Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ


10-р сарын 30
8 цаг 51 минут

    Сөнөөгч онгоцноос илгээсэн мэндчилгээ ба Герман “Дональд Трамп” У.Хүрэлсүхэд бараалхсан нь 

Ноён Штайнмайэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг эх орондоо айлчлахыг урьснаас хойш хоёр жил өнгөрчээ. Цаг ягштал баримталдаг, хашир туршлагатай улстөрч герман эрийн урилгыг хүлээн авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын хувьд оюун санааны хөрш болсон Герман улсад хөл тавихад хэдхэн хором үлдээд байв. Монгол Төрийн далбаат МИАТ компанийн онгоц ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрмэгц их биен дээрээ загалмай тэмдэгт хоёр сөнөөгч онгоц угтан авч, Берлин хотын “Бранденбург” нисэх онгоцны буудлын цэргийн зориулалттай тусгай бүсэд газардах хүртэл дагалдан ниссэн юм. “Төмөр загалмай... Энэ ямар учир бэлгэдэлтэй вэ”... Германы сөнөөгч онгоцны нисгэгчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хүмүүс рүү гараа даллан мэндлэх зуур ийм нэгэн танин мэдэхүйн асуулт гарч ирсэн юм. Төмөр загалмайн тухай түүхийг хөвөрдөхөд, Пруссийн хаан III Фридрих Вилгельм 1813 онд Наполеоны эсрэг дайны үеэр төмөр загалмай одонг бий болгожээ. Герман цэргүүдийн эр зоригийн бэлгэ тэмдэг болсон төмөр загалмайг өдгөө цэргийн нисэх онгоцны далавч, их биен дээр дүрсэлдэг аж. Нисэх онгоцноос гадна танк, хуягт машин зэрэг цэргийн зарим техникт Германы зэвсэгт хүчнийг таних тэмдэг болгон хэрэглэдэг төмөр загалмай нацист хас тэмдгээс тэс өөр түүх, бэлгэдэлтэй. Агаарын хилээр нэвтрэв үү, үгүй юү төмөр загалмайн тухай танин мэдэхүйн асуултынхаа хариултыг олох эрэлд гаргасан Герман улсын тэнгэр нь цэлмэг, “Бранденбург” нисэх онгоцны буудалд газардах буулт нь зөөлөн биднийг угтлаа. Энэ бол ХБНГУ-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 14 жилийн дараа, Монгол, Герман улс 2024 онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны дараа хийсэн анхны төрийн айлчлал.   

