Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайллын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв


8-р сарын 26
9 цаг 42 минут

     Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын ес дэх өдөр “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум болж байна.

СОР17 бага хурлын үр дүнг үндэсний түвшинд бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай улс төрийн манлайлал, олон талт түншлэл, сайн засаглалын талаар нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчид, шийдвэр гаргагчдын оролцоотойгоор санал солилцож, туршлага хуваалцах “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” панел хэлэлцүүлэг өрнүүллээ. Дээд түвшний энэхүү панел хэлэлцүүлгийг НҮБ-ын Системийн ажилтнуудын коллежийн сургалтын хөтөлбөр хариуцсан менежер Сандхя Баласубрахманьям чиглүүлсэн юм. 

Панел хэлэлцүүлэгт Коста Рика Улсын 48 дахь Ерөнхийлөгч Карлос Альварадо Кесада, Египетийн Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севилам, Бүгд Найрамдах Турк Улсын Парламентын гишүүн, КОП31-ийн Байгаль, уур амьсгалын элч, Шударга ёс, хөгжлийн нам (AK)-ын Байгаль орчин, хот байгуулалтын бодлогын дарга Нилхан Аяан, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар оролцож, хууль тогтоомж, төсөв, парламентын хяналт болон олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Улс төрийн болон парламентын манлайлал хамтарснаар цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээг хэрхэн хурдасгаж, COP17 бага хурлын зорилгыг бодит үр дүнд хүргэх талаар Коста Рика Улсын 48 дахь Ерөнхийлөгч Карлос Альварадо Кесада саналаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Энэ амаргүй хэдий ч нэн тэргүүнд нийгмийн зөвшилцлөөр дийлэнх нь хүсэл эрмэлзэлээ нэгтгэсэн байх нь зүйтэй. Олонхийн энэхүү хүсэл эрмэлзэллийг бодит үйл хэрэг болгох, манлайлах, улмаар тулгарах олон сорилтыг даван туулахад хувь улс төрч иргэний зориг гаргах хэрэгтэй болдог” гэлээ. Дээрх сэдвийн хүрээнд нэгэнт тодорхойлогдсон бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд нийтээр хүсэж буй эрс шинэчлэл, өөрчлөлтийг хэрэгжүүлэх төрөл бүрийн механизмууд буюу яриа хэлцэл, парламент дотроо хүсэл зоригоо илэрхийлж, бусад гишүүдэдээ ойлгуулан хамтрах, мөн ард иргэдэдээ тайлбарлах зэргээр талуудыг холбох гүүр болох улс төрчийн болон парламентчийн манлайлал байх болно хэмээв. Уг сэдвийг иргэн бүрийн анхаарлын төвд  оруулж, өрх бүрийн өдөр, оройн хоолны ширээнийхээ ард ярилцдаг сэдэв болгож өдөр тутмын амьдралтай нь уялдуулж чадвал парламентын гишүүн нийгмийн дэмжлэгийг хүлээх, улмаар сонгогчидтойгоо ойлголт, хүсэл эрмэлзлэл нэгтэй болж, энэ нь дараа дараагийн улс төрийн үйл ажиллагааных нь чиглүүлэг болох боломжтой талаар дурдаж байв.

Египетийн Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севилам дээрх сэдвийн хүрээнд өөрийн орны туршлагыг хуваалцсан юм. Египет Улс нь 120 сая хүн амтай ч усны хомстол нэн тулгамдсан асуудал байдаг байна. Үүний хажуугаар байгаль орчин, экосистемийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх нь сорилт бөгөөд үүн дээр парламент, Засгийн газар, мэргэжлийн холбоод ойлголтоо нэгтгэн, зорилтоо хамтдаа тодорхойлохдоо иргэдийнхээ оролцоог хангаж чадсан гэв. Үүний үр дүнд “Усны шинэчлэл 2.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хиймэл дагуул болон дрон ашиглан судалгааг богино хугацаанд, бодитой, үр дүнтэй хийж байгаа давуу талтайг тэмдэглэж байв. Техник, технологийн дэвшлийг ашиглахын зэрэгцээ талуудын оролцоог хангасан шийдвэр нь нэн чухал болохыг тэрбээр тэмдэглээд, парламент нь Засгийн газартайгаа зохистой түвшинд хамтран ажиллаж байгаа хэмээгээд, үүнд улс төрийн манлайллыг хэн түүчээлэх нь чухал байсан талаар Египет Улсын туршлагыг хуваалцсан.

