Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэнг “Хүмүүс” буландаа урьж ярилцлаа.
-“Билэгт гүүш” шилдэг орчуулгын анхны шагналыг та 2015 онд хүртсэн шүү дээ. Тиймээс уншигчид маань таныг “Орчуулгын ямар бүтээл дээр ажиллаж байгаа бол” гэж чих тавин суугаа байх?
-Би “Билэгт гүүш”-ийн талаар эхлээд хоёр үг хэлэх үү?
-Болно оо.
-Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарамын нэрээр нэрлэсэн сан байгаа юм. Тэр сангаас орчуулагчдын бүтээлийг үнэлж хоёр билүү гурван жил тутамд шалгаруулж байх нөхцөл болзолтой шан, хэргэм бий болгосон. Тэрхүү шагналын анхныхыг би хүртсэн юм. Ж.Гэндэндарам бид хэд нэг салбарт ажиллаж байсан. Дипломатч хүн. Одоо нас сүүдэр ерээр ярина. Энэ хүний хийж бүтээсэн нь асар их. Голчлон Энэтхэгийн эрт урьдын болоод дэлхийн сонгодог олон бүтээлийг монгол хэлнээ орчуулж, түмний хүртээл болгосон буянтан. За, энэ нэг зүйл. Харин одоо би юу хийж байна вэ гэвэл, А.И.Солженицын гэж Зөвлөлтийн гэх үү, Оросын гэх үү зохиолч байж байгаад 2008 онд бурхан болсон доо. Тэр хүн бол Орос орноос утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн цөөхөн эрхмийн нэг. Ер нь Оросоос тав, зургаахан хүн байгаа юм уу даа. А.И.Солженицын Нобелийн шагнал хүртсэнээрээ алдартай ч юм шиг. Гэхдээ Зөвлөлт нийгмийн бодит нүүр царайг уран бүтээлдээ тусгаснаараа нэрд гарсан. Өөрөөр хэлбэл, “Зөвлөлтөд коммунизм гээч ийм сайхан “юм”-ыг байгуулж байна” гэж магтан дуулаагүй. “Энэ сайхан нийгмийн нэрээр энд хүн ардыг ингэж зовоодог. Ёстой нэг хачин нийгмийг байгуулж байна аа. Үүний цаад талд залхаан цээрлүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлдэг улс даяарыг хамарсан аймшигтай тогтолцоог бүрдүүлж, хүн ардаа хэлмэгдүүлж байна. Ийм л нүүр царайтай нийгэм байгуулах шив” гэдгийг зохиол бүтээлээрээ илчилж тавьсан хүн л дээ. Тиймээс “Цагийг эзлэх ач холбогдолтой бүтээл туурвисан” гэж түүнд Нобелийн шагнал олгосон. Энэ бол ХХ зууны далаад оны эхээр болсон явдал. Тэр үед хоёр, гуравхан зохиол нь хэвлэгдсэн. “Хрущёвийн дулаарал”-ын үед “Иван Денисевичийн нэг өдөр” гэдэгт алдарт тууж нь олны хүртээл болсон. Ингэж байтал дараагийн хүний засаглал эхлээд “Манай нийгмийг гутааж байна” гэсэн дүгнэлт хийж, А.И.Солженицыний зохиол бүтээлүүдийг хэвлэхээ больсноор мань хүн арга буюу өрнөд рүү гаргахад хүрсэн байгаа юм. Францад 1968 онд анх хэвлэгдсэн “В круге первом” гэдэг роман нь бий. “Нобелийн шагнал хүртэхэд хүргэсэн гол бүтээл нь” гэж үздэг. Хоёр боть том эд л дээ. Энэхүү романыг би орчуулж эхэлсэн. Нэрийг нь “Тамын “диваажин”-д” гэдэг байдлаар монгол хэлнээ хөрвүүлж байгаа. Тэгэхээр тамд бас гайгүй газар байж болох нь ээ дээ. Данте “Тэнгэрлэг туульс”-таа хүмүүсийг ангилж “Гайгүй хүн тамд оччих гээд байна аа. Тэднийг чухам хаахна байлгамаар юм бэ дээ” гээд тамын эхний тойргийг бий болгосон” гэж үздэг юм билээ. Энэ тойрог нь халуун, хүйтэн тамын ёроол арай биш юм байна л даа. Үүнийг оросоор “Первый круг” гэж орчуулдаг. Тийм учраас А.И.Солженицын тэндээс нэр томъёог нь аваад романаа нэрлэсэн. Харин би “Тамын “диваажин”-д” гэлээ. Гэлээ гээд диваажин биш шүү дээ. Там бол там. Утга санаа нь ямар вэ гэвэл, мундаг эрдэмтдийг шоронд хийдэг. Эрдэм чадлыг нь ашиглаж нарийн ширийн зүйлс хийлгэдэг. Жишээлбэл, хуучнаар ЗХУ-ын пуужин зохион бүтээх төслийн удирдагч С.П.Королёв байна. Тэрээр шоронд арван жил суух ял заагдсан. Очсон чинь шоронгийн дэглэм бүхий зохион бүтээх товчоо байгуулчихсан байж л дээ. Ингээд тэнд албадан хөдөлмөр эрхлүүлж байлаа. Гэхдээ жирийн хоригдлуудынхтай харьцуулахад нөхцөл байдал нь арай дээр. А.И.Солженицын бичсэн байгаа юм. “Мах, масло өгнө” гэж. Тиймэрхүү байдлаар харж үздэг байж.
-Тэрслүү зохиолч маань “Тамын “диваажин”-д”-аа өөрөө байх юм уу?
