ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
УИХ-ын дэд даргаар 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан.
Улсын Их Хурлын гишүүний хувьд 2024 оны 07 дугаар сараас Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүнээр тус тус ажиллаж байна.
Гадаад томилолт, эрүүл мэндийн улмаас чөлөөтэй байснаас бусад үед бүх хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлж, үг хэлж, санал гаргасан.
2024-2026 оны хаврын ээлжит чуулганы хурлын үйл ажиллагаа:
Чуулганы нэгдсэн хуралдаан 111 удаа хуралдаж, 547 асуудал хэлэлцэж, 15 удаа чуулганы нэгдсэн хуралдаан даргалсан.
Төсвийн байнгын хороо 49 удаа хуралдаж, хамтарсан хурал 20 удаа хуралдаж 168 асуудал хэлэлцсэн.
Эдийн засгийн байнгын хороо 50 удаа хуралдаж, хамтарсан хурал 14 удаа хуралдаж 177 асуудал хэлэлцэв.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 5 удаа хуралдаж, 8 асуудал хэлэлцсэн.
2024-2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг:
УИХ-ын даргын 192 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг УИХ-д өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал дүгнэлт боловсруулж, УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажилласан.Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг, Холбоо, сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг, Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт тус тус ажилласан.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Уянга, Ц.Мөнхтуяа, О.Батнайрамдал, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Г.Очирбат нарын хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан.
Төсөв хэлэлцэн батлах үе шатыг цаг хугацаа, агуулгын хувьд өөрчлөх хүрээнд: Төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 01-ны өдөр өргөн барьж 11 дүгээр сарын 15-нд батлахаар хуульчилсан боловч Улсын Их Хурлын намрын чуулган 10 сард эхэлж байгаа нь төсвийн талаар Улсын Их Хурлын гишүүд, намын бүлэг, холбогдох талуудын бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг хязгаарлаж байна. Иймд Улсын Их Хурлын намрын чуулганыг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлж, Төсвийн төслийг 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэлэлцүүлэх. Ингэхдээ Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасан “... Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт ...”-ыг хэлэлцүүлгийг тусдаа үе шат болгон 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуульд оруулах зэргийг тусгасан талаар танилцууллаа.


2024-2025 оны гадаад хамтын ажиллагаа:
· НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч хатагтай Лин Цаог хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Их Хурал НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сантай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан.
Энэ хүрээнд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, энх тайван, шударга ёс, хүчирхэг институцийг бэхжүүлэхэд түлхэц болж, эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 20-30 хувь болгон нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн

· Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинг хүлээн авч уулзлаа.
1997 оноос хойш Азийн хөгжлийн банк нь Монгол Улсад буцалтгүй тусламж болон техникийн туслалцааны төслүүд дээр хамтран ажиллаж, хот болон суурин газрыг хөгжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж манай улсын тогтвортой хөгжлийг ахиулахад бодитой хувь нэмэр оруулах талаар санал солилцсон.Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд Тогтвортой байдлын чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Ази болон Алтайн бүс нутгийн улс орнуудын бодлого боловсруулагчид, шинжээчид, судлаачид, дадлагажигчдыг нэгтгэх зорилготой юм.Хэлэлцүүлэг нь бүс нутгийн түншлэлийн ач холбогдлыг онцолж, байгаль орчны нийтлэг сорилттой тэмцэх дэлхийн сургамж, шилдэг туршлагад тулгуурлан Ази болон Алтайн бүс нутагт хамтын ажиллагааг бий болгоход төвлөрнө. Ногоон санхүүжилт, техникийн хамтын ажиллагаа, дипломат харилцаанд анхаарлаа хандуулсан энэхүү яриа хэлэлцээнд ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг хүслээ.

