Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 74 гишүүн хүрэлцэн ирснээр 58.7 хувийн ирцтэйгээр 10.00 цагт эхэлж, таван асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу холбогдох мэдээллийг танилцуулав.

Засгийн газраас энэ сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүний энэ сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 18 гишүүний энэ сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Жаргалан нарын энэ сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд тус тус хуваарилжээ.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа
Энэ өдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулахаар товлосон юм. Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа нэр дэвшигчийн талаар танилцууллаа.
Нэр дэвшигч Зоригтбаатарын Ганзориг нь 1985 онд Булган аймгийн Булган суманд төржээ. Өдгөө 41 настай, ам бүл 4 болохыг танилцуулсан юм. Нэр дэвшигч 1993-2003 онд Булган аймгийн I сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. 2003-2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, бакалаврын зэрэг эзэмшсэн бол 2016-2018 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. 2007-2008 онд Булган аймгийн шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 2009-2010 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2010 онд “Юнител” ХХК-ийн Захиргаа удирдлагын газарт гэрээний мэргэжилтэн, 2010-2014 онд “Хаан банк” ХХК-ийн Хуулийн хэлтэст хуулийн зөвлөх, 2014-2023 онд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2023 оноос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч З.Ганзориг нь төрийн албанд 14 жил, шүүгчээр 11 жил 10 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 3 жил ажилласан болохыг П.Золзаяа дарга танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан хяналтын шатны шүүхийн шүүгчид тавигдах хууль зүйн дээд боловсролтой байх; 35 нас хүрсэн байх; эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх; шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй байх; шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаатай байх; хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх; шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх; мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх; сүүлийн 6 жил улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх; Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь шүүгч байх болзол шаардлагуудыг нэр дэвшигч З.Ганзориг нь хангаж байгаа гэдгийг нэгбүрчлэн танилцуулав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар шүүгчид нэр дэвшигчээс авсан шалгалтад нэр дэвшигч З.Ганзориг нь бичгийн шалгалтад 50.41 оноо; мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 25.41 оноо; нийт 75.82 оноо авч I эрэмбэлэгдсэнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 10 сарын 05-ны өдрийн 233 дугаар тогтоолоор баталсан байна. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 10 сарын 07-ны өдрийн хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад I эрэмбэлэгдсэн нэр дэвшигч З.Ганзоригийг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Улсын Их Хуралд танилцуулж байгаа аж.

Хууль зүйн байнгын хорооны Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ сарын 08-ны өдөр “Нэр дэвшигч Зоригтбаатарын Ганзоригийг танилцуулах тухай” албан бичиг ирүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан журмын дагуу 26-ны өдрийн хуралдаанаараа танилцжээ.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Ө.Шижир, Д.Пүрэвдаваа, О.Алтангэрэл, Ц.Даваасүрэн, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, С.Ганбаатар, С.Эрдэнэбат нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлсэн юм.
Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын материал, бодлого, загвар хариултыг нээлттэй болгох нь энэ төрлийн маргаан шүүхийн шатанд хүрч буй тохиолдлуудыг бууруулахад чухал ач холбогдолтой хэмээгээд сонгон шалгаруулалтын ил тод байдыг хангах чиглэлээр судалж, шийдвэрлэх саналыг П.Сайнзориг гишүүн дэвшүүлсэн. Шүүгчийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн боловсруулж, зарим шатны шалгалтын хэлбэрт өөрчлөлт оруулсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа мэдээллээд, шалгалтын агуулга, гарын авлагыг нээлттэй болгох чиглэлээр ажиллаж байгаагаа дуулгасан. Шүүхийн төрөлжилтийн талаарх байр суурийг нь тодруулсан гишүүний асуултад нэр дэвшигч З.Ганзориг хариулахдаа дэмждэг хэмээсэн. Арилжааны болон бусад мэргэшсэн шүүхийг хөгжүүлэх нь шүүхийн чанар, мэргэшлийг дээшлүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлж байв.