-А.И.Солженицын тооны багш. Их сургуулийн тоо, физикийн анги төгссөн. Гэвч дайнд явж байхдаа элдэв “юм” бичиж, найздаа “Энэ манай ёс чинь одоо юу юм бэ” гэж шүүмжилсэн утгатай захидлууд явуулж байсан нь “олзлогдоод” шоронд орсон. Хорих газарт 2-3 газар дамжсан. Дипломыг нь үзэхээр тоочин байдаг. Тэгээд зохион бүтээх товчоотой газарт хуваарилагдаж, шоронгийн арай гайгүй гэж хэлж болох амьдралыг биеэрээ туулсан. Манайхан “Гулаг олтриг”-ийг сайн мэднэ. Тэрхүү бүтээл Нобелийн шагнал хүртсэнээс нь хойш хэвлэгдэж, дэлхийн дахинд алдаршсан гэх үү дээ. Улс төрийн 200 гаруй хоригдолтой 1950-1960 оны үед уулзаж, өөрийнхөө туулсан амьдралыг тэдний ярьснаар улам нарийн тодотгож бичсэн. “Гулаг олтриг”-ийг “Нэг талаас харвал, уран сайхны найруулгатай баримтат зохиол мэт, нөгөө талаас шинжлэх ухаан, танин мэдэхүйн ч юм шиг, бүр өөр өнцгөөс харвал нийтлэлийн өнгө аястай роман” гэж үздэг. Харин “Тамын диваажин”-д” хэмээх зохиолдоо шоронгийн амьдралыг адал явдалт байдлаар харуулсан. Тэнд боловсрол, мэдлэгтэй хүмүүсийг яаж ашиглаж байна вэ, аюулаас хамгаалахынхан тэднийг хэрхэн элдэвлэж, ямар муухай арга чарга хэрэглэж байв гэдгийг бодитойгоор дүрсэлсэн, шуудхан хэлэхэд Сталиныг, түүний дэглэмийг зад шүүмжилсэн зохиол л доо. Хүнийх нь хувьд ч, улс төрийн бодлоготных нь тухайд ч тэр. Энэ зохиолыг би орчуулж байгаагийн цаана юу байна вэ гэвэл, бидний туулсан зам төстэй. Монголчууд бид цөөхүүлхнээ атлаа хүнээ хэдэн түмээр нь золиосолсон. Оросууд бол хэдэн саяар шүү дээ, тийм ээ. Шинэ нийгэм байгуулах гэж заваарч байсны жижгэвтэр хувилбар нь манайд байсан. Хувилбар гэж би хэмжээ, далайцынх нь хувьд хэлж байна шүү дээ. Үнэн чанартаа утга агуулга нь нэг, нүгэл нь адилхан юм.
-Цаг үеэсээ түрүүлж төрсөн, тэрслүү, тухайн нийгэмдээ хавчигдаж шахагдаж байсан алдартай зохиолчдын бүтээлүүдийг та орчуулсан. Одоо ч мөн адил. Тийм учраас шуудхан асууя. Тэдний зохиолууд Зөвлөлтөд сурч байх үед дотроос нь мэдэрсэн эмзэг мэдрэмжийг тань өдөөгөөд байдаг хэрэг үү?
-Одоо юу гэдэг юм, би зүгээр хамаг муу муухайг нь уудалж бичиж байсныг нь мэднэ. Түүнээс биш “Тэр бүгдийг орчуулж түмний хүртээл болгоё” гэж зорьсон зорилго, үзэл бодол байхгүй. Орчуулагчийн хувьд юу сонин байдаг вэ гэвэл, таны асуусан зохиолчдын бүтээлүүдийг үзэл суртлын хувьд таарахгүй учир Монголд орчуулдаггүй байлаа. Ф.М.Достоевский гэх юм бол аль хэзээнээс нааш дэлхийн сонгодог утга зохиолын санд орсон оюуны үнэт бүтээлүүдийг туурвисан хүн. Гэтэл социализмын үед гол зохиолуудыг нь “Үзэл суртал таардаггүй юм аа” гээд, өөрөөр хэлбэл голчлон шашны асуудлаас болоод орчуулж, нийтэлдэггүй байсан. Ихэнх нь тийм бүтээлүүд шүү дээ. Харин ардчилсан нийгмийн үед тэдгээрийг үзэл суртлын хувьд цагдаж хорих явдал үгүй учир “Монголоор орчуулж, олон түмний хүртээл болгох нь зүйтэй юм” гэж орчуулж эхэлсэн дээ.
-Ерөнхий сайд асан С.Баяр танд “Юрий Трифоновын бүтээлүүдийг монгол хэлнээ буулгаач” гэдэг саналыг анх тавьсан гэсэн. Редактор С.Баяр, орчуулагч Ц.Гомбосүрэн хоёр “Үйлтэй байшин”-тай хэр удаан ноцолдсон бэ?
-Би байна шүү, нэлээд шуурхай хийчихдэг юм. Тийм арга барилтай. Албан ажилгүй болсон үед гол хүчээ иймэрхүү ажилд зориулна. Үнэнийг хэлэхэд, Юрий Трифоновын зохиол бүтээлүүдийг би нэг их уншиж байгаагүй. Нэрийг нь л мэднэ. А.И.Солженицынээс эхлээд тэрс үзлээсээ болж хөөгдсөн нэлээд хэдэн хүн байдаг. Олон ч гэж болно. Зөвхөн зохиолч гэхгүйгээр хэлбэл зөндөө. Гэхдээ тэднээс дэлхийн хэмжээний нэр алдартай болсон нь цөөхөн. Юрий Трифонов юугаараа онцлогтой вэ гэхээр, “Тэрс үзэлтэй хэрнээ тэрс үзэлтний дансанд ордоггүй зохиолч” гэж үздэг. Зохиолуудыг нь харахаар, Зөвлөлт нийгэм дэх элдэв дутагдал гэж зөөлөн үгээр хэлье л дээ, тэдгээрийг аятайхан хэлбэрээр харуулдаг байсан. Тийм зохиолч. Засаг төрийн зүгээс элдвээр муулуулаагүй. Нэг романыг нь Лениний шагналд тодорхойлсон байдаг юм. Гэвч түүнийг нь өгөхгүй байх жишээтэй. Энэ юуг хэлж байна вэ гэвэл, “Аан, энэ зуун хувь итгэж болохгүй нөхөр” гэсэн санаа эрх мэдэлтнүүдэд байна гэсэн үг биз дээ. “Үйлтэй байшин” гэж монгол орчуулгын нэр нь. Эх хэл дээрээ “Москва голын эргийн байшин” гэдэг нэртэй зохиол юм. Тэр байшин одоо ч бий. Нэг хэсэгт нь тэнд амьдарч байсан хүмүүстэй холбоотойгоор музей байгуулсан. Зөвлөлтийн том дарга нараас авахуулаад цэргийн дарга нар, уран бүтээлчид зэрэг элдэв хүмүүс амьдарч байсан байр шүү дээ. Юрий Трифоновын эцэг генерал байсан. Тэгээд бас хэлмэгдсэн. Тэднийх энэ байшинд аж төрж байлаа. Өдгөө музейн эрхлэгчээр Юрий Трифоновын бэлэвсэн авгай ажиллаж байгаа. Москвагийнхан андахгүй дээ. Кремлиэс баруун урагш байрлах нэгэн том байшин ийм домогтой. “Үйлтэй байшин”-д амьдарч байсан олон том хүмүүс хэлмэгдсэн. Хэлмэгдээгүй нь ч бий. А.Н.Косыгин гэж Зөвлөлтийн Сайд нарын зөвлөлийн дарга байсан хүн, монголчуудын сайд мэдэх маршал Г.К.Жуков тэнд амьдарч байлаа. “Үйлтэй байшин”-г монгол хэлээр хэчнээн хүн уншсан юм бол доо. Мянгаад хувь хэвлүүлсэн. “Юрий Трифоновын бүтээлүүдээс монгол хэл дээр хэвлэгдсэн анхны зохиол” гэж өмнөх үгэндээ бичсэн нь худлаа байна лээ. Манайхан “Оюутан залуус”-ыг нь 1960-аад оны эхээр орчуулжээ. Би түүнийг их хожим мэдлээ л дээ. Тэр бол Төрийн шагнал хүртсэн зохиол нь.
