С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал


10-р сарын 12
13 цаг 01 минут

     “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт нээлтийн үгэндээ, Өнөөдөр бид “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” гэсэн цаг үеэ олсон чухал сэдвээр чуулж байна. Энэ сэдвийн цаана энгийн атлаа чухал асуулт бий. Энэ бол эмэгтэйчүүд парламентад хэдэн суудал эзэлж байна гэдгээс илүүтэй тэдний дуу хоолой, оролцоо иргэдийн амьдралд чухам ямар өөрчлөлт авчирч байна гэдэг асуулт юм. Өнөөдрийн чуулганы гол утга учир энэ асуултын хариултыг олоход оршино гэж би үзэж байна хэмээн онцлов.

1.jpg

Тэрбээр, Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиараа эмэгтэйчүүдийн сонгох сонгогдох эрхийг баталгаажуулсан түүхтэй. Тэр цагаас хойш бүтэн зууныг туулж 1992 онд гуравхан эмэгтэй гишүүнтэй байсан Монголын парламент өнөөдөр 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Энэ бол бидний хамтын ололт, ардчиллын хөгжлийн бодит ахиц юм. Гэхдээ бидэнд үүнээс ч чухал зорилт бий. Эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь энэ зорилгодоо хүрэхэд бүрэн хангалттай биш. Харин тэдний мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал юм. Өнөөдөр Монголын эмэгтэй парламентчид хүүхдийн эрх, гэр бүлийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин зэрэг нийгмийн амин чухал асуудлаар манлайлж байна. Тухайлбал бид Гэр бүлийн тухай хуулиа 27 жилийн дараа шинэчлэн баталж, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг баталгаажуулан бэхжүүллээ. Энэ бол төлөөлөл бодит нөлөөлөл болж буйн нэг жишээ. Учир нь парламентын баталсан хууль бүрийн цаана хүн бүрийн амьдрал бий. Хууль сайн байх эсэхийг баталсан хуулийн тоогоор бус хамгаалж чадсан хүний эрх, өөрчилж чадсан өөдрөг сайхан амьдралаар хэмжих ёстой хэмээн тодотгосон.

4.jpg

УИХ-ын дарга С.Бямбацогт, Өнөөдөр дэлхийн парламентын суудлын 27 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч парламентын дарга нарын ердөө 20 орчим хувь нь эмэгтэй байгааг онцлоод, энэ бол эмэгтэйчүүдийн төлөөлөл өсөж байгаа ч шийдвэр гаргах бодит эрх мэдэл, нөлөөлөл тэр хэмжээнд хараахан хүрээгүй байгааг харуулж байгааг дурдав.

5.jpg

Тэрбээр, Бидэнд зөвхөн эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх бодлого хангалтгүй. Тэдний санаачилга шийдвэр болдог, манлайлал нь үнэлэгддэг, эрх мэдэл хариуцлага нь бодитоор хэрэгждэг тийм орчин хэрэгтэй. Эмэгтэйчүүдэд илүү их боломж олгоно гэдэг нь эрэгтэйчүүдийн боломжийг хумьж хязгаарлах асуудал биш. Харин улс орны хөгжил, хүний сайн сайхны төлөө, эмэгтэйчүүдийнхээ оюун ухаан, авьяас чадварыг бүрэн ашиглах тухай юм. Энэ бол зөвхөн жендэрийн асуудал биш. Энэ бол ардчиллын чанар, сайн засаглал, хөгжлийн асуудал билээ. Монгол Улсын Их Хурал ч энэ зарчмыг баримтлан ажиллаж байна. Бид “Нээлттэй парламент” шинэчлэлийг хэрэгжүүлж гишүүдийн ирц, санал хураалт, хууль тогтоох үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгосон. Мөн “УИХ таныг сонсож байна” цахим сувгийг нэвтрүүлж иргэдийн санал хүсэлт хүсэлтийг шийдвэр гаргах үйл явцтай холбохыг чармайн ажиллаж байна. Энэ шинэчлэлийг манай эмэгтэй парламентчид идэвхтэй манлайлж байгааг онцлон хэлье. Бидний зорилго тодорхой. Иргэдээ сонсдог, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, иргэдийнхээ амьдралд бодит өөрчлөлт авчирдаг, нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой, иргэний хяналттай парламент байхыг зорьж байна. Өнөөдрийн чуулганаар бид зөвхөн санал солилцоод өнгөрөх бус улс бүр дээр хэрэгжүүлж болох бодит шийдэл, хамтын санаачилгатай буцах учиртай. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, тэдний манлайллыг шийдвэр гаргах бодит эрх мэдэлтэй хэрхэн холбох, эмэгтэй парламентчдын санаачилгыг иргэдийн амьдралд хүрэх үр дүн болгон хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн асуултад бодит хариу өгөх нь бидний хамтын зорилго байх ёстой. Эцэст нь нэг зүйлийг онцлон хэлье. Төлөөлөл бол боломж, нөлөөлөл бол хариуцлага. Харин бодит өөрчлөлт бол ард түмний итгэлийг ажлын үр дүнгээр хариулж байгаа хэрэг юм. Энэ чуулганаас гарах санаачилга шийдэл бүр улс орнуудын парламентын үйл ажиллагаанд шинэ ахиц авчирч, иргэдийн амьдралд бодит үр дүнгээ өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна гэлээ.

