Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа


9-р сарын 8
9 цаг 37 минут

    Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан (2026.09.07) үдээс хойш 14.00 цагт 68.3 хувийн ирцтэй эхэллээ. Энэ өдөр хуралдаандаа эртлэн ирсэн таван гишүүний нэрийг хуралдаан даргалагч уншиж танилцуулав. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, С.Цэнгүүн, Г.Очирбат, С.Эрдэнэбат, Д.Энхтүвшин нар хамгийн түрүүнд ирцээ бүртгүүлжээ.

Парламентад өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг холбогдох Байнгын хороодод хуваарилсныг УИХ-ын дарга С.Бямбацогт нэгбүрчлэн танилцууллаа. Тэрбээр, нийтийн өргөдлийн систем https://petition.parliament.mn/ цахим талбарт иргэн Энхтөрийн Батбаяраас “Орон нутгийн замын хураамж 10,000 төгрөг болсныг цуцлах” тухай, иргэн Бямбацогтын Болорчулуунаас “НӨАТ буцаалт 2 хувь биш, 8 хувь болгох” тухай өргөдлийг тус тус санаачилж, дэмжигчдийн тоо хүрсэн тул Ажлын хэсэг байгуулахаар, иргэн Давхардаваагийн Гансаруулаас санаачилсан “Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе” өргөдөл 100,237 иргэний дэмжлэг авсан тул хуулийн төсөл санаачлах талаар санал гаргуулахаар холбогдох Байнгын хороодод хуваарилсан хэмээв. Эдгээр асуудлаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахыг чиглэл болголоо. 

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа.

Тэрбээр илтгэлдээ, өнөөдөр үнийн өсөлт монгол өрх айл, монгол хүний цалин орлого, халаас хэтэвчийг тэмтрэн нимгэлж байна. Үнийн өсөлтийн шуурганд айл өрх, ард иргэд, аж ахуйн нэгжүүд бүгдээрээ өртөн хохирч байна. Тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнууд, цалингаараа амьдардаг эмч, багш, төрийн үйлчилгээнийхэн илүү ихээр өртөн хохирч байна. Эрчим хүчний үнэ, тарифын өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй байх, цахилгаан станц, шугам сүлжээгээ засаж шинэчлэх хэрэгцээ шаардлага тулгамдаж байна. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, цаг төр үймэрч, эрчим хүч, энергийн хомсдол, олон улсын худалдаа, тээвэр, нөөц хангамж доголдож байгаа ч Монгол төр, Монгол Улсын Засгийн газар монгол хүнээ хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх ёстой. Дэлхийн байдлыг Улаанбаатарт шийдэхгүй ч Та бидэнд шалтаг тоочин суух эрх байхгүй гэсэн юм.

Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлт бол орон нутгийн төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийн тодорхой хэсгээ хүнээ бодож, хүндээ зориулах үндсэн ганц зорилготой. Ахмадын тэтгэвэр, эмч, багш, байгаль орчин зэрэг төрийн үйлчилгээний албаны цалин, гэрэл дулаан, мах, гурил, хүнсний нөөц хангамж зэрэг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулах шийдвэр байх болно. Орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Иймд ашиглаагүй энэ эх үүсвэрээ хүнээ бодсон, хүндээ хүрэх зайлшгүй хэрэгцээт зардал болгохоор хуулийн төслийг боловсрууллаа. Орон нутагт нэгэнт эхэлсэн болон зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтаа тасралтгүй үргэлжлүүлж, иргэдэд зориулсан төрийн бүх үйлчилгээг хэвийн явуулах нөхцлийг хангахаар тооцсон. 2026 онд орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулах эрхийг нээж, үүнтэй уялдуулан төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгалаа. Засгийн газар төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг огтхон ч орхигдуулаагүй. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төсвийн хүрээний мэдэгдлийн есөн үзүүлэлтэд 2024 оноос өмнө хэрэгжиж байсан “Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ” болон “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ” гэсэн хоёр үзүүлэлтийг нэмж тусгалаа. Үүнтэй уялдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагуудыг өөрчлөн найруулж, уул уурхайн орлогыг дагасан төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах чухал ач холбогдолтой зохицуулалт тусгасан гэж Ерөнхий сайд онцоллоо.

Уг төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн дүгнэлт, зөвлөмжийг тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцууллаа. (Дүгнэлтийг эндээс)

Зөвлөлөөс дүгнэхдээ, уул уурхай, экспортын тэлэлт, гадаад валютын нөөцийн өсөлт зэрэг эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд байгаа ч дотоод инфляцын өндөр түвшин, хөдөө аж ахуйн салбарын уналт, иргэдийн худалдан авах чадвар, эцсийн хэрэглээний саатал зэрэг нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэлтэй. Өсөлт тогтвортой бус байхад Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх, төсвийн зарлагыг тэлэх нь эрсдэлтэйг анхаарах, үндэслэл, тооцоо судалгааг сайжруулах шаардлагатай. Төсвийн тогтолцоог сулруулах өөрчлөлт хийх хандлага үргэлжилж, голлох эрдсийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийн төсөөлөл зах зээлийн орчин, нөхцөлтэй нийцтэй бус гэж дүгнэснийг илтгэв. Орлогыг бодитой тооцох шаардлагад нийцүүлэн тэнцвэржүүлсэн үнэ тооцох аргачлалыг өөрчлөх шаардлагатай. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүд дутуу, буруу томьёололтой хэвээр байна. 2010-2026 онд Төсвийн тухай хуульд 71 удаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 22 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь эдгээр хуулийн уялдаа, нэгдмэл байдал, зохицуулах чадварт сөргөөр нөлөөлж, төсвөө хүрээ нь дагадаг, тодотгол хийж, төсвийн орлого, зарлага буурсан үед ч хүрээ нь хөндөгддөг нөхцөлд хүрсэн гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэснийг танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, С.Цэнгүүн, Г.Очирбат, Д.Энхтүвшин, С.Эрдэнэбат, М.Энхцэцэг, М.Нарантуяа-Нара, Б.Мөнхсоёл, О.Номинчимэг, О.Батнайрамдал, Г.Хосбаяр, Д.Үүрийнтуяа, Ц.Туваан, М.Мандхай, Ц.Мөнхтуяа, О.Алтангэрэл, П.Наранбаяр, Д.Цогтбаатар, Ц.Баатархүү, Х.Булгантуяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Б.Жаргалан, П.Сайнзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд Н.Учрал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан, Сангийн сайд З.Мэндсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон Сангийн яам, Монголбанкны төлөөлөл хариуллаа. Хуулийн төслийг дэмжих эсэх асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Д.Энхтуяа, Ц.Туваан, П.Сайнзориг нар үг хэлэв. 

Ээлжит бус чуулганы Даваа гарагийн нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн, сунаж хуралдах шаардлагатай болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдсэнээр хуралдаан үргэлжиллээ. Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна34 минут 14 секундын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв39 минут 2 секундын өмнөМонголын пара шатарчид анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцоно42 минут 50 секундын өмнө“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч байжээ47 минут 41 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм54 минут 9 секундын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь57 минут 59 секундын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа1 цаг 3 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ1 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан1 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно9 сар 7. 19:26Маргааш Сүхбаатарын талбайн төв зогсоолыг түр хаана9 сар 7. 19:06Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна9 сар 7. 15:05О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу9 сар 7. 13:41Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ9 сар 7. 12:43С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ9 сар 7. 12:34Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо9 сар 7. 12:31“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ9 сар 7. 12:27COP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов9 сар 7. 11:04УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ9 сар 7. 10:59Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг9 сар 7. 10:56Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа9 сар 7. 10:51Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан9 сар 7. 10:06Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ9 сар 7. 9:58Анхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа9 сар 7. 9:36Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд9 сар 7. 9:29УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 7. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 сар 7. 9:09УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ9 сар 7. 9:01Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.