Өнөөдөр “Олон улсын ирвэсийн өдөр” тохиож байна. Байгаль дэлхийн нэгэн ховор амьтан бол “Уулын эзэн” хэмээн нэрлэгддэг цоохор ирвэс юм. Дэлхийн 12 улсад тархан амьдардаг энэ ховор амьтны өлгий нутгийн нэг нь Монгол орон. Цоохор ирвэсийн тоо толгойгоор манай улс дэлхийд хоёрдугаарт БНХАУ-ын дараа ордог.
Байгалийн унаган төрхөө хадгалсан өндөр уулсаар нутагладаг “Уулын эзэн”-ий тархан амьдардаг бүс нутгийн нэг нь Их Богд уулын Байгалийн цогцолборт газар юм.Тус бүс нутагт цоохор ирвэсийг хэрхэн хамгаалж, амьдрах орчныг нь хадгалан үлдээж байгаа талаар тус байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Гомбодоржтой ярилцлаа. Тэрээр “Ирвэс хамгаалах сан”-гаас зохион байгуулдаг ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагчаар 2025 онд шалгарч байсан юм.
-Та байгаль хамгаалагчаар хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу байв?
-Их Богд уулын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд тав дахь жилдээ байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Би ер нь хийж байгаа ажилдаа их дурламтгай хүн шиг байгаа юм. Уул уурхайн удирдлагаар төгсөөд 5-6 жил ажилласан. Нэг жил ой мод ихтэй хангайд ажиллаж байлаа. Мод, бут сөөг, ургамал ургуулахын тулд хэчнээн их зардал, цаг хугацаа, хөлс хүч зарцуулдаг билээ. Гэтэл нүдэн дээр хоромхон зуурт алга болж байгааг хараад хувь хүнийхээ хувьд их эмзэглэсэн. Тэгээд байгаль хамгаалагчийн мэргэжлийг сонгож, ан амьтан, байгалиа хамгаалан ажиллаж байна.
-Их Богд уулын Байгалийн цогцолборт газар байгаль, газар зүйн ямар онцлогтой вэ. Цоохор ирвэсийн амьдрах орчны хувьд ямар ач холбогдолтой нутаг вэ?
-Их Богд уул нь нүүдэлчдийн соёл иргэншил, түүх, байгалийн унаган төрх, байгалийн үзэгдлээс тогтож бий болсон өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газруудаараа онцлог.
Цоохор ирвэс өндөрлөг газарт амьдардаг. Их Богд уул далайн түвшнээс дээш 3957 метр өндөр учраас цоохор ирвэс амьдрах таатай орчин юм.
Манай хамгаалалтын захиргаа их онцлогтой. Хариуцан хамгаалдаг талбай маань говь, хангай, хээр тал хосолсон, эко системүүдийг хамгаалдаг. Аймгийн төвөөс хамгийн хол талбайдаа очих гэж 280 км замыг туулдаг.
2019 онд “Ирвэс хамгаалах сан”-гаас Их Богд ууланд 30 автомат камер байршуулж, есөн бодгаль бүртгэсэн байдаг. Харин 2024 онд 61 камер байршуулж, ирвэсийн 31 дүрс бичлэгийг буулгаж авсан. Хангайн нурууны өмнөд хэсгийн байгалийн цогцолборт газрын өргөтгөлийг манайх давхар хариуцдаг. Энэ хэсэгт ирвэсийн тархац, суурьшлын бүсийг тогтоох, автомат камераар ажиглалт хийх судалгааг “Ирвэс хамгаалах сан”-гаас энэ жил мөн зохион байгуулж байгаа. 2024 он болон энэ жилийн ирвэсийн тоо толгойн нарийвчилсан дүн шинжилгээ хараахан гараагүй байна.
-Та ажиллах хугацаандаа цоохор ирвэстэй холбоотой ямар сонирхолтой тохиолдолтой учирч байв. Ирвэсийн мөр, зураг болон бусад ул мөрөөр нь хэрхэн ажиглаж, бүртгэл хийдэг вэ?
-2024 оноос эхлэн өөрийн хариуцсан талбай болон Галуут сумын хэмжээнд цоохор ирвэсийн тархац, амьдрах бүсийг тогтоох, ажиглах, автомат камерын дүрсээр баталгаажуулах ажил хийж байна. Одоогоор ирвэсийн есөн дүрс бүртгэж, коридор нутгийн байршлыг тогтоогоод байгаа.
Ирвэстэй нүүр тулсан нэг тохиолдол бий. Айлын малыг хээрийн амьтан барьсан бололтой байхаар нь ажил үүргээ гүйцэтгэж яваад очтол ирвэс ард хэвтэж байсныг анзаараагүй. Тэгээд гэнэт нүүр тулсан. Ирвэс бол өндөр уулын экосистемийн нэг чухал амьтан. Экологийн тэнцвэрээ алдаагүй, байгалийн унаган төрхөө хадгалсан бүс нутагт амьдардгаараа онцлогтой.
-Цоохор ирвэсийн амьдрах орчинд өнөөдөр ямар аюул, бэрхшээл тулгарч байна вэ. Бэлчээрийн доройтол, идэш тэжээлийн хомсдол зэрэг хүчин зүйл хэрхэн нөлөөлж байна вэ?
-Бэлчээрийн талхагдал, малын тоо толгойн өсөлтөөс шалтгаалан ирвэсийн гол идэш тэжээл болох янгир ямаа дайжих тохиолдол гардаг. Үүнээс болж ирвэс айлын хот руу орох нь бий.