“Хрущевийн дулаарал”-ыг санаж байна уу. Сталиний дэглэмийн буулганаас дөнгөж ангижирч, хуучнаар ЗХУ-ын улс төр, нийгэм, оюун санааны ертөнцөд зөөлөн дулаан гэрэл тусах болсон 1950-1960-аад оны эхэн үеийг “Хрущевийн дулаарал” хэмээн түүхэнд бичиж үлдээсэн. Харин одоо 2026 он. Цар тахлын дараахь Европын улс төрийн ид хүйтрэлийн үе. “Дэлхийн шинэ дэг журам” гэдэг үг трэнд болсон цаг. Дэлхийн II дайны дараа их гүрнүүдийн дунд “Хэн нь ялагч гүрэн бэ” гэдэг гео тулаан нэн шинээр өрнөж эхэлсэн шиг “Хэн нь илүү хүчтэй, нөлөөтэй гүрэн бэ” гэдэг гео улс төр, гео эдийн засгийн дайн ид үргэлжилж байна. Улс төрийн газрын зураг дээр дайны гал дүрэлзэж буй улс орнуудыг улаан өнгөөр тэмдэглэж, Европ дахь их хүйтрэл дээд хэмдээ хүрч буй энэ үед ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үзэсгэлэнт Тегел нуурын эрэг дээрх “Вилла Борсиг” цогцолборт угтан авсан юм. Хоёр зууны түүхийг өгүүлэх “Вилла Борсиг” цогцолборыг анх Германы аж үйлдвэр, тэр дундаа төмөр замын зүтгүүр, уурын хөдөлгүүр, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд томоохон хувь нэмэр оруулсан Эрнст фон Борсигийн гэр бүлийн хувийн сууцны зориулалтаар барьжээ. Нео-барокко загварын чинээлэг гэр бүлд зориулсан энэхүү ордныг 1937 онд Германы эзэнт гүрний Сангийн яаманд худалдаж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд одоо болтол ашиглаж байгаа аж. Булан, тохой болгонд нь өнгөрсөн түүхийн ул мөр шингэсэн “Вилла Борсиг”-т Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын орнуудаас анх удаа Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэртэй ганцаарчлан уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ. Тэд хаалттай хаалганы цаана хоёр орны Стратегийн түншлэлийн хүрээнд хийх ажлуудыг ярилцахын зэрэгцээ дэлхийн улс төр, Украиний дайны талаар ч ярилцжээ. Герман бол НАТО-ийн цэргийн их гүрэн, “Их 7”-ийн нэг, Украиний дайныг эсэргүүцэгч. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хурандаа цолтой бол ноён Штайнмайэр цэргийн алба хаасан улстөрч. Орос, Хятадын дунд орших Монгол оронтой Стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, Европын улс төр, эдийн засгийн өрөг дээр холбон тоглогч болох урилга илгээсэн ноён Штайнмайэр У.Хүрэлсүхэд “Би өнгөрсөн удаа Монгол Улсад айлчлах үеэрээ нэгэн сайхан сургамжит үгийг мэдэж авсан. Энэ бол “Дэм дэмэндээ Дээс эрчиндээ” гэдэг үг. Монголчуудын зочломтгой зан, төрийн их хүндэтгэлийг Берлин хотноо хариу болгон үзүүлж, эдийн засаг, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа зэрэг өргөн олон сэдвээр санал солилцох боломжтой. Таны айлчлалын хүрээнд Франкфурт ам Майн хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг нээж буй нь манай хоёр орны харилцаанд гарч буй нэн шинэ ахиц дэвшил юм” гэлээ. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Герман улсад 35 мянга орчим монгол иргэн герман хэл, соёлд суралцан хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болсоор ирсэн. Штайнмайэр таныг Монгол Улсад 2024 онд айлчлах үеэр Автозамын хэлэлцээр байгуулсан. Германаас Монгол руу импортолж байгаа нийт барааны 40 гаруй хувийг авто замаар тээвэрлэдэг. Герман улсын Сэргээн босголтын зээлийн банк манай улсын “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-тэй тогтвортой хөгжил, ашигт малтмалын нөөц, аж үйлдвэр, технологи, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилт болон хариуцлагатай хөрөнгийн удирдлагын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо” гэв. Хөгшин Европын ихэмсэг улс орнуудаас хамгийн түрүүнд Монголтой Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох улс төрийн зоримог шийдвэр гаргасан Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 70 настай. Мужаан аав, Польш ээжтэй Штайнмайэрийн эхнэр захиргааны шүүгч. Ноён Штайнмайэр 2010 онд эхнэрийнхээ бөөрний донор болж, их улс төрөөс түр завсарлага авсан ч 2010 оны аравдугаар сард эргэн ирсэн тухай хэвлэлүүд бичиж байжээ. Тэрбээр манай улсад 2014 онд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдын хувиар хоёр өдөр айлчлахдаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзаж, тухайн үеийн Засгийн газрын гишүүдтэй улс төрийн яриа хэлэлцээ хийж байсан юм. “Штайнмайэр Монголд” хэмээх хуанлийн хуудсаас харвал, Монгол, Германы Засгийн газрын санаачилгаар Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг (GMIT) 2014 онд байгуулсан. Энэ их сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 421 оюутан суралцаж байснаас 40 хувь нь тэтгэлэгт хамрагджээ.

