ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ


10-р сарын 2
9 цаг 30 минут

      Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хэргийг мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шийдвэр, хэргийн нууцлал, эрүүдэн шүүсэн гэх асуудал дотоодод олон удаа хэлэлцэгдсэн. Гэхдээ С.Зоригийн хэрэг зөвхөн Монгол Улсын хууль хяналтын байгууллагын анхаарлын төвд байсангүй. Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Парламентчдын хүний эрхийн хороо энэ асуудлыг 2000 оноос хойш албан ёсоор хянан үзэж иржээ. Тус холбооны баримтаас үзэхэд С.Зоригийн асуудлаар анхны гомдол 2000 оны аравдугаар сард, дараагийнх нь 2001 оны гуравдугаар сар, 2015 оны есдүгээр сард тус тус ирсэн байна. ОУПХ уг хэргийг өнөөдрийг хүртэл бүртгэж, хүний эрхийн зөрчлийн төрлийг хүн амины хэрэг, ял завшсан байдал гэсэн хоёр үндсэн ангиллаар авч үзэж байна.

Яагаад Олон улсын парламентын холбооны анхаарлыг татав?

Үүний эхний шалтгаан нь С.Зориг амиа алдах үедээ Монгол Улсын парламентын гишүүн байсантай холбоотой. ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлж байсан парламентын гишүүдийн хүний эрх зөрчигдсөн асуудлыг хянан үздэг тусгай механизмтай. С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдах үедээ УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан. ОУПХ-ны шийдвэрүүдэд түүнийг тухайн өдөр Ерөнхий сайдад нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг байсан гэж тэмдэглэдэг. Гэхдээ ОУПХ энэ асуудалд зөвхөн хохирогч парламентын гишүүн байсан гэдэг үндэслэлээр анхаарал хандуулаагүй. Хэргийг мөрдөн шалгасан хугацаа хэт удааширсан, мөрдөн шалгах ажиллагаа нууцад явагдсан, 2015-2017 онд гурван хүнийг баривчилж, хаалттай шүүх хурлаар ялласан, улмаар мөрдөн шалгах явцад эрүүдэн шүүсэн гэх асуудал гарсан нь ОУПХ-ны анхаарлын гол сэдэв болжээ. Тухайлбал, ОУПХ-ны төлөөлөгчид 2017 оны есдүгээр сард Монголд ажилласныхаа дараа гурван хүнийг ялласан шүүх ажиллагаа олон улсын шударга шүүхийн стандарттай холбоотой ноцтой асуудал дагуулсан гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хурал болон шийдвэрүүд нууц байсан нь хардлага, эргэлзээ бий болгосныг мөн онцолж байв. ОУПХ С.Зоригийн хэргийн асуудлаар 2001, 2015, 2017, 2019 онд Монголд баримт тогтоох болон хяналтын айлчлал хийсэн гэж хамгийн сүүлийн шийдвэртээ тэмдэглэжээ. Ингэснээр С.Зоригийн хэрэг нь нэг гэмт хэргийг илрүүлэх асуудлаас гадна парламентын гишүүний амь насыг хөнөөсөн хэргийг төр хэрхэн мөрдөн шалгасан, шударга шүүхийн баталгааг хангасан эсэх, эрүүдэн шүүлт гарсан эсэх, хэргийг захиалсан этгээдийг тогтоосон эсэх гэсэн хүний эрх, парламентын хяналтын асуудал болон ОУПХ-ны хүрээнд яригдах болсон байна.

2019 он: ОУПХ-ны шаардлага илүү тодорхой болов

ОУПХ-ны Удирдах зөвлөл 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд Доха хотод болсон 204 дүгээр чуулганаараа уг асуудлыг хэлэлцсэн. Үүний дараа Монголын УИХ 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд 32 дугаар тогтоол баталж, ОУПХ-ны шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хороо байгуулсан юм. Түр хороонд тухайн үеийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Я.Санжмятав, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтжээ. Түр хороо 2019 оны тавдугаар сард ажиллаж эхэлсэн бөгөөд ОУПХ-ны шийдвэр, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгчдийн мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэж байв.Үүний дараа ОУПХ-ны төлөөлөгчид 2019 оны зургаадугаар сарын 5-7-нд Монголд дахин ажилласан. Тэр үед нөхцөл байдалд томоохон өөрчлөлт гарсан байлаа. 2019 оны гуравдугаар сард Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, зүй бусаар харьцсан гэх бичлэг олон нийтэд ил болсон бөгөөд үүний дараа холбогдох тагнуул, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар ОУПХ тэмдэглэсэн байдаг. 2019 оны аравдугаар сард Монголын парламентын Түр хороо ОУПХ-ны төлөөлөгчдийн тайлангийн агуулгыг олон нийтэд танилцуулсан. Тус мэдээлэлд ОУПХ хэд хэдэн асуудлыг онцолсон байдаг.

1. “Захиалагчийг тогтоох ажиллагаа дахин хойшлохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй”

Энэ бол аравдугаар сарын 17-ны шийдвэрийн хамгийн хүчтэй хэсгийн нэг. ОУПХ С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хариуцлага хүлээх этгээдүүд, түүний дотор захиалагчийг тогтооход цаашид ямар нэгэн саатал гарахыг  буюу хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ОУПХ-ны анхаарал зөвхөн ял авсан гурван хүн дээр төвлөрөөгүй. “Хэн захиалсан, хэн зохион байгуулсан бэ?” гэдэг асуудлыг шийдвэрлэх ёстой үндсэн асуудал хэвээр гэж үзсэн байна.  Дөрөвдүгээр сарын 10-ны шийдвэрт үүнийг бүр тодорхой болгож, жинхэнэ үйлдэгчид, зохион байгуулагчид, өдөөн хатгагчдыг баривчилж, хараат бус шүүхээр шударга, ил тод ажиллагааны үндсэн дээр шүүх ёстой гэж шаардсан байдаг.

2. Ял авсан хүмүүс үнэхээр С.Зоригийн амийг хөнөөсөн үү гэсэн эргэлзээг ОУПХ албан ёсоор тавьсан

2019 оны шийдвэрийн анхаарал татах өөр нэг хэсэг нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудал. ОУПХ-ны төлөөлөгчид 2019 оны зургаадугаар сард Монголд ирэхдээ хоригдож байсан гурван хүнтэй уулзаж, эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзсэн байна. Үүний дараа аравдугаар сарын шийдвэрт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийн шүүх ажиллагааны үр дүнгээс үл хамааран нэн даруй суллахыг холбогдох байгууллагуудад уриалсан. Үүнээс ч анхаарал татах нэг өгүүлбэр бий. ОУПХ: Эрх баригчид зөв хүмүүсийг баривчилж, ялласан эсэх нь эргэлзээтэй байгаа нь жинхэнэ гэмт этгээдүүдийг тогтоох үүргээ биелүүлээгүйг харуулж байна гэжээ. 

3. Эрүүдэн шүүлтийн бичлэг өмнөх мөрдөн шалгалтад ноцтой эргэлзээ үүсгэсэн

2019 оны гуравдугаар сард ил болсон бичлэг шийдвэрт онцгой байр суурь эзэлдэг. ОУПХ-ны төлөөлөгчид бичлэгийг өөрсдөө үзсэн бөгөөд 2019 оны аравдугаар сарын шийдвэрт уг бичлэг, гурван ялтны мэдүүлэг, тагнуулын ажилтнууд зохиомол нотлох баримт, хүчээр авсан мэдүүлэг ашиглан хэрэгт холбогдуулсан гэх мэдээллийг хамтад нь авч үзжээ. ОУПХ-ны Монголд ажилласан төлөөлөгчдийн тайланд бүр илүү анхаарал татах мэдээлэл бий. Тухайн үеийн ХЭҮК-ийн дарга төлөөлөгчдөд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хүчээр мэдүүлэг авсан бөгөөд үүнд тулгуурлан буруугаар ялласан гэж мэдээлсэн байна. Мөн прокурорын байгууллага эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл 2015 оноос гарч байхад өөрийн санаачилгаар эрт шалгаагүйд ОУПХ-ны төлөөлөгчид харамссан байр суурь илэрхийлжээ.  Үүнтэй холбоотойгоор ОУПХ зөвхөн суллах асуудлыг хөндөөгүй. Хууль бусаар ял шийтгүүлсэн болон эрүүдэн шүүлтэд өртсөнтэй холбоотой нөхөн төлбөр олгох, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг мөн тавьсан.