· “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Тогтвортой байдлын чуулга уулзалтын талаар санал солилцов. Уг уулзалт нь Ази болон Алтайн бүс нутгийн улс орнуудын бодлого боловсруулагчид, шинжээчид, судлаачид, дадлагажигчдыг нэгтгэх зорилготой юм. Хэлэлцүүлгээр бүс нутгийн түншлэлийн ач холбогдлыг онцолж, байгаль орчны нийтлэг сорилттой тэмцэх дэлхийн сургамж, шилдэг туршлагад тулгуурлан Ази болон Алтайн бүс нутагт хамтын ажиллагааг бий болгоход төвлөрнө. Ногоон санхүүжилт, техникийн хамтын ажиллагаа, дипломат харилцаанд анхаарлаа хандуулсан энэхүү яриа хэлэлцээнд ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг хүссэн юм.
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлд:
НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс энэхүү уулзалтыг зохион байгуулахад тууштай манлайлан оролцож байгаад талархаж байна. Энэ жилийн уулзалтын агуулга, ач холбогдлыг сайшаахын сацуу дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэв.

· Бүгд Найрамдах Узбекстан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын салбарын болон хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, бэхжүүлэх талаар санал солилцов.
Бүгд Найрамдах Узбекстан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекстан Улсад хийсэн айлчлалаар хийсэн хэлэлцээрүүдийг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийллээ.

· Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Шэнь Миньжуан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурсныг онцлон цаашид хоёр улсын харилцаа болон хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед Монголын ард түмэн БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивласанд талархсанаа илэрхийллээ.

· Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар чуулга уулзалтад оролцов.
Энэ үеэр дэлхийн 181 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбооны бүтцийн байгууллагууд болох Удирдах зөвлөл, Байнгын хороод, Хүний эрхийн болон Ойрхи Дорнодын асуудлаарх хороод хуралдахаас гадна Эмэгтэй парламентчдын, Залуу парламентчдын форум тус тус зохион байгуулагдав.
ОУПХ-ны 150 дугаар чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг “Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд өрнөсөн. Хэлэлцүүлгээр гишүүн орнуудын төлөөлөгчид мэтгэлцэх, санал солилцох, бүс нутгийн түншлэлийг бэхжүүлж, парламентын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм. Мөн Энх тайван, олон улсын аюулгүй байдлын болон Тогтвортой хөгжлийн байнгын хороогоор хэлэлцсэн асуудлаар тогтоол батлагдахаас гадна Нэгдсэн хэлэлцүүлгийн хүрээнд үр дүнгийн баримт бичгийг ёсчлон батлав. Ассамблейн эхний өдөр Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Эмэгтэй парламентчдын форумд оролцлоо. Жендэрийн тэгш байдал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэй парламентчдын манлайлал, санаачилга, хамтын ажиллагаа бэхжүүлэх зорилготой уг форум байгуулагдсанаасаа хойш 40 дэх жилтэйгээ золгож байгаа аж.
Эмэгтэй парламентчдын форумын үеэр жендэрийн тэгш харилцаанд тулгардаг саад бэрхшээлийг арилгах томоохон зорилтыг дэлхий нийтийн өмнө тавьсан Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш мөн 30 жилийн ой болж буйг тэмдэглээд, төлөөлөгчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд гарсан ахиц дэвшил, цаашдын хандлага, шийдлийн хүрээнд харилцан зөвлөлдөв.
Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Пунсалмаа нар Ази, номхон далайн бүлгийн хуралд оролцож, бүс нутгийн түншлэлийг бэхжүүлж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг тэлэхэд парламентын үйл ажиллагааг чиглүүлэх хүрээнд харилцан санал солилцлоо. Өнгөрсөн онд Швецарын Холбооны Улсын Женев хотноо болсон ОУПХ-ны 149 дүгээр чуулга уулзалтын үеэр тус холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг сонгогдсон. Тэрбээр энэ удаагийн чуулганд Парламентчдын хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгчийн хувиар ажиллаж байна.

· Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн дарга Фабиан Хамилтон болон гишүүдтэй уулзлаа.
Монгол, Британи улсууд газарзүйн байршлын хувьд хол ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон нь харилцаа, хамтын ажиллагааны тулгуур болсоор ирснийг онцоллоо.
Түүнчлэн хоёр улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй тул Олон Улсын Парламентын Холбооны хүрээнд улам бүр өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн шинээр бүрдсэн парламентаас эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч буйг тодотгоод хэлэлцэн баталсан зарим хууль, тогтоомжуудаас дурдлаа.
ОУПХ-той харилцах Британийн парламент дахь бүлгийн дарга Фабиан Хамилтон, Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, парламентад жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарч, эмэгтэй гишүүдийн эзлэх хувиар Ази тивдээ тэргүүлэх үзүүлэлтэд хүрснийг сайшаан тэмдэглэв. Тэрбээр, УИХ-ын даргын айлчлалын үеэр Уэстминстерийн ордонд уулзалтууд амжилттай болсонд баяртай байгаагаа илэрхийлээд, айлчлалын үр дүнг бататгахад олон талт хэлбэрээр хамтран ажиллахаа хэллээ.

· Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламент Олий Мажилисын сенатын танхимын дарга Танзила Нарбаевад бараалхлаа.
2024 онд манай хоёр улс парламентын сонгуулиа тус тус амжилттай зохион байгуулсныг тэмдэглээд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсоныг тодотголоо.
Түүнчлэн Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар Ассамблейн үеэр бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаанд парламентуудын гүйцэтгэх үүрэг, хувь нэмрийг баталгаажуулж, хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, харилцан туршлага солилцоход чухал үр дүнтэй уулзалт хэлэлцүүлгүүд өрнөж байгааг тэмдэглэв. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, манай хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж, санаачилгын хүрээнд холбогдох яам, агентлагийн төлөөлөлтэй санал солилцсон хэмээн дурдлаа. Цаашид өсөн нэмэгдэх эдийн засгийн өгөөж бүхий, харилцан ашигтай хамтын ажиллагааг онцлох салбаруудад эрчимжүүлснээр бүс нутгийн түншлэлийг бэхжүүлэх давуу талтайг талууд онцолсон юм.

· Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой уулзлаа. Уулзалтын үеэр, УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдаж, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг томьёолон, үндсэн 5 зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх 16 зорилтыг тодорхойлсон гэдгийг дурдлаа. Энэ ташрамд тэрбээр, уг стратеги төлөвлөгөөний төсөлд ОУПХ-ноос улс орнуудын практик туршлагуудад үндэслэн мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол хүргүүлсэнд талархал илэрхийлэв. Үргэлжлүүлэн, тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентад 80 гаруй гишүүн шинээр сонгогдсоныг дурдаад, ирэх дөрвөн жилийнхээ стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлснийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд ОУПХ-ны дэмжлэгтэйгээр парламентын өөрийн үнэлгээний шалгуур үзүүлэлтээр суурь түвшинг тодорхойлох, үнэлгээ хийх чадамжийг бүрдүүлэх, УИХ-ын цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж буйг хэлэв.

· Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Хорватын парламентын гишүүн тус улсын парламент дахь Хорват-Монголын бүлгийн дарга Предраг Штромар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс Хорват Улсыг Европ дахь чухал түншийн нэг хэмээн үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол, Хорват Улс 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг үнэт зүйлсэд тулгуурлан хамтран ажиллаж ирсэн бөгөөд газарзүйн хувьд хол ч нийтлэг үнэт зүйлсийн нэгдэл нь харилцааг ойртуулж буйг тэрбээр дурдав.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнд 126 гишүүний бүрэлдэхүүнтэй парламент байгуулагдаж, эмэгтэй гишүүдийн тоо 32 болж, парламентын нийт бүрэлдэхүүний 25 хувийг эзэлж байна. Энэ нь парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөр Ази тивдээ тэргүүлэгч орны нэг болсон хэмээн онцлов.
Хорватын парламентын гишүүн Предраг Штромар, Монголын ардчиллыг өндрөөр үнэлдэгээ илэрхийлээд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим технологийн салбарт хамтран ажиллах оюутан, судлаач солилцох тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, соёл урлагийн төв байгуулах асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн уулзалтын үеэр Монгол Улсад байрлах “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төв”-ийг Хорватын санаачилсан “3 тэнгисийн санаачилга”-тай холбох замаар Зүүн Европ руу гарц нээх стратегийн боломж бүрдүүлэх асуудлаар санал солилцсон юм.

· Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Чех Улсын төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. Бид ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй хэмээн онцолж, 2024 онд УИХ-ын ээлжит сонгууль болж, Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 5 нам, эвслийн 126 гишүүн сонгогдсон.
Тэрбээр, УИХ-ын 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорциональ системээр сонгосон нь олон намын төлөөллийг хангаж, олон ургалч үзлээр хяналттай парламентыг бүрдүүлж чадсан. Түүнчлэн парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувьд хүрсэн нь Азид тэргүүлэгч орны нэг болоод байна. Шинээр бүрдсэн парламент эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр олон чухал хуулийн төсөл санаачлан хэлэлцэж байна. Ингэхдээ баталсан хуулийн тоонд ач холбогдол өгөх бус иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд оруулж буй хувь нэмрээр ажлын үр дүнгээ хэмждэг байх зарчимд шилжиж байгаа. Эдгээр өөрчлөлттэй холбогдуулан парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр “Гурван төгөлдөршил” бодлогыг дэвшүүлж шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийж байна хэмээн танилцууллаа.
Бүгд Найрамдах Чех Улсын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковец тус улсад 14 мянга орчим Монгол иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршиж сууж буйг дурдаад, тэдний 28 орчим хувь нь 18 хүртэлх насны иргэд гэдгийг тодотгов. Мөн тэрбээр, 2024 оны 03 дугаар сард манай улстай Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр хийсэн хэмээгээд хэлэлцээрийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

· Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Эд Кейс, Ами Бера, Доктор Нил Данн, Сара Якобс, Жонатан Л.Жексон нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, АНУ нь Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” бөгөөд стратегийн түншлэлийн хувьд онцгой байр суурь эзэлдэг гэдгийг тодотгов. Мөн хоёр улс газарзүйн хувьд алслагдмал хэдий ч АНУ манай орны ардчилал, зах зээлийн эдийн засгийг хоёр намын бодлогоор тууштай дэмжсээр ирсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.
Цаашид эрчим хүч, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, аялал жуулчлал, сансар судлал зэрэг салбаруудад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. АНУ-ын Конгрессын Төлөөлөгч Эд Кейс хамтын ажиллагааны хүрээнд судалгааны бүлэг байгуулах, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх болно гэдгээ илэрхийлсэн бөгөөд манай улсын парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь АНУ-ын Конгрессын танхимаас дээгүүр байгааг сайшааж, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд хамтран ажиллана хэмээлээ.


· УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтловатай уулзлаа.
Манай хоёр орны олон жилийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байна гээд өнгөрсөн хугацаанд Монголын 20 мянга гаруй оюутан залуус Чех Улсад боловсрол, мэргэжил эзэмшиж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийн гүүр болж ирсэн болохыг тэмдэглэв. Ардчиллыг бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой бөгөөд Монгол, Чехийн хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг, Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирснийг онцлон тэмдэглэлээ
Уулзалтын үеэр талууд хоёр орны парламентын онцлог, сонгуулийн тогтолцоо, эмэгтэйчүүдийн оролцооны талаар ярилцсан бөгөөд Чех Улсын Төлөөлөгчдийн танхимын ээлжит сонгууль 10 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болж, түүхэндээ хамгийн их буюу 67 эмэгтэй гишүүн сонгогджээ.
Харин манай улсын хувьд 2024 онд УИХ-ын ээлжит сонгууль болж, Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 5 нам, эвслийн 126 гишүүн сонгогдсон. Үүний 32 нь эмэгтэй гишүүн бөгөөд парламентын 25 хувийг бүрдүүлж байна. Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор Ази тивдээ тэргүүлэгч орны нэг болсон хэмээн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа онцлов.
Уулзалтын хүрээнд талууд хөдөлмөр зуучлал, тээвэр логистик, үйлдвэр, тоног, төхөөрөмж, бохир ус, хог хаягдал, цэвэршүүлэх технологийн талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Арга хэмжээ:
· "Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал" сэдэвт эмэгтэй парламентчдын III чуулган боллоо.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран өнөөдөр “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээг зохион байгууллаа.
Төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, үе үеийн Улсын Их Хуралд гишүүнээр сонгогдон ажиллаж байсан эмэгтэйчүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, жендэрийн манлайлагч улс төрчдийн төлөөлөл, аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний төлөөлөл оролцсон юм. Улсын Их Хурлын дэд дарга, Эмэгтэй парламентчдын зөвлөлийн тэргүүн Х.Булгантуяа “Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” сэдэвт илтгэл танилцуулав. УИХ-ын 8 удаагийн сонгуульд давхардсан тоогоор нийт 608 хүн сонгогдсоноос 65 буюу 10.7 хувь нь эмэгтэй байсан бол 2024 онд 25.4 хувь болж нэмэгдсэн. 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр болсон сонгуулийн дүнгээр байгуулагдсан АИХ-ын 430 депутатын 8 нь эмэгтэй, Улсын Бага Хуралд сонгогдон ажилласан ба 2 нь эмэгтэй гишүүн байжээ.
1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар “Төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал байна” гэж заасны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжиж, Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулийг 2-4 мандат бүхий томсгосон 26 тойрогт явуулж, 76 гишүүний 3 нь эмэгтэй гишүүн байв. УИХ-ын 1996 оны ээлжит сонгуулийн дүнд 76 гишүүний 8 нь эмэгтэй, эмэгтэй гишүүдийн дүнд эзлэх хувь 10.5 болж өмнөх сонгуулийн дүнгээс 6.6 нэгж хувиар өссөн байна. УИХ-ын 3 дахь удаагийн ээлжит сонгууль 2000 онд жижиг мажоритар системээр буюу нэг мандат бүхий 76 тойргоос олонхын саналаар гишүүдийг сонгосон. Нийт 76 гишүүний 9 нь эмэгтэй, эмэгтэй гишүүдийн дүнд эзлэх хувь 11.8 болж өмнөх оны сонгуулийн дүнгээс 1.3 нэгж хувиар өссөн. УИХ-ын 2004 оны ээлжит сонгуулийн дүнд 76 гишүүний 5 нь эмэгтэй буюу эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 6.6 болж өмнөх сонгуулийн дүнгээс 5.2 хувиар буурчээ. УИХ-ын 2008 оны ээлжит сонгуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай шинэчлэн найруулсан хуулийн дагуу 76 мандаттай, томсгосон 26 тойрогт явагдсан. Сонгуулийн дүнд 76 гишүүний 3 нь эмэгтэй буюу дүнд эзлэх хувь 3.9 болж өмнөх сонгуулийн дүнгээс 2.7 хувиар буурсан байна.
УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулийн хосолсон тогтолцоогоор анх удаа зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын 76 гишүүний 48-ыг олон мандаттай мажоритар 26 тойргоос, үлдсэн 28-ыг пропорциональ намын жагсаалтаар авсан саналын дүнгээр сонгож, сонгогдсон эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 14.5 болж 11 эмэгтэй гишүүн бүхий бүрэлдэхүүнтэй парламент бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.
УИХ-ын 2016 оны долоо дахь удаагийн ээлжит сонгуулийг томсгосон мажоритар буюу жижиг 76 тойргоос шууд сонгосон байна. Уг сонгуулийн дүнд 76 гишүүний 13 нь эмэгтэй, эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 17.1 болж өмнөх сонгуулийн дүнгээс 2.6 нэгж хувиар өссөн бөгөөд өмнөх парламентуудаас хамгийн өндөр үзүүлэлт байв.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулсан. Нийт 76 гишүүний 13 нь эмэгтэй буюу эзлэх хувь 17.1 буюу өмнөх сонгуулийн дүнтэй адил байв.
Эмэгтэй парламентчдын насны хувьд хамгийн залуу нь 32 настайдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол хамгийн ахмад нь 58 настайдаа сонгогдож байжээ. Нийт сонгогдсон эмэгтэй гишүүдийн дундаж нас 45 бөгөөд эмэгтэйчүүдийн талаас илүү буюу 36 гишүүд нь 40-49 настайдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон аж.
