ХААИС-ийн Загас үржүүлэг, технологийн ангид 2015 онд элсэн орлоо.
Тухайн үед мэргэжил сонголтыг маань сонссон хүмүүс гайхаж, инээж, зарим нь бүр хошигнодог байв. Загас үржүүлэг гэдэг миний хувьд зүгээр ч нэг ховор мэргэжил биш, Монгол орны гол мөрөн, усан орчин, цэнгэг усны экосистемтэй ирээдүйг минь холбосон үнэ цэнтэй сонголт байсан юм.
Доктор О.Оюунтуяа багшийн анги дахь цор ганц оюутан нь би. Тэдгээр он жилүүд надад мэргэжлийн суурь мэдлэгээс гадна бие даах, хариуцлага үүрэх, зорьсондоо тууштай байх, харах өнцгөө нэмэгдүүлэх зэрэг олон ч сайн сайхан чанарыг суулгасан.
2019 онд сургуулиа төгслөө. Ихтиологич Б. Мөнхзориг ах маань дөнгөж эхэлж байсан “Чулуут тул” төсөлд ажиллах санал тавив. Би ч тэр урилгыг амьдралынхаа дараагийн, хамгийн утга учиртай алхам хэмээн хүлээн авч, төслийн багт шууд нэгдсэн.
“Чулуут тул”-ын анхны санаачилга 2018 онд гарч, 2019 оноос Архангай аймгийн Тариат сумын Чулуут голын сав газарт хэрэгжиж эхэлсэн байгаль хамгааллын төсөл. Төслийн зорилго нь нэн ховор тул болон түүний амьдрах орчны экосистемд чухал үүрэгтэй зэвэг, хадран зэрэг Монгол орны загасыг зориудаар үржүүлэх, нөөцийг сэргээн байгальд нь буцаан нутагшуулах явдал байв.
Энэ ажил нь зөвхөн жараахай өсгөж, голд тавих тухай биш. Эх орныхоо юугаар ч сольшгүй ганган тансаг байгалийг ирээдүй хойч үедээ үлдээх, хайрлан хамгаалах сэтгэлгээтэй иргэнийг төлөвшүүлэхийг зорьдог төсөл юм. Төслийн эхний жилд бид Алтаад голын эрэгт хээрийн лабораторио байгуулж, хадран, зэвэг зэрэг загасны түрсийг үр тогтоон бойжуулах болсон юм. Жил бүрийн хавар бол бидний хувьд хамгийн хариуцлагатай үе. Түрс бүрийн амьдрах чадвар, усны температур, хүчилтөрөгч, урсгал, бойжилтын нөхцөл зэрэг жижиг мэт боловч бүх зүйл эцсийн үр дүнд нөлөөлнө. Харин бойжсон жарамгайгаа эх голд нь буцаан тавих мөч бол энэ бүх хөдөлмөрийн хамгийн сайхан “хариулт” нь байдаг.
Олон жилийн тасралтгүй хөдөлмөрөөр “Чулуут тул” төслийн баг Чулуут голын сав газарт 4 сая гаруй жарамгайг бойжуулан нутагшуулжээ. Энэ нь энгийн нэг тоо бус, голын урсгалд дахин амьдрал нэмэх, алдагдаж буй экосистемийн тэнцвэрийг сэргээх, үр хүүхдүүддээ баялаг нөөцтэй цэнгэг гол мөрөн үлдээнэ гэсэн итгэл юм.
Энэ хугацаанд би биологич байхаасаа илүүтэй, гол мөрөн, ургамал амьтан, байгаль өөрөө ямар эмзэг бөгөөд ямар үнэ цэнтэйг өдөр бүр харж мэдэрч байв. Байгаль хамгаалал гэдэг нэг хүний, нэг улирлын, эсвэл нэг төслийн ажил биш. Энэ бол нутгийн иргэд, хувийн хэвшил, сайн дурынхан, судлаачид, төрийн байгууллагуудын бие биеэ дэмнэсэн, түшсэн урт хугацааны хамтын зүтгэл юм.
“Чулуут тул” төслийн сайн туршлага биднийг дараа дараагийн голын сав газрыг хамгаалах, үйл ажиллагаагаа тэлэх зориг, байгалийн нөөцийг сэргээх боломжийг бүрдүүлсэн. Ийнхүү “Илэнх” төслийг 2024 онд санаачилж, 2026 оноос Булган аймгийн Тэшиг сумын Илэнх, Эрин голын сав газарт хэрэгжих болсон. Энэхүү төсөл нь Эгийн голын сав газрын экосистемийг хамгаалах, доройтож буй загасны нөөцийг сэргээх, нутгийн иргэдийн оролцоонд суурилсан тогтвортой хамгааллын тогтолцоог бий болгоход чиглэж байна.
“Илэнх” төслийн хүрээнд олон улсын шаардлагад нийцсэн хээрийн лаборатори байгуулж, үржлийн улиралд хэдэн зуун мянган жарамгай бойжуулах хүчин чадалтай шинэ сууринг бий болгосон. Гэхдээ бидний зорилго лабораториор хязгаарлагдахгүй, судалгаа, популяцын мониторинг, усны чанарын үнэлгээ, амьдрах орчны хамгаалал, орон нутгийн иргэдийн мэдлэг ба оролцоог хамтад нь хөгжүүлэх нь энэ төслийн зорилго юм.
Намайг Энхтайваны Молор-Эрдэнэ гэдэг. Эргэн тойрныхон маань Мок гэж дууддаг. Би алс тэртээх Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрж өссөн. Тэр нутгийн уул ус, уудам тал, байгаль дэлхийн энгийн хэрнээ эгэлгүй их хэмнэл надад амьд бүхнийг хайрлан хамгаалах мэдрэмжийг хархан багаас минь суулгаж дээ гэж боддог.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө
Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана
Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Ой, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна

Сэтгэгдэл бичих