Шүүхийн хараат бус байдал, иргэдийн шүүхэд итгэх итгэл, хууль дээдлэх ёсны үзүүлэлтийн талаар С.Эрдэнэболд гишүүн хөндөж, Монгол Улс хууль дээдлэх ёсны олон улсын үнэлгээгээр 143 орноос 68 дугаарт эрэмбэлэгдсэн хэдий ч иргэдийн шүүхэд итгэх итгэл хангалтгүй байгааг дурдсан. Зарим төрлийн хэрэг, маргааныг шийдвэрлэж буй байдал нь шүүхийн хараат бус байдалд эргэлзэх хандлага төрүүлж байгаа хэмээгээд шүүхийн хараат бусаар зарчмыг хангах талаар нэр дэвшигчээс байр суурийг нь тодруулсан. Нэр дэвшигч З.Ганзориг хариулахдаа, шүүхийн хараат бус байдлыг Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон олон улсын зарчмуудаар баталгаажуулсан байдгийг дурдаад, шүүгч хууль бус нөлөөлөлд өртсөн тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, улс төрийн албан тушаалтнууд шүүгчтэй уулзсан тохиолдолд бүртгэл хөтлөх зэрэг хамгаалалтын механизмууд байдгийг хэлж байв. Тэрбээр шүүгчийн үйл ажиллагаа нь зөвхөн хуульд захирагдаж, иргэний шударга шүүхээр хамгаалуулах эрхийг хангах зарчимд тулгуурлах ёстой хэмээн үзэж буйгаа хэлсэн. Ө.Шижир гишүүн шүүхийн шийдвэрийн 44.7 хувь нь давж заалдах болон хяналтын шатанд өөрчлөгдөж байгааг дурдаж, шүүхийн шийдвэрийн чанартай холбоотой асуудлыг хөндсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, шийдвэр хүчингүй болох шалтгааны ихэнх нь хэргийн оролцогчийн эрхийг хангагдаагүй, нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй зэрэг процессын зөрчилтэй холбоотой байдгийг тайлбарлаж байсан юм. Газрын маргаан, төрийн алба, тендерийн маргаан зэрэг зарим төрлийн хэрэг маргаан шийдвэрлэлт хэт сунжирч байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа хөндөж, иргэдийн эрх ашгийг хангах, хамгаалахд анхаарах шаардлагатайг санууллаа. Нэр дэвшигч З.Ганзориг, шүүхийн ачаалал, хүний нөөц, зохион байгуулалтын асуудал нь хэрэг шийдвэрлэх хугацаанд нөлөөлж байгааг тайлбарлаж байсан. О.Алтангэрэл гишүүн Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатайг онцлоход нэр дэвшигч З.Ганзориг иргэдийн оролцоог хангах, шийдвэрийг мэдээлэх үйл явцын хариуцлагыг нэмэгдүүлэх, маргаан шийдвэрлэх хугацааг богиносгох чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн гишүүд шүүхийн хараат бус байдал, улс төрийн нөлөө, эрүүгийн хэрэг буцаах практик, парламентын халдашгүй эрхийн асуудлыг мөн хөндөн ярьж, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэх шаардлагатайг онцолж байсан.



Ийнхүү Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан журмын дагуу ийнхүү Улсын Их Хуралд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа.
Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
Дараа нь Засгийн газраас 2026 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцууллаа.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлого баримтална”, “Төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ”, “Улс төрийн амлалтаар өрх, иргэнд халамжийн нийтлэг мөнгөн шилжүүлэг олгохгүй байхаар нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг өөрчилнө” гэж тус тус заасан байдгийг сайд танилцуулгын эхэнд дурдав.
Засгийн газраас энэ хүрээнд халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, өрх, иргэний амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрах чадавхыг сайжруулах зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдах 22 хуулийн төслийн боловсруулан өргөн мэдүүлсэн аж.

Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлийн 6 хуулийн хүрээнд эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх толгойлсон эх, эцэг болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд Нийгмийн халамжийн сангаас 12 төрлийн хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм байна.
Нийгмийн халамжийн сангаас 2025 онд нийт 2.4 их наяд төгрөг зарцуулсан байна. Нийт зардлын 27.8 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэг зэрэг нийгмийн халамжийн зорилтот өрх, иргэнд олгогдсон болохыг сайд дурдав. Харин 1 их наяд 745.8 тэрбум төгрөг буюу нийт зардлын 70 гаруй хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, одонтой эх, насны хишиг, жирэмсэн эхийн тэтгэмж зэрэг хөтөлбөрт зарцуулжээ.
Нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 2025 онд 2.7 байжээ. Хөгжиж буй орнуудын тухайд 1.6 хувийг эзэлдэг гэлээ. Монгол Улсын хувьд нийгмийн халамжийн зардал эдийн засгийн хувьд ойролцоо улсуудтай харьцуулахад өндөр байгааг төслийн танилцуулгад дурдсан.
Монгол Улсын ядуурлын түвшин Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2022 онд 27.1 хувьтай байгаа юм байна. Судалгаанаас харахад нийгмийн халамжийн нийт зардлын 55 орчим хувь нь хүн амын хамгийн бага амьжиргаатай 40 хувьд, харин 26 хувь нь хүн амын хамгийн амьжиргаа сайтай 40 хувьд зарцуулагдсан гэв. Энэ нь дийлэнх зардал нийтлэг мөнгөн тэтгэмжид зарцуулагдаж байгаатай холбоотой гэлээ. Иймээс эх, хүүхдийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрийг халамжаас зааглан, гэр бүлийн хөгжлийг дэмжих анхдагч хуулийн төсөлд тусгасан хэмээлээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлж, халамжийг нэн шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах, салбар хоорондын уялдааг сайжруулахад анхаарсан гэв.

Ядуурлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэхэд нийгмийн халамжид хамрагдах өрх, иргэдийг зөв тодорхойлох шаардлагатай байгаа учир өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг боловсронгуй болгох, төрийн мэдээллийн систем, их өгөгдөлд суурилах, мэдээллийг ядуурлыг бууруулах салбар дундын бодлого, хөтөлбөрт ашиглах асуудлыг төсөлд тусгажээ.
2025 оны тайлангаас харахад нийгмийн халамжийн зорилтот өрх, иргэнд зарцуулж байгаа 673.6 тэрбум төгрөгөөс 510.0 тэрбум төгрөг буюу зардлын 76 орчим хувийг зөвхөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын тодорхойлолтод үндэслэн олгосон байдаг байна. Иймд асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээг хийх Мэргэжлийн хамтарсан зөвлөлийг аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн байгууллагын дэргэд одоогийн бүтцийн хүрээнд ажиллуулахаар тогтолцооны шинэчлэлийг төсөлд тусгасан болохыг Т.Аубакир сайд танилцууллаа.
Одоогийн халамжийн арга хэмжээнд бэлэн мөнгөний хөтөлбөрүүд халамжийн сангийн нийт зардлын 90.0 гаруй хувийг эзэлж байгаа аж. Улс орнуудын нийгмийн халамжийн тогтолцоонд бэлэн мөнгө олгохоос гадна чадавхжуулах, хөгжүүлэх, дэмжин туслах үйлчилгээ давамгайлдаг болохыг тэрбээр дурдаад “Харин манай улсад хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж байгаа үйлчилгээнд халамжийн зардлын нэг хүрэхгүй хувийг зарцуулж байна. Иймд хуулийн төсөлд хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх шинэ төрлийн үйлчилгээнүүдийг тусгасан” гэлээ.

Нийгмийн халамжийн зарим тэтгэмж, дэмжлэгийг амьжиргааны түвшинтэй уялдуулах, хэмжээг эмзэг байдлаас шалтгаалан ялгаатай тогтоох, зарим дэмжлэгийг тодорхой хугацаанд олгон зогсоох, нөхцөл, шалгууртай болгох зэрэг өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд мөн нарийвчлан тусгажээ.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд нийгмийн халамжийн олон төрлийн хөтөлбөр хэрэгжиж, хамрах хүрээ өргөн байгаа боловч өрх, иргэний амьжиргааны түвшинтэй, орлогын байдалтай уялдуулсан үйлчилгээ шаардлагатай байгааг танилцуулаад, амьжиргаа багатай өрх, хүүхдүүд, хөдөлмөрийн чадваргүй гишүүн, орон гэргүй өрх иргэн зэрэг нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хэсэгт чиглэсэн халамжийн үйлчилгээг сайжруулах заалтуудыг тусгасан гэлээ.
Асрамжийн газраас гарсан хүүхэд, залуус, гэр оронгүй, архинд донтсон, хорихоос суллагдсан зэрэг нийгмийн зүгээс дэмжлэг шаардлагатай иргэдийг бие даан амьдрахад дэмжих үйлчилгээг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах зохицуулалтыг тусгажээ.
Уур амьсгалын өөрчлөлт, зуд зэрэг байгалийн гамшигт нэрвэгдэж малчид амьжиргааны эх үүсвэрээ алддаг. Иймд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийн сөрөг нөлөөг бууруулах үйлчилгээг олон нийтийн оролцоонд түшиглэн үзүүлэх, энэ чиглэлд халамжийн бодлогыг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах зохицуулалтыг мөн тусгасан байна.
Нийгмийн халамжийн салбарт мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллуулах, нийгмийн ажилтны мэргэжлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, зорилтот өрх иргэн, олон нийттэй хамтарсан багаар ажиллах, халамжийн үйлчилгээний сонголтын хязгаарлагдмал байдлыг өөрчлөн уян хатан болгож, зорилтот иргэнийг тодорхойлоход гарах хамруулалтын болон орхигдуулалтын алдааг багасгаж, үйлчилгээнд хамрагдах иргэний үйлчилгээ авах шат дамжлагаас чөлөөлөх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх эрх зүйн өөрчлөлтүүдийг тус тус тусгасан хэмээн Т.Аубакир сайд танилцууллаа.