Хамгийн олон сонгогдсон эмэгтэй гишүүдийг дурдвал, С.Оюун 5 удаа, Т.Ганди, Д.Арвин нар 4 удаа тус тус сонгогдон парламентад ажиллаж байжээ. Харин нийт 65 эмэгтэй гишүүд сонгогдсоныг байршлаар харвал, 35 нь дүүргүүдээс, 25 нь аймгуудаас, 5 нь жагсаалтаар сонгогдож байсан бол хамгийн их давтамжтайгаар сонгогдсон эмэгтэй гишүүд нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс 8, Баянгол дүүргээс 5, Завхан аймгаас 7, Хэнтий, Сэлэнгэ аймгуудаас тус тус 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.
2012-2024 оны хооронд УИХ-ын гурван удаагийн сонгуулиар 11-13 эмэгтэй нэр дэвшигч сонгогдож, парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх суудлын тоо 11.5-17.1 хувьд хүрсэн нь ардчилсан сонгуулийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ хугацаанд 30 эмэгтэй улс төрч /давхардаагүй тоогоор/ УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан бөгөөд нийтдээ 127 хуулийн төслийг бие дааж болон бусад гишүүдтэй хамтран, мөн эмэгтэй гишүүдийн бүлгээрээ хамтран санаачилсан. Эмэгтэй гишүүдийн ажилласан, өргөн барьсан хуулийн төслүүдийн талаас илүү хувь нь батлагдсан байна. Сонгуулийн жилээр харьцуулж үзэхэд 2016-2020 онд сонгогдсон эмэгтэй гишүүдийн санаачилсан хуулийн батлагдсан хувь хэмжээ хамгийн өндөр буюу 25 хувь байжээ.
Эмэгтэй гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нь УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалт, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодод ихэвчлэн хамаарч байв.
Тодруулбал, эмэгтэй гишүүд хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эмзэг бүлгийн эрх ашиг, эрүүл мэндийн асуудалд илүү их анхаарч буй мэт боловч эдийн засаг, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, боловсрол, соёл зэрэг олон салбарт өргөн хүрээг хамарсан, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
2012-2016 онд УИХ-д сонгогдсон 11 эмэгтэй гишүүн бүлэг байгуулан, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг ажиллаж байсан юм. Тэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах үйлчилгээг хуульчлах, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдийн эрхийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах чиглэлээр хамтран хуулийн төсөл санаачилж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсан.
2016-2020 онд УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүн бүлэг байгуулан, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол ажиллаж байв. Тэд хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээг үзүүлдэг багш, эмч нарын хөдөлмөрийн үнэлгээг бодитой болгох, агаарын бохирдлыг бууруулах, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлуудад анхааран, ахмадын асрамжийн газрын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжих чиглэлээр ОУБ-уудтай хамтрах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ажилласан байна.
2020-2024 онд УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүн бүлэг байгуулан, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сонгогдон ажиллаж байсан. 2020 онд УИХ-ын гишүүн С.Одонтуяа УИХ-ын дэд даргаар сонгогдсон ба Монгол Улсын түүхэнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан анхны эмэгтэй болсон юм. Тэд эмэгтэй гишүүдийн бүлгээрээ хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд, залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин сайжруулахын тулд хамтран ажиллаж байна. Үүнээс гадна 10 гаруй үндсэн чиглэлд /хүүхдийн эрүүл, аюулгүй орчин, сургуулийн орчин, эрчүүдийн эрүүл мэнд, хүний хөгжлийн бодлого, ахмад настнаа асран хамгаалах, эмэгтэйчүүдийн насан туршийн боловсрол, цахим орчинд хүний эрх хамгаалах гэх мэт/ ажиллах тодорхой үйл ажиллагааны хөтөлбөр гаргаж, нэгээс гурван эмэгтэй гишүүн ахлах зохион байгуулалттайгаар ажиллаж байна.
Эмэгтэй улс төрчид УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд 2012 оноос хойш өөрийн болон эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 240 орчим төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, энэ хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор барилга байгууламж шинээр барих, засвар, өргөтгөл хийх, хуучин барилга байшингийн дээврийн засвар, дулаалгын ажил, зам засварын ажлуудын төсөв санхүүжилтийг шийдэж, төсөвт суулгаж, ажил хэрэг болгоход түлхүү анхаарсан. 2012 оноос хойш эмэгтэй гишүүдийн санаачилгаар хэрэгжсэн гурван төсөл тутмын нэг нь хүүхэд, залуучуудын асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан. Үүнээс гадна малчид, тариаланчид, өндөр настан, эмч, багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн амьдрах орчныг сайжруулах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төслүүд байв. Эдгээр төсөл, хөтөлбөрийн гурваны нэг нь иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зориулсан төдийгүй эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байсан.
2024 оны УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль нь холимог систем буюу 78 гишүүн тойрогт, 48 гишүүн жагсаалтаар, жендерийн квотыг 30 хувиар хуульчлан зохион байгуулагдаж 2 намаас тойргоос 8 эмэгтэй, 5 нам эвслийн жагсаалтаас 24 эмэгтэй нийт 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь түүхэн дээд амжилтыг 8 хувиар ахиулж, 25.4 хувьд хүрсэн.

· Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг угтан Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Чуулга уулзалтад “Парламентын хяналтын тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг танилцуулав.
Илтгэлээрээ “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-г танилцууллаа. Стратеги төлөвлөгөөг боловсруулах хүрээнд 2020-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээний тайлан, гадаад орнуудын парламентын стратеги, төлөвлөгөөний бүтэц, загварыг судалж өөрийн орны онцлогтой нийцүүлсэн болон шинээр бүрдсэн 126 гишүүн бүхий Улсын Их Хурлаас иргэд, олон нийт ямар хүлээлттэй байгааг судалсан талаар танилцуулж, Монголын парламентын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс болон таван зорилго, 16 зорилт, тэдгээрийн хүрэх үр дүнгийн талаар дурдсан.

· “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нээлт боллоо.
Улсын Их Хурал, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Скаутын холбоо хамтран 2021 оноос хойш үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөрийн нээлт боллоо.
“Өсвөрийн Парламент-2024″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 800 гаруй хүүхэд бүртгүүлснээс 126 сурагч шалгарчээ. Шалгаруулалтыг “Сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?” сэдэвт видео зохиомж, “Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол…” сэдэвт эсээ бичлэгээр явуулсан.Дөрөв дэх удаагийн “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрт оролцохоор шалгарсан 126 сурагчдын 45 нь эрэгтэй, 81 нь эмэгтэй бол есдүгээр ангийн 12, аравдугаар ангийн 36, 11 дүгээр ангийн 78 сурагч байна.
НҮБХС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комлан “Өсвөрийн Парламент-2024″-ийн оролцогчдод амжилт хүсэж, хүүхдийн эрхийн тухай товч дурдаж, эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах болон оролцооны эрхүүд бүгд өөр хоорондоо уялдаатай, харилцан нөхцөлдөж байдгийг тайлбарлан ярьсан юм.
НҮБХС-гаас хүүхдүүдийн сурах орчны эрүүл ахуйн талаар манай улсын төр, засагтай хамтран олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг дурдан, 6-17 насныхны дунд хүний стрептококын халдварын эрт илрүүлэг явуулж, илэрсэн тохиолдолд эмчилгээнд дэмжлэг үзүүлэх, сахуу, татрангийн болон 11 настай хүүхдүүдэд хийх хүний папиллома вирусын вакцинжуулалтыг дэмжих, сурагчдад эрүүл хооллолтыг сурталчлах аян, 6-18 насны сурагчдын эрүүл мэндийн дэвтрийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг товч танилцуулав. Мөн тус сангийн дэмжлэгтэйгээр “Охидын булан”, “Охидын өрөө” санаачилгыг өрнүүлж, улсын хэмжээнд нийт 170 сургууль, дотуур байранд сарын тэмдгийн эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлсэн.

