Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.23/ Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Улсын нөөцийн удирдлага эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, гамшгийн үеийн бэлэн байдал шуурхай ажиллах чадавхыг бэхжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Шадар сайд энэ үеэр тодотголоо. Мөн энэ хүрээнд орон нутгийн нөөцийн удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, нөөцийн хэрэгцээг тодорхойлоход мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, нөөцийн нэгдсэн мэдээллийн сан болон цахим удирдлагыг нэвтрүүлэх, агуулахын дэд бүтэц, санхүүжилтийн механизмыг шинэчлэх, бараа материалыг сэлгэх үйл ажиллагааг технологижуулах, гамшгийн үед шийдвэр гаргах ажиллагааг түргэн шуурхай болгоход чиглэсэн эрх зүйн зохицуулалтуудыг төсөлд тусгасан гэж байлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, стартегийн нөөц бүрдүүлэх нь чухал асуудал гэдгийг онцлов. Тэрбээр, улсын нөөц бүрдүүлэх, агуулах савыг бэлтгэх, бараа бүтээгдэхүүн элэгдсэн, хуучирсан нөхцөлд сэлгээ хийхэд багагүй хөрөнгө зарцуулж байгаа. Иймд улсын нөөц бүрдүүлэхэд зарцуулдаг хөрөнгийг дотооддоо үйлдвэрлэдэг гэдгээр хязгаарлахгүйгээр стратегийн нөөцөд хамаарах шатахуун, цагаан будаа зэрэг зарим бараа, бүтээгдэхүүнүүдээ хувийн хэвшлүүдэд өөрсдийнх нь нөөцийн агуулах саванд нь стандартыг дагуу хадгалуулах, улмаар нөхөх сэлгэх асуудлыг ч хариуцуулж, үүнд нь холбогдох байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар нь хяналтаа чанд тавих чиглэлд анхаарах шаардлагатай гэлээ.

Хуулийн төсөл 5 зүйлтэй бөгөөд төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар гарна гэж тооцсон байна. Тухайлбал, улсын нөөцийн үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах эрх зүйн таатай орчин бүрдэх төдийгүй орон нутгийн нөөцийг тогтоосон хэмжээнд бүрдүүлэх, хадгалах, зарцуулах, хяналт тавих үйл ажиллагааны чиг үүрэг, хүлээх хариуцлага тодорхой болсноор гамшгаас хамгаалах орон нутгийн чадавх дээшилнэ. Улсын нөөцийн бараа, материалын үлдэгдэл, хөдөлгөөнийг мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан хянах нөхцөл бүрдэж, нөөцийн удирдлага, төлөвлөлт болон зориулалтын дагуу зарцуулалт сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Түүнчлэн орон нутгийн нөөцийг бие даан бүрдүүлснээр тухайн бүс нутагт тохиолдсон гамшиг, ослын үед нэрвэгдэгсдэд нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай хүргэх удирдлагын тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах бэлтгэл ажил, хариу арга хэмжээ авах бэлэн байдлын түвшин чанарын шинэ шатанд гарна гэж тооцжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ
Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд
УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Сэтгэгдэл бичих