Оролцоог хангасан засаглалын загварын талаарх чиглүүлэгчийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн дарга М.Мандхай хариулт өгч, Монгол Улсын Их Хурлын болон монгол малчдын туршлагаас хуваалцав. Ган гачиг, зуд турхан буюу хүрээлэн буй орчны сорилт нь хүн төрөлхтний хувь шинэ зүйл биш бөгөөд ган, зудын дараа хөдөө аж ахуйн салбарт хүндрэл нүүрэлж, энэ нь хүнсний хангамжийн асуудал болоод, улмаар эдийн засагт инфляц хэлбэрээр нөлөөлдөг гинжин хэлхээ хэлбэрийн хамааралтай байдгийг дурдсан. Засаглалын загвар, хандлагын хувьд тулгамдсан үед нь гэнэтийн хариу арга хэмжээ авахаас илүү угтаж бэлтгэх, урьдчилан арга хэмжээ авах нь чухал хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Парламентын түвшинд эрх зүйн орчныг бүрдүүлэх, төсвийг батлахын зэрэгцээ баталсан хууль тогтоомж нь бодит амьдрал дээр хэрэгжиж, үр дүн гарч байгаа эсэхэд хяналт тавих, шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх, иргэд болон орон нутгийн оролцоог хангах үүрэгтэй талаар дурдсан.

Мөн тэрбээр малчдын оролцоонд суурилсан хамтын засаглалыг бэхжүүлэх, хот айл, анхдагч холбоо, нэгдсэн холбоог бэлчээрийн төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт, хяналт, хариуцлага, мониторинг, маргаан шийдвэрлэлт, нөхөн сэргээлтийн бодит оролцогч болгох шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Нэгэнт эрх зүйн орчин бүрдсэн тохиолдолд орон нутгийн захиргаа болон малчид, тэдний төлөөллийн байгууллагын хамтын шийдэл, менежмент, оролцоог хөгжүүлэхэд чиглүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.

Парламент хууль тогтоох, төсөв батлах, хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд нүүдлийн мал аж ахуй, тогтвортой бэлчээрийн засаглалыг хэрхэн бэхжүүлж, газрын доройтлыг бууруулах үндэсний зорилтын шийдлийг улс орон бүр өөрийн онцлогт нийцсэн байдлаар эрэлхийлж байгаа хэдий ч бидний туршлага, сургамж харилцан адилгүй болохыг дурдсан. Тиймээс энэхүү форум нь хууль тогтоомж, бодлого, төсөв болон парламентын хяналтын сайн туршлагыг харилцан солилцож, олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чухал боломж гэв.

Панел хэлэлцүүлгийн үеэр Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Цөлжилт, газрын доройтол, ган гачиг: COP17-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд парламентын манлайлал яагаад чухал вэ” сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Панел хэлэлцүүлгийн оролцогчид улс төрийн болон парламентын манлайллыг нэгтгэн цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээг хэрхэн хурдасгах талаарх санаачилга болон тус бүрийн туршлагаа хуваалцаж буйг тэмдэглэв. Нэн тэргүүнд хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдээ төсвийн бодлоготой уялдуулах шаардлагатайг дэлгэрэнгүй тайлбарласан. Засгийн газар үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлдог бол парламент талуудын оролцоог хангасан шийдвэр гаргадгаараа онцлогтой. Цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээнд хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлж, урамшуулал, хөшүүргийн тогтолцоог бий болгохын ач холбогдлыг дурдаж, чухалчилж байв. Парламентууд, Засгийн газрууд нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүрэгтэй байдаг ч үүний хажуугаар хүрээлэн буй орчин, уур амьсгалын асуудлыг орхигдуулахгүй байх нь чухал гэдгийг тэрбээр тэмдэглэж байсан юм.

