Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал


9-р сарын 14
9 цаг 15 минут

       Цаг үеэ хүмүүс бүтээдэг. Тэртээ 1990 оны намрын халуун өдрүүдийг БНМАУ-ын 12 дахь удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн Ардын Их Хурал (АИХ), уг хурлаас сонгож байгуулсан Улсын Бага Хурал (УБХ)-ын гишүүд бүтээсэн юм. Нийгмийн шилжилт, эдийн засгийн уналт төдийгүй хүмүүсийн сэтгэлгээ, үзэл санааны задрал оволзсон хүнд хэцүү цаг үед хууль цаазат төрийн үндсийг тодорхойлж, шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлуулах хувь тавилан тэр хүмүүст оногдсон юм.

Тэр жилийн долдугаар сарын 29-ний Ням гаригт болсон сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН), Монголын Үндэсний Дэвшлийн Нам (МҮДН), Монголын Ардчилсан Нам (МоАН), Монголын Социал Демократ Нам (МСДН), Монголын Ногоон Нам (МНН), Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Нам (МЧХН) оролцжээ. Олон олондоо зургаан нам оролцсон ийм сонгууль Монголд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй юм.

Бүх нийтээр, тэгш, шууд сонгох зарчмаар явуулж, сонгогчдын 97.9 хувь оролцсон энэхүү анхны ардчилсан сонгуулийн дүнд нийт сонгогчийн 60 шахам хувь нь МАХН-ыг, 24 хувь нь МоАН-ыг, 6.0 хувь нь МҮДН-ыг, 5.0 илүү хувь нь МСДН-ыг дэмжсэн байлаа. Нэг суудлын төлөө нэг буюу хэд хэдэн хүн зэрэг өрсөлдөх, түүний дотор иргэн өөрийнхөө нэрийг дэвшүүлэх эрхтэйгээр зохион байгуулсан тул аль ч намын гишүүн бус 20 хүн сонгогдож байжээ.

“БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган ихээхэн ажил хэрэгч, ардчилсан, ил тод байдалд болж, хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага-БНМАУ-ын Бага Хурлыг сонгон бүрдүүлснийг манай ард түмэн сэтгэл нэн ханамжтай хүлээн авлаа” хэмээн Ерөнхийлөгч П.Очирбат тухайн үед УБХ-ын индрээс бахархалтайгаар хэлж байв.

“Ажил хэрэгч, ардчилсан, ил тод”хэмээн Ерөнхийлөгчийн тодорхойлсон тэрхүү АИХ-ын чуулган есдүгээр сарын 3-нд эхэлжээ. Чуулганаар Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд заасны дагуу АИХ-ын дарга, орлогч, БНМАУ-ын анхны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч бөгөөд УБХ-ын дарга, БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд, Улсын дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурорыг сонгон томилж, Улсын Бага Хурлыг дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч бөгөөд Улсын Бага Хурлын даргыг сонгох асуудлыг 1990 оны есдүгээр сарын 5-ны өглөөнөөс хэлэлцэж эхлээд, 7-ны өдөр шийдвэрлэжээ. Депутат Шаравын Гунгаадорж, Санжаасүрэнгийн Зориг, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Кинаятын Зардыхан, Даваадоржийн Ганболд, Дашийн Бямбасүрэн нар нэр дэвшсэнээс К.Зардыхан, Д.Бямбасүрэн нар нэрээ татаж, Д.Ганболдын нэрийг дэвшүүлэхээс Ерөнхийлөгч татгалзсан байна. Ингээд Ш.Гунгаадорж, С.Зориг, Р.Гончигдорж нар үлдэж, асуулт, хариулт, хэлэлцүүлэг 30 гаруй цаг үргэлжилсний эцэст санал хураалт явуулахад нийт депутатын 66.1 хувийн саналаар Р.Гончигдорж ялалт байгуулж байжээ.

БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч хэмээх шинэ бөгөөд дахин давтагдаагүй албыг хашсан цорын ганц хүн бол Р.Гончигдорж. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу намын бүлгийн ахлагч нартай урьдчилан зөвлөлдсөний үндсэн дээр Улсын Бага Хурлын орлогч даргад Кинаятын Зардыханыг, нарийн бичгийн даргад Бяраагийн Чимидийн нэрийг дэвшүүлж, АИХ-ын депутатуудын олонхын саналаар сонгуулсан байна. Ингээд УБХ-ыг байгуулах ажилдаа оров.

