УИХ-ын гишүүн Г.Ганбаатартай хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалт, ашиглалт, үр дүнгийн талаарх УИХ-ын ерөнхий хяналтын сонсголын хүрээнд ярилцлаа.
-Хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төрийн дэмжлэг, урамшуулал, хөнгөлөлттэй зээл, хүүгийн татаасын үр дүнг хэлэлцсэн ерөнхий хяналтын сонсгол болж байгаа. Харамсалтай нь хоёр дахь удаагийн сонсгол ирц хүрээгүй шалтгаанаар хойшиллоо. Ер нь энэ сонсголын гол зорилго юу байсан бэ?
-Байнгын хороо энэ асуудлыг хаврын чуулганаас хойш ярьж байгаад, шинэ онтой холбоотой баталсан бүх дэмжлэг, урамшуулал, хөнгөлөлттэй зээл, хүүгийн татаас гээд бүгдийг нь харъя гэж шийдсэн. Гэхдээ парламентад бас өөрөө хүлээх хариуцлага байгаа. Үүнийг ерөөсөө хийж байгаагүй. Ингээд 2008 оноос хойш 18 жилийн хугацаанд ХАА-н салбарт юу болсон бэ гэдгийг харж байна. Бидний явж байгаа бодлого зөв үү, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд зөв үү, дээрээс нь тэр хөтөлбөрүүдтэй холбоотой гарсан олон их наядын зээл эзэндээ хүрсэн үү, ААН-үүддээ очсон уу, ямар үр дүн гарсан бэ гэдэг асуудлыг л энэ сонсголоор ярих байсан. Эхний сонсгол хэвийн явсан. Уг өдрийн үдээс өмнө 1.1 их наядын дэмжлэгүүд ярьсан бол үдээс хойш урамшуулал буюу улаанбуудай, сүү зэрэг олон төрлийн урамшуулал, нийт 538 тэрбум төгрөгийн урамшууллын талаар ярьсан. Ингээд сүүлийн 18 жилд олгосон зургаан их наядын дэмжлэгийн хоёр их наядыг нь дэлгэрэнгүй яриад, алдаа оноо байна уу гэдгийг хэлэлцсэн. Харин өчигдрийн буюу болоогүй хоёр дахь өдрийн сонсголоор хамгийн гол нь 18 жилийн хугацаанд гаргасан 4.4 их наядын зээл ер нь юу болсон бэ гэдгийг ярих байсан. Яг ний нуугүй хэлэхэд эрх баригч намынхан эхний сонсгол дээр ирц нь бүрдэж байсан атлаа хоёр дахь сонсгол дээр ирц нь хүрсэнгүй.
-Сонсголд ирээгүй гишүүд ямар тайлбар өгсөн бол...?
-Байнгын хорооны гишүүдээс “хөдөө явчихлаа”, “бие өвдчихлөө”, “эмнэлэгт үзүүлж байна” гэх мэт ямар нэгэн шалтгаан хэлсээр байгаад ирээгүй. Үүнийг би хувь хүнийхээ үүднээс хардах эрхтэй, тийм үү. Тэгэхээр миний хувьд зориуд ирцээ бүрдүүлэхгүй байна гэж хардаж, үүнд бухимдаж байгаа юм. Яагаад гэвэл энэ сонсголд бэлдэх гэж маш их ажил болсон. Сүүлийн гурван сарын хугацаанд буюу долоо, найм, есдүгээр сард шинжээч ажиллуулсан. Байнгын хорооны гишүүд бид өөрсдөө ч их ажилласан.
-Тэгвэл таны хэлж буйгаар сонсголд ирэхгүй байгаа нь зөвхөн ирцийн асуудал биш, хяналт шалгалтын ажилд саад болж байна гэж үзэж байгаа хэрэг үү?
-Тийм. Өнөөдрийн миний хамгийн гол бухимдсан зүйл энэ. Парламентын хяналт шалгалт хийх явцад саад учруулж байгаа юм байна. Иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа хэлбэр гэж би үзэж байгаа. Энд бас нэг зүйл байна. Олон хөтөлбөрийн хүрээнд хэдхэн компани л ХАА-н салбарт олгосон энэ их зээлийг давтан авч байна. Жишээ нь, ковидын үеийн 10 их наядын хөтөлбөрөөс нэг компани гэхэд л зургаан удаагийн үйлдлээр 68 тэрбум төгрөг авчихсан байна. “Хүнсний хувьсгал” гэж бас нэг хөтөлбөр байна. Тэнд нэг компани зургаан удаагийн үйлдлээр 45 тэрбум төгрөг авсан байна. Уг нь энэ хөтөлбөрөөр 884.4 тэрбум төгрөгийг улсаас гаргасан шүү дээ. “Цагаан алт” хөтөлбөр байна. Нэг удаагийн зээлээс 67 тэрбум төгрөг авчихсан тохиолдол ч байна. Тэр хөтөлбөрөөр 319 тэрбум төгрөг гарсан. Ингээд яриад байвал чанаргүй зээлийн жишээ маш их байна.
-Ийм нөхцөл байдал цаашид төрөөс ХАА-н салбарт дэмжлэг үзүүлэх бодлогыг өөрчлөх шаардлагатайг харуулж байна гэж та үзэж байна уу?
-Хамгийн гол нь үүнийг ингээд яриад байх нь яах вэ. Бид цаашдаа ийм татаас, дэмжлэгийг төрөөс өгөхөө зогсоогоод, зөвхөн төр бодлогынхоо түвшинд ямар ямар салбарыг дэмжих вэ гэдгээ тодорхойлдог болмоор байна. Тэгээд банкаараа хөнгөлөлттэй зээлээ олгуулж, үр дүнгээр нь урамшуулдаг тогтолцоонд шилжмээр байна. Одоо ингээд хулгай, зэлгий ярьсаар байтал ард иргэд үнэхээр залхаж байна шүү дээ.
-Хөдөө аж ахуйн салбарын зээл, дэмжлэгийн дийлэнх хэсэг газар тариалангийн бүс нутгуудад төвлөрсөн гэж та хэллээ. Үүнтэй холбоотой ямар асуудал байна вэ?
-Сэлэнгэ, Дархан, Төв, Булган аймгийнхан нэлээн их зээл авсан гэж байгаа. Яах вэ, энэ бол газар тариалангийн бүс нутаг. Гэтэл эргэн төлөлт нь маш муу, бараг байхгүй байна гэж яригдаж байна. Энд бас нэг асуудал бий. Яг энэ бүс рүү чиглэсэн зээл, дэмжлэгт нөлөөлж байгаа улс төрчид байна уу гэдэг асуудлыг ч харах хэрэгтэй. Нөгөө талд нь манай Өмнөговь, Дорноговь, Дундговь, говийн бүс байна. Энэ бүс Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлж, бидэнд мөнгө олж байгаа шүү дээ. Гэтэл говийн бүс рүү энэ ХАА-н салбар, тэр дундаа мал аж ахуйн чиглэлээр бараг ямар ч дэмжлэг байхгүй. Энэ их татаас, дэмжлэгийн цаад зорилго нь гурил, мах зэрэг стратегийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, хангалтыг сайжруулах төрийн бодлого явуулахад чиглэж байгаа. Гэтэл нийт ХАА-н дэмжлэгийн бараг 85 хувь нь газар тариалангийн салбар руу, цаана нь мал хамгаалах чиглэлд жаахан мөнгө байгаа. Бусад нь дандаа Сэлэнгэ, Булган, Төв зэрэг хойд, Хангайн бүсийн газар тариалангийн дөрвөн аймаг руу явж байна.
-Гэхдээ төрөөс олгосон хөнгөлөлттэй зээл, дэмжлэг эргэн төлөгдөх ёстой гэсэн зарчим хамгийн чухал гэж та хэлж байна уу?
