Г.Занданшатар: "Ичсэн хүн хүн ална" гэдэг шиг С.Амарсайханы үгэнд үнэн юм нэг ч алга


9-р сарын 16
8 цаг 47 минут

        Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өчигдөр (2026.09.15) сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Б.Булнай гэдэг удган эмэгтэйн цаана Ерөнхий сайд Г.Занданшатар бий" гэсэн. Ерөнхий сайд асан Г.Занданшатар С.Амарсайханы мэдээллийг няцааж мэдэгдэл гаргалаа. Тэрбээр "Монголын шигшээ баг амжилттай оролцож байгаа Дэлхийн шатрын пара олимпиад 6 дахь хоногтоо үргэлжилж, Дэлхийн шатрын олимпиад өчигдөр нээлтээ хийсэн Самарканд хотоос мэндчилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөсөө хойш улс төр, улс төрчдөөс аль болох зай барьж, оюуны спортыг хөгжүүлэх, шатраар дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах, хөрөнгө оруулалт татах үйл хэрэгт нөхдийн хамт хүчин зүтгэж явна.

 Гэтэл ар хударгаар “Айсан хүнд аргал хөдөлнө”, “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг Хууль зүйн сайд С.Амарсайхан миний нэр төрд халдсан, ор үндэсгүй худал мэдээлэл олон нийтэд тараажээ.

 Үүнд үнэн юм нэг ч алга.

 Баримт, бодит үйл явдлаар түүний гүтгэлгийг няцаах нь зүйтэй гэж үзэж байна.

Нэгдүгээрт.

С.Амарсайхан намайг нүүрсний болон боржин чулууны ордыг хууль бусаар хувьдаа завшихыг санаархсан мэтээр мэдэгдсэн байна.

 Гэвч үнэн хэрэгтээ би Ерөнхий сайд байхдаа 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум дахь Нүүрстэйн амны нүүрсний уурхай, мөн Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Авдар уулын боржин чулуу боловсруулах улсын үйлдвэрийн үйл ажиллагааг хувьдаа авах сэдлээр зогсоосон байж болзошгүй гэж үзэн, сэргээх боломжийг судлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох байгууллагуудад өгч байсан.

Энэ талаар тухайн өдөр Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээ нийтлэгдсэн бөгөөд өнөөдөр ч олон нийтэд нээлттэй байна.

 Холбоос: https://mongolia.gov.mn/news/view/27454

Ашиглагдахгүй алдагдсан ордыг буцаан авч, улсын өмчит үйлдвэр байгуулах боломжийг судлах үүрэг өгснийг хууль бус үйлдэл, эсвэл хувьдаа завших оролдлого гэж үзэх үү гэдгийг та бүхэн дэнсэлнэ биз ээ.

Хоёрдугаарт.

С.Амарсайхан одоогийн албан тушаалдаа томилогдох үеэр намайг Оюутболд гэх хүнийг Экологийн цагдаагийн газрын даргаар томилсон мэтээр ярьжээ.

 Гэвч бодит байдалд би гуравдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Харин Оюутболд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр томилогдсон байна.

Өөрөөр хэлбэл, түүнийг сайдын албан тушаалд очих үед би аль хэдийн төрийн алба хашихаа больж, энгийн иргэн болсон байсан.

 Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй.

 Ийм тодорхой баримтыг ч үл харгалзан олон нийтийн өмнө худал мэдээлэл тарааж онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж байгаа Хууль зүйн сайд ТА ярьсан бүх зүйлээ хууль дээр очиж баримтаар нотол.

 Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя.

Иргэн миний адил хуулийн өмнө тэгш байж, бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулахыг шаардаж байна.

Харин өөрт тавигдсан асуултаас миний нэрээр бүү булт.

 Гуравдугаарт.

 Манай Засгийн газар 2025 оны есдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлж, хар тамхитай дайн зарлах үүрэг өгч байсан.

Одоо байдал харин ямар байна? Энэ талаар мөн Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд тухайн өдөр мэдээлэл нийтлэгдсэн.

