УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр (2026.09.07) эхэллээ. Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн сарын 20-нд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдах хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн. Тэрбээр Засгийн газар төсвийн тодотголыг боловсруулахдаа 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт хийх тооцооллыг хийснээ мэдэгдсэн юм. Үнийн өсөлт, шатахууны хомсдолд бухимдсан иргэд “Ирэх өвөл ток цахилгаанаар тасалдахвий” гэх айдастай байгаа энэ үед УИХ-ын дарга С.Бямбацогт бүрэн эрхийнхээ дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, хууль тогтоогчид 2026 оны төсвийг тодотголыг хэлэлцэх гэж байна. Харин АН-ынхан намрын улс төр угтсан нэгэн төлөвлөгөө боловсруулсан нь УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр Цэцэд хандах тухай. Бүр мэдэгдэл гаргаж, АН-ын цахим хуудаст нийтэлжээ. АН-ынхан “УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн байж болзошгүй гэж АН үзлээ. Хуралд АН-ын удирдлагууд, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцож Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй асуудлаар яаралтай хуралдаж шийдвэр гаргав. 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь улс орны эдийн засгийг сөхрүүлэх, өрийн дарамтад оруулах эрсдэлтэй гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Тэгвэл эдгээр төсөл нь Үндсэн хууль, бусад хуулиудыг зөрчсөн байж болзошгүй асуудал тавигдаж байна... Тиймээс Үндсэн хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй төсвийг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлэх нь УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно” гэх тун марзан мэдэгдэл гаргажээ. Засгийн газар УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлэх бүрэн эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас санаачилсан хуулийн төслүүдийг гардаж авах бүрэн эрх УИХ-ын дарга, дэд даргад бий. Тиймээс О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан хэлэлцэж эхлээ ч үгүй байгаа төсвийн тодотголоор далимдуулж, УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдав уу гэдэг асуулт гарч ирнэ. Гэвч Ерөнхий сайд Н.Учралаас Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гардаж авсан хүн нь С.Бямбацогт биш, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ. Гэтэл АН-ынхан С.Бямбацогтыг яагаад онилов гэдэг нь хардлага дагуулна. УИХ-ын дарга С.Бямбацогтын хувьд, 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших магадлалтай кандидатуудын нэг. Тэгэхээр 2027 он угтсан АН-ын улс төрийн гол бай нь С.Бямбацогт болов уу! Намрын их ажил, өвөлжилтийн бэлтгэл эхэлсэн энэ үед ард иргэдэд цалин, тэтгэвэр, түлш, шатахуун, цахилгаан, дулаантай холбоотой дорвитой шийдвэрүүд хэрэгтэй болохоос биш АН-ын дарга нарыг сошиалд гоё харагдуулах “косметик” улс төр сонин биш. О.Цогтгэрэлийн тухайд, АН-ын дарга болсноос хойш яг нэг жил өнгөрлөө. Гэвч тэрбээр УИХ-д 42 суудалтай АН-ыг хүчтэй сөрөг хүчин болгон зангидах биш хүний, өөрийн намынхны зараал хийдэг “Морь унасан толгойгүй хүн” төдий байна. О.Цогтгэрэл АН-ын дарга болсныхоо дараа буюу 2025 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өрөөний үүдийг “өшиглөж” ордог баатар болох гэсэн биш мад тавиулаад гарч байсныг санаж байгаа биз. Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин тэргүүтэй хэлэмгий доломгой гишүүдээ Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өрөөнд дагуулж орсон О.Цогтгэрэл “Дэд сайд нараа огцруул” гэх тулгалт хийснийхээ хариуд Г.Занданшатарт “Засгийн газрын тухай хуульд 2025 оны нэгдүгээр сард өөрчлөлт оруулсан. Хамтарсан Засгийн газрын үед та бүхний баталсан энэ хуульд дэд сайд нартай байхаар тусгасан. Засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй” гэж мад тавиулж байв. Дэд сайд нартай байх тухай заалт бүхий дээрх хуулийн төслийг хашир улстөрч Г.Занданшатар аль хэдийнэ хэвлүүлчихээд О.Цогтгэрэлд гардуулж өгсөн нь сошиалд түгж, АН-ынхныг улалзуулж байлаа. Харин энэ удаад О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Үндсэн хуулийн Цэцэд дуудагдах болзлоо хангав уу гэмээр дүр зураг харагдана. Учир нь 2026 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэх, гардаж авах бүрэн эрхээ Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нар эдэлсэн. УИХ-ын Тамгын газар Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу ажилласан. Намрын халуун өдрүүдийн улс төрийн зураглал дөнгөж л эхэлж буй энэ үед АН-ын дарга асан Лу.Гантөмөр “Манай намынхныг Хятадад айлчлахтай зориуд давхцуулж, ээлжит бус чуулган зарлалаа” гэж сэтгүүлчдэд ярьсан нь бүр ч жигтэй. УИХ ээлжит бус чуулганаа хуралдуулж, хуулийн төсөл хэлэлцэх бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь О.Цогтгэрэлийг намынхантайгаа Хятадад хундага тулгаж, бээжин нугас зооглоход саад болоод байна гэж үү?!
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга бараалхлаа
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Сэтгэгдэл бичих