МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг дэмжсэн. Дарга юу гэж дохино, гишүүд нь ярсхийтэл гар өргөдөг жишгээр эрх баригч хүчнийхэн дуртай ч, дургүй ч "Ерөнхий сайдын бүрэн эрх" хэмээн амбицаа нуун инээвхийлцгээв. Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд МАН дахь "Хунтайж нарын бүлэг"-ээс Г.Тэмүүлэнд энэ суудлыг бэлэглэж буй нь хуульч мэргэжилтэй УИХ-ын гишүүдийн реакцийг хөдөлгөсөн нь тодорхой. Г.Тэмүүлэн УИХ-д 3 удаа сонгогдсон ч хууль зүйн салбарыг толгойлоход шинэ бөгөөд өөр салбарын хүн. Н.Учрал ийнхүү Үндсэн хуулийн дагуу бүрэн эрхээ МАН дотор тунхаглаж танхимдаа сэлгээ хийх гэж буй мөчид МАН-ын генсек Я.Содбаатар "Засгийн газрын эсрэг ажилласан гишүүдийг МАН-аас хөөнө" гэх цочир мэдэгдэл хийлээ. Нам гэдэг үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл мөн үү мөн. Гэхдээ энэ бол ардчилсан парламент. Ардчилсан парламентад улс төрийн намуудын олон ургальч үзэл бүхий гишүүд бий. Я.Содбаатарын хэлснээр, чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй УИХ-ын гишүүд Засгийн газрын эсрэг дуугарвал намаасаа хөөгдөх нь. Гэвч цагаа тулбал намаасаа хөөх нь юу л бол. Н.Учрал МАН-ын даргын хувьд, Д.Амарбаясгалан, А.Амундра, Х.Булгантуяа, Н.Тавинбэх нарыг хөөнө гэсэн яалаа? Дуунд гардаг шиг "Яалаа даа, яалаа даа" л болж байгаа биз?
УИХ-ын чуулганы ирц 52/126 байгаа аж. Өөрөөр хэлбэл, гишүүдийн ирц 41.3 хувьтай байна. Яагаад? Ажиглагчид Г.Тэмүүлэнг 30:38-ын дундын хувилбар гэж байна. Н.Учрал ч нам болон кабинетийнхаа эв нэгдэл, тэнцвэрийг хадгалахын тулд Г.Тэмүүлэнгийн нэрийг дэвшүүлэв үү гэж өнгөц талаас харж болох. Гэхдээ Г.Тэмүүлэн "Хунтайж нарын бүлэглэл"-ийн нэг гол дүр. 2014-2015 оны үе... Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг АНУ-аас ирсний дараахан Н.Номтойбаяр НАМЗХ-ны хурлын индрээс "АНУ-аас 2 луйварчин ирлээ" гэж хуруу зангасан нь МАН-ын залуусын дунд олигархиудын хүүхдүүд, ардын хүүхдүүд гэх хагарлыг эхлүүлсэн. Хэдийгээр өнгөрсөн намрын халуун улс төрөөр Н.Номтойбаяр Л.Оюун-Эрдэнэ болон "30-ийн бүлэг"-ийнхэнтэй гар барьсан мэт боловч ямар эрх ашиг тэднийг дахин нэгтгэв ээ гэдэг асуулт хэвээр. Н.Номтойбаярт МАН-д эргэн ирэх урилга гардуулсан нь Л.Оюун-Эрдэнийн талынхан л болов уу. Харин яг одоо Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилох эсэхийг хэлэлцэх болоход чуулганы ирц бүрдэхгүй байгаа нь Н.Учралд "30-ийн бүлэг"-ээс өөр хүнийг томил гэх тулгалт хийж байна уу гэх асуулт тавихад хүргэв. С.Амарсайханыг хөөсөнд "Гучийнхан" бүр ч аллергитаж байгаа. С.Амарсайхан бол Х.Баттулга, Д.Амарбаясгалан нарын гол төлөөлөл болж энэ Засгийн газарт ажилласан. Харин Г.Тэмүүлэн дээр өнгөрсөн намар Ерөнхий сайд асан Г.Занданшатар Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохоо мэдэгдэж, УИХ-аар хэлэлцүүлэх болоход чуулганы танхимын үүдийг цоожилдог шиг явдал давтагдах гээд байна уу? Энэ тохиолдолд МАН-ын генсек Я.Содбаатар чуулган тасалж, чимээгүй бойкот хийж буй гишүүдээ намаасаа хөөх үү... Г.Тэмүүлэнг биш гэж байгаа бол Л.Оюун-Эрдэнийн талынхан хэнийг санал болгож байна вэ? Н.Учралын танхимд Г.Тэмүүлэн орж ажиллана гэдэг энэ Засгийн газар "Хунтайж нарын Засгийн газар" болно. Н.Учрал, Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн гээд... Бас Ч.Номин...
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв
Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Сэтгэгдэл бичих