-Монголд хориотой байсан ч Ф.М.Достоевский, М.А.Булгаков, А.Рыбаковын зохиолуудыг тухайн үеийн ЗХУ-д оюутан байхдаа уншчихсан байсан уу?
-Миний хувьд, 1960-аад оны үеийн оюутан. Янз бүрийн л оюутан байх. Гэхдээ би ном уншдаг нь байгаагүй. Тийм учраас хориотой, чөлөөтэй номнуудыг олж уншина гэж байхгүй. Хожим 1987 онд би “Мастер, Маргарита хоёр”-ыг Парист хэвлэгдсэнээр нь олж уншсан. Тэр үед Зөвлөлтөд хараахан хэвлэгдээгүй байлаа. Гадаадад л хэвлэгдээд байсан байдаг юм. М.С.Горбачёв 1985 оноос засгийн эрхэнд гарч, өөрчлөн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхэд л тэрс үзэлт зохиолчид болон зохиол бүтээлүүдийн талаар нааштай өнгө аясаар ярьдаг болсон байв. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт дотроо дарагдаж байсан зохиолуудыг 1987 оноос гаргаж эхэлж байлаа. Оросууд “Өөрчлөн байгуулалтад түлхэц үзүүлсэн зохиол бүтээлүүд” гээд үзэл суртал, оюун санааны талаас нь ярьцгаадаг юм. Тэдгээрийн тоонд “Арбатын хүүхдүүд”-ийг оруулдаг. Харин би энэ зохиолыг 1987 оноос орчуулж, 1989 онд хэвлүүлсэн байх шүү. Хуучны үзлээр яривал, бас л эсэргүү зохиол. Гэхдээ Зөвлөлтийн үед анх хэвлэгдсэн том роман. Сталиныг муулсан... Сталиныг энд, тэнд чимхсэн үг, өгүүлбэртэй зохиолууд бишгүй л бий. Гэхдээ улс төрийн хөргийг нь бүр томоор, “Ийм харгис жолоодогч болой” гэдэг байдлаар дүрсэлсэн хамгийн анхны том бүтээл бол “Арбатын хүүхдүүд”.
-Өөрчлөн байгуулалт өрнөхийн өмнөхөн та ОХУ дахь Монголын ЭСЯ-д Элчин зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр үед төр засгийнх нь хүрээнд хэр том далд бужигнаан үүсч байв, Улаанбаатарт мэдээлэлд ойр байдаг монголчуудын зүгээс танаас юу болоод байгаа талаар сэм сонирхож, харилцан яриа өрнүүлж байсан тохиолдол бий юү?
-Хувь хүмүүсийн хооронд сүртэй юм юу байх вэ. Ажил хэргийн хүрээнд уулзахдаа “Тэнд тэгж, энд ингэж байна” гэж ярьж хөөрч байсан л байж таарна. Би Москвад 1984-1987 онд ажилласан. Энэ үе бол перестройка хэмээх “галт тэрэг” дохиогоо нэгэнт хангинуулаад хурдаа авсан эхний он жилүүд л дээ. Түүнээс өмнө буюу 1982-1985 оны эхэн хүртэлх гуравхан жилийн хугацаанд Зөвлөлтийн гурван удирдагч бурхан болсон. Л.И.Брежнев, Ю.В.Андропов, К.У.Черненко гэж. Тэднийг “Хорвоогийн жамаар өтөлж бурхан болсон” гэж хэлж болохоор. Тэгэхээр тэр том улсын нөлөө бүхий нам дүгнэлт хийнэ биз дээ. “Оршуулгын гүрэн шиг болох гээд байна уу даа” гээд. Тийм учраас “Нас залуу хүн хэн байна вэ” гэж эрэл хайгуул хийж эхэлсэн. М.С.Горбачёвын хувьд ЗХУ-ын Улс төрийн товчоонд 1970-аад оны сүүлчээр орж ирсэн. Монголд МАХН-ын их хурал 1981 онд болоход Зөвлөлтийн төлөөлөгчдийг тэргүүлж ирж байлаа. Тухайн үедээ Улс төрийн товчооныхоо хамгийн залуу гишүүн нь байсан болов уу. Тавь гаруй насны, товчоондоо ч нэлээд идэвхтэй байр суурьтай байсан байх. Тийм ч учраас “Улс орондоо ийм шинэчлэлүүдийг хийнэ” гэж мэдэгдэж, түүнийгээ хэрэгжүүлэх явцад ЗХУ задрах зам нээгдсэн нь хожим тодорхой болсон. Гэвч энэ бүхнийг хэн ч урьдчилан хараагүй, Зөвлөлт гүрэн 1991 онд задарна чинээ өөрсдөө ч санаагүй, өрөөл бусад бол бүр яаж мэдэх вэ дээ.
-Таныг ЭСЯ-д ажиллаж байхад Ю.Цэдэнбал гуай Москвад оччихсон байсан, тийм үү?
-Тийм ээ.
-Очиж уулзаж байв уу?