4. “Нууцаас гаргасан” боловч шүүхийн шийдвэр яагаад нууц хэвээр байв?

Энэ нь 2019 оны шийдвэрийн хоёр дахь том сэдэв гэж хэлж болно. Монголын тал 2017 онд С.Зоригийн хэрэгтэй холбоотой материалын ихэнхийг нууцаас гаргах шийдвэр гаргасан. Гэвч 2019 он гэхэд шүүхийн шийдвэрүүд олон нийтэд нээлттэй болоогүй байжээ. ОУПХ-ны 2019 оны Монголд ажилласан төлөөлөгчдийн тайланд тоон мэдээлэл хүртэл бий. Нууцаас гаргах шийдвэрээр 14.926 хуудас материалыг нууцаас гаргаж, 74 орчим хуудас нууц хэвээр үлдээсэн гэж Монголын талаас мэдээлсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэрүүдийн хүртээмж тодорхойгүй хэвээр байсныг төлөөлөгчид онцолжээ.  Ингээд аравдугаар сарын шийдвэрээр шүүхийн шийдвэрүүдийг холбогдох бүх талд, тэр дундаа УИХ-ын Түр хороонд өгөх, хэрэгтэй холбоотой асуудлаар хүмүүс айдасгүйгээр байр сууриа илэрхийлэх боломжтой байх, нууцлал шударга ёсыг тогтооход саад болох ёсгүй гэсэн шаардлагыг тавьсан.

5. УИХ Түр хороо байгуулсныг дэмжсэн ч “эрх мэдэл нь хязгаарлагдмал” гэж дүгнэсэн

ОУПХ олон жилийн турш парламентын хяналтын механизм бий болгохыг зөвлөж ирсэн бөгөөд 2019 онд УИХ С.Зоригийн хэрэгтэй холбоотой Түр хороо байгуулсныг сайшаасан.Гэхдээ ОУПХ үүгээр зогсоогүй. Түр хороо нь захиалагчийг тогтоох мөрдөн шалгалт хуульд нийцэж байгаа эсэх, гурван хүнийг ялласан шүүх ажиллагаатай холбоотой эргэлзээтэй асуудлыг хянахад эрх хэмжээ хязгаарлагдмал байгаад харамсаж, Түр хорооны үүрэг, оролцоог бэхжүүлэхийг хүссэн. Өөрөөр хэлбэл, ОУПХ-ны байр суурь нь парламент өөрөө гэмт хэрэг мөрдөн шалгах тухай биш. Харин хууль хяналтын байгууллагуудын ажиллагаанд парламентын хяналтыг бодитоор хэрэгжүүлэх тухай байсан.

6. Түр хорооны гишүүдэд дарамт, эрүүгийн хэрэг үүссэн гэх асуудлыг тусгайлан хөндсөн

ОУПХ-ны шийдвэрт Түр хорооны гишүүд С.Зоригийн хэрэгтэй холбоотой олон нийтэд хүртээмжтэй байх ёстой мэдээллийг ил болгосныхоо төлөө эрүүгийн хэрэг болон дарамтын кампанит ажилд өртөж байгаа гэх мэдээлэлд “гүнээ санаа зовниж” байгаагаа илэрхийлсэн. Тиймээс Түр хороо болон бусад холбогдох талуудыг хариу арга хэмжээ, дарамтаас айхгүйгээр ажлаа хийх нөхцөлөөр хангахыг Монголын эрх баригчдад уриалжээ.  Энэ нь ОУПХ С.Зоригийн хэргийг зөвхөн эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын асуудал биш, парламент хяналтын үүргээ бодитоор хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг өнцгөөс харсныг харуулдаг.