Хүйтэн дайны төгсгөл, энхтайвны бэлгэ тэмдэг болсон Бранденбургийн хаалга. Нэг хэл, соёлтой герман хүмүүс улс төр, нийгэм, үзэл суртлын эсрэг тэсрэг эрэг дээр гарч, зүүн, баруун болон хуваагдаж байсан нь хүйтэн дайны үеийн гашуун түүх. Өнчрөл, хагацал амссан мянга мянган зүрх, хаалттай нийгмээс ардчилсан, эрх чөлөөт нийгэм рүү тэмүүлж байсан залуусын дуу хоолой Бранденбургийн хаалганаас одоо ч сонсогдох мэт... Түүх гэдэг амьтай, өнгөрснийг эргэн сануулах ой санамжтай. Бранденбургийн хаалганы дэргэдэх замын хажуугаар эгнүүлсэн тоосго нь баруун, зүүн Германыг тусгаарлаж байсан хананы суурь аж. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалыг “Чингис хааны үеэс эхлэн XXI зууны Монголоо түүх, соёл, ёс заншил, шинжлэх ухаантай нь багтаасан айлчлал” гэхэд хилсдэхгүй. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 14 жилийн дараа хийсэн энэхүү айлчлал Европ тивд улс орноо сурталчлах зөөлөн хүчний бодлого байлаа. Европ тивд алдартай Музейн аралд байрлах “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэхдээ “Энэхүү үзэсгэлэнд дэлгэн тавьсан бүтээлүүд Герман төдийгүй Европ тивд их эзэн Чингис хаан, түүний залгамжлагчдын үнэн түүхийг ойлгуулна” гэсэн юм. Харин ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг гэргийг Эльке Бюденбендертэйгээ хамт үзэж сонирхохдоо “Түүх огт өөрөөр өрнөж болох байлаа. Монголчууд XIII зуунд баруун болон өмнөд зүгт байлдан дагууллаа үргэлжлүүлсэн бол Ромын эзэнт гүрний хувь заяа хэрхэн эргэх байсан бол. Хэрэв 1241 оны Лигницийн тулаан монголчуудын байлдан дагууллын баруун хязгаар болоогүй бол Европын түүх хэрхэн өөрчлөгдөх байсан бол. Өнөөгийн Польшийн нутагт орших Лигниц хот Берлинээс ердөө 240 километр зайтай. Герман Монголоос 6000 километр зайд оршдогийг бодвол энэ нь тун ойрхон гэсэн үг. Чингис хаан бол дэлхийн түүхэнд тодорсон хамгийн нөлөө бүхий хүчирхэг удирдагчдын нэг. Түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн Чингис хаан өдгөө ч дэлхий дахины сонирхлыг татсаар байна. Америкийн “Вашингтон пост” сонин 1995 онд Чингис хааныг “Мянганы хүн”-ээр нэрлэжээ. Чингис хаангүйгээр Ази, зүүн Европын түүх их өөрөөр өрнөх байсан” гэлээ. Германчууд “Жеймс Симон” галерейд гарсан “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг үзэхээр уртаас урт дугаарлан зогсоно. Үзэсгэлэнгийн төлбөр нэг хүний 50 мянган төгрөг аж.  