-Уулзана аа. Ю.Цэдэнбал дарга 1984 оны наймдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн шүү дээ. Миний хувьд, тэр жилийн арваннэгдүгээр сард Москвад томилогдсон юм. Тэгэхэд бид Октябрийн баярыг “Мундаг том баяр” гэж үзэж тэмдэглэдэг байлаа. Манай үндэсний баяр байна. Бал даргын төрсөн өдөр есдүгээр сарын 16-нд тохионо. Тийм тэмдэглэлт өдрүүдээр ЭСЯ-аас Элчин сайд тэргүүтэй гурав, дөрвөн хүн цэцгийн баглаатай очиж баяр хүргэдэг байсан. Өвгөн юухан хээхэн ярина. Авгай мөн адил. Тэгж баяр хүргэдэг ёслолын арга хэмжээ болдог байв. Түүнээс биш томхон уулзалтын хүрээнд “Та хуучлаад бай. Бид сонсоод байя” гэх мэт илэн далангүй яриа хөөрөө өрнөж байгаагүй. Ерөнхийдөө албаны шинжтэй л харилцдаг байсан. Бодвол, Улаанбаатараас Элчин сайдад “Өвгөнийг сайн харж үзнэ шүү” гэж чиглэл өгдөг байсан байх. Тиймээс ЭСЯ-ныхан бүхий л боломжоороо туслалцаа дэмжлэг үзүүлдэг байлаа. Бал даргад тусгай машин, гурван бие хамгаалагчаар үйлчилдэг байсан.
-Ямар байранд амьдарч байсан юм бэ?
-“Ах нар”-ын өгсөн тусгай байр бий. Уг нь манай хүн Москвагийн захад нэлээд том зуслангийн байшин бариулсан шүү дээ. Хоёр давхар том, их гоё байшин. Сүүлд түүнийг нь хурааж аваад “ах нар”-т зарсан л даа. Тэр ажлыг би “ах нар”-тай ярилцаж, борлуулж таарсан юм байгаа юм. Дотроо янз бүрийн мундаг тавилгатай. Тэдгээрийн нэг хэсгийг Монгол руу ачуулж, үлдсэнийг нь ЭСЯ-аа тохижуулахад зориулсан.
-Зуслангийн байшинг нь одоо ямар зориулалтаар ашиглаж байгаа бол. Та сонирхож үзсэн үү?
-Үгүй, тэр үед нэг том даргын зуслан болсон. Одоо чухам хэний мэдэлд шилжсэнийг мэдэхгүй.
-Таныг “ЗХУ-ын Гадаад явдлын яамны дэргэдэх Дипломат академийг төгссөн” гэж уншсан. Хүйтэн дайны үе байсан шүү дээ. Тус академид социалист орнуудын дипломатчдыг яаж бэлтгэдэг байв?
-Би тэр Дипломат академийг төгссөн хүн биш шүү.
-Таны намтраас харсан?
-Миний намтарт “Дамжаа дүүргэсэн” гэж байдаг юм. Хоёрхон сарын билүү дээ, дамжаа. Би ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургууль гээчийг төгсөж, улс төрийн боловсролтой болсон хүн. Тэгж яваад Гадаад явдлын яаманд томилогдсон. Харин тэр Дипломат академид надад дипломат албаны нарийн ёс журам заасан юм биш. Тэр үеийн олон улсын байдал, гадаад харилцаа бол миний үзсэн улс төрийн номны нэг салбар байсан гэх үү дээ. Тэр чиглэлээр л дамжаа дүүргэсэн. Нэг ёсондоо, би дипломат албаар нарийн мэргэшсэн хүн биш. Тийм учраас дипломатч гэж яривал, би зүгээр л практикийн хүн. Манай улс тэрхүү Дипломат академид 1960-аад оны дунд үеэс хүмүүсээ явуулж бэлтгэсэн. Монголоос олон хүн суралцаж төгссөн дөө. Харин Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд дайны дараа буюу 1946 оноос оюутнуудаа сургаж эхэлсэн юм. Энэ сургуульд гадаадаас ирж суралцсан анхны оюутнууд нь монголчууд. Түрүүчээсээ 1951 онд төгсөж ирээд Монголын дипломат албыг жинхэнэ мэргэжлийн түвшинд авч явах болсон.
-Гадаад явдлын сайдаар хамгийн олон жил ажилласан нь та юу?
-Биш, надаас өмнө М.Дүгэрсүрэн гуай ажиллаж байлаа. МГИМО буюу Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1951 онд төгссөн анхны төгсөгч. М.Дүгэрсүрэн гуай Гадаад явдлын сайдаар 1960-аад онд 4-5 жил, 1976-1988 он хүртэл ажиллаж байсан. Хамгийн олон жил ажилласан хүн гэвэл яах аргагүй энэ эрхэм. Жинхэнэ мэргэжлийн хүн. Миний хувьд, шилжилтийн эгзэгтэй үед таарсан хэрнээ тэр албан тушаалд найман жил тогтож чадсан этгээд л дээ. Нэг нийгмээс нөгөөд шилжих үед бодлого цоо шинээр явах ёстой үе ч таарч билээ.
-Танд их сонирхолтой хувь тавилан тохиосон болов уу. “Ардчилсан Монгол Улсын гадаад бодлогын тулгын чулууг тавигч” гэж таны тухай бичсэнийг уншлаа?
-Тийм үү, зайлуул хэн тэгж цол хэргэм өгсөн юм бол доо. Бөхийн цол гэдэг шиг хэн нэгэн нь бичээ болов уу (инээв). Хувь заяагаар тэр ажилд зүтгэх ёстой болсон этгээд би мөн. Үүнийгээ “Хувь заяаны минь сонин төөрөг. Азтай хүн юм” гэж заримдаа боддог л. Харин надад төөргөөр оногдсон хэргийг хэр зэрэг нэр төртэй биелүүлсэн бэ гэдэг нь жич хэрэг. Нэг их нэрэлхэж, даруу хүн болох гээд байгаа ч юм биш. Ямар ч байсан “Тэр үеийн гадаад бодлогын зорилтыг шалд нь буулгаад арай нураачихаагүй” гэж үздэг. Тэр бүхнийг би өөртэйгөө холбохоос гадна ерөөс энэ салбарт ажиллаж байсан хүмүүсийн уйгагүй хөдөлмөр, мэдлэг, боловсролын түвшин, хүчин чармайлтын үр дүн гэж боддог. Нөгөөтэйгүүр тухайн үед төр засгийг тэргүүлж байсан хүмүүсийн, хуучныхаар хэлбэл зөв мэргэн удирдлагын ач тус гэж хэлнэ ээ.