Төслүүд батлагдсанаар нийгмийн халамжийн өнөөгийн тогтолцооны хамрах хүрээ нь оновчтой, зорилтот бүлэгт чиглэсэн, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж, үйлчилгээ нь иргэдийн идэвх сонголтод тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдсан, уян хатан, чанартай, хүртээмжтэй болно хэмээн төсөл санаачлагч үзжээ. Нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулж байгаа нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, одоогийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийх зарчим баримтлах тул хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсгэхгүй, халамжийн зардлын үр ашиг сайжрах аж. “Энэ шинэчлэл бол халамжийг танах тухай биш, харин халамжийг зайлшгүй хэрэгцээ шаардлагатай хүнд, зөв хэлбэрээр, хэрэгтэй үед нь хүргэдэг болгох тухай юм” хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгынхаа төгсгөлд тодотгосон.
Төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн танилцуулав. Байнгын хороо энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн байна. Хуулийн теслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдлаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн болохыг Ш.Бямбасүрэн гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Уг асуудалтай холбогдуулан хуваарилагдсан хугацаанд багтаан асуулт асуухаар нэрсээ өмнөх өдрийн буюу Лхагва гарагийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэний дагуу гишүүд асуулт асууж, сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариул, мэдээлэл авав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа илэрхийлээд, халамжийг зорилтот бүлэгт хүргэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг оновчтой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр, төсөл батлагдсан тохиолдолд халамжид хамруулах хүрээг багасгаж буйтай холбоотой хасагдах иргэдийн амьжиргааны түвшний судалгаа, мөн хууль санаачлагчид халамжийн шинжтэй хууль өргөн мэдүүлэхийг хязгаарласан зохицуулалтын үндэслэлийг тодруулав. 2025 оны тайлангаар зорилтот бүлэгт чиглэсэн халамжид 670 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэдгийг ажлын хэсгээс хариулаад “Эдгээр санхүүжилтийг яг давхцалгүй буюу регистрийн дугаар давхцаагүй тоогоор авч үзэхэд 370.4 мянган иргэн хамрагдаж байгаа юм. Үүнээс ахмад настан 132 мянга, хөгжлийн бэрхшээлтэй 64 мянга иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тэжээгч нь нас барсан 0-18 насны хүүхэд 35 мянга орчим, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн асарч байгаа 80 мянга иргэн байгаа юм. Төслүүд батлагдсан тохиолдолд тэтгэвэр тэтгэмж авч байгаа хүмүүсийн эрх ашиг хөндөгдөхгүй, зорилтот бүлгийн иргэд хасагдахгүй” хэмээсэн. Халамж шаардлагатай иргэдийг тогтоохдоо цагдаагийн байгууллагатай хамтрах нь оновчтой шийдэл эсэхийг Д.Энхтүвшин гишүүн лавлахад өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлоход цагдаагийн байгууллага оролцохгүй, харин үйлчилгээний багийн бүрэлдэхүүнд орж ажиллана гэдэг хариултыг Т.Аубакир сайд өгсөн.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа Б.Мөнхсоёл гишүүн илэрхийлээд, нийгмийн халамжийн бодлого нь эмзэг бүлгийн иргэдийг ядуурал, эрсдэлээс хамгаалж, бие даан амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой хэмээсэн. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого нь халамжийг шууд зогсоох бус, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, орлого нь тогтворжихын хэрээр дэмжлэгийг үе шаттайгаар бууруулах зарчимд тулгуурлах нь зөв гэж үзэж байгаагаа тэрбээр хэлэв. Иймд нийгмийн халамжийг зайлшгүй хэрэгцээтэй зорилтот бүлэгт хүргэж, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг тогтвортой орлоготой болгох чиглэлийг нь дэмжиж байгаа гэлээ. Хуулийг шинэчлэх гол зорилго нь халамжийг хэрэгцээтэй өрхөд хүргэхийн зэрэгцээ өрх бүрийн онцлог, бодит нөхцөлд тулгуурлан ажил эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь хүргэхэд чиглэж буйг сайд тайлбарлав. Тэрбээр нийгмийн ажилтан, боловсрол, эрүүл мэнд болон бусад байгууллагын төлөөлөл оролцсон хамтарсан баг өрхийн түвшинд ажиллаж, хөдөлмөрийн насны иргэдийг сургалт, ажил эрхлэлтийн үйлчилгээнд холбох тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөж байгааг мэдээллээ. Мөн 2026 онд 5000 өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гээд халамжийн тогтолцоог бэлэн мөнгө олгохоос илүү ядуурлыг бууруулж, иргэдийг хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх хэлбэрт шилжүүлэх чухал хэмээн үзэж буйгаа онцолсон юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга халамжийн тогтолцоо зорилтот бүлэгтээ хүрэхгүй, ядуурлыг бууруулах үр нөлөө сул байгааг онцолж, халамж шаардлагатай иргэдийг хэрхэн илүү оновчтой тодорхойлох талаар тодруулав. Өрхийн амьжиргааны түвшин, бодит хэрэгцээ, нөхцөлд тулгуурлан зорилтот бүлгийг тодорхойлж, халамжийг илүү үр дүнтэй хүргэхээр төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгаснаа ажлын хэсгээс тайлбарлав. Г.Ганбаатар гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, халамжийн тогтолцооны төсөв, сангийн удирдлага, улс төрийн нөлөөллөөс ангид байлгах талаар тодрууллаа. Халамжийн бодлогыг хөдөлмөр эрхлэлт, орлого нэмэгдүүлэх бодлого руу шилжүүлэхийг зорьж буйгаа сайд хэлээд халамжийн одоогийн зардлын 72 орчим хувь нь хүүхэд, эх, ахмадын мөнгөн дэмжлэг зэрэг хүний хөгжлийн бодлогын шинжтэй зардал байгаа тул эдгээрийг халамжаас салгаж, ангилан зохицуулахаар тусгасныг тайлбарлав. Үүний зэрэгцээ зорилтот өрхүүдийг илүү нарийвчлалтай тодорхойлж, орон нутгийн хамтарсан багуудаар дамжуулан хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүргэхээр төлөвлөж байгаа хэмээн хариулсан.


Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар өрхийн мэдээллийн санг ашиглах, ахмад настанд чиглэсэн халамжийн үйлчилгээг өргөжүүлэх, мөнгөн тэтгэмжээс илүү үйлчилгээ төвтэй тогтолцоог бий болгох талаар асууж, хариулт авсан бол Ч.Лодойсамбуу гишүүн халамжийг хөдөлмөртэй бодитоор холбох, улс төрийн нөлөөллөөс ангид байлгах, ажлын байр бий болгох бодлоготой уялдуулах шаардлагыг онцолж байсан. Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Ч.Ундрам нар нийгмийн халамжийн чиглэлээрх зарцуулалтын үр ашиг, ядуурал буурахгүй байгаа шалтгаан, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын үр нөлөө, салбар хоорондын уялдаа хангагдаж буй эсэхийг тодруулж, сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, С.Зулпхар, Б.Хэрлэн нар индрээс үг хэллээ. Төсөл дэх зохицуулалт болон нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын талаарх байр сууриа Х.Тэмүүжин гишүүн илэрхийлж, индрээс үг хэлснээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд завсарлав хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа
Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа
Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно
Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Сэтгэгдэл бичих