Герман бол хүн төрөлхтөний мөнхийн аялгууг бүтээсэн суут хөгжмийн зохиолч Бетховен, Бах, их зохиолч Гёте, сонгодог идеализмийг үндэслэгч гүн ухаантан Кантын эх орон. ХБНГУ-ын Канцлер асан Ангела Меркель манай улсад 2011 онд сүр дуулиантай айлчилж байсан бол Германы “Дональд Трамп” гэгддэг, баян чинээлэг, популист үг яриагаараа сэтгүүлчдийн анхааралд байнга өртдөг Канцлер Фридрих Мерц Берлин хотноо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа. Ангела Меркельтэй мөнхийн сөргөлдөгч, хувийн хоёр нисэх онгоцтой, Христийн ардчилсан холбоо намын лидер, дайны дараахь Герман улсын 10 дахь Канцлер Фридрих Мерц Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах үеэрээ 2011 онд байгуулсан Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Ангела Меркель Монголд айлчилсны дараа зарим хэвлэлд “Монголын улстөрчид Ангела Меркельтэй газрын ховор элементийн ордоор наймаалцав уу” хэмээн бичиж байсан бол энэ удаад Канцлер Фридрих Мерц Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхахдаа хэлсэнчлэн Монгол, Германы харилцааны бэлгэ тэмдэг нь алт боловсруулах үйлдвэр байх болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр энэ талаар сэтгүүлчдэд “Монголд алт цэвэршүүлэх хамтарсан үйлдвэр барихад ХБНГУ-ын аж ахуйн нэгжүүд туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн” гэж ярилаа. Стратегийн түншлэлийн харилцаа бүхий ХБНГУ-ын талаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр барьсан өөр нэгэн сюрприз нь Монгол, Германы жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр хийхээр тохиролцсон явдал юм. Берлин-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийг сэргээх талаар германчууд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Берлинд болсон Монгол, Германы бизнес форумд хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцсон. Форумын үеэр хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд худалдаа, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн нийт зургаан санамж бичиг солилцлоо. Монголын “GR Precast” ХХК Германы “CBS Home” компани Монгол Улсад хөнгөн бетон угсармал эдлэлийн орчин үеийн үйлдвэрлэл байгуулах чиглэлээр, “Blackbox Energy”, “smartOPS” компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг, мөн “Хүнс Комплекс” ХХК Германы “Poly-clip System”, “Eberhardt” компанитай бизнесийн хамтын ажиллагааны санамж бичгийг тус тус солилцов. Монгол, Германы бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид нийт 35.5 сая ам.долларын гэрээ байгууллаа. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих өртөг зардлыг нэмж тооцохгүйгээр шүү!  

Нэгэн зууны тэртээ их зохиолч Д.Нацагдорж Берлин хотноо хэсэгхэн хугацаанд суралцахдаа Европын оюун санааны охь болсон Хумбольдтын их сургуулиар орж байсан л байх, тийм үү. Альберт Эйнштейн төгссөн энэ их сургуулийг төгсөгчдөөс 55 нь Нобелийн шагнал хүртжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Хумбольдтын их сургууль дээр олон улсын Монголч эрдэмтэд оролцсон “Монголын ба Монголын дараахь үеийн Евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин сэдэвт” эрдэм шинжилгээний бага хурал боллоо. “Эрдэм номын хот” гэгддэг Лайпциг хотноо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монгол, Германы эрдэмтэд, оюун ухааныг дээдэлдэг хүн бүр их зохиолч Д.Нацагдоржоо дурсацгаав. Хохь тайж Дашдоржийн хүү Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын сор болсон 35 залуу өрнөдийн номын дууг сонсохоор Герман орныг зорьсноос хойш 100 жил өнгөрчээ. Монгол, Герман улс ийнхүү оюун санааны хөрш болсоор нэгэн зууныг үджээ. Лайпцигийн их сургуулийн Энэтхэг, Төв Ази судлалын сургууль дээр их зохиолч Д.Нацагдорж, түүний багш, нэрт Монголч эрдэмтэн Эрих Хэниш нарын дүрийг хүрлээр мөнхөлсөн дурсгалын самбар болон их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлтийн ёслол боллоо. “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны газрын захирал Б.Билгүүн, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн нарын гарын үсэг бүхий их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан маркнууд дээр “Од” шүлгээс эхлээд “Учиртай гурван толгой” хүртэл нандин мөртүүдийг шигтгэжээ. Д.Нацагдоржийн багш, Монголч эрдэмтэн Эрих Хэниш “Монголын нууц товчоо”-г 1941 онд герман хэл дээр орчуулсан нь энэхүү бүтээлийг Европын хэл дээр хөрвүүлэх эхлэл болсон аж. Тэртээ 100 жилийн өмнө шляпан малгай духдуулж, барууны дэгжин хослолоор гангаран гэргий Д.Пагмадуламтайгаа хөтлөлцөн алхаж, хайрын дурсамжаа Лайпциг хотын хаа нэгтээ бичиж үлдээсэн Д.Нацагдорж “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” хэмээх мөртүүдээ энд бичжээ. Харин алс хол Германд суралцахаар анх хөл тавьсан 35 залуугаас хойш 100 жилийн дараа буюу энэ онд Лайцигийн их сургуульд 13 монгол оюутан шинээр элсэн суралцаж байна. “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан ХБНГУ-д суралцаж буй оюутан залуус ч бас талын Монголоос өрнийн Германд суралцах анхны шанг татсан 35 оюунлаг залуусын үргэлжлэл юм. Лайпцигийн их сургуулийн багш нар 1982 онд оюутнуудад монгол хэлний хичээл зааж байсан гэх сонирхолтой түүхийг сонсов. Суут хөгжмийн зохиолчид, гүн ухаантнууд, эрдэмтэд, зохиолчдоороо бахархаж бардамнадаг өрнийн эрхэмсэг, ихэмсэг гүрний оюун санаанд их зохиолч Д.Нацагдорж 100 жил авьяас билгээ дуурсгасан гэхээр мөн бахдалтайяа. Үнэхээр “Миний нутаг”-ийн “Од” байжээ, Д.Нацагдорж! Харин Д.Нацагдорж Герман улсад анх хөл тавьснаас хойш 100 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, ХБНГУ-д суралцаж буй монгол оюутнуудтай Дрезден хотод уулзахдаа “Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 52 жил болж байна. Монгол, Германы боловсролын салбарын харилцаа 100 жилийн түүхтэй. Миний хүүхдүүд эрдэм номондоо их амжилт гаргаж буйг би харж байгаа. Эх орон та нарт итгэж байна. Шинэ зууны их үйл хэрэг та нарын гарт шүү. Монгол Улсын 35 мянган иргэн герман боловсролтой. Монгол Улс боловсролоороо Азид дээгүүрт бичигддэг гэсэн үг. Багш, ном, шавь гурав хүйн холбоотой. Хүний нутагт эх орныхоо нэрийн хуудас болж яваагаа мартаж болохгүй. Нэг нэгэндээ тусалж байгаарай. Монгол оюутнуудад эрдэм ном зааж байгаа багш нартаа хязгааргүй их талархаж байна. Монголд бүгдээрээ зочлоорой. Хэзээ нэгэн цагт “Бид Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан” гэж бахархах өдөр ирнэ гэдэгт итгэж байна” гэлээ. Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр “Бид ХБНГУ-д уул уурхай, тэр дундаа газрын ховор элементийг судлах чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байна. Монгол залуус эх орондоо хоёр жил, Германд нэг жил суралцаад ХБНГУ-ын боловсролын дипломтой болох боломжийг энэ айлчлалаар баталгаажууллаа” гэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийх үеэр Монгол Улс, ХБНГУ хамтын ажиллагааны замын зураглалаа нэн шинээр тодорхойлсон юм.    