УБХ-ын 50 гишүүнийг сонгох асуудлыг АИХ есдүгээр сарын 9-ний өдөр шийдвэрлэжээ. Сонгуулийн дүнд үндэслэн УБХ-ын гишүүний мандатыг намуудад хувь тэнцүүлэн хуваарилахад МАХН 31, МоАН 13, МСДН 3, МҮДН 3 суудал авчээ. Намууд авсан мандатдаа намын гишүүн ба гишүүн бус хүмүүсийн нэрийг дэвшүүлж, хүн нэг бүрээр санал хурааж шийдвэрлэсэн байна.

Есдүгээр сарын 13. Цагаан хяруу унасан намрын дунд сарын эхээр хөдөөгийн амгалан талд сөлөө хаяагүй өвсөн толгойг намилзуулсан сэрүүн сэвшээ салхитай ч нарлаг, дулаахан. Харин тэр жилийн намар хот хөдөөгүй улс орныхоо өнгөрсөн, ирээдүйг дүгнэж цэгнэсэн үй олны бодол, сэтгэлийн эрчмээр салхины эрч илүү ширүүн байсан нь лавтай. Энэ бол Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент өндөр үүдээ сөхсөн түүхт өдөр.Ардчиллын галыг цахиж, эрх чөлөөний суурийг гангаар цутгах их үйл хэргийн хөдөлгүүр ассан өдөр.

Улс орны хувь заяа, ирээдүйг тодорхойлох, нийгэм, эдийн засгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөн шинэчлэх тулгуур асуудлыг УБХ-ын гишүүд бүхий л оюун билэг, зүрх сэтгэл, хүч чадлаа дайчлан, шавхан шийдвэрлэсэн юм.

Тэд улс орны төр, нийгмийн хөгжлийн хэтийн ирээдүйг харж, шинэ Монголын дүр зургийг Үндсэн хуульдаа сийлж үлдээсэн түүхэн гавьяа байгуулаад зогсохгүй олон ургалч үзэл хандлагаар төрийн бодлогыг хэлэлцэн зөвшилцөх, итгэлцэл ойлголцлоо бэхжүүлэх, олонхиор шийдвэрлэх ч цөөнхөө сонсож, ялгаатай байр суурийг хүндэтгэх улс төрийн соёлыг парламентат ёсонд гүн бат суулгаж үлдээжээ.

“Алд бие мину алжааваас алжаатугай

Ахуй төр мину бүү алдартугай

Бүтэн бие мину алжааваас алжаатугай

Бүрэн улс мину бүү алдартугай” гэсэн Эзэн Чингис хааныхаа сургаалаар андгай тангараг өргөсөн ахмад парламентчдын үлдээсэн энэхүү үнэт өв зөвхөн парламентын төдийгүй нийгмийн ардчиллыг нөхцөлдүүлсэн язгуур зарчим юм. Аливаа асуудлыг хэлэлцүүлэг мэтгэлцээний үр дүнд олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд тэрхүү олонх гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцна. Үүний зэрэгцээ парламентын танхимд цөөнхийн үгээ хэлэх, байр сууриа хамгаалах, хяналт тавих эрх хангагдаж байх ёстой бөгөөд тэдний хяналт, шүүмжлэлээр шийдвэрийн чанар сайжирч, амьдралд илүү нийцтэй болж байдаг.

Улс төрд үзэл баримтлал, байр суурь зөрөх нь хэвийн үзэгдэл. Харин парламентын мэтгэлцээн бол баримт, үндэслэлд тулгуурлан, судалгаа нотолгоотойгоор хэлэлцэж, харилцан бие биенээ хүндэтгэн, хууль ёс, дэг журмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх соёл юм. Энэ тухай “Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа, парламентат ёс төлөвших анхны загварыг нэр төртэйгөөр тогтоож чадсан” хэмээн БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч бөгөөд УБХ-ын дарга Р.Гончигдорж дүгнэн бичсэн байдаг.