7. “Улс төрийн наймааны хэрэгсэл болгож ирсэн” гэсэн анхааруулга

Шийдвэрийн төгсгөлд тун анхаарал татах нэг дүгнэлт байна. Энэ нь ОУПХ С.Зоригийн хэргийг улс төрийн бүх тал удаан хугацаанд “political bargaining chip” буюу улс төрийн тохироо, наймааны хэрэгсэл болгон ашиглаж ирсэн гэж өмнөх байр сууриа дахин сануулжээ. Тиймээс хэргийг эцэслэн шийдвэрлэх асуудал тэргүүлэх чиглэл хэвээр байх ёстой гэж үзсэн.

2024 онд дахин түр хороо байгуулах санал гаргажээ

 ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо 2021, 2022, 2024 онуудад ч С.Зоригийн хэргийг үргэлжлүүлэн хянан хэлэлцжээ.2024 оны шийдвэрт нэг чухал өөрчлөлтийг тэмдэглэсэн байдаг. 2021 оны тавдугаар сарын 14-нд Монгол Улсын Дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтаар суллаж, С.Зоригийн хэргийг нэмэлт мөрдөн шалгалтад буцаасан. Мөн эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлаар зарим албан тушаалтанд шүүхээс хариуцлага тооцсон талаар ОУПХ дурдсан. 2024 онд Монголын парламентад дахин Түр хороо байгуулах санал тавьжээ.  ОУПХ-ны 2024 оны хоёрдугаар сарын шийдвэр энэ асуудалд парламент ямар үүрэгтэйг илүү тодорхой болгосон. Тус хороо С.Зоригийн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд парламентын хяналт чухал хэвээр гэж дахин тэмдэглээд, Монгол Улсын Их Хурал хяналтын бүрэн эрхээ ашиглан үр дүнтэй, бүрэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, Засгийн газраас захиалагчийн талаар тодорхой хариулт шаардахыг уриалжээ. Түүнчлэн 2024 оны парламентын сонгуулийн дараа С.Зоригийн хэрэгт хяналт тавих тодорхой, хүчтэй мандат бүхий Түр хороог дахин байгуулахыг парламентын удирдлагад санал болгосон байна.Энэ нь УИХ өөрөө мөрдөн шалгах байгууллагын үүргийг гүйцэтгэх тухай шаардлага биш юм. Харин парламентын хяналтын бүрэн эрхийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үр дүнтэй явагдаж байгаа эсэх, холбогдох байгууллагууд шаардлагатай мэдээлэл, баримтад саадгүй нэвтрэх боломжтой эсэхийг хянах тухай ОУПХ-ны байр суурь юм.  Улмаар ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо хамгийн сүүлд 2026 оны хоёрдугаар сарын 2-ноос 18-нд Женевт болсон 179 дүгээр хуралдаанаараа С.Зоригийн хэргийг дахин хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл, 2000 онд ОУПХ-нд анх очсон асуудал 26 жилийн дараа ч тус байгууллагын хяналтаас гараагүй байна. 2026 оны шийдвэрт Монголын талаас 2025 оны хоёрдугаар сарын 5-нд тухайн үеийн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ОУПХ-нд мэдээлэл хүргүүлснийг дурджээ. Тэр мэдээллээр Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг байгуулж, прокурорын хяналтын дор хэргийг шалгаж байгаа бөгөөд УИХ-ын даргын захирамжаар мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруугаар холбогдсон хүмүүсийн эрхийг сэргээх чиглэл бүхий парламентын ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлсэн байна. ОУПХ эдгээр ажлын хэсэг байгуулагдсаныг сайшаасан. Гэхдээ үүнтэй зэрэгцэн 2024 онд байгуулагдсан дээрх хоёр ажлын хэсгийн бүрэн эрх, бүрэлдэхүүн, хийсэн ажлын үр дүнгийн талаар Монголын парламентын зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлээгүй байгаад харамсаж буйгаа 2026 оны шийдвэртээ тэмдэглэжээ. Тиймээс УИХ-аас ажлын хэсгүүдийн мандат, бүрэлдэхүүн, хийсэн ажил, С.Зоригийн хэргийн нууцаас гаргасан бүх материалтай бүрэн танилцах боломж олгогдсон эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн байдаг.

