Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн авч уулзлаа.
Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд хөгжиж байгаагийн тод илэрхийлэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.
“Гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг онцоллоо.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцсон нь харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдсэнийг онцолж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүслээ.
Зах зээлийн нийгэмд шилжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын үе үеийн Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын төр, засаг, ард түмэн ямагт талархаж байдгийг тэмдэглэв.
Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засаг, тэр дундаа цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал, гарааны бизнес, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-д Японы төлөөлөгчид оролцсонд талархал илэрхийлж, ирэх сард Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д гишүүд оролцоно гэдэгт итгэж буйгаа хэлэв.
Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөхөөр зарчмын хувьд тохиролцсоныг талууд сайшаалаа.
Гадаад хэргийн сайд Т.Мотэги “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг шат ахиулж, “хүн төвтэй“ “Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжүүлэхээр тогтсон нь хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглэлээ.
Мөн Монгол Улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж,“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Японы тал идэвхтэй оролцож байгааг тодотголоо.
Өмнө нь Японы Гадаад хэргийн сайд С.Уно 1989, Ё.Кавагүчи 2004, К.Окада 2010, Т.Коно 2019, Т.Мотэги 2020, Ё.Хаяши 2022 онд манай улсад айлчилж байсан юм.
Монгол, Япон Улс 1972 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих