Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Канад парламентын бүлгийн дарга М.Мандхай өнөөдөр (2026.09.08) Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг нийтлэг үнэт зүйлсээр нэгдсэн Монгол, Канадын иж бүрэн түншлэл, хамтын ажиллагаа Канадын Энэтхэг, Номхон далайн стратегийн хүрээнд шинэ агуулгаар баяжиж, идэвхтэй хөгжиж байгааг парламентын бүлгийн дарга онцлов. Тэрбээр, хоёр талын бат бөх түншлэл, улс төрийн харилцааг өргөжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэй. 2022 онд Канадын Сенатын танхимын дарга Жорж Фюригийн хийсэн албан ёсны айлчлал нь улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Цаашид бид энэхүү давтамжийг хадгалж, дээд түвшний айлчлалуудыг тогтмолжуулах нь чухал гэв. Парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, гишүүд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх нь хоёр орны улс төрийн харилцааны суурийг бататгах, бусад салбарын харилцааг баяжуулахад чухал үүрэгтэйг уулзалтын эхэнд тодотгосон.
Мөн ирэх сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д төлөөлөл оролцуулах, хөдөө аж ахуйн болон хүнсний чиглэлээрх эрх зүйн шинэ зохицуулалтын үр дүнд байгаль, цаг уураас хамааралтай уламжлалт арга, туршлагыг өөрчлөх боломж бүрдсэн талаар дурдлаа.
Элчин сайдын хувьд, Канад–Монголын МЕРИТ төсөл болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Канад Улсын олон улсын тусламжийн хөтөлбөрийн хүрээнд манай улсад таван төсөл хэрэгжиж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуйг хөгжүүлэх, шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлэх, залуучуудыг чадавхжуулах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх болон төрийн албаны чадавхыг сайжруулах чиглэлээр ажиллаж буй. Дипломат харилцааны 53 жилийн түүхтэй манай хоёр улс нь байгаль, цаг агаарын хувьд ижил төстэй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор дэлхийд тэргүүлэгч улс орны хувьд, хүнсний үйлдвэрлэлийн баялаг туршлага, сайн чанарын таримал ургамлын үрийг нэвтрүүлэх зэрэг боломж, нөхцлийн талаар уулзалтаар хөндөв.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Мөнхсоёл болон Улсын Их Хурлын Тамгын газар, Элчин сайдын яамны төлөөлөл байлцав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга бараалхлаа
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав

Сэтгэгдэл бичих