 Холбоос: https://mongolia.gov.mn/news/view/27323

 Миний байр суурь:

 Би баялгийн мафитай тууштай тэмцэж ирсэн.

 Үүний улмаас улс төрийн хүчтэй шахалт, эсэргүүцэлтэй тулгарч, эцэст нь улс төрийн шийдвэрийн үр дүнд албан тушаалаа өгсөн.

 Хууль зүйн сайд хүн хууль сахиулах салбартаа мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэр дуурайл үзүүлж, улс төрийн явцуу ашиг сонирхлоос салбараа хамгаалах үүрэгтэй.

Ялангуяа хууль сахиулах байгууллагыг улс төрийн өрсөлдөөн, хувийн тооцоо, улс төрийн явцуу ашиг сонирхлын хэрэгсэл болгон ашиглаж болохгүй.

 Өнөөдөр өөрийн удирдаж буй салбар руугаа ноцож, хууль дээдлэн ажиллаж буй мянга мянган хууль сахиулагчдын итгэл зүтгэлийг үгүйсгэж буй нь дэндүү увайгүй үйлдэл юм.

 Намын нөхөр, журмын анд хэмээн итгэж, танхимынхаа сайдаар томилон хамтран ажиллаж байсан хүн өнөөдөр ийнхүү над руу гүжир гүтгэлэг чиглүүлж байгаад бүр ч их харамсаж байна.

Би С.Амарсайханыг хотын дарга болох үеэс нь эхлэн дэмжиж, улмаар Ерөнхий сайдын хувиар Шадар сайдаар томилж байсан нь бодит үнэн.

Гэтэл тэрээр танхимынхаа эсрэг байр суурь баримталж, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж, санал өгч, манай Засгийн газарт хамтран ажиллах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Харин үүнд өс хонзон санаж, ор үндэсгүй худал мэдээлэл тарааж байгаа нь арга мухардсан хүний үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна.

Өнөөдөр үнийн өсөлт, шатахуун гээд иргэдийн амьдрал хүнд, эдийн засагт сорилт их байна.

 Ийм үед төрийн бодлого хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгаа хамгаалах, авлига, хулгайтай тэмцэх, хөгжлийн асуудалд төвлөрөх ёстой болохоос албан тушаал, эрх мэдлийн маргаанд автах ёсгүй.

Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй.

 Нүүрсчдийн бүлэглэлийн авлига, хулгайн сүлжээ, нам дамнасан хуйвалдаан, хууль ёсыг уландаа гишгэж, хүний эрхийг хөсөрдүүлдэг увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул ард иргэдтэйгээ хамтран улс төрийн шинэчлэл хийх тэмцлийг эрчимжүүлэх болно" гэв.

 Ж.Энх

Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан55 секундын өмнөГ.Занданшатар: "Ичсэн хүн хүн ална" гэдэг шиг С.Амарсайханы үгэнд үнэн юм нэг ч алга11 минут 48 секундын өмнөТүүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ9 сар 15. 13:23Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ9 сар 15. 11:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа9 сар 15. 11:38C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя9 сар 15. 11:29Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв9 сар 15. 10:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 15. 10:14Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль9 сар 15. 9:40Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө9 сар 15. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 сар 15. 9:20УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа9 сар 14. 17:11Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа9 сар 14. 16:40Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ9 сар 14. 16:27У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхүйц үг, үйлдлийг таслан зогсоох ёстойг анхааруулж байна9 сар 14. 15:08Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна9 сар 14. 13:4440 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ9 сар 14. 13:35Монголын пара шатарчид эхний хожлоо авлаа9 сар 14. 11:33Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ9 сар 14. 10:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ9 сар 14. 10:09УБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 14. 10:03Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ9 сар 14. 9:46Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо9 сар 14. 9:40НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно9 сар 14. 9:34Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал9 сар 14. 9:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 14. 9:07Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна9 сар 14. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан9 сар 14. 8:51Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.