-Гадаад бодлогоо нэн шинээр тодорхойлох цаг үе байсан. Манай улс хуучнаар ЗХУ, Зүүн Европын орнуудтай сайн харилцаатай. Харин Хятадтай харилцаагаа хэвийн болгож хараахан амжаагүй байсан. Үүнээс гадна барууны орнуудтай харилцах харилцаагаа яаж тодорхойлж байсан бол. Одоо “Гуравдагч хөрш” гэж ярих болсон шүү дээ?
-Амьдрал хар аяндаа биднээс шаардаад ирж байгаа юм. Нөгөө ЗХУ алга болчихов оо доо. Бидний зүгээс хэдийгээр гишүүн биш ч гэсэн “Гишүүн” нь гэж үздэг батлан хамгаалах, улс төр, цэргийн байгууллага нь Варшавын гэрээний байгууллага байсан. Монголчууд энэ байгууллагын “шүхэр” дор улс орноо батлан хамгаалж байлаа. Тэр байхгүй болсон. Эдийн засаг талаасаа товчоор СЭВ буюу монголоор Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл гэж нэрлэдэг. Энэ маань бас алга болчихсон. ЗХУ, СЭВ байхгүй боллоо. Монгол бол зээл, тусламжаар явдаг эдийн засагтай орон байсан. Гэтэл нэг л өдөр тэр зээл, тусламж сох алга болсон. Нэг үгээр хэлбэл, залгаатай байсан “дусал”-ыг нь салгачихсан. Ингэхээр амь тавихад хүрнэ биз дээ. Тийм учраас Монголын эдийн засаг хөрсөн дээрээ бууж, өөрөө өөрийгөө авч явж чадах уу гэдэг хөөрхийлөлтэй байдалд орсон хэрэг. Энд би 1990-1991 оны явдлыг ярьж байна шүү дээ. Харин “дусал”-ыг орлох “дусал” хаана байна вэ. Үүнийг олох ёстой боллоо. Тэр “дусал” бол бид өмнө нь “Дайсан, империалистууд” гэж үзэж байсан улс орнууд болж таарсан. Тэгэхээр монголчуудын хувьд тэднийг эсрэг өнцгөөр хардаг байсан “ном”-оо эрс өөрчлөх ёстой болсон. Манай хуучин суртлын нэг мундаг утга нь “Монгол эх орны эрх ашгаас урьдаар социалист системийн эрх ашгийг тавих ёстой шүү” гэж. Тийм “ном”-той. Түүнийг нь хэн зааж өгөх вэ гэхээр, “ах нар”. Тийм учраас “Бид ийм бодлого явуулж, тэгнэ, ингэнэ” гэхээр “Хөөе, наадахь чинь социализмын эрх ашигт харшилж байна шүү” гэж монголчуудыг хазаарладаг системтэй. Гэвч энэ систем алга боллоо. Хэрэг дээрээ бид жолоо, цулбуургүй мэт болж байгаа биз. Харин нөгөө талаасаа чөдөр, тушаагүй болж байна. Нөхцөл байдал нэгэнт ийм болсон учир өөрсдөө бие даасан бодлого дэвшүүлж, улс орныхоо эрх ашгийг өмнөө барьж явуулах ёстой биз дээ. Тэгэхээр л шинэ түнш хайна. “Империалистууд, ангийн дайснууд” гэж үзэж байсан орнуудтайгаа холбогдох болно. Гэхдээ бид энэ бүхний хор холбогдол, хоёр өөр ертөнцийн тэмцлийг гадарлахтайгаа. Манай систем 1980-аад онд ихээхэн доройтсон. “Ах нар” энэ тухай сүүлд ярихдаа “Хөгжлийн зогсонги байдалд орсон” гэж дүгнэдэг юм. Монголчууд бид ч тиймэрхүү байдлыг мэдэрч, ЗХУ-д өөрчлөн байгуулах бодлого хэрэгжиж эхэлсэнтэй уялдуулан хөгжлийн шинэ эх үүсвэрийг хайж эхэлсэн. “Ах нар” өөрчлөн байгуулалтын нөгөө талд, гадаад бодлогын хувьд “Улс төрийн шинэ сэтгэлгээ” гэдэг зарчим дэвшүүлсэн. Товчхондоо, бидний уяаг нэлээд суллаж “Социалист орнуудын эрх баригч намууд улс орныхоо өмнө гол хариуцлагыг хүлээх ёстой” гэсэн. Яагаад ингэж хэлэв гэхээр, “Зөвлөлт гэж мундаг том, ёроолгүй эрдэнэсийн сан бий. Үүнд найдаж болохгүй. Та нар ур ухаанаа сайжруулж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах хэрэгтэй” гэж л тэр. Ингэснээр барууныхантай хэл амаа ололцох боломжийг нээж өгсөн л дөө.
-Огтхон ч дургүйцээгүй юү?
-Оросууд дургүйцэх ёсгүй.
-Монголтой манатай болсон гэж үү?
-Монголтой манатай болох ч арай болоогүй. Дэлхийн том гүрэн шүү дээ. Тэдний хувьд, хүйтэн дайныг зогсоосон. Ер нь ЗХУ-ыг “Хоёр хүйтэн дайнтай байсан ” гэж үздэг. Нэг нь Америк тэргүүтэй империалистууд буюу нийгмийн эсрэг системтэйгээ, нөгөө нь систем дотроо, социалист Хятадтай гучаад жил хүйтэн дайн хийсэн. “Улс төрийн шинэ сэтгэлгээ” гэдэг бодлогынх нь гол агуулга энэ бүхнийг засахад чиглэсэн юм.
-Таны хэлсэнчлэн “Империалистууд”-аас Монголд хамгийн түрүүнд тусалсан нь аль улс вэ?