УБХ 1990 оны есдүгээр сарын 13-наас 1992 оны долдугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэг жил, 10 сарын хугацаанд ажиллаж, нийт таван удаагийн чуулган чуулжээ. Анхдугаар чуулганаараа төрийн байгуулалт, бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх замаар ардчиллын үйл явцыг гүнзгийрүүлж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих урьдач нөхцөлийг бүрдүүлсэн бол хоёрдугаар чуулганаараа эрх зүйн шинэчлэлийн эхлэлийг тавьж, парламентын төлөвшлийн суурь зарчмуудыг тогтоосон байдаг. УБХ-ын гуравдугаар чуулганаар улс орны эдийн засагт зах зээлийн харилцааны үндсэн элементүүдийг нутагшуулсны зэрэгцээ шинэ Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх хүчир агаад нүсэр ажлын хүндийг үүрсэн бол дөрөвдүгээр чуулганаар уг төслийг АИХ-ын чуулганаар 76 хоногийн турш хэлэлцүүлэн батлуулахын хажуугаар нутгийн өөрөө удирдах ёс, хууль сахиулах байгууллага, шүүхийн байгууламж, иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө зэрэг язгуур харилцааны эрх зүйн үндсийг тавьжээ. Хамгийн отгон буюу тавдугаар чуулганаараа УБХ шинэ Үндсэн хуулийн дагуу нэн тэргүүнд баталбал зохих хуулиудыг хэлэлцэн баталж, Монгол Улсын Их Хурлыг байгуулах, үйл ажиллагааг нь эхлүүлэх эрх зүй, зохион байгуулалтын бүхий л бэлтгэлийг нарийвчлан хангасан юм.

Хоёр жил ч хүрэхгүй энэ ахар богино хугацаанд УБХ-ын явуулсан үйл ажиллагаа, хэлэлцэн баталсан хууль тогтоомжууд, парламентын дэг ёс, ардчиллыг загварчлан тогтоосны дээр ард олноо манлайлан удирдаж, яаж ч мэдэх эгзэгтэй үед нийгмийг эмх цэгцтэй, мөрөөдөл тэмүүлэлтэй байлгаж, чиглүүлж чадсан зэрэг олон давхар үүрэг гүйцэтгэснийг гайхаад баршгүй. Монголын шилдэг сэхээтнүүд, улс төр, төрийн зүтгэлтнүүд болох УБХ-ын гишүүд өдөр, шөнийг үл ялган, хувийн амьдрал, ашиг сонирхлоо умартан зүтгэж, зөвхөн улс орныхоо мандан бадрах ирээдүйг зүрхэндээ тээж, зөвшилцөл, эв нэгдлийн гайхамшгийг харуулсан юм. Магадгүй, Монгол төрийн түүхэнд хамгийн бүтээлч, хамгийн өндөр хариуцлагатай, хамгийн ачаалалтай парламент байсан гэж дүгнэж болно. Жинхэнэ мэргэжлийн парламентын жишгийг тогтоосон УБХ-ын тавьсан эрх зүйн суурь дээр өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлс оршин тогтнож байна.

“…Таван жилийн бүрэн эрхийн хугацаатай байгуулагдсан ч шинэ Үндсэн хуулиа нэн даруй хэрэгжүүлэх дээд зорилгоо эрхэмлэн үлдсэн гурван жилийн бүрэн эрхээ эдлэлгүйгээр Монгол Улсын Их Хуралд шилжүүлэн өгсөн…” хэмээн УБХ-ын дарга Р.Гончигдоржийн дурсан бичсэнээс тэр үеийн анхдагч парламентчдын эх орныхоо эрх ашгийг эрэмбийнхээ эхэнд тавьсан чин санаа, жудаг ёсны эрхэм чанар харагддаг юм. Ийм л эрхэм чанарынхаа хүчээр хүмүүс өөр өөрийн цаг үеийг давтагдашгүйгээр бүтээж, хойч ирээдүйнхээ хувь заяаг тэгшлэн засдаг ажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ3 минут 42 секундын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь10 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ27 минут 22 секундын өмнөУлсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо32 минут 49 секундын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно38 минут 54 секундын өмнөТэр жилийн намар буюу Улсын Бага Хурал58 минут 15 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа1 цаг 7 минутын өмнөЭрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна1 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан1 цаг 22 минутын өмнөБайнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна9 сар 12. 18:52Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.