Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жил, Хотын захиргаа байгуулагдсаны 102 жил, Нийслэл хүрээг Улаанбаатар гэж нэрлэсний 102 жилийн ой энэ онд тохиож байна.
1639 онд Халхын ноёд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн “Гэгээн” цол өргөж, Ширээт цагаан нуур хэмээх газар орд өргөө босгосон үйл явдлаар Улаанбаатар хотын түүх эхэлдэг. Өргөө хотыг нь Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ зэргээр нэрлэж байсан. Өргөө хот нь олон удаа нүүдэллэсний эцэс одоогийн Улаанбаатар хотын нутагт шилжин ирснээр хотын суурьшил эхэлжээ. Богд Хаант Монгол Улсын үед Нийслэл хүрээ хэмээн нэрлэж, Гандан, Зүүн хүрээ, Дамбадаржаа хийд, баруун, зүүн дамнуургачин, Маймаа хот, Консулын дэнж, Хүрээ болон Хороо харчуул хэмээн хуваадаг байв.
Нийслэл хүрээг 1924 онд Түр захиргаа удирдаж байсан бол тухайн жилийн дөрөвдүгээр сард анх удаа хотын захиргаа албан ёсоор байгуулсан түүхтэй. 1924 оны арваннэгдүгээр сарын 8- 28-нд хуралдсан Улсын анхдугаар их хурлаар хоттой холбоотой хоёр асуудал шийдсэний нэг нь Түр захиргааг бие даан хотын асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагаа явуулах чадамж бүхий жинхэнэ захиргаа болгосон. Харин хоёр дахь нь Нийслэл хүрээний нэрийг өөрчлөх тухай байжээ.
Хотын ажил хэргийг өмнө нь Дотоод яам, Сангийн яам, Гадаад яам хянаж, асуудлыг шийддэг байсан нь бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамж бүхий хотын захиргаа байгуулах шаардлагыг улам нэмэгдүүлж байв. Ингээд 1924 онд Хотын захиргаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг байгуулав. Хурлын анхны даргаар С.Данзан, Хотын захиргааны анхны даргаар М.Баярыг томилжээ. 102 жилийн тэртээх анхны ИТХ-ыг 45 төлөөлөгчтэй байхаар тогтсон нь өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилж байна. Тухайн үед нийслэл хот 23 хороотой байсан бөгөөд хороо тус бүрээс хоёр төлөөлөгч сонгож, санал хураалт явуулахад сондгой байхыг бодож, нэг хорооноос нь нэг төлөөлөгч сонгосноор 45 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ИТХ Түр хурлаа хийжээ. Түр хурлаар хотын ИТХ болон хотын захиргааг байгуулж дарга нарыг томилсон байна. Тэр цагаас хойших нэгэн зууны түүхэнд ИТХ-ын үйл ажиллагааны олон дүрэм, журам гарч шинэчлэгдэн боловсронгуй болсон ч 45 төлөөлөгчийн бүтцийг өөрчлөөгүй 102 жилтэйгээ золгож байна.
Улмаар Нийслэл хүрээний нэрийг өөрчлөх санал гаргаж, ИТХ-аар хэлэлцэхэд Зөвлөлтийн коминтерний төлөөлөгч Рыскулов “Улаанбаатар гэж нэрлэе” гэсэн санал хэлэв. Түүний оруулсан уг саналаар санал хураалт явуулахад 77 төлөөлөгч улсынхаа нийслэлийг “Улаанбаатар” гэж нэрлэхийг 100 хувь дэмжсэн байна. Ингээд Нийслэл хүрээг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хууль батлахаас хоёр цаг гаруйн өмнө Улаанбаатар гэж нэрлэх шийдвэр гарсан түүхтэй. Мөн өдөр анхны Үндсэн хуулиа баталж, Улаанбаатар гэх нэрийг Үндсэн хуульдаа оруулан орон даяар тунхаглан зарласан байна. Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбарын хамт өдгөө Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалж байна.
Нийслэлийн түүхэнд Монголын болон гадны сурвалжуудад арав гаруй нэрээр нэрлэж байсан бол 1924 онд Улаанбаатар нэртэй болсноор 1920-иод оны сүүлчээс энэ нэрээр нь нэрлэж хэвшжээ. Энэ үед Улаанбаатар хот 13 хороо, Амгаланбаатар дагуул хоттой нийт 14 хэсгээс бүрдэж байв. Хожим 1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааг өөрчлөн Октябрь, Ажилчин, Найрамдал, Сүхбаатар гэсэн дөрвөн районд хуваасан бол 1973 онд Гацуурт, 1976 онд Партизан, 1978 онд Багануур хороог шинээр нэмсэн юм.
Facebook
Twitter
Youtube


Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ
Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа
Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд
Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

Сэтгэгдэл бичих