Хатагтай Ясмин Фуадын мэндчилгээний дараа панел хэлэлцүүлэг үргэлжилж, Бүгд Найрамдах Турк Улсын Парламентын гишүүн, КОП31-ийн Байгаль, уур амьсгалын элч, Шударга ёс, хөгжлийн нам (AK)-ын Байгаль орчин, хот байгуулалтын бодлогын дарга Нилхан Аяан үндсэн сэдвийн хүрээнд санал бодлоо илэрхийллээ. Ирэх 11 дүгээр сард Бүгд Найрамдах Турк Улс НҮБ-ын конвенцын Талуудын ээлжит бага хурлыг зохион байгуулах аж. Дараагийн бага хурлыг зохион байгуулах улсын төлөөллийн хувиар хатагтай Нилхан Аяан байр сууриа илэрхийлж байлаа. Газар, хөрсний доройтлыг тэрбээр онцлоод энэ нь өрх бүрийн амьжиргаа, орлого, ажлын байртай холбогддог, улмаар хүнсний хангамжийн тогтолцоонд нөлөөлдгийг, цаашлаад ирээдүйн сорилт болдог талаар дурдав. Байгаль орчны асуудал нь алсаараа нийгмийн тогтвортой байдлыг суурь болдог, хүн төрөлхтний сайн сайхан аж төрөлд нөлөөтэйг тооцож, парламент оролцоо, нөлөөллөө үнэлэх шаардлагатайг хэлж байлаа. 

Парламент нэн тэргүүнд хууль тогтоомжийг баталдаг, төсвийг шийдвэрлэдэг. НҮБ-ын конвенцуудад байгаль орчныг хамгаалах үйлсийг хөгжил дэвшилтэй хэрхэн уялдуулах талаах тодорхой чиглүүлсэн байдаг гэв. Хөгжил цэцэглэлт гэдэг нь үндэсний нөөц баялгаа хамгаалангаа бүтээмжээ дээшлүүлэх, ирээдүйн иргэдийнхээ эрхийг хүндэтгэн хамгаалах, газар, ус, ойн нөөцөө хамгаалж, өвлүүлэх, сөрөн тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх асуудал хэмээгээд “Итгэлцэл, тэнцвэр, нөхөн сэргээлтийн талаарх үзэл баримтлал нэн чухал. Байгаль орчныг хамгаалж, нөхөн сэргээн, тэнцвэрийг хангах нь бидний үүрэг” хэмээв. Парламент НҮБ-ын конвенцуудад нийцсэн, үндэсний хууль тогтоомжийг батлахыг эрхэмлэхийн сацуу төсвийг оновчтой, зохистой хуваарилах, тэр дундаа шинжлэх ухаан, судалгааны салбарт төсөв, хөрөнгө хуваарилах, улмаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах замаар цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд үндэсний болон олон улсын түвшинд үүрэг оролцоотой байснаар даян дэлхийн энэхүү үйл хэрэгт парламентууд манлайлах боломжтойг хэлсэн. Түүнчлэн цөлжилт, газрын доройтол, ган гачигт өртөж буй иргэд, эмэгтэйчүүд, залуус зэрэг нийгмийн бүлэг бүрийн, оролцогч тал бүрийн, хувийн хэвшлийн дуу хоолойг парламент, парламентчид сонсож, шийдвэр гаргахдаа тэдгээрийн оролцоог хангаж байхын чухлыг тэрбээр онцолсон.

