн. Ингэж хараат байсаар байгаагийн шалтгаан нь мэдээж эрчим хүчний эх үүсвэрийн томоохон төслүүдээ хэрэгжүүлж чаддаггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, зах зээлийн харилцаанд шилжсэн 35 жилийн хугацаанд томоохон цахилгаан станц, дулааны станц болон усан цахилгаан станцын төслүүдийг цаг тухайд нь барьж ашиглалтад оруулж чадаагүй юм. Энэ дээр улстөрчид олон шалтгаан ярьдаг. Дотоодын улс төр, мөн эрчим хүчний салбарын алдагдалтай тарифын бодлогоос болж санхүүгийн чадамж сул, шинэ хөрөнгө оруулалт татах, өргөтгөл хийхэд хүндрэлтэй байдал үүсдгийг хэлдэг. Мөн гадаад хүчин зүйлүүдтэй ч холбодог. Гэвч, дээр хэлсэнчлэн одоо ажиллаж буй дулааны цахилгаан станцуудын хүчин чадал хүрэлцээгүй, тоног төхөөрөмж нь хуучирч муудсан, өвлийн оргил ачааллын үед дотоодын үйлдвэрлэл системийн ачааллыг даахгүй байх эрсдэлтэй нэгэнт тулсан. Өнгөрсөн өвөл зах зухаас нь мэдэрсэн. “Ирэх өвөл илүү хүндэрнэ” гэдгийг Засгийн газар бараг зарлачихаад байна. Тэр дундаа Эрчим хүчний сайд Б.Найдалаа бүр ч найдваргүй мэдээллийг олон нийтэд өгсөөр байгаа юм. Тэрээр “Ирэх өвлийг эрчим хүчний асуудал, цахилгааны хязгаарлалтгүй давуулна” гэж өөртөө найдахгүй байгаа бололтой.

Тэрээр эрчим хүчний салбарын өнөөдрийг “Чадлын дутагдалтай буюу өөрийн хэрэглээгээ бүрэн хангах чадамжгүй байна. Манай улс хэрэглээгээ ч хангаж дийлэхгүй, гаднаас аваад ч сох дутсан байдалтай байна. Ийм байдлаар олон жил явж ирсэн нь нэг талаас харамсмаар, гаднын хүнд ярихаас ичмээр үзүүлэлт юм. Гэхдээ ичлээ гээд дуугүй байж болохгүй. Манай улсын хувьд хэрэглээнээсээ 30 хувиар давсан чадлын нөөцтэй болох зорилт тавьж байна. Нөөцтэй байж засвар үйлчилгээ хийнэ. Нөөцгүй учир засвар үйлчилгээ хийх боломжгүй, хийсэн ч хам хум хийгээд залгаж байх жишээтэй. Иймд байхад эрчим хүчний салбарт доголдол гарах нь аргагүй. Өнгөрсөн өвөл ДЦС-ын зууханд гэмтэл гарч, цахилгааны хязгааарлалт хийлээ. Манай улсын эрчим хүчний сүлжээ тоног төхөөрөмжийн элэгдэлд орсон хуучин, хоцрогдсон технологитой. Үүнийг манай салбарын инженерүүд монголчилсоор өдийг хүрлээ шүү дээ” гэж ярьсан. Мөн ирэх өвөл цахилгаан эрчим хүчний хязгаарлалтдаа хүрэх эсэх дээр “Шулуухан хэлэх ёстой. Өнгөрсөн өвөл тохиолдсон шиг эрсдэл бидэнд бий. Яагаад гэвэл дутагдаж байгаа цахилгаан эх үүсвэр, цахилгаан станц, дулаан, цахилгааныг нэг амьсгаагаар өөрчилж, дутагдлыг нь шийдэж чадахгүй. Үүнийг бүгд ойлгож байгаа байх. Цахилгаан станц барихын тулд судалгаа тооцоо хийнэ, хөрөнгө оруулалтыг нь олно, бүтээн байгуулна, ашиглалтад оруулж, шалгана гэдэг хэдэн жилийн ажил юм. Маш богино хугацаа буюу хэдхэн сарын дараа өвөл ирдгээрээ ирнэ. Бид яаж ч хичээгээд шинэ эх үүсвэр барих боломж байхгүй. Гэтэл хэрэглээ улам нэмэгдсээр байдаг. Тооцооллоор жилд 7-8 хувиар автоматаар өсөж байдаг. Энэ жилийн оргил ачаалал 1956 мВт байхаар байна. Хамгийн хүйтэн өдрийн оройн цагаар гэсэн үг. Энэ нь өнгөрсөн жилийнхээс эрс өссөн дүн юм. Бидэнд үүнийг хангах чадал байхгүй. Бүх цахилгаан станцаа ажиллуулаад, Орос, Хятадаас татаад ч сох дутна. Ийм эрсдэл байгаа гэдгийг эртхэн хэлэхгүй бол хэн нэгэн сайд гарч ирээд эрчим хүч сэргэнэ гэж ойлгож байж болох юм” гэжээ.