9.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлтдээ, Өнөөгийн дэлхий ертөнцийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх, ёсыг сахиулах, хөгжлийг тэтгэхэд дэлхийн улс орнуудын эмэгтэй удирдагчдын үүрэг, оролцоо, манлайлал нэн чухал байдаг. Улс орны парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил, дайн тулаан, тэмцэл мөргөлдөөн гарах магадлал багасдаг болохыг судлаачид нотолдог. Мөн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн чадавхыг сайжруулах, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэрэг бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэй хууль тогтоогчид илүү их үүрэг гүйцэтгэдэг билээ. Тиймээс хүйсийн тэгш бус байдлаас ангид дэлхий ертөнцийг бий болгох нэгдмэл зорилгын хүрээнд эмэгтэй удирдагчдын манлайлал түншлэлийг хөгжүүлэхийн төлөө Монгол Улс энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулж байна. Эмэгтэйчүүд нь хууль тогтоох, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн бодлого тодорхойлох, төсөв батлах, нөөц хуваарилах, Засгийн газарт хяналт тавих бүхий л түвшинд эрх тэгш оролцож байж эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах үйл явцад бодит утгаараа нөлөөлөл үзүүлж чадах болно хэмээжээ.

13.jpg

Эмэгтэйчүүд шийдвэр гаргах үйл явцад тэгш эрхтэй оролцох үед институцүүд илүү хүртээмжтэй, бодлого илүү хариуцлагатай болж нийгэм илүү уян хатан болдог. Монгол Улс нь харилцан хүндэтгэл, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг тууштай дэмжиж ирсэн орны хувьд цаашид эмэгтэйчүүдийн манлайлал, тэгш оролцоог бэхжүүлэх, олон улсын найдвартай түнш бат бөх гүүр байх болно. “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт энэхүү Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас гарах санал зөвлөмж, бодлогын баримт бичиг нь эмэгтэйчүүд зөвхөн төлөөлөлтэй байхаас гадна улс үндэстэн, хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлох, шийдвэрт бодитоор нөлөөлөх боломжийг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна хэмээн илгээлтэд онцолсон байна.

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд Хорват Улс, Уганда Улс, Бурунди Улсын парламентын дэд дарга нар үг хэлсэн.

