2027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү


9-р сарын 21
19 цаг 41 минут

      Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ удтал чимээгүй байсны эцэст Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж "Хүк ах аа, Оюук нь хэвээрээ байгаа шүү" гэж нүд ирмэсэн нь энэ оны гуравдугаар сар. Монгол төрийн 01 рүү экс 03 эфирээр энэ үгийг уламжлахдаа "Одоо 2027 оны төлөөх улс төр өрнөнө. Галаар битгий наадаарай. Би үндэсний хэмжээний тэмцэл өрнүүлнэ шүү" гэх цочир мэдэгдлийг хийсэн. 2027 он... У.Хүрэлсүх явна. Харин Л.Оюун-Эрдэнэ ХААН титмийг авах төлөвлөгөөтэй. Тиймээс тэрбээр "халаас"-ндаа С.Амарсайхан, Д.Сумъяабазар, Ц.Нямдорж гэсэн нэрстэй яваа. Гэвч У.Хүрэлсүхийн хүрээллээс хөөгдсөн Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг хөөж эсрэг нүүдэл хийлээ. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэ "Энэ Засгийн газарт би ганцхан Ч.Номинг л сайдаар томилуулсан" гэж ярьсан ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хувьд стратегийн ач холбогдол бүхий албан тушаал нь Хууль зүй, дотоод хэргийн сайд байв. Гэвч улс төр дэх "Үл үзэгдэгч гар" С.Амарсайханыг удган эмэгтэйгээр алгадаад унагачихлаа. Тээр жил "Би онгоцонд ч, орондоо ч хууль засдаг" гэж даналзаж байсан Ц.Нямдоржийг АН-ын Р.Бурмаа Үндсэн хуулийн Цэцэд өгч УИХ-ын даргаас нь огцруулж байсан удаатай. "Сайд, ялаа хоёрыг сониноор цохиж унагадаг" байсан бол одоо сошиалаар сэвээд ёсоор болгодог цаг. С.Амарсайхан Н.Учралд хөөгдөнө гэдэг Х.Баттулга, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлыг сөргөлдөгч талдаа алдсан гэсэн үг. Цагдаа, хууль хяналтынхныг мэдэлдээ байлгадаг энэ том эрх мэдлийг алдсан тэд Ерөнхий сайд асан Г.Занданшатараас тойрохоо гардаж Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлаа Б.Энхбаярт тавьж өгсөн Л.Мөнхбаатарыг Н.Учралд санал болгосон ч "Үгүй" гэдэг хариуг сонссон. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын эсрэг Н.Учралын дэлгэсэн "хөзөр" нь МАН дахь "Хунтайж нар"-ын нэг Г.Тэмүүлэн. Нэгэн цагт Н.Номтойбаяр, О.Содбилэг нартай хамт Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай сөргөлдөж явсан Г.Тэмүүлэн Б.Энхбаяр стайлаар Н.Учралд "Шударга ёсны төлөөх тэмцлийн чинь илд байна" гэдгээ илэрхийлсэн нь сошиалд түгэв.

 "Хүк ах аа, Оюук нь хэвээр байгаа шүү" гэж Л.Оюун-Эрдэнэ үнэн хэлжээ. Тэр үнэхээр хэвээрээ байгаа аж. Түүнийг Үндсэн хуулиар үнэмлэхүй эрх мэдэлтэй Ерөнхий сайд байхад "Гэрэгэ тауэр"-ийн 15 давхраас монголчуудын оюун санааны эсрэг террор хийж, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах агуулга бүхий сошиал дайн өрнүүлж, С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон этгээдүүдийг УИХ-ын 2024 оны сонгуулийн суртал ухуулгад ашиглаж байв. Харин одоо Л.Оюун-Эрдэнэ болон түүний найзууд болох "30-ийн бүлэг"-ийнхэн алдсан эрх мэдлээ олж авч, 2027 онд ХААН титмийг авахын төлөө УИХ-ын үйл ажиллагааг гацаанд орууллаа. Төрийн ордонд Н.Учралын эсрэг гал өрдөж, Тусгаар тогтнолын ордон тийш Я.Содбаатарыг онилсон медиа дажин өрнүүлж байна. Ерөнхий сайд асан Г.Занданшатар 2025 оны намрыг "Баялгийн хулгайтай хийх намрын халуун өдрүүд" болтол нь Л.Оюун-Эрдэнэ болон "30-ийн бүлэг"-ийнхнийг сөрж тэмцсэн бол Н.Учрал хүний, өөрийн намынхны бүслэлтэд ороод байна. Өөрөөр хэлбэл, Н.Учралын Засгийн газрын хувь заяа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын гарт байна. У.Хүрэлсүх энд гарч ирнэ...

Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухай Г.Занданшатарын огцом мэдэгдлийн хариуд Л.Оюун-Эрдэнэ ба түүний найзууд УИХ-ын үйл ажиллагааг гацаасан явдал Г.Тэмүүлэнг С.Амарсайханы оронд томилох Н.Учралын шийдвэр дээр давтагдлаа. Төр дахиад гацаанд оров. Байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа тасалдав. Төрийн алх, тамга бариулж эрхлүүлсэн "хүүхдүүд" нь дахиад л төр нурааж тоглож байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зүгээр хараад сууна гэж үү. УИХ-ын чуулганы танхимаас цааш хэдхэн алхаад хаалган дээр нь "Явах цаг боллоо, Хүк бро" гэж дуулах нь холгүй яваа Л.Оюун-Эрдэнэ ба түүний найзуудад У.Хүрэлсүх энэ удаад хатуухан хариу барьж тун болзошгүй. Тийм ээ, энэ удаад! У.Хүрэлсүх энэ удаад Ц.Элбэгдорж Х.Баттулгыг камерийн өмнө загнасан шиг Л.Оюун-Эрдэнийг дуудаж загнахгүй. Л.Оюун-Эрдэнийг УИХ огцруулсан шөнө чуулганы танхимд морилж, "Ах нь дүүгээ сургадаг" шиг У.Хүрэлсүх үг хэлэхгүй. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа УИХ 2025 оны улсын төсөв хэлэлцэж байхад чуулганы нэгдсэн хуралдаанд ганц ч удаа оролцоогүй атлаа Шанхай руу сайд нараа АН-ын Д.Ганбат, Ч.Лодойсамбуу нартай хамт дагуулаад ниссэн хойгуур У.Хүрэлсүх төсөвт бүхэлд нь хориг тавьж байсан. Харин одоо У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийгээс УИХ-ыг тараах зарлиг гаргах уу гэдэг анхаарал татаж байна. Учир нь Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох болон 2026 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэн батлах нь гацаанд орлоо. Бас 2027 оны улсын төсөв! Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалтууд бүхий УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хаана хэн дээр гацав?! Л.Оюун-Эрдэнэ ба түүний найзуудын хувьд айдас хүйдэс дагуулсан "У.Хүрэлсүхийн хууль"-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч санал хураалт явуулах болоход учир битүүлгээр хойшлуулсан. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтууд бүхий энэ хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх үед Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхийлөгч хуулийн төслөө татаж ав" хэмээн шаардаж, түүний найзууд Төрийн ордонд "Ерөнхийлөгч ардчилсан парламентын дархлаанд халдаж байна" гэх сошиал суртал ухуулгыг хийж байсан удаатай. Хэрэв УИХ "У.Хүрэлсүхийн хууль"-ийг баталбал Л.Оюун-Эрдэнийн найзуудаас Х.Булгантуяа, Э.Болормаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх нь хуруугаа инчдэхийн төдий байлаа. Л.Оюун-Эрдэнийн найзуудаас гадна Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Ганбаатар тэргүүтэй улс төр дэх холбоотнууд нь ч "У.Хүрэлсүхийн хууль"-ийн гадуур өнгөрөхгүй. Гэвч энэ хуулийн төслийг хаана хав дарж орхив!

