Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа


9-р сарын 14
16 цаг 40 минут

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Тэрбээр тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцлоо.

“Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, үндэстний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм. Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан” гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Та бүхэнд ерөөл бэлгэ, өлзий учрал тэгш дүүрэн бүрдсэн энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Уудам сайхан эх орныхоо алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Сагсай суманд байрлах Монгол Алтайн нурууны салбар уулсад хамаарах Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залж, далай их өвөг дээдэстээ гүн хүндэтгэл үзүүлэхээр Та бид өнөөдөр хуран цуглаад байна.

Энэ жил Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс улбаатай монгол төрийн ариун гал голомтыг бадраан Их Монгол Улсыг байгуулсан түүхт 820 жилийн тэгш ой тохиож байна.

Монголчууд бид ертөнц дахинд бахдан гайхуулж, өнө мөнхөд бахархан дээдлэх тэнгэр заяат аугаа их хаантай ард түмэн билээ.

Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, эв нэгдлийн бэлгэдэл, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм.

Их Эзэн Чингис хаан Монголын төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан билээ.

Эзэн Богд Чингис хаан, түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил, тэмцэлдээнийг зогсоож, дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл, урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан түүхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяаг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан.

Их хааныхаа музейг байгуулж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг ертөнц дахинаа анхлан дуурьсгасан Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгон, үеийн үед шүтэн дээдлэх Их Эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залж, монгол түмнийхээ их шүтээн болгосон.

Тэгвэл энэ удаа Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг аймаг бүр бүтээн байгуулах тухай зарлиг буулгаж, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монгол хүн, Монгол Улсын иргэн бүрд уриалж байна.

Эрхэмлэн дээдлэх үнэт зүйл, дээдлэн шүтэх шүтээнтэй улс үндэстэн хөгжин манддаг жамтай.

Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан юм.

Эзэн Богд Чингис хаан бол хаан хүний эрдэм чадлыг цогцлоон мэндэлж, өвөг дээдсийнхээ байгуулсан төрт ёсны түүхийг залгамжилж, төр улс, түмэн олноо засах билиг ухааныг өвлөн, зон олныхоо сэтгэлийг хурааж, итгэлийг олсон аугаа их хүмүүн юм.

Дэлхийн улс үндэстнүүд үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан их хааны түүхэн үйл хэрэг, алдар гавьяаг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрдөг билээ.

Их Эзэн Чингис хааны түүх бол дан ганц монголчуудын түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм.

Тиймээс дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Их Эзэн Чингис хааны үйл хэргийг судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Их хаанаараа овоглосон монгол хүн, иргэн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдэлж явах учиртай ариун үүрэг мөн.

Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн морин жил бол монгол түмэнд ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.

Нэгэн жаранд ганц тохиох энэ гал морин жилд Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг улс Монголынхоо баруун хязгаар Баян-Өлгий аймгаас эхлэн бүтээн залж, алдаршуулан мөнхжүүлж байна.

Цаашид аймаг бүр байгалийн тогтоц, түүх соёлын өв уламжлал, нутгийн онцлогтой уялдуулан шүтээн хөргийг бүтээн залж, эрхэмлэн дээдэлж, төрт ёсны үнэт өвийг алдаршуулан мөнхжүүлэх учиртай.

Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан дэлхийн мянганы суут хүмүүн, хаадын хаан-Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг ийнхүү ёслол төгөлдөр нээж байна.

Их Эзэн Чингис хааны “Алтан бие минь алжааваас алжаатугай, Аху төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү задартугай” хэмээн амь биеэсээ илүү аху их төр улсаа ашид эрхэмлэн дээдлэх учиртайг гэрээслэн сануулсан билиг сургаал монгол түмний минь сэтгэл зүрхэнд өнө мөнхөд орших учиртай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Их Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай” гэлээ.

Ерөнхийлөгч мөн Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг бүтээн байгуулах тухай гаргасан зарлигийг Баян-Өлгий аймагт үүрд хадгалуулахаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыст гардууллаа.

Шүтээн хөргийг Ерөнхийлөгчийн санаачилгаар Зэвсэгт хүчний дугаар ангиудын алба хаагчид бүтээсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа1 цаг 19 минутын өмнөЕрөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа1 цаг 50 минутын өмнөЗөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ2 цаг 3 минутын өмнөУ.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхүйц үг, үйлдлийг таслан зогсоох ёстойг анхааруулж байна3 цаг 22 минутын өмнөН.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна4 цаг 46 минутын өмнө40 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ4 цаг 55 минутын өмнөМонголын пара шатарчид эхний хожлоо авлаа6 цаг 58 минутын өмнөЭрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ8 цаг 7 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ8 цаг 21 минутын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 27 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ8 цаг 45 минутын өмнөУлсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо8 цаг 50 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно8 цаг 56 минутын өмнөТэр жилийн намар буюу Улсын Бага Хурал9 цаг 15 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа9 цаг 24 минутын өмнөЭрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна9 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан9 цаг 39 минутын өмнөБайнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна9 сар 12. 18:52Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.