У.Хүрэлсүх 2048-2049 онд Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болоход Финландын талаас дэмжлэг хүссэн үү

Дараагийн маршрут Хельсинки! “Мянган нуурын орон” гэгддэг Финланд улсад Санта Клаусын төрсөн нутаг Лапланд бий. Хойд Европын хамгийн захад орших үзэсгэлэнтэй агаад нууцлагхан Лапланд нутгаас Санта Клаус цаа бугаа хөлөглөн ирдэг юм байна шүү дээ. Лапландад үлгэр домгийн мэт туйлын туяа ногоон, ягаан өнгөөр солонгорон харагдах нь байгалийн уран зураг мэт. Финланд улсын бэлгэ тэмдэг нь арслан. Үндэсний өнгө нь цэнхэр, цагаан. Төрийн далбаан дээрх хөх өнгө нь тэнгэр хийгээд мянган нуурыг, харин цагаан нь цас, өвлийг бэлгэднэ. Парламентын бүгд найрамдах засаглалтай, 5.6 сая хүн амтай, 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 317.04 тэрбум еврод хүрсэн Финланд улс 1955 онд НҮБ-д, 1995 онд Европын холбоонд, 2023 оны дөрөвдүгээр сард НАТО-д элссэн. Түүхэнд “Хельсинкийн хэлэлцээр” хэмээн бичигдэж үлдсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны бага хурлын Төгсгөлийн актад АНУ, Канад, тухайн үеийн ЗХУ болон Албаниас бусад Европын ихэнх улс буюу нийт 35 орны Төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан нь хүйтэн дайны үеийн хурцадмал нөхцөл байдлыг зөөлрүүлэх нэгдмэл зорилготой байжээ. Монголтой адил ОХУ-тай айлсан оршдог Финланд улс Нордикийн орнуудаас анх удаа манай улстай дипломат харилцаа тогтоосон нь 1963 оны долдугаар сарын 15-ны өдөр. Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэнээс хойш даруй хоёр жилийн дараа гэсэн үг. Харин У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 16 жилийн дараа Бүгд найрамдах Финланд улсад төрийн айлчлал хийлээ.