 Л.Оюун-Эрдэнэ ба түүний найзууд Н.Учралын зүг тойрон бүжиг хийж, Үндсэн хуульд заасан сайд томилох, чөлөөлөх бүрэн эрхийг нь үл ойшоож, төрөөр даажигнаж байна. Ерөнхий сайд Н.Учрал ч иргэдтэй инээд алдан уулзах зуураа Л.Оюун-Эрдэнэ нарын зүг шазуур зууж байна. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Л.Оюун-Эрдэнэ ба түүний найзуудад гурван ч удаа "Дунд хуруу" харууллаа. "Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томил" гэсэн тэдний тулгалтад Г.Тэмүүлэнгийн нэрийг дэвшүүлж эхний "Дунд хуруу"! Харин хоёр дахь нь МАН-ын Удирдах зөвлөл дээр өнгөрсөн долоо хоногт "Цаашид нэг баг болон ажиллаж чадахгүй бол зам замаа бодоцгооё" гэдэг удаахь "Дунд хуруу", харин гурав дахь нь УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах тухай юм. Н.Учралын "Дунд хуруу"-наас Л.Оюун-Эрдэнэ нарт хамгийн их хохирол учруулах нь УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах тухай нь. Н.Учрал энэ үгийг МАН-ын даргын хувьд хэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргахад Л.Оюун-Эрдэнэ ба түүний найзуудын ордны улс төр дуусна. Юун 2027 он! АТГ-ын үүдэнд бөөнөөрөө чулуу няслах л болохвий. Юутай ч Н.Учрал МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй ордны босогчдод "Зам нийлэхгүй бол явцгаа" гэдгээ хэллээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Засгийн газрын эсрэг ажиллавал намаас хөөнө" гэв. МАН-ын дарга Н.Учрал генсектэйгээ үгсэж тохирсон мэт Л.Оюун-Эрдэнэ ба түүний найзуудыг албан бусаар хөөчихлөө шүү дээ. Ордны босогч Л.Оюун-Эрдэнэд одоо У.Хүрэлсүх эцсийн цохилт өгөх үү гэдэг асуулт Төрийн ордон руу чиглэж байна. "Хүк ах аа, Оюук нь хэвээрээ байгаа шүү" гэж эфирээр тун жоготой хэлсэн Л.Оюун-Эрдэнийг ордноос бүрмөсөн хөөх У.Хүрэлсүхийн хариу цохилт нь УИХ-ыг тараах тухай зарлиг гаргах юм. Төр нурааж тоглож буй "Хүүхдүүд"-ийн эсрэг У.Хүрэлсүхийн эцсийн шийдвэр нь энэ байх болов уу гэдэг таамаг УИХ тэг зогсолт хийж буй энэ өдрүүдэл хөвөрч байна. Иргэд ч энэ 126-г "Ганц ямааны гарзгүй нөхөд" хэмээж байна. Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд, ганц сайдын суудлын төлөө төр нурааж үзүүлж байна. У.Хүрэлсүхийн хувьд, Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа бодит ажил болгосон D-parliament, D-Petition-ээр 100 мянган иргэний өргөдлийг өгүүлээд энэ 126-г тарааж, ээлжит бус сонгууль явуулах хувилбар байгааг ажиглагчид онцолж байна. Ерөнхий сайд Н.Учралын Үндсэн хуульд заасан бүрэн эрх хийгээд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагааг гацаанд оруулсан Л.Оюун-Эрдэнэ ба түүний найзуудын эсрэг У.Хүрэлсүхийн хийж болзошгүй стандарт бус улс төр нь энэ байж тун болзошгүй эгзэгтэй нөхцөл байдал нүүрлээд байна. Яагаад стандарт бус гэж вэ гэж үү. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.3-т "Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах бол зарлиг гаргана" гэж заасан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуульд заасан энэхүү бүрэн эрхээ эдлэх болбол Н.Учралаар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлийг нь өгүүлж, шинэ Ерөнхий сайдыг тодруулахад хүрнэ. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоон дээр Үндсэн хуулийн бус аргаар бойкот хийж буй Л.Оюун-Эрдэнэ нарын эсрэг У.Хүрэлсүх дээр дурдсан стандарт бус улс төр хийж, УИХ-ыг ард түмний дэмжлэгтэйгээр тараах зарлиг гаргах болов уу, яах бол... Хуульч О.Баасанхүүгийн сошиалд бичсэнээр баахан криминалуудаар дүүрчихсэн 126 гишүүнтэй анхны УИХ-ыг тараахад алга ташин дэмжих иргэд ч олон байна. "Монголын парламентын түүхэн дэх хамгийн муу парламент" гэдэг үнэлгээг сонгогчид аль хэдийнө өгчихлөө шүү дээ.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 минут 27 секундын өмнөДэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа2 цаг 11 минутын өмнөАвстралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 цаг 11 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна4 цаг 16 минутын өмнөС.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно4 цаг 49 минутын өмнөШатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө6 цаг 14 минутын өмнөҮндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...6 цаг 19 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо6 цаг 29 минутын өмнөЯпонд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв8 цаг 14 минутын өмнөЕрөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 цаг 30 минутын өмнө“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 цаг 35 минутын өмнөӨвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 цаг 39 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 цаг 43 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг9 сар 19. 12:47Төрийн алба хаагч иргэнтэй дансны мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэх талаар утсаар хэзээ ч ярихгүй9 сар 19. 12:41Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно9 сар 19. 12:37“Пипл ин Нийд” (PEOPLE IN NEED) байгууллагаас талархал ирүүлэв9 сар 18. 18:05“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:07Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ9 сар 18. 14:3540 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ9 сар 18. 14:31Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо9 сар 18. 13:06Нийслэлийн суурьшлын бүсэд “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдээд байна9 сар 18. 12:55Ерөнхий хяналтын сонсголын зар9 сар 18. 11:07Автомашины зогсоол булаалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ9 сар 18. 11:04“Натрийн гидрокарбонат 4%-100мл” тарилгын шингэн эмийг шаардлага хангаагүй тул эргүүлэн татаж байна9 сар 18. 11:01Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав9 сар 18. 9:50Зүрх судасны тусламж үйлчилгээний шинэ үеийн суурь тавигдлаа9 сар 18. 9:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.