2025 оноос Их Богд уулын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Галуут сумын Засаг даргын Тамгын газар, “Ирвэс хамгаалах сан” гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Үүний хүрээнд хүн, зэрлэг амьтны зөрчлийг бууруулах хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, “Ирвэс хамгаалах сан”-гаас малчин өрхийн амьжиргааг гар урлалаар дэмжих төсөл хэрэгжүүлж байна. Мөн ирвэс айлын хот руу орохоос сэргийлж хоёр метр өндөр торон хашаа барих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.Ирвэс бүхий бүс нутагт малчин өрхүүдийн бүлэг байгуулан ажиллаж байна.
-Малчин өрхүүдийн бүлэг байгуулан ажиллаж байна гэлээ. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?
-Галуут сумын Үнэгт Гуравдугаар баг, Мандал тавдугаар багийн зарим хэсэгт халиун буга, аргал, янгирын тоо толгой, нягтаршил өндөр байдаг. Тиймээс малчин өрхүүдийг бүлэг болгон зохион байгуулж, тус бүрд нь хариуцан хамгаалах газар нутаг хуваарилан ажиллаж байна. Одоогоор хоёр багийн 19 өрх нийлсэн бүлэг байгуулагдсан. “Ирвэс хамгаалах сан”-тай хамтран хэрэгжүүлж байгаа ажил юм.
Нутгийн иргэд өөрсдийн амьдарч буй газрын онцлог, зэрлэг амьтдын тархац, хөдөлгөөнийг сайн мэддэг. Тиймээс тухайн бүс нутагт хууль бус агнуур гарахаас сэргийлэх, зэрлэг амьтдын хөдөлгөөнийг ажиглах, сэжигтэй зүйл илэрвэл цаг алдалгүй мэдээлэх боломжтой. Мөн зэрлэг амьтдыг үргээхгүй байх, амьдрах орчныг нь хамгаалахад нутгийн иргэдийн оролцоо чухал.
-Өнөөдөр “Цоохор ирвэс хамгаалах өдөр” тохиож байна. Та олон нийтэд юуг онцлон хэлэхийг хүсэж байна вэ?
-Хүмүүс цоохор ирвэс гэх амьтны тухай интернэт рүү ороод, эсвэл гарын авлагыг олж аваад судлах нь нэн түрүүний ач холбогдол байх. Ингэснээр энэ амьтан байгаль дэлхий, экологийн тэнцвэрт байдалд ямар хэрэгтэйг ойлгоно. “Ирвэсийн тоо толгой ихэсчихлээ, мал бариад байна” гэдэг хүмүүс бол буруу ойлголттой байдаг. Монгол оронд 900 гаруй цоохор ирвэс тоологдсон байдаг. Энэ нь нэг малчин өрхийн хотонд байгаа малын тоотой дүйцэхүйц хэмжээ юм. Тиймээс манай улсад цөөн тоогоор амьдардаг ховор амьтныг хууль бусаар агнахгүй байхыг хүсэж байна. Байгаль ганцхан таны гэр биш шүү дээ.
-“Ирвэс хамгаалах сан”-гаас ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагчдын уулзалтыг зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагааны ач холбогдлыг та хэрхэн хардаг вэ?
-Чухал үйл ажиллагаа гэж боддог. Ирвэстэй бүс нутгийн байгаль хамгаалагчид өндөр ууландаа судалгаа хийж, ирвэс, аргал, янгирын тархац, хөдөлгөөнийг ажигладаг. Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагчдад дуудлага их ирнэ. Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагч гэсэн шагнал бол миний хувьд маш үнэ цэнтэй шагнал юм. Уг үйл ажиллагаа нь олон олон байгаль хамгаалагчдад маш их урам зориг өгдөг гэдэгт итгэлтэй байна.
Хууль бус агнууртай тэмцэх чиглэлээр хийсэн ажлаараа 2025 онд шилдэг байгаль хамгаалагчаар шалгарсан. Шинэлэг санаачилгаар хийсэн ажил нь Галуут сумандаа ирвэсийн талаар иргэдэд мэдээлэл хүргэх өрөө танхимыг бий болгож, тохижуулж ажилласан. “Ирвэс хамгаалах сан”-гийн дэмжлэгтэй энэ онд тохижилтын ажлын бүр сайжруулсан Их дэлхийн ирвэсийн өдрөөрөө нээлтийг хийх гээд л байж байна даа. Хамтран ажиллаж байгаа “Ирвэс хамгаалах сан”-гийн хамт олонд талархал илэрхийлэхийг хүсэж байна.
-Байгаль хамгаалагчаар ажиллахад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?
-Байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл их гардаг. Мөн зургийн аппарат, бие хамгаалах хэрэгсэл зэрэг хэрэглэгдэхүүнүүд байгаль хамгаалагчдад дутагдалтай байдаг.
-Байгаль хамгаалагчаар ажиллахын хамгийн сайхан тал нь юу вэ. Та энэ ажлынхаа юугаар хамгийн их бахархдаг вэ?
-Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг. Мөн байгалийн сайханд дан ганц ирвэс гэлтгүй олон зүйл төрлийн ан амьтан ургамал дунд ажиллаж, ирээдүй хойч үедээ үлдээхийн төлөө явж байгаагаараа маш их бахархаж явдаг даа.
Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
Facebook
Twitter
Youtube


Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг
Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ
Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...
Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна

Сэтгэгдэл бичих