Агаарын бохирдлыг бууруулах, түгжрэлийг багасгах, төсвийн үр дүнг ахиулахад анхаарч ажиллав.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц 2025 онд дулаалга, хот төлөвлөлт, төсвийн үр дүнг сайжруулах чиглэлээр хууль тогтоох, бодлого боловсруулах, хяналт тавих ажлыг хэрэгжүүллээ.

Гэр хорооллын айлууд өвлийн улиралд олон давтамжтай галлагаа хийдэг нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болдог.
Нийслэлийн иргэд сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг өдөр тутмын үйлчилгээ авахын тулд замд ихээхэн цаг хугацаа зарцуулдаг.Төсвийн зарцуулалтыг бодит үр дүнгээр нь үнэлэх тогтолцоо ч шаардлагатай байна.УИХ-ын гишүүний 2025 онд хийсэн хууль тогтоох, бодлогын ажлууд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чиглэв.

Ажлын хэсгийн судалгаа, уулзалтаар олон өрх дулаалга хийх сонирхолтой боловч санхүүгийн боломж, зээлийн хүртээмж зэрэг шалтгаанаар хэрэгжүүлж чадахгүй байгааг тодорхойлсон. Иймд УИХ-ын даргын 85 дугаар захирамжаар байгуулагдсан ногоон санхүүжилтийн Ажлын хэсгийг ахлан Монголбанк, арилжааны банкууд, олон улсын байгууллага, барилгын салбарын мэргэжилтнүүд, дулаалгын төсөл хэрэгжүүлэгчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа. Иргэд дулаалга хийх, зээл авахад тулгарч буй бэрхшээлээ шууд танилцуулсан нь бодлогын шийдэл боловсруулахад чухал мэдээлэл болсон.Эдгээр ажилд үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 19-нд “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 57 дугаар тогтоол батлагдав.
Уг тогтоолоор Засгийн газарт 17, Монголбанкинд 5 чиглэлээр үүрэг өгч, дулаалгын хөнгөлөлттэй зээлийн хугацааг уртасгах, сарын төлбөрийг бууруулах, дулаалга хийж буй иргэн, аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжих, орон нутгийн хөгжлийн сангийн тодорхой хувийг гэрийн дулаалгад зарцуулах, төрөөс барих сургууль, цэцэрлэг, эмнэлгийг ногоон барилгын шалгуурт нийцүүлэх зэрэг арга хэмжээг тусгасан.
“Хэрэглээг бус, хэмнэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж байж утааг бууруулах боломжтой. Утааг дулаалгаар шийдэх боломжтой” хэмээн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц онцолсон.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот” үзэл баримтлалыг боловсруулах Ажлын хэсгийг ахалж, “20 минутын хот” үндэсний хороотой хамтран баримт бичгийг боловсруулж, өргөн барив. Үзэл баримтлал нь иргэд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, нийтийн тээврийн үйлчилгээнд явганаар 20 минутын дотор хүрэх боломжтой хотын орчныг бүрдүүлэх юм. Мөн газар, барилгын зөвшөөрөл олгохдоо уг шалгуурыг харгалзан үзэх, эхний ээлжид Улаанбаатар, цаашид Дархан, Эрдэнэт болон аймгийн төвүүдэд үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөлөө.

Төсвийн үр өгөөжийг сайжруулах чиглэлээр Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдаа, үнэлгээ, мониторингийн тогтолцоог боловсронгуй болгох Ажлын хэсгийг ахаллаа. “Хэмжиж чадвал удирдаж чадна” зарчимд тулгуурласан тус Ажлын хэсгийн саналаар 2026 оны төсвийг хэлэлцэх явцад Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт буюу төсвийн шалгуур үзүүлэлтүүдэд 250 гаруй зарчмын зөрүүтэй санал тусгуулан батлуулсан. Ингэснээр төсвийн зарцуулалтыг үйл ажиллагааны тоогоор бус, бодит үр дүн, нийгэм, эдийн засгийн нөлөөллөөр үнэлэх суурь бүрдэв

Хүүхэд, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах чиглэлээр бусад гишүүний хамт хэд хэдэн хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлэв. Цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой зам тээврийн ослын эрсдэлийг бууруулах зорилгоор насны хязгаар, дээд хурд, зорчих замыг тодорхой болгох зохицуулалтыг тусгасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Мөн электрон тамхийг янжуур тамхитай адил түвшинд зохицуулах Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээг хөгжүүлэх Нийгмийн ажлын тухай хуулийн төслүүдийг санаачлан өргөн мэдүүлэв.
Эдийн засгийн болон Өргөдлийн байнгын хороодод ажиллаж, иргэдээс ирүүлсэн 96 өргөдөл, гомдлыг хэлэлцэх, “Оюу толгой”, “Халзан бүрэгтэй” ордын асуудлаар хяналт, сонсгол зохион байгуулах ажилд оролцов. Мөн орон сууцжуулалт, ипотекийн зээлийн хүртээмж, агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчид асуулт, асуулга тавьсан.