Бүгд Найрамдах Турк Улсад сайн үйлсийн сангийн шугмаар олон арга хэмжээ хэрэгжүүлдэг сайн туршлагатайг тэрбээр дурдаад “Үндэсний зөвшилцөл-үйл хэрэг” хэмээн уриатайгаар НҮБ-ын конвенцын Талуудын ээлжит бага хурлын зохион байгуулах гэж байгааг дурдсан. Амжилтыг үр дүнгээр хэмжих тул Улаанбаатарын Талуудын хурлаар эхлүүлсэн үйл хэргийг БНТУ-ын Анаталия хотод болох НҮБ-ын конвенцын Талуудын ээлжит бага хурлаар үргэлжлүүлэн, дүгнэх талаар хатагтай Нилхан Аяан хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа панел хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд хууль тогтоомж, төсөв, парламентын хяналт болон олон улсын хамтын ажиллагааны талаар саналаа илэрхийлсэн. Монгол Улсын Их Хурлын баталсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн талаарх хэлэлцүүлгийн чиглүүлэгч, хатагтай Сандхя Баласубрахманьямын асуултад Э.Болормаа гишүүн хариулахдаа “Хуулийн төслийг парламентын хэлэлцүүлгүүдэд бэлтгэх үйл хэрэгт Монгол Улсын Их Хурлын 20 гаруй гишүүн идэвхтэй, хариуцлагатай оролцсон. Анхдагч энэхүү хуулийг батлахад идэвхтэй оролцсон гишүүдэдээ талархал илэрхийлье. Ажлын хэсгийг би ахалж ажилласан” хэмээв. Монгол орны экосистемийн өнөөгийн нөхцөл байдал нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг батлах шалтгаан болсон талаар дурдаж, холбогдох тоо баримтыг дурдсан. Хуулийн төслийг хэлэлцэн батлахаас өмнө олон улсын карбон зах зээлд оролцдог хувийн хэвшлүүд манай улсад байсан, хүлэмжийн хийг бууруулах олон улсын механизмд Монгол Улс оролцох боломжтой хэмээн үзсэн талаараа дурдаад Монголын парламент эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой байсныг дурдсан. Тэрбээр энэ чиглэлээрх үндэсний эрх зүйн орчноо бүрдүүлэхээр зэхэж буй парламентуудад амжилт хүсэв.

Дээд түвшний панел хэлэлцүүлгийн чиглүүлэгч, НҮБ-ын Системийн ажилтнуудын коллежийн сургалтын хөтөлбөр хариуцсан менежер Сандхя Баласубрахманьям Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталсан Монгол Улсын Их Хурлын амжилтыг сайшааж байв.

Ийнхүү улс төрийн болон парламентын манлайллыг нэгтгэн цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээг хурдасгаж, COP17 бага хурлын зорилгыг бодит үр дүнд хүргэх талаарх панел хэлэлцүүлэг болж, дараа нь 23 улсын парламентын төлөөлөл дугуй ширээний хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ.

Өндөр түвшний манлайллын яриа хэлэлцүүлгийн үеэр хуваалцсан үзэл санаа, туршлагад тулгуурлан чиглүүлэгчтэй дугуй ширээний хэлэлцүүлгүүдээр цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаар парламентын гишүүдийн манлайллыг бэхжүүлэх, бодит арга хэмжээ хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох юм.

Дээд түвшний парламентын форумд Африк, Ази, Европ, Латин Америк, Номхон далайн бүс нутгийг төлөөлсөн парламентчид оролцож байна. “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форумыг Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц,  НҮБ-ын Системийн ажилтнуудын коллеж зэрэг олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АТГ: Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв54 минут 31 секундын өмнөӨнөөдөр COP17 “Газар ба хүн төвт өдөр” сэдвийн хүрээнд үргэлжилж байна58 минут 38 секундын өмнөНийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов1 цаг 25 минутын өмнөУИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг1 цаг 38 минутын өмнө17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллээ1 цаг 42 минутын өмнөМонгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа1 цаг 46 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайллын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв2 цаг 16 минутын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ2 цаг 20 минутын өмнөКувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв2 цаг 34 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2 цаг 43 минутын өмнөCOP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ8 сар 25. 16:14УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм8 сар 25. 16:11Төрийн банк бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих санхүүжилтийн шийдлийг COP17-д танилцууллаа8 сар 25. 16:02НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв8 сар 25. 13:54АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав8 сар 25. 13:51"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв8 сар 25. 13:47“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна8 сар 25. 13:31НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ8 сар 25. 13:22COP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна8 сар 25. 13:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа8 сар 25. 13:16Намрын шинэхэн ургац нийслэлийн 18 цэгт худалдаалагдаж байна8 сар 25. 13:10ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ8 сар 25. 13:02БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна8 сар 25. 12:57Охидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе8 сар 25. 9:50СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно8 сар 25. 9:39УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 25. 9:35Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломж бүрдлээ8 сар 25. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 сар 25. 9:07НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа8 сар 24. 21:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.