10.jpg

Хорват Улсын парламентын дэд дарга С.Гласовак, Өнөөдөр дэлхийн улс орнуудын үндэсний парламентуудын гишүүний 27,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Зөвхөн 28 улсад эмэгтэйчүүд төрийн түрүүн, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байна. Африкийн эртний нэгэн зүйр үг байдаг. “Эрэгтэй хүнийг сургавал нэг хүнийг боловсролтой болгоно. Харин эмэгтэй хүнийг сургавал нэг үндэстнийг боловсролтой болгоно” гэсэн үг бий. Боловсрол маш чухал. Гэвч олон охид боловсрол эзэмших боломжгүй хэвээр байна. Охид нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцсоноор нэгэн өдөр нийгмийн удирдах боломжтой болох юм. Бидний туршлага, үзэл бодол боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, эдийн засаг, аюулгүй байдал, энх тайван, нийгмийн шударга ёсны асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр туршлага шийдвэр гаргах үйл явцын нэг хэсэг болсон үед ардчилал илүү төгөлдөр болдог. Бидний бие биедээ өгч чадах хамгийн том давуу талуудын нэг бол эв санааны нэгдэл юм. Нэг эмэгтэйн амжилтыг онцгой тохиолдол гэж үзэх ёсгүй. Харин дараагийн эмэгтэйд амжилтад хүрэх замыг илүү хялбар болгох ёстой хэмээлээ.

11.jpg

Уганда Улсын парламентын дэд дарга Т.Таебва, “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” хэмээх цаг үеэ олсон чухал сэдвийг сонгосон зохион байгуулагчдад баяр хүргэе. Төлөөлөл бол зөвхөн эхлэл юм. Парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийг хангах нь чухал хэдий ч ахиц дэвшлийг хэмжих хамгийн чухал үзүүлэлт бол эмэгтэйчүүд ард иргэдийнхээ амьдралд нөлөөлөх хууль тогтоомж, бодлого шийдвэрийг боловсруулахад бодитой нөлөө үзүүлж чадаж байгаа эсэх явдал юм. Уганда Улс эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэх зорилтот алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд олон эмэгтэй парламентын гишүүнээр сонгогдон хууль тогтоох, хяналт тавих, ард иргэдээ төлөөлөх үйл ажиллагаанд оролцох боломж бүрдсэн. Парламентаас гадна эмэгтэйчүүд Засгийн газрын танхим болон төрийн бусад өндөр албан тушаалд ажиллах боломжтой болсон. Тэдгээр албан тушаалд эмэгтэйчүүд улс орон болон дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах шийдвэр гаргаж, тэдгээрийг хэрэгжүүлж байна. Бид өнөөдөр нэгэн чухал асуултыг хэлэлцэхээр энд цуглаад байна. Парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл байх нь тэдэнд шийдвэр гаргах үйл явцад утга учиртай оролцож, бодит үр дүнд нөлөөлөх боломж болж чадаж байна уу гэсэн асуултад хариулах учиртай.

Өнөөдөр манай улсын Дэд ерөнхийлөгч болон Ерөнхий сайдаар эмэгтэй хүн ажиллаж байна. Засгийн газрын бусад өндөр албан тушаалд ч эмэгтэйчүүд ажиллаж байна. Гэхдээ бид эмэгтэйчүүдэд илүү өргөн боломж олгох ёстой. Мөн эмэгтэйчүүд улс орны болон дэлхий нийтийн бодлого, зорилт, асуудлыг тодорхойлоход бодитой үр нөлөөтэй оролцож байгаа эсэхийг байнга асууж, үр дүнг нь үнэлж дүгнэх хэрэгтэй. Ийм учраас энэхүү чуулга уулзалтын арга хэмжээ онцгой ач холбогдолтой гэлээ.

12.jpg

Бурунди Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Бусесиа Нкезимана, Бурунди Улсын төөлөгчид шийдвэр гаргах үйл явцад оролцож эмэгтэйчүүдийнхээ туршлагаас хуваалцахыг зорьж байгаагаа тодотгоод, энэхүү чуулга уулзалт үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн нөлөөг хөгжүүлэх бодитой арга замуудыг тодорхойлох боломж олгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Чуулга уулзалтад 23 орны 88 төлөөлөгч оролцож буй бөгөөд Бүгд хуралдаанаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал1 цаг 4 минутын өмнөАИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ1 цаг 10 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв1 цаг 16 минутын өмнөКувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд3 цаг 29 минутын өмнөЦагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг4 цаг 39 минутын өмнөБагахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо4 цаг 41 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа4 цаг 55 минутын өмнөДорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа4 цаг 59 минутын өмнөГаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ5 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно5 цаг 13 минутын өмнөУИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.10.05-10.0910 сар 10. 8:52Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.