2026 онд УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, Засгийн газар, Монголбанкнаас асуулт, асуулга авч, холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Мөн Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хот төлөвлөлтийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна.
“Дулаанбаатар” аян, “Шийдэл бүтээгчид” хөтөлбөр, “Өртөө” төсөл: Бодлогыг иргэдэд ойртуулсан санаачилгууд
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц 2025 онд хууль тогтоох ажлаа иргэдийн оролцоонд суурилсан санаачилгуудтай хослуулж, дулаан алдагдал, залуучуудын мэргэжлийн хөгжил, иргэдийн оролцоотой хотын орчны асуудалд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүллээ.

Улаанбаатарт 170 гаруй мянган айл өрх стандартын шаардлага хангасан дулаалгагүй орчинд амьдарч байна. Дулаан алдагдал нь галлагааны давтамжийг нэмэгдүүлж, улмаар агаарын бохирдлыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болдог. Энэ асуудлыг иргэдийн түвшинд шийдвэрлэх зорилгоор “Өвлөөс урьтаж дулаалцгаая” уриатай “Дулаанбаатар” аяныг 2025 оны 08-12 дугаар сард Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр иргэд байшин, гэрийнхээ дулаан алдагдлын шалтгаан, стандартын шаардлага хангасан дулаалгын технологи, материалын сонголт, буруу дулаалгын эрсдэл, ногоон зээлийн боломжийн талаар мэргэжлийн байгууллагуудаас шууд зөвлөгөө авсан. Аяныг НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), People in Need, GERES, “Гэр өргөө” ТББ, “Монгол Базальт” ХК, Эрчим хүчний хэмнэлттэй цонх үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлэв.

Аянд 2000 гаруй иргэн биечлэн оролцсон бөгөөд зарим өрх дулаалгаа ойрын хугацаанд эхлүүлэх шийдвэр гаргасан. Мөн иргэдийн дунд дулаалгын хэрэгцээ, сонирхол өндөр боловч санхүүгийн болон эрх зүйн дэмжлэг шаардлагатай байгаа нь тодорхой болсон. Энэ нь УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах бодлогын ажлын нэг үндэслэл болсон.
“Энэ аян бол нэг удаагийн арга хэмжээ бус дулаан, эрүүл, хүнд ээлтэй хотыг хамтдаа бүтээх урт хугацааны ажил” хэмээн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц онцолсон. Аяныг 2026 онд илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Салбарын залуу мэргэжилтнүүдийг дэмжих зорилгоор “Шийдэл бүтээгчид” менторшип хөтөлбөрийг 2025 онд анх удаа санаачлан зохион байгууллаа. Хөтөлбөрт шалгарсан 50 оюутан 10 багт хуваагдан 6 долоо хоногийн турш бодит байршил, кейс дээр ажиллаж, орчны судалгаа, хэрэглэгчийн хэрэгцээний шинжилгээ хийж, шийдлийн хувилбараа боловсруулан танилцуулсан.Долоо хоног бүрийн сургалтад гадаад, дотоодын экспертүүд оролцож, хот төлөвлөлт, тогтвортой хөгжил, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, дизайны сэтгэлгээ зэрэг сэдвээр мэдлэг, туршлага хуваалцаж, баг бүрт салбарын туршлагатай ментор ажиллалаа. Оролцогчид багийн ажиллагаа, судалгаа хийх чадвар, төслийг бодит нөхцөлд боловсруулах туршлагыг хөтөлбөрийн гол үр дүнгийн нэг гэж үнэлсэн. Хөтөлбөрийг 2026 онд хоёр дахь жилдээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Иргэдийн оролцоог дэмжих “Өртөө” төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10, 20 дугаар хорооны иргэдтэй воркшоп, хэлэлцүүлэг зохион байгуулав. Иргэдийн зүгээс хүүхэд, залуучууд хичээлээ давтах, иргэд цуглах нийтийн орон зай дутагдалтай байгааг онцолсон тул тэдний тодорхойлсон хэрэгцээнд үндэслэн хоёр хороонд номын сан буюу олон зориулалттай нийтийн орон зай бий болголоо.

Төслийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан хөнгөлөлтийн боломжийг ашиглан хэрэгжүүлж, “Премиум Нэксус” ХК хөрөнгө оруулан, “Гэр өргөө”, “Ардын лаб” ТББ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллав. Энэхүү туршлагыг бусад хороо, дүүрэгт хэрэгжүүлэх боломжтой болгох зорилгоор алхамчилсан гарын авлага боловсруулж, 2026 онд олон нийтэд түгээхээр төлөвлөж байна.
Олон улсын болон дотоодын хурал, форум, хэлэлцүүлэгт бодлогын санаачилгаа танилцууллаа
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц 2025 онд олон улсын болон дотоодын хурал, форум, хэлэлцүүлэгт илтгэгч, панелистаар оролцож, хот төлөвлөлт, ногоон санхүүжилт, үр дүнд суурилсан төлөвлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилгуудаа салбарын мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчид, хүний эрхийн байгууллага, сэтгүүлчид, оюутан залуучуудад танилцууллаа.

Барилгын салбарын хүрээнд гишүүн “Барилгын салбарын тулгамдсан асуудлууд” цуврал уулзалтад оролцож, салбарт тулгамдаж буй асуудал, хуульд оруулах шаардлагатай өөрчлөлтийн талаар мэргэжилтнүүдтэй санал солилцов. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын архитекторуудын эвлэлээс зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож, хотын төвийн хэсгийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгууд, барилгажилтын дүр төрх, барилгын өндрийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Салбарын хамгийн том арга хэмжээ болох “Барилга Экспо–2025”-ын үеэр гишүүн ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх тухай УИХ-ын 57 дугаар тогтоол болон “Дулаанбаатар” аяны талаар илтгэл танилцуулж, барилгачид, үйлдвэрлэгчдийг дулаалгын шийдлийг хамтран хэрэгжүүлэхэд уриалсан.

Гишүүний ахалсан ажлын хэсгийн боловсруулсан “20 минутын хот” үзэл баримтлал жилийн турш олон индэрт хэлэлцэгдлээ. Гишүүн үзэл баримтлалыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж, нийслэлийн шийдвэр гаргагчидтай санал солилцов. Монголын эдийн засгийн форум–2025-ын “Хот төлөвлөлт ба хотын эдийн засаг” салбар хэлэлцүүлэгт оролцож, хот төлөвлөлт, хотын эдийн засгийн уялдааны асуудлыг хөндсөн. Мөн төслийн удирдлагын мэргэжилтнүүдийг нэгтгэдэг PMI Mongolia Chapter-ийн бага хуралд үндсэн илтгэгчээр оролцож, “Үр дүнд суурилсан төлөвлөлтийг нэвтрүүлэх нь: 20 минутын хот” сэдвээр илтгэл тавив. Илтгэлдээ төрийн бодлогыг зарцуулсан төсвөөр бус, иргэдийн амьдралд гарсан бодит өөрчлөлтөөр хэмжих шаардлагатайг онцоллоо.

Хүний эрх, аюулгүй байдлын чиглэлээр гишүүн Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Гамшиг, онцгой байдал бол зайлшгүй зүйл” сэдвээр илтгэл тавьж, хот төлөвлөлт, дэд бүтцийн шийдлийг гамшгийн эрсдэлийг тооцож боловсруулах ач холбогдлыг тайлбарлав. Хүний эрхийн форум–2025-ын “Хүний эрх ба хот төлөвлөлт” салбар хуралдаанд илтгэгчээр оролцож, аюулгүй, хүртээмжтэй хотын орчин бол иргэний үндсэн эрхийн асуудал гэдгийг онцолсон. Мөн хүний эрхийг таван жилийн үндсэн чиглэлд тусгасан байдлыг танилцуулах уулзалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг дахин загварчлах нь” сэдвээр илтгэл танилцууллаа.

Гишүүн бодлогыг олон нийтэд хүргэдэг сэтгүүлчид, иргэний нийгэм, залуучуудтай ч тогтмол харилцлаа. Хэвлэлийн хүрээлэн, Сэтгүүл зүйн хөгжлийн “Үүр” төвийн сэтгүүлчдийн чадавхжуулах хөтөлбөрийн оролцогчдод хот төлөвлөлтийн олон улсын болон Япон Улсын туршлагыг танилцуулсан. Иргэний нийгэм, иргэдийн оролцоо, хяналтын асуудлаарх хэлэлцүүлэгт оролцож, төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов. Мөн МУИС-ийн Justitia болон Psyche клубийн оюутнуудтай “Залуучуудын улс төрийн оролцоо” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, залуучуудын санал, асуултыг сонслоо.
Facebook
Twitter
Youtube


ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ
Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ
“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд Архангай аймагт ажиллаж байна

Сэтгэгдэл бичих