-Тэр тухай ярихын тулд баримт үзэх хэрэгтэй. Харин бид хэнтэй гар барьж чадав. Энэ тухайд хоёр чиглэлээр хэлэх нь зүйтэй болов уу. Нэгдүгээрт, гучаад жил муу явсан Хятад улстай харилцаагаа нэн даруй зүгшрүүлэх ёстой. Энэ бол манай шинэчлэлийн бодлогын нэг гол асуудал байсан. Цаг хугацааг нь жаахан сунгаж хэлбэл, бид бие биенээ 30 жил муу хэлсэн шүү дээ. Үнэхээр утгагүй. Цаад шалтгаан нь ердөө үзэл суртал. “Хрущёв, Мао Зэдун хоёрын мэтгэлцээнээс болсон” гэж машид хялбаршуулсан хэлбэрээр хэлж болно. Гэхдээ их нарийн л даа. Тэр хоёр толхилцоод манайхан “За, хэнийх нь талд орох вэ” гэсэн л асуудал. Тэгээд бид арга буюу “ах”-ынхаа талд орсон. Гэвч тэдний харилцаа улам муудаад байдаг. Бид дагаад Хятадтай бүр муудсан. Тийм байдлыг засах ёстой байлаа. Мэдээж хэрэг, бид хятадуудтай байлдахгүй. Гэтэл ЗХУ-ын 100 мянган цэргийг Монголд байрлуулчихсан. Ямар вэ дээ. П.Очирбат АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга байхдаа БНХАУ-д 1990 онд айлчилж, тус улсын дарга Ян Шанкуньтай уулзсан. Тэгэхэд “За, харилцаагаа бүрэн хэвийн болгоё” гэж тохиролцсон. Харин Ян Шанкунь дарга 1991 оны зун Монголд айлчлахдаа “Хоёр орны харилцаа бүрэн хэвийн боллоо. Зарчмын шинж чанартай маргаантай асуудал нэг ч байхгүй” гээд Монгол, Хятадын харилцааг бүх талаар хөгжүүлэхээр шийдвэрлэсэн түүхтэй. Ингэж тохиролцсон нь миний хэлдэг “дусал” салгасан үетэй давхцаж байгаа юм. Лангуун дээрээ давснаас өөр зүйлгүй хоцорсон монголчуудын хувьд ч ганзагын наймааны үе эхэлсэн. Ганзага гээч “юм”-нд хойшоо явахгүй, урагшаа л... Хойно бас хямралд орчихсон. Улс нь задраад 15 болсон. Үүнийг дагасан бөөн нажидын асуудалтай. Харин өмнөд хөршид Дэн Сяопиний шинэ эргэлтийн бодлого 1979 оноос хэрэгжээд эхэлчихсэн байсан. Та нар анзаарсан уу, үгүй юү. Хятадууд шинэчлэлийн бодлогынхоо 40 жилийн ойг 2019 онд тэмдэглэсэн шүү дээ. “Бид 40 жил шинэ замаар явж байна” гэж. Тэд энэ замаа “Хятадын онцлогтой социализм” гэж нэрлэдэг. Шинэ эргэлтийн бодлогынх нь нүдэнд харагдах үр дүн гэвэл, ард түмнээ идэх хоолтой, өмсөх хувцастай болгосон. Харин Монголд хэн “дусал” залгасан бэ гэж үү. Бригадаараа залгасан. Өөрөөр хэлбэл, хандивлагч гэж хэсэг байгууллага, орнуудын бүлгийг бүрдүүлсэн юм. Үүнийг АНУ, Япон хийсэн. АНУ гэхээр улс хийхгүй, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бэйкер энэ ажилд манлайлсан. Японы талд “Та нар энэ бүлгийн зохицуулагч болооч” гэдэг санал тавьсан. Япончууд ч “Тэгье” гэсэн. Ингээд гучаад нэгжээс бүрдсэн хандивлагч орнуудын бүлэг бүрдсэн юм. Тэд Монголд хандивлах асуудлаар 1991 оноос хуралддаг болсон. Энэ хурлын үеэр улс орнууд “Төдөн цаасны буцалтгүй тусламж өгье. Төдий хэмжээний зээл олгоё” гэж амладаг байлаа. Баримжаагаар 300 сая орчим ам.долларын амлалт өгч байсан юм уу даа. Энэ ажил арваад жил үргэлжлээд зогссон. Учир нь хандивлагч орнуудын зүгээс “Бид цаашид хандив тусламжаа хоёр талын харилцаагаар зохицуулаад байх боломжтой” гэсэн. Энэ түүхтэй холбоотойгоор М.Дүгэрсүрэн гуайг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Тэрбээр НҮБ-д байнгын төлөөлөгч байлаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр гэж хөгжиж буй орнуудад тусалдаг байгууллага бий. М.Дүгэрсүрэн гуай тус байгууллагын удирдлагад “Улс гүрнүүдийг уриална уу. Хурал цуглаан хийж өгөөч. Монголын байдлыг танилцуулъя. Манай улсад туслах ямар арга зам байна вэ” гэсэн утгатай захидал бичиж байсан.
-Харин ардчиллын суурь хөрс дөнгөж бүрэлдсэн Монгол оронд өрнө, дорнын өндөр хөгжилтэй орноос анх айлчилсан өндөр дээд хэмжээний зочин хэн байв?
-Японы Гадаад хэргийн сайд Уно 1989 оны тавдугаар сард Монголд айлчилсан. Энэ нь Монголын Гадаад явдлын сайд 1986 онд Японд айлчилсны хариу айлчлал байсан гэх үү дээ. Уно сайдыг 1989 онд айлчлахад хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ярилцаад хэдийнэ эхэлчихсэн байлаа. Хойтон жил нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бэйкер манай улсад айлчилсан юм. Бид ардчилал гээч тоглоомоо эхэлчихсэн, 1990 онд ардчилсан сонгууль хийсэн, АИХ-д шинэ намуудын төлөөллүүдийг сонгосон гэх мэтээр ямар ч байсан хөндлөнгөөс харахад час улаан дүр зураг нь алга болсон байв. Харин би сайд болоод 1988 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Шульцтэй уулзаж “Та бүхэн өөрчлөн байгуулалтын бодлогыг дэмжээрэй. Хоёр орны харилцааг ингэж хөгжүүлье. Хамтарч ажиллах талаар анхаарна уу” гэж ярьж байсан. Энэ уулзалтаас хойш нэг жилийн дараа том Буш засгийн эрхэнд гарч, Жеймс Бэйкерийг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Би 1989 оны аравдугаар сард Жеймс Бэйкертэй танилцаад нөхцөл байдлыг ойлгуулж “Манай шинэчлэлийн бодлогыг дэмжээрэй. Улс төрийн дэмжлэг хэрэгтэй байна” гэж хэлж байлаа. Жеймс Бэйкер ч дэмжихээ илэрхийлсэн. Тэгээд би түүнийг “Монгол оронд айлчлаарай. Монголчууд гэж ямар ард түмэн болохыг хараарай. Нөхцөл байдалтай танилцаарай” гэж урьсан юм. Жеймс Бэйкерийн хувьд, Монголын түүхийг сонирхдог хүн болж таарсан. Тэрбээр урилгыг маань хүлээн авч манай оронд айлчилсан. Дөрөв хоног айлчлахаар байтал Ирак Кувейт рүү довтолж, дэлхийн хэмжээний асуудал үүссэн. Тэгээд мань хүн “Би буцалгүй болохгүй нь. Гэхдээ буцаж ирнэ ээ” гээд явсан. Хойтон нь буцаад ирсэн. Ирэх ирэхдээ “Америкчууд бид ингэж тусална” гэсэн утга бүхий Монголыг дэмжих хөтөлбөртэйгөө тал нутагт газардсан удаатай.
