Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой


10-р сарын 9
9 цаг 44 минут

      Сүүлийн үед Монгол орны олон аймаг, сумын суурьшлын бүсэд, цаашилбал нийслэл хотод хүрэн баавгай орж ирэх тохиолдол нэмэгдэж, иргэдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулах боллоо. Өчигдөр Монголчуудыг цочроосон харамсалтай хэрэг хүртэл гарав. Урьд нь ой тайгын гүнд амьдарч, хүнээс аль болох зай барьдаг байсан энэ амьтан яагаад гэнэт айл хот, суурин газар бараадах болов гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Үүнийг зөвхөн баавгайн тоо толгой өссөн, эсвэл зэрлэг амьтан хүний амьдрах орчинд халдаж эхэлсэн мэтээр тайлбарлах нь өрөөсгөл юм. Харин ч хүн төрөлхтөн, тэр дундаа бид өөрсдөө ойн амьтдын идэш тэжээлийг булааж, амьдрах орчныг нь алдагдуулсны үр дагавартай нүүр тулж байж болзошгүй. Энэ асуудлын гол зангилааны нэг нь хуш модны самар юм.

Монголчууд хушны самрыг байгалийн баялаг, хүнсний бүтээгдэхүүн, орлогын эх үүсвэр хэмээн үздэг. Гэвч самар бол зөвхөн хүний хэрэглээний бүтээгдэхүүн биш. Энэ нь ой тайгын амьтдын, тэр дундаа хүрэн баавгайн намрын улирлын чухал идэш тэжээл.

Баавгай өвлийн ичээндээ орохын өмнө биеийн жингээ нэмэгдүүлж, хангалттай хэмжээний өөх тос хуримтлуулах шаардлагатай байдаг. Үүнд тослог, илчлэг ихтэй хушны самар чухал үүрэг гүйцэтгэнэ.Гэтэл сүүлийн жилүүдэд хушны самрыг арилжааны зориулалтаар их хэмжээгээр түүх явдал ой тайгын байгалийн тэнцвэрт байдалд дарамт учруулах болсон. Самрын үнэ өсөхийн хэрээр түүнийг түүх сонирхол нэмэгдэж, хүмүүс ой тайгын гүн рүү машин техник, тоног төхөөрөмжтэй нэвтрэх нь олширчээ. Үүний улмаас зөвхөн самрын нөөц багасаад зогсохгүй зэрлэг амьтдын амьдрах орчинд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дарамт нэмэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, бид баавгайн хоолыг нь түүж аваад зогсохгүй хоол тэжээлээ олж иддэг орчинд нь хүртэл тайван амьдрах боломж олгохгүй байгаа хэрэг.

2026 оны нөхцөл байдал үүнийг улам тод харуулж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээлснээр, энэ жилийн хуш модны самрын ургацын хэмжээ хэвийн түвшнээс эрс буурч, 40 хувьд ч хүрэхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, байгаль өөрөө хангалттай хэмжээний самар ургуулаагүй байхад хүн нэмж түүвэл ойн амьтдад үлдэх идэш тэжээл улам хомсдох нөхцөл бүрджээ. Ийм нөхцөлд баавгай ердийн амьдрах орчноосоо гарч, өөр газраас хоол хүнс хайхаас өөр аргагүйд хүрнэ. Ялангуяа бамбарууштай эм баавгайн хувьд өөрийгөө төдийгүй үр төлөө тэжээх шаардлагатай учраас идэш тэжээлийн хомсдол илүү хүндээр тусдаг. Албаныхны мэдээллээс үзвэл энэ намар суурьшлын бүсэд ойртсон баавгайнуудын дунд туранхай, эцэнхий, бамбарууш дагуулсан амьтад цөөнгүй байна. Зарим баавгайд хийсэн задлан шинжилгээгээр ходоодонд нь идэш тэжээл байгаагүй нь тогтоогджээ. Энэ бол анхаарал татахуйц баримт. Баавгай хүнтэй ойртохыг хүссэндээ бус, өлсгөлөнгийн улмаас эрсдэлтэй орчинд орж ирж байгааг илтгэх нэг шинж юм.

