Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа


10-р сарын 24
10 цаг 27 минут

     Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хэрэгжүүлж буй төрийн айлчлалын хүрээнд талууд 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 10 баримт бичиг байгуулав.

“Боловсрол, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Финланд Улсын Засгийн газар хоорондын хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Финланд Улсын Боловсролын сайд Андерс Адлеркройц нар гарын үсэг зурав.

Тунхаглалын хүрээнд талууд биеийн тамир, спорт, боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүн амын биеийн хөдөлгөөний идэвхийг дэмжихэд чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү хамтарсан тунхаглал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын боловсрол, спортын салбарын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, байгууллага хоорондын харилцаа, туршлага солилцоог өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

“Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургуулийн ректор, профессор Марьо Каартинен нар гарын үсэг зурав.

“Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Финланд Улсын Зүүн Финландын их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд Монгол Улсын Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Финланд Улсын Зүүн Финландын их сургуулийн сургалт эрхэлсэн проректор, профессор Лаура Хирсто нар гарын үсэг зурав.

Энэхүү баримт бичгүүдийг байгуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд шалгарсан суралцагчдыг Туркугийн их сургууль болон Зүүн Финландын их сургуульд суралцуулна. Зүүн Финландын их сургуульд жил бүр 5 хүртэлх монгол оюутныг бакалавр, магистрт элсүүлэн суралцуулах бөгөөд Боловсролын яам болон Боловсролын зээлийн сангаар дамжуулан боломжийг нээж байгаа болно.

Түүнчлэн талууд суралцах ухаан (learning science), тархи судлал (neuroscience), хүүхдийн цогц хөгжил, боловсролын дата аналитик, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний чиглэлээр хамтарсан судалгаа хийнэ.

Мөн Монгол Улсын Боловсролын их сургууль болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Бүгд Найрамдах Финланд Улсын дээрх их сургуулиудтай хамтран багшийн боловсролыг шинэчлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлнэ.

“Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей болон Финландын Үндэсний музей хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын “Чингис хаан” Үндэсний музейн ерөнхий захирал, академич Сампилдондовын Чулуун, Финландын Үндэсний музейн ерөнхий захирал Элина Анттила нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд талууд музейн үйл ажиллагаа, цуглуулга, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар, форум хамтран зохион байгуулна. Хоёр музейн албан ёсны түншлэл нь Улаанбаатар болон Хельсинки хотуудын хооронд, түүнчлэн бүс нутгийн илүү өргөн хүрээг хамрах хамтран дэглэсэн үзэсгэлэн гаргах боломжийг бүрдүүлнэ. Монголын нүүдэлчдийн өв соёл (үүнд морьтны соёл, эсгий урлал, Монголын эзэнт гүрний өв гэх мэт) нь Скандинав болон Европын үзэгчдийн сонирхлыг ихээхэн татах бол, Финландын балар эртний хүмүүс, Арктикийн амьдралын хэв маяг, Фин-Угор соёлын тухай үзэсгэлэн нь Монголын үзэгчдэд Хойд Европын соёл иргэншилтэй танилцах онцгой боломжийг олгоно.

“Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Финланд Улсын Эдүтэн ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын яамны Гадаад харилцааны газрын дарга Баатарцолын Энхбаяр, Бүгд Найрамдах Финланд Улсын Эдүтэн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Анри Мууримаа нар гарын үсэг зурав.

Туркугийн их сургуулиас салбарлан гарсан Эдүтэн ХХК-ийн хиймэл оюун болон суралцахуйн аналитикт суурилсан цахим платформыг Монголын ерөнхий боловсролын бүх сургуулийн бага, дунд, ахлах ангийн хичээлд нэвтрүүлж, өргөжүүлэх боломжийг бий болгоно.

“КиВа үе тэнгийн дээрэлхэлийн эсрэг хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх тухай Монгол Улсын Боловсролын яам, Зүрх сэтгэлийн боловсрол ТББ болон Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын яамны Гадаад харилцааны газрын дарга Баатарцолын Энхбаяр, Зүрх сэтгэлийн боловсрол ТББ-ын ерөнхий захирал Цогтхүүгийн Алтансор, Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургуулийн ректор, профессор Марьо Каартинен нар гарын үсэг зурав.

Санамж бичгийг байгуулснаар Туркугийн их сургууль болон Бүгд Найрамдах Финланд Улсын Боловсрол, соёлын яамны хамтран боловсруулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх, турших болон түгээн дэлгэрүүлэх боломжийг нээж байгаагаар онцлог юм.

“Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хөвсгөл аймаг болон Бүгд Найрамдах Финланд Улсын Лапланд муж хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Мөнх-Өлзий, Бүгд Найрамдах Финланд Улсын Лапланд мужийн Бүс нутгийн захирагч Ханну Таккула нар гарын үсэг зурав.

Энэхүү баримт бичгийн хүрээнд хоёр улсын бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор талууд мэдлэг, сайн туршлагыг харилцан солилцоно. Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд цаа бугын аж ахуй, тогтвортой аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлал, байгаль хамгаалалд онцгойлон анхаарна.

“Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Финландын Худалдааны танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Баатаржавын Лхагважав, Финландын Худалдааны танхимын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Юхо Ромакканиеми нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд талууд худалдаа, хөрөнгө оруулалт, зах зээлийн боломжуудын талаарх мэдээлэл харилцан солилцохоос гадна бизнесийн төлөөлөгчдийн айлчлал, худалдааны мисс, бизнес форум, үзэсгэлэн, яармаг зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулна. Мөн хоёр орны компаниудыг холбох (business matchmaking), харилцан сонирхсон салбаруудад бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Энэхүү санамж бичиг нь Монгол, Финландын хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн шууд харилцаа, түншлэлийг бэхжүүлэх, хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Хонка Лог Хоум” ХХК болон “Хонкарэкэннэ” компани хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т “Хонка Лог Хоум” ХХК-ийн захирал Бадиагийн Энхбаяр, “Хонкарэкэннэ” компанийн гүйцэтгэх захирал Магнус Хиндстрём нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсад 20 жилийн турш хамтран ажилласан туршлагадаа тулгуурлан эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй финланд дүнзэн барилгын шийдлийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн орон сууц, сургууль, цэцэрлэг, аялал жуулчлал болон нийтийн зориулалттай барилгын төслүүдэд байгалийн гаралтай материалын хэрэглээг нэмэгдүүлэх, техникийн мэдлэг, туршлага солилцох, барилгын зураг төсөл, угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэхүү санамж бичиг нь Финландын барилгын технологи, туршлагыг Монголын зах зээлийн онцлог, хэрэгцээтэй уялдуулан чанартай, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шийдлийг нэвтрүүлэх, иргэдийн амьдрах, суралцах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх, хоёр орны хувийн хэвшлийн урт хугацааны түншлэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Бичура Энержи” ХХК болон “Полар Найт Энержи” компани хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Бичура Энержи” ХХХ-ийн гүйцэтгэх захирал Батбаярын Эрдэнэдорж, “Полар Найт Энержи” компанийн Технологи хариуцсан захирал Маркку Илөнэн нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсад дулааны эрчим хүч хуримтлуулах технологийг нэвтрүүлэх боломжийг судалж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрийн болон төвлөрсөн дулаан хангамжийн шийдлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжих, эрчим хүчний найдвартай байдлыг бэхжүүлэх, хоёр улсын цэвэр эрчим хүчний салбарын технологи, инновац, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө27 минут 14 секундын өмнөУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа33 минут 5 секундын өмнөМонгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа1 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан1 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ1 цаг 18 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа1 цаг 30 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ10 сар 23. 16:25Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.