-Хрущёв, Мао хоёр юунаас болж зөрчилдсөн юм бэ?
-“Дэлхийн коммунист хөдөлгөөнд хэн нь манлайлагч байх юм бэ” гэдгээс болсон. Хуучин бол Сталин байсан. ЗХУ байна. БНХАУ-ыг 1949 онд тунхагласан. Харин 1950-аад онд буюу Хятадыг арван жил хөгжиж байхад дэлхий дээр хөгжиж буй орнууд гээд тоогоор яривал хамгийн олон нэр бүхий улс гарч ирсэн. Өмнө нь колоничлол буюу аль нэгэн эзэнт гүрний харьяанд байсан улсууд хэдэн арваараа гараад ирж байгаа юм. Тэнд коммунист хөдөлгөөнийг үүсгэж, идэвхжүүлэх ёстой. Тэгэхээр тэнд хэн тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой билээ. Мао Зэдун “Дэлхийн коммунист хөдөлгөөнийг Мао, эсвэл БНХАУ тэргүүлэх учиртай” гэсэн улс төрийн бодлоготой байсан. Энэ зөвхөн нэг зүйл нь. Гэвч ЗХУ түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй. “Дэлхийн II дайнд бид ялсан. Одоо муусайн империалистуудыг бут цохичихоод коммунизмыг байгуулна” гэсэн амбицтай. Тийм ч учраас 1961 онд коммунизмыг өрнүүн байгуулах их хурал гээчийг ЗХУ хийсэн юм. Коммунизм байгуулах хөтөлбөрөө ч баталсан. “Коммунизмыг 20 жилд байгуулна” гэж. Сонин байгаа биз.
-Гадаад хэргийн сайдын хувьд та тэр үед Хятадтай зөвшилцөх ажлын хэсгийг тусгайлан байгуулж байсан уу?
-Ажлын хэсэг, энэ тэр чинь одоо л “мода” болсон. Нэг талаар “Бүр нарийн судалъя” гэж үздэгтэй холбоотой байх. Нөгөөтэйгүүр шуурхай ажиллахаас л ухарч байгаа хэрэг. Тэгээд ажлын хэсэг гээч рүү хариуцлагыг тохож байгаа зүйл шүү дээ, муу талаас нь харвал. Сайнаар харвал, асуудлыг нарийн хэлэлцэж, санал дүгнэлт гаргах гэх мэт л дээ. Би 1988 онд Гадаад хэргийн сайд болсон ухаантай. Дараа жил нь Хятадад айлчилсан. Монгол Улсын Гадаад хэргин сайдын БНХАУ-д хийсэн анхны айлчлал байлаа. Айлчлалын үеэр ярилцсан гол асуудал бол хоёр орон харилцаагаа бүрэн хэвийн болгох тухай байсан юм. Түүнээс өмнө хятадууд “Харилцаагаа хэвийн болгож болно оо” гэдэг байлаа. Гэхдээ өндөр дээд хэмжээнд ярьсан зүйл байхгүй. Харин тэд “Та нар Зөвлөлтийнхөө цэргийг гарга. Үнэхээр харилцаагаа хэвийн болгож сайжруулъя гэж байгаа бол. Мэдээж, энэ чинь маний эсрэг байгаа цэргүүд шүү дээ” гэдэг байсан. Үнэн хэрэгтээ Зөвлөлтийн цэргүүд Хятадын хилээр нэвтэрч тэдэнтэй байлдахгүй. Харин хятадууд довтолбол манийг хамгаалах утгатай байсан тийм л цэргүүд шүү дээ. Гэвч газар нутагтаа өөр орны цэргийг байрлуулчихаад “Надад муу санаа байхгүй. Итгэлцье, ойлголцъё” гэж ярих нь хүүхдийн тоглоом шиг л юм. Тийм учраас “Бид Зөвлөлтийн цэргийг бүрэн гаргана. Харилцаагаа хэвийн болгоё” гэж манай удирдлага та бүхэнд надаар хэлүүлж байна аа” гэж би Хятадын талд уламжилсан. Тэр үед тус улсын Гадаад хэргийн сайд нь надтай зэрэг шахам томилогдсон хүн байлаа. Бид хоёр гол яриа хэлэлцээг хийж, би түүнд “Монгол, Хятадын харилцааг шуурхай хэвийн болгохын тулд та манай улсад энэ жил айлчилвал сайн байна.. Хоёр орны Гадаад явдлын сайд нар харилцан айлчилснаараа харилцаагаа түргэн хугацаанд сайжруулж байгааг илтгэнэ. Харин таныг айлчилсны дараа жил Монгол Улсын Төрийн тэргүүнийг Хятадад айлчлуулъя. Түүний дараа Хятадын даргыг Монголд айлчлуул” гэж ярьж тохирсон л доо. Ингээд “Хөххотод Консулын газраа сэргээн байгуулж, Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хариуцсан Засгийн газар хоорондын комисс байгуулна” гэх мэтээр тодорхой гэрээ, хэлэлцээр байгуулсан. Хятадууд ч энэ бодлогыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч дэмжсэн. Ер нь хятадууд 1980-аад оны дунд үеэс Монголтой харилцаагаа хэвийн болгох тал дээр идэвхтэй байр суурь баримталж байлаа. Улс төрийн хүрээний уулзалтууд, харилцан айлчлалууд ч болсон. Тийм учраас намайг 1989 онд БНХАУ-д айлчлахад аль аль тал нь улс төрийн хуримтлал хийчихсэн байв. “Монголын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр ийм ийм асуудлуудаа ярилцаж тохиролцоод шийдчихье” гэдэг урьтал нөхцөлийг бүрдүүлчихсэн байсан гэсэн үг шүү дээ.