Есдүгээр сарын сүүлчийн байдлаар 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 240 гаруй дуудлага, тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн. Энэ нь ганц нэг аймагт тохиолдсон санамсаргүй үзэгдэл бус, өргөн хүрээнд анхаарал хандуулах шаардлагатай байгаль орчны асуудал болсныг харуулж байна.

Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам есдүгээр сарын 10-нд хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийг хориглох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн үндэслэл нь самрын ургац муу байгаа болон зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолтой шууд холбоотой. Энэ шийдвэр өөрөө нэг зүйлийг тодорхой харуулж байна. Хушны самрын нөөц, түүнийг хүний хэрэгцээнд ашиглах хэмжээ, баавгай зэрэг зэрлэг амьтдын амьдрах нөхцөл хоорондоо нягт уялдаатай ажээ. Гэхдээ баавгай суурин газар руу орж ирж буй бүх тохиолдлыг самрын түүлтээс шууд шалтгаалсан гэж дүгнэхэд өрөөсгөл. Самрын байгалийн ургацын бууралт, ган хуурайшилт, ой хээрийн түймэр, амьдрах орчны доройтол, хүнсний хаягдал зэрэг олон хүчин зүйл зэрэг нөлөөлж байгаа. Түүнчлэн ОХУ-ын хил залгаа бүс нутгаас идэш тэжээл хайсан баавгай Монголын нутагт орж ирж байгаа тухай ч холбогдох албаныхан мэдээлсэн. Гэвч эдгээр шалтгаан дундаас хушны самрын асуудлыг онцгойлон авч үзэхээс аргагүй. Учир нь самрын байгалийн ургац муудах нь хүний хяналтаас гадуурх үзэгдэл байж болох ч үлдсэн самрыг нь ямар хэмжээгээр түүх вэ гэдэг бол бидний зохицуулж чадах асуудал юм.

Баавгай бол байгалийн тэнцвэрт байдлын нэг хэсэг. Түүнийг зөвхөн хүний амь нас, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй амьтан гэж харахаас гадна яагаад олон зуун жилийн турш амьдарч ирсэн ой тайгаа орхин суурин газар бараадах болсныг ойлгох хэрэгтэй.

Хэрэв ой тайгад нь хангалттай хоол тэжээл, тайван амьдрах орчин байсан бол баавгай хүний хашаа, хот айл бараадах шаардлага харьцангуй бага байх байв. Эцэст нь хэлэхэд, энэ намар Монголын олон аймагт баавгай суурин газар руу орж ирсэн явдал бол зүгээр нэг зэрлэг амьтны зан авирын өөрчлөлт биш. Энэ нь байгалийн нөөцийн хомсдол, хүний үйл ажиллагаа, экологийн тэнцвэр алдагдаж байгааг харуулсан ноцтой дохио юм. Бид хушны самрыг зөвхөн зах зээлд борлуулах бүтээгдэхүүн гэж харсаар байвал ойн амьтдын амьдрах нөхцөлийг улам хүндрүүлж мэднэ. Баавгай бидний гэрт ирэхийг хүсээгүй. Харин бид түүний гэрт үлдэх хоолыг нь багасгасан байж болзошгүй. Энэ бол өнөөдрийн асуудлын хамгийн гол сургамж юм. Эцэст нь хэлэхэд баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой ажээ.

 

Э.Солонго

Эх сурвалж: sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой49 минут 19 секундын өмнөУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ1 цаг 5 минутын өмнөМонгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа1 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан1 цаг 14 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 7. 17:253амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо10 сар 7. 17:23Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ10 сар 7. 17:16Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ10 сар 7. 17:12Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ10 сар 7. 17:03Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 7. 16:57Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна10 сар 7. 12:06ХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол10 сар 7. 11:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.