“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж


9-р сарын 23
14 цаг 40 минут

      МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал гол сумаа тавьж эхлээгүй байна. “Өөртөө итгэл үзүүлэх эсэх тухай бичгээ УИХ-д өргөн мэдүүл” гэх АН-ынхны шаардлага, С.Амарсайханыг танхимаасаа хөөснийх нь эсрэг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй “30-ийн бүлэг” УИХ-ын үйл ажиллагааг хоёр өдөр гацаасны хариуд “Би өөртөө итгэлтэй л байгаа шүү дээ” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа инээмсэглэсэн дүр зургаас нь харвал Н.Учрал ер бусын тайван. Харин тэрбээр өчигдөр (2026.09.22) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр АН-ынханд хандаж “Өөртөө итгэл үзүүлэх эсэх гэдэг бол Ерөнхий сайдын бүрэн эрх. Та нар огцруулах бичгээ өргөн барь л даа” гэж шаардав. О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхны шаардлага ийнхүү МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын улс төрийн шаардлага болон хувирлаа. Харин одоо Н.Учрал гол сумаа тавьж эхлэх цаг. Тэрбээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт өнгөрсөн долоо хоногт үгээ хэлчихсэн. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл дээр өнгөрсөн долоо хоногт Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлж буйгаа танилцуулахдаа “Цаашид нэг баг болж ажиллаж чадахгүй бол зам замаа бодоцгооё” гэсэн. МАН-ын генсек Я.Содбаатар Н.Учралын үгэн дээр хүч нэмж “Засгийн газрын эсрэг ажилласан гишүүдийг намаас хөөнө” гэж мэдэгдсэн. МАН-ын 01, 02 болох тэдний үгээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр “Гучийн бүлэг”-ийн найзуудтайгаа хамт намаасаа албан бусаар хөөгдчихлөө гэсэн үг. Н.Учрал МАН-ын Удирдах зөвлөл дээр дээрх үгийг хэлснийхээ дараа УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр тун ноцтой байр суурь илэрхийлсэн нь УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах тухай юм. Түүнийг ийм байр суурь илэрхийлсэн тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарч эхлэхтэй зэрэгцэн 2027 оны улсын төсөвт ээлжит бус сонгууль явуулах зардалд 40 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэдээ гарсан нь анхаарал татаж эхэллээ.

“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын хариу шаардлагын цаана ямар мессэж нуугдана вэ. О.Цогтгэрэл тэрхүү бичгийг өргөн барилаа гэхэд УИХ дахь олонхи Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулах магадлал тун өндөр. МАН-ынхантай гар барьсан гэгдэж буй Д.Ганбат, А.Ганбаатар, Д.Энхтуяа, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн нарыг хасвал АН-аас 37 гишүүн, Л,Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй “Гучийн бүлэг”, ИЗНН-аас Б.Батбаатар, Үндэсний эвслийн дөрөв, ХҮН намын хоёр гишүүн хүч хавсарч байгаад кноп дарчихна. Хүчний харьцаа Н.Учрал тэргүүтэй цөөнх:Үнэмлэхүй олонхи болчихоод байгаа нь өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын үйл ажиллагааг хоёр өдөр гацааснаас тодорхой харагдана. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар өчигдөр (2026.09.22) Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг онилсон хурц байр суурь илэрхийлцгээсэн нь МАН дахь 30:38-ын хагарал эвлэршгүйгээр хурцадсаныг илтгэнэ. Д.Амарбаясгалангийн зүгээс “Бидний 30-ийг 15-уулхнаа үлдсэн мэт медиа ухуулгыг хийж байна. Бид 30-уулаа нэг завинд аль хэдийнэ суусан шүү дээ” гэсэн нь МАН дахь “Гучийн бүлэг” амь нэгтэй хэвээр байгаа шүү гэдгийг сануулсан хэрэг. Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дуэльд дуудсан хэвээр байна. “Үе үеийн Засгийн газартай давхцаж үйл ажиллагаа явуулдаг нэг газар байдаг нь ҮАБЗ. ҮАБЗ бүх хэргийг нотолдог. “ҮАБЗ-ийн нэрийн өмнөөс” гээд утасддаг. Энэ системээ Хууль зүй, дотоод хэргийн сайд сөрж чаддаггүй. Олон баривчилгаа болсныг Ерөнхий сайд нь мэддэггүй. Ард нь “ҮАБЗ чиглэл өгсөн” гээд явчихдаг” гэж Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хэллээ. Тэр энэ үгээрээ хэнийг онилсон бэ. ҮАБЗ-ийн тэргүүн хэн билээ. Л.Оюун-Эрдэнэ дээрх үгээрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тийш сум тавилаа. У.Хүрэлсүхийн дэмжлэгээр Үндсэн хуулиар үнэмлэхүй эрх мэдэлтэй анхны Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга болж байсан Л.Оюун-Эрдэнэ ийнхүү У.Хүрэлсүхийн холгосон “өсгий”-г үргэлж гишгэж явах нэгэн болж хувирчээ. Ц.Элбэгдорж нэгэнтээ “Улстөрч байна гэдэг холгосон “өсгий”-н дээрээ үргэлж гишгүүлж явахын нэр” гэж хэлж байв.