· “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг УИХ-ын даргын ивээл доор зохион байгууллаа.
“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр нь нэг удаагийн төсөл бус, харин системтэй, тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-ийн судалгаагаар Монгол Улс дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийн зөрүү нийт 1.2 тэрбум ам.долларт хүрч, энэ нь жендэрийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж байгааг онцлон тэмдэглэсэн. Монгол Улсад бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ердөө 17 хувь нь банкны зээлтэй байгаа нь санхүүжилтийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулдаг ч эмэгтэй удирдлагатай ЖДҮ эрхлэгчдийн дундаж зээлийн хэмжээ ердөө 66.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдийн дундаж зээлийн хэмжээнээс 45.6 хувиар бага, жилийн зээлийн хүү нь 0.8 нэгж хувиар өндөр байгаа аж. Тиймээс энэхүү тэгш бус байдлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсад “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” санаачилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр эхлүүлж буй юм.
Монгол Улс 2024 онд энэхүү санаачилгад нэгдсэн нь манай эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор дэмжих, өгөгдөлд суурилсан бодлого хэрэгжүүлэх чиглэлд чухал ахиц гаргасан үйл явдал гэдгийг тодотгоод, тус хөтөлбөр нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлж, менежмент, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх, цаашлаад тогтвортой өсөлт, өрсөлдөх чадвартай бизнес эрхлэхэд нь бодитой дэмжлэг үзүүлнэ.
“Дэлхийн бизнес эрхлэгчдийн тойм судалгаа (Global Entrepreneurship Monitor)”-ны 2024 оны дүнгээр, дэлхийн хэмжээнд 10 эмэгтэй тутмын 1 нь бизнес эрхэлж байгаа нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн бөгөөд нийт бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 54 хувь нь эмэгтэйчүүд байгаа гэсэн тоон судалгаа гарчээ. Монгол Улсын хувьд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд бөгөөд эдгээрийн 87 хувь нь 10-аас цөөн ажилтантай бичил бизнес эрхэлж байна. Гэвч тэдгээрийн үйл ажиллагаа өргөжин тэлэхэд санхүүжилт, зах зээлийн дэмжлэг дутагдаж байгааг албаныхан хэлж байна.Түүнчлэн Санхүү эдийн засгийн их сургуулийн санхүүгийн зах зээлийн сургалт судалгааны хүрээлэнгээс явуулсан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн тогтвортой санхүүжилтийг дэмжих замаар банкуудын оролцоог нэмэгдүүлэх боломж” судалгааны үр дүнгээс үзэхэд эмэгтэй бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсролын сул байдал, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал байдал, жендэрийн хэвшмэл ойлголтууд, төрийн зүгээс бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн орчин сул зэрэг нь тулгамдсан асуудлууд болж байна.

· “БИД ЭМЭГТЭЙЧҮҮД” чуулганаар орон нутгийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр хамтран орон нутагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, нийгэмд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, тэдний манлайлах бололцоог сурталчлах, эерэг нөлөөллийг бий болгох зорилго бүхий “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
Тус форумд Япон улсын Нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, Японы тэргүүн хатагтай асан Абэ Акиэ оролцож төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ.
Чуулганд Нийслэл, Дүүрэг, Аймаг, Сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 800 эмэгтэй оролцож байна.

Facebook
Twitter
Youtube


Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд үргэлжилнэ
Баялгийн хулгайтай тэмцсэн нь буруудаж, хулгайч нар завшиж байна
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Сэтгэгдэл бичих