Эндээс харахад, нэг талаас Б.Найдалаа сайдын хэлдэг үнэн юм. Монгол Улсын эрчим хүчний салбар жил бүрийн өвлийг эрсдэлтэй, арга тасарвал хоёр хөршөөс алга тосон өнгөрөөж ирсэн. Б.Чойжилсүрэн сайд байхдаа “Аргална даа” гэдэг байв. Үнэхээр л тийм байдаг. Сайд болсон хүн аргалдаг. Өөр арга байхгүй. Тиймээс, ийм эгзэгтэй, сонин үед Эрчим хүчний сайд дээр Б.Найдалааг томилсон нь хэр зэрэг оносон бол гэдгийг бодох л ёстой. Учир нь, Б.Найдалаа сайдын хувьд СЭЗДС-ийн бизнесийн удирдлагаар, Японд Кобе их сургуульд эдийн засгийн магистр хамгаалж, хөгжлийн эдийн засагчаар төгссөн. СЭЗДС-д багш, “Анод” банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал, эдийн засагч, Хаан банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал, “М Си Эс” группийн “Юнител” ХХК-ийн газрын захирал, Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал, ерөнхий нарийн бичгийн дарга, “Тогтвортой, ногоон санхүүжилтийн хөгжил” холбооны гүйцэтгэх захирал, тэгээд ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн гэж явж байгаад ирсэн. Хэдэн сарын өмнөөс Эрчим хүчний сайдаар ажиллаж байна. Яг үнэндээ, Б.Найдалаа сайдад туршлага дутаж магадгүй л юм. Яагаад гэвэл эрчим хүчний салбар ямар ч Засгийн газрын хамгийн эвгүй, хүнд нь байдаг. Тийм л учраас, “Б.Найдалаад найдаж болох уу. Ийм цаг үед эрчим хүчний сайдаар ядаж нэг цахилгаан станц авч явсан туршлагатай, аль эсвэл хоёр хөрштэйгээ чөлөөтэй харилцдаг сайд хэрэгтэй” гэж хүмүүс яриад, хэлээд байгаа бололтой. Юутай ч Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?1 цаг 16 минутын өмнөCOP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа1 цаг 23 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан1 цаг 31 минутын өмнөНогоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав8 сар 20. 14:44COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ8 сар 20. 14:39COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна8 сар 20. 14:34Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ8 сар 20. 14:26ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна8 сар 20. 14:24COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно8 сар 20. 12:46УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо8 сар 20. 11:30COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ8 сар 20. 11:26Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж байна8 сар 20. 11:22Сумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ8 сар 20. 10:23Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо8 сар 20. 9:48COP17-ын 4 дэх өдөр: Конвенцын хэрэгжилт, шороон ба элсэн шуурга, бэлчээр ба малчдын асуудлыг хэлэлцэнэ8 сар 20. 9:43Анхааруулга: Нисэх буудал руу чиглэсэн авто зам болон нисэх буудлын орчимд өтгөн манан үүссэн байна8 сар 20. 9:33УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 20. 8:57Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 20. 8:53Монгол Улс байгаль орчны бодлогын уялдааг сайжруулахад хиймэл оюун ашиглана8 сар 19. 16:02А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай8 сар 19. 15:57Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа8 сар 19. 15:432027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ8 сар 19. 15:33Хөгжлийн банкнаас Газрын тос боловсруулах үйлдвэр барихад 187.7 тэрбум төгрөгийг олгожээ8 сар 19. 14:26Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ8 сар 19. 14:22COP17: Монголын загвар, ноолуурын салбарыг онцолсон хоёр шоу болно8 сар 19. 14:13БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа8 сар 19. 14:04Бууцагаан сумын малчин "шонхор агнуулахгүй" гэж арабуудтай маргалдсаны улмаас машинд дайруулж нас баржээ8 сар 19. 13:56Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ8 сар 19. 11:36COP 17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна8 сар 19. 11:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.