Н.Учрал одоо яах вэ. Түүний халаасанд “Ерөнхий сайдын бүрэн эрх үү, УИХ-ын бүрэн эрх үү” гэдэг том сум бий. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр УИХ-ыг тараах тухай хөндсөн нь тоглоом биш. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүрдсэн 126 гишүүнтэй УИХ нэг харахад малын хороо шиг, нөгөө харахад галзуугийн эмнэлэг шиг байгаа нь үнэн. “Монголын парламентын түүхэнд байгаагүй муу УИХ” гэдэг дүнг ард түмэн хэдийнэ тавьсан. Н.Учрал МАН-ын даргын хувьд хагарсан шаазан шиг энэ УИХ-ыг тараах тухай улс төрийн мэдэгдэл хийхэд хүч түрэн дэмжих ард иргэдийн үнэмлэхүй олонхи бий. Ордны бослого гаргаж, УИХ-ын болон Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж буй “Гучийн бүлэг”-ийнхэн дунд ч Төрийн ордонд камерийн тоглолт хийж даналзаад байгаа болохоос биш хуулийн гаванд орсон гишүүд цөөнгүй. Улс төр бол бизнес. Улс төр бол барьцаа. Хүний, өөрийн нам дахь криминал бүлэглэлүүдтэй тохиролцооны ширээний ард суухгүйгээр бүслэлтийг сэтлэх сүүлчийн арга нь Н.Учралын хувьд УИХ-ыг тараах уу. Энэ асуултыг түүнд ажиглагчид, олон нийтээс ч эчнээ тавьж байна. УИХ-ыг тараах бүрэн эрх харин хэнд байдаг вэ. Монгол Улсын Ерөнхийлөгчид!

Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэгт:

-УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал болгосон бол УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно.

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш 45 хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас, түүнчлэн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор УИХ Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана.

Н.Учрал өчигдөр (2026.09.22) АН-ынханд “Өөртөө итгэл үзүүлэх эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэсний гол зангилаа бол Үндсэн хуулийн дээрх заалтууд юм. Өөрөөр хэлбэл, АН-ынхан огцруулах бичгээ өргөн баривал Л.Оюун-Эрдэнийн талынхан Үндэсний эвсэл, ХҮН нам, ИЗНН-ынхантай дуун дээр нь дэмжиж кноп дарна. Н.Учрал Ерөнхий сайд байх цаг дууссан тэр мөчөөс энэ УИХ тарах уу гэдэг асуудал яригдана. Шинэ Ерөнхий сайдыг тодруулах толхилцоон МАН-ын хагарлыг бүр ч сэдрээх нь тодорхой. Шинэ Ерөнхий сайд гэдэг МАН-ын дараагийн дарга гэсэн үг. Л.Оюун-Эрдэнийн хувьд, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг чиглэсэн улс төрөө эхлүүлж буйгаа өнгөрсөн хавар эфирээр зарласан. Тэгэхээр Н.Учрал, Я.Содбаатар, бүр цаашилбал У.Хүрэлсүхийн мэдлээс МАН-ыг салгаж авах төлөвлөгөө Л.Оюун-Эрдэнэ нарт бий. У.Хүрэлсүх “2027 онд МАН-ыг авна” гэсэн нь тэдний сөргөлдөөн улам ширүүсэх нэг том шалтгаан байв. Харин одоо У.Хүрэлсүхийнхэн болон Л.Оюун-Эрдэнийн талынхан дунд 2027, 2028 он угтсан улс төрийн тулаан ид үргэлжилж байна. Гэвч Төрийн ордонд өрнөж буй энэ тулаанд тэдний хэн ч ялалтын тугийг атгахгүй. Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулсан мөчөөс Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын УИХ-ын гишүүн байх хугацаа дуусгавар болох эгзэгтэй нөхцөл байдал үүснэ. Найзуудыг нь УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үйл явц эрчимжиж эхэлнэ. Сөргөлдөгч талууд нэг нэгнийхээ эсрэг ийнхүү “Бүр ШОК!” ажиллагаа явуулж үймэлдэж байх зуур Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ нарын зүг хүчтэй цохилт өгнө. Тэр бол УИХ-ыг тараах юм. Тиймээс Н.Учрал “Огцруулах бичгээ барь л даа” гэж Ерөнхий сайдын суудлаас бардам хэллээ. Тэрбээр энэ үгээрээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудлаа. Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхтэй хамт энэ парламентын хувь заяа ч яригдаж эхэллээ.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд28 минут 26 секундын өмнө“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж39 минут 16 секундын өмнөТехнологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно55 минут 22 секундын өмнөБ.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг3 цаг 52 минутын өмнөЗасгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв3 цаг 57 минутын өмнөСансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ4 цаг 2 минутын өмнө"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө4 цаг 55 минутын өмнөОюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов5 цаг 13 минутын өмнөӨ.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья5 цаг 19 минутын өмнөУ.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе5 цаг 25 минутын өмнөС.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй5 цаг 33 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 цаг 1 минутын өмнөХаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ6 цаг 4 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ6 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан6 цаг 16 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 22. 8:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.