-Тийм. Хөнгөлөлттэй зээл, дэмжлэгүүд эргээд төлөгдөж байх ёстой. Ерөөсөө төлөлт байхгүй. Анх зээл авсан олон компани байна. Би тэр олон зуун компанийг нэг бүрчлэн хэлж чадахгүй. Гэхдээ олон компани зээл авчихсан байхад ядаж зээлээсээ хөдөлгөөд байж болно доо. ААН нь хүндэрсэн байж магадгүй. Өнгөрсөн намар газар тариалангийн бүсийн, саяын хэлсэн Булган, Сэлэнгэ, Дархан орчим маш хүнд байсан. Гантай байсан, нөхцөл байдал хүнд байсан. Харин энэ жил ургац сайн байгаа. Ургац нэлээд авч байгаа энэ жилээс нь ядаж зээлээ төлж байх ёстой. Энэ чинь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Дээрээс нь зарим зээлийнх нь банкны хүүгийн татаасыг төр төлж байгаа. Төрийн мөнгө гэж юу байх вэ, энэ чинь татвар төлөгчдийн мөнгө. Хамгийн гол нь үүний үр дүнд гурил хямдхан байх ёстой. Мах, нөөцийн мах бүрдүүлээд хямдхан байх ёстой. Стратегийн хүнс хангалттай байх ёстой. Гэтэл ийм үр дүн ерөөсөө харагдахгүй байгаа нь өнөөдөр хүнсний барааны үнэ, нийлүүлэлтээс харж болохоор байна.
-Төрөөс их хэмжээний дэмжлэг, хөрөнгө оруулалт хийсэн ч салбарын ажиллагсдын тоо буурсан талаар та дурдлаа. Энэ нь бодлогын үр дүнгийн талаар юу харуулж байна вэ?
-Бас нэг эмгэнэлтэй зүйл нь ХАА, газар тариалангийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоо буурчихсан байгаа. Энэ чинь үр дүн гарах ёстой үйлдэл ч гарахгүй байна гэсэн үг. Байнгын хорооны гишүүний хувьд одоо жаахан бухимдалтай байгаа зүйл маань энэ. Ний нуугүй хэлэхэд, асар их мөнгийг төрөөс гаргаад, парламент энд мэтгэлцээд бодлого гаргаад байгаа. Олон хөтөлбөр хэрэгжүүлсэн, нэмэгдсэн. Ажлын байрны хувьд гэхэд 2015-2020 онд 4,490 орчим байсан тоо 2021-2025 онд 2,713 орчим болсон байгаа. Бараг хоёр дахин буурсан гэсэн үг. Тэгэхээр энэ салбарын ажиллагсдын тоо яагаад буурчихсан байгаа юм бэ. Бидний үр дүн хаана байна вэ. Тэр их мөнгө хаашаа орчихов.
-Монгол Улсын эдийн засгийн гол хоёр салбарын нэг нь ХАА-н салбар шүү дээ. Гэтэл энэ салбарт нь хулгай, луйвар явагдчихсан, хамгийн гол нь ямар ч үр дүнгүй төсөл, хөтөлбөрүүдийг төрөөс дэмжээд явж байсан нь харамсалтай байна л даа...?