-Та түрүүнд “1996-2019 он бол миний амьдралын нэгэн мөчлөг юм даа” гэж байсан. Орчуулгын бүтээл туурвиж эхэлснээ хэлж байна уу?
-Үгүй ээ, тэгж яривал би 1960-аад оны сүүлчээс орчуулгын ажлаа эхэлсэн. Анх орчуулсан роман маань Зөвлөлтийн түүх, хувьсгалын сэдэвтэй. Тэрхүү бүтээлийг миний бие 1969 оноос орчуулаад 1972 онд анхны ном маань болж хэвлэгдсэн. Тэгэхэд би их удаан, ажлын арга барил төлөвшөөгүй, жаахан хийж байгаад хаячихна. Харин одоо их үү, бага уу гэхээс биш өдөр болгон хэдэн “юм” хийдэг. Цаг хугацаагаар тооцвол, зохиол бүтээл орчуулж эхлээд 50 жил болжээ. Гэхдээ 1970-1990 он хүртэл дөрөв, тавхан “юм” хийсэн. Одоо бол дөч, тавиар ярина. Тэгэхээр 1996 оноос хойш орчуулгын бүтээл туурвидаг маягийн хүн шиг энэ ажилд үндсэн цагаа зарцуулдаг болсон гэж болно.
-“Би удамдаа нэгдүгээр үеийн сэхээтэн хүн” гэж та хэлж байсан шүү дээ. Шинэ зууны сэхээтэн гэж хэн бэ. Тэд хаачив?
-Хуучин цагт ажилчин, малчин, сэхээтэн гэж ангилахад их амархан. Өнгөцхөн яривал, дээд сургууль төгссөн хүнийг л хэлнэ. Дээд сургууль төгссөн гэхээр яадаг юм, хөдөө аж ахуйн чиглэлээр төгссөн гэхэд өчнөөн хүн бий. Механик инженер, агрономич, зоотехникч, малын эмч ч байна. Тэднийг “Хөдөлмөрийн сэхээтнүүд” гэдэг юм. Тэгвэл одоо бид нийгмээ тэгж ангилахаа больсондог оо. Сэхээтэн, ажилчин, малчин, хөрөнгөтөн гэж ангилахгүй байгаа биз дээ. Төрийн баримт бичигт бизнесмэнүүд, малчид гэж ангилсныг би лав мэдэхгүй. Харин эмзэг бүлгийнхэн, олигархиуд гэх юм. Өөр юу ч гэж байлаа. Сэхээтэн гэж яривал, эрдэм номын хүмүүсийг хэлээд байгаа мэт. Технократууд гэж бас нэгэн томъёолол бий. Техникийн сэхээтнүүд л дээ. Тэднийг чухам ажил, мэргэжлээр нь ялгах юм уу, мэдэхгүй. Өнөөдөр юу үгүйлэгдэж байна вэ гэвэл, дээд боловсролын диплом гэж нэг юм байгаа. Манайд тийм боловсролтой хүмүүсийн зуд болчихоод байна. Буруу дуулав уу, үгүй юү “200 гаруй дээд сургууль байна” гэж зурагтын мэдээнээс сонслоо. Тэдгээрт бүгдэд нь оюутнууд суралцаж, төгсөж байгаа. Тэгээд дипломтнууд төрж байна. Тэдний зуд нүүрлэлээ. Дээд сургууль төгссөн хүмүүс хаана ажил үйлсээрээ нэмэр болж байна вэ. Үнэнийг хэлэхэд, тэд мэдлэг, чадвараараа чамлагдаж байгаа учраас нийгэмд “Сэхээтнүүд, боловсролтой хүмүүс хаана байна вэ” гэдэг эрэл сурал гарсан байж магадгүй. Нөгөө талаар тэднийг ашиглах, авч, өгч болохыг нь авах, өгөх бодлого байна уу гэдгийг төрийн хэмжээнд ярих ёстой. Төрийн бодлогын хүрээнд шүү дээ. Шинжлэх ухааны ажилтнуудын зөвлөлгөөнийг 2019 онд анх удаа хийж байна гэнэ үү. Тэгээд “Хууль гаргана. Шинжлэх ухааныг жинхэнэ үйлдвэрлэх хүч болгоно” гэж сая ярьж байх шив. Социализмын үед энэ тухай ярьдаг, ах, дүү орнуудынхаа туршлагыг авч хэрэгжүүлдэг байлаа. Тэр нь хөгжлийн чухал хүчин зүйл болдог байсан юм. “Эрдэм номыг үйлдвэрлэлийн гол түлхүүр болгоно” гэж. Шинжлэх ухааны академийн дэргэдэх хүрээлэнгүүдийн өчнөөн шинэ бүтээл байх юм. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэхээр хөрөнгө байхгүй. Тэгэхээр “Толгойн бүтээл”-ийг улс орны хөгжилд нэмэр хандив болгох төрийн бодлого хэрэв байдаг бол муу байна гэсэн үг. Сул бодлого байна. Түүнийг улам чангаруулж, том бодлого болгох ёстой. Энэ бодлоготой л сэхээтний талаарх асуудал холбогдох байх. Ер нь их, дээд сургууль төгссөн болгон бурхад биш шүү дээ. Нэг хэсэг нь дээд сургууль төгссөн жолооч, лангуучин байна биз. Тэр бол тийм л зиндааны сэхээтэн. Улс орны хөгжлийг урагшлуулах чадвар бүхий толгойтой сэхээтэн гэдгийг бид анги, давхаргын ялгаа гаргахгүйгээр олж ашиглах нь чухал юм.
-Баярлалаа, танд эрүүл энхийг ерөөе!
С.Баттулга
МИАТ-ийн олон улсын нислэгийн "ХӨӨРӨХ ЦЭГ" сэтгүүл, 2019 он
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ

Сэтгэгдэл бичих