Монголын парламент ОУПХ-ны шаардлагыг хэр биелүүлэв?

Баримтуудыг зэрэгцүүлбэл зарим шаардлагын дагуу тодорхой алхам хийсэн нь харагдана. 2019 онд УИХ тусгай Түр хороо байгуулсан. ОУПХ-ны төлөөлөгчдийг Монголд ажиллах боломж олгосон. Эрүүдэн шүүлтийн асуудлыг шалгасан. Эрүүдэн шүүлттэй холбоотой зарим албан тушаалтны асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн. 2024 онд хууль хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсэг болон парламентын ажлын хэсэг байгуулагдсан талаар Монголын талаас ОУПХ-нд мэдээлсэн байна. Нөгөө талд ОУПХ-ны шийдвэрүүдэд олон жил дараалан давтагдсан асуудлууд ч байна. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа эцэслээгүй. Хэргийн холбогдох баримтад саадгүй нэвтрэх, ил тод байдлыг хангах шаардлага үргэлжилсээр байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох ажиллагаа бүрмөсөн дууссан эсэх, тэдэнд учирсан хохирлыг нөхөн төлсөн эсэх талаар ОУПХ мэдээлэл хүссээр ирсэн. Мөн парламентын хяналтын механизмын үйл ажиллагаа, үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хамгийн сүүлийн шийдвэрээрээ дахин шаарджээ. ОУПХ нь Монголын шүүхийн дээр байдаг олон улсын шүүх биш. Түүний Парламентчдын хүний эрхийн хорооны шийдвэр нь Монголын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэн нэгнийг гэм буруутайд тооцох эрх зүйн акт биш.

Гэхдээ Монголын парламент ОУПХ-ны гишүүн бөгөөд Удирдах зөвлөлөөр баталсан хүний эрхийн шийдвэрүүд нь тус холбооны гишүүн парламентуудын хамтын байр суурийг илэрхийлдэг. Тиймээс ОУПХ Монголын парламентаас мөрдөн шалгах ажиллагаанд оролцохыг бус, парламентын хяналтын бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг удаа дараа хүссэн байна. Үүнд мөрдөн шалгах ажиллагаа үр дүнтэй, бүрэн явагдаж байгаа эсэхийг хянах, холбогдох төрийн байгууллагуудаас тодорхой мэдээлэл шаардах, хэрэгтэй холбоотой баримтын хүртээмж, ил тод байдлыг хангахад хяналт тавих, парламентын тусгай хяналтын механизмыг ажиллуулах зэрэг асуудал багтаж байна. 2024 оны шийдвэрт энэ үүргийг бүр тодорхой хэлбэрээр сануулсан бөгөөд 2026 оны шийдвэрт байгуулагдсан ажлын хэсгүүдийн хийсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг дахин хүсчээ.С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг Монголын улс төр, хууль зүйн түүхэнд олон үйл явдлыг дамжин өнөөг хүрэв.1998 онд хүн амины хэрэг гарсан. 2000 онд ОУПХ асуудлыг хянан үзэж эхэлсэн. 2015-2017 онд гурван хүнийг баривчилж, ялласан. 2017 онд хэргийн зарим материалыг нууцаас гаргах шийдвэр гарсан. 2019 онд эрүүдэн шүүсэн гэх бичлэг ил болж, УИХ ОУПХ-ны шийдвэрийг судлах Түр хороо байгуулсан. 2021 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан. 2024 онд ОУПХ парламентын тусгай хяналтын механизмыг дахин байгуулахыг санал болгосон. Монголын талаас мөн онд хууль хяналтын байгууллагуудын болон парламентын ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлжээ. Харин 2026 оны хоёрдугаар сард ОУПХ уг хэргийн хяналтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ33 минут 31 секундын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ45 минут 7 секундын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв52 минут 58 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан1 цаг 17 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.