-Юуны өмнө парламент өөрөө ямар үүрэгтэй юм бэ гэдэг асуудал байна. Парламент хууль тогтоох, төсөв батлах, хяналт тавих үүрэгтэй. Гэтэл хяналтаа ерөөсөө тавиагүй байна. Энэ 18 жилийн хугацаанд анх удаа хяналт тавьж байгаа нь энэ. Энэ удаагийн парламент яах вэ, сөрөг хүчинтэй, нэлээн хүчтэй сөрөг хүчинтэй. Дээрээс нь дотроо жагсаалтаар орж ирсэн гишүүд салбар салбартаа өөрсдөө манлайлагч, мэргэжлийн хүмүүс бий. Тэгээд бодитой юмыг ний нуугүй үнэнээр нь хэлэх гээд оролдоод байгааг иргэд анзаарч л байгаа. Нөгөөтэйгүүр хяналтыг 18 жилийн дараа биш, УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд буюу дөрвөн жилд нэг ч юм уу, эсвэл хоёр жил тутамд хяналтаа хийгээд явдаг байх хэрэгтэй. Тэгсэн бол энэ их хулгай ингэж гаарахгүй байсан болов уу. Хаана хяналт сул байна, хаана хариуцлага сул байна, тэр газар хулгай гардаг. 18 жилийн дараа ярина гэдэг нэг талаасаа үнэхээр утгагүй л байна. Гол нь энэ зургаан их наяд төгрөгийн асуудлаар одоо хэнтэй хариуцлага тооцох юм бэ. Гэхдээ нийгэмд “энэ болохгүй байна, энэ чинь байгаа онохгүй байна, төрийн бодлого болон бидний зарцуулсан их мөнгө эзэндээ очихгүй байна, ААН-үүддээ хүрэхгүй байна, үр дүн гарахгүй байна, ажлын байр бий болохгүй байна, иргэд үнэтэй бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн хэрэглээд байна” гэдэг нь л энэ удаагийн сонсголын хүрээнд, иргэдийн мэдэх эрхийн үүднээс хамгийн гол зүйл байх.
-Цаашдаа ийм төрлийн хяналтын сонсголыг тогтмолжуулах нь үр дүнтэй гэж харж байна уу?
-Яах вэ, ийм сонсгол тогтмолжоод ирэх юм бол энэ хулгай зэлгий гайгүй болчих байлгүй дээ. Хяналт байнга байх хэрэгтэй.
-Энэ сонсголд хөдөө орон нутгаас ирсэн иргэд, салбарын төлөөлөл нэлээд оролцсон байна. Тэдний хувьд сонсгол болоогүй учраас буцсан гэсэн үг үү?
-Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс буцсан. Өглөө ирчихээд, дээрээс нь яам, яамны харьяа 63 хувь нь материалаа дутуу өгсөн. Яг үнэндээ манай иргэд бас санаж сэрж байна. Зөвхөн Дорноговь аймгийн бүр холоос, Хатанбулагийн Сулинхээрээс Баярсайхан гэдэг залуу ирсэн байсан. Дорноговь аймгийн Хайрга сумаас Бямбаахүү гэдэг хүн ирсэн байсан. Би олон хүнийг нэрлэж чадна. ХАА-н хоршоодын салбарын олон төлөөлөл ирсэн. Сүхбаатар аймгаас Халтар гуай ирсэн. Би өөрөө ХАА-н салбарт олон жил ажилласан хүний хувьд хоршоодын салбарт ч олон жил ажилласан. Баг, сум, аймгаар олон жил явж байсан учраас хөдөөнийхнийг сайн таньдаг. Харьцангуй олон хүн ирсэн. Тэр олон хүмүүс эхний сонсгол дээр бүтэн суусан. Өчигдөр өглөө яг цагтаа ирчихсэн байсан. Ингээд хоёр цаг гаруй хүлээлээ. Сонсгол болоогүй, хүмүүс тарсан.Хамгийн гол нь тэр хүмүүс бензин, шатахуун ховор байгаа үед, намрын ажил ихтэй байхад өглөө бүтэн хоёр цаг хүлээгээд буцаж байгаа нь харамсалтай. Байнгын хорооны хурлыг удирдаж байсан дарга уучлалт гуйгаад буцаасан.
-Ирц бүрдээгүй цаад шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Ийм их мөнгөний тухай яригдаж байгаа болохоор цаанаасаа удирдлагатай, янз бүрийн хүмүүс байдаг юм биш үү гэж хардаж байна. Өчигдөр ирц нь зүв зүгээр бүрдээд явж байсан гишүүд өнөөдөр гэнэт хэд хэдээрээ бие нь өвдөөд, зарим нь “хөдөө явлаа” гээд алга болсон. Энэ утгаараа зориуд ирцийг нь хүргээгүй гэж харж байгаа.
Э.МӨНХТҮВШИН
Facebook
Twitter
Youtube


Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ
Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...
С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы эргэн тойронд
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Сэтгэгдэл бичих