Финланд улс аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлдэг. Яагаад тэр вэ. Хельсинки хотын гудамжинд тааралдсан жирийн иргэн энэ асуултад “Бид “Улстөрчид авлига авч, хулгай хийчихвий” гэж санаа зовдоггүй. Төр төвшин, иргэд амар амгалан. Төр, иргэн хоорондын итгэлцэл нурчихгүй бол Финланд улс аз жаргалын индексээрээ өндөр үзүүлэлттэй хэвээр байна” гэж хариулж байлаа. Тэгвэл дэлхийн хамгийн аз жаргалтай энэ орны Ерөнхийлөгч хэн бэ. Түүнийг Александер Стубб гэдэг. Өдгөө 58 настай. Америк, Франц, Бельги, Их Британид өндөр боловсрол эзэмшсэн. Гадаад хэргийн яаманд судлаачаар ажиллахаас ажлын гараагаа эхэлсэн Александер Стубб Финланд улсын 13 дахь Ерөнхийлөгч. Фин, швед, англи, франц, герман хэлтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын чуулганд оролцох үеэр зорьж ирэн танилцаж, эх орондоо айлчлахыг урьсан Александер Стубб харахад энгийн, зөөлөн дүр төрхтэй ч улстөрчийн хувьд “хатуу самар”. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэж мордуулав уу, үгүй юү ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьж, Украинд хийж буй дайнаа зогсоохыг шаардлаа. Финланд 1809 оноос Оросын Хаант улсын автономит улс болж, 1917 онд Оросоос тусгаар тогтносныхоо дараа ЗХУ-ын эсрэг 1939-1940 онд “Өвлийн дайн” хийж байсан түүхтэй. Швед аав, фин ээжтэй Александер Стуббыг Европын холбоог тэргүүлэх өндөр магадлал бүхий улстөрч гэдэг. Финланд улс аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүлдэг ч Хельсинки хотод амжиргааны өртөг асар өндөр. Фин хэл бичгээр уншиж, ярьж чадахгүй бол энэ улсад бичиг үсэггүйтэй бараг адил. Учир нь гудамж, дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний газруудын хаяг, бүтээгдэхүүний нэр бүгд фин хэл дээр.   

Зөөлөн чийглэг уур амьсгалтай Финланд улсын Ерөнхийлөгч Александер Стубб Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн ордныхоо өмнө угтан авсан юм. Финландын Ерөнхийлөгчийн ордонд хэн нэгэн улстөрч сэтгүүлчдэд огт ярилцлага өгдөггүй “хууль”-тай аж. У.Хүрэлсүх, Александер Стубб нар мөн л хаалттай хаалганы цаана ганцаарчилсан уулзалт хийсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, мөн Украиний асуудлаар юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс олон улсад уриалсан “Тэрбум мод”-оос эхлээд “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний талаар Александер Стуббтэй ярилцав. Талууд албан ёсны хэлэлцээ хийсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Мянган нуурын эх орон Финланд улс. Монгол Улс усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай. Монголд цунами болдоггүй, экстрим үзэгдэл байхгүй, ардчилсан, эрх чөлөөт орон. Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд арваннэгдүгээрт ордог. Бид газар нутгийнхаа 15 хувийг л судалсан. Алт, зэс, газрын ховор элемент байна. Үлдсэн 85 хувьд хайгуул судалгаа хийж, ашиглахад Финланд улстай хамтран ажиллах сонирхолтой байна. Александер Стубб бид хоёр Орос, Украиний дайны талаар ярилцлаа. Энэ дайныг энхийн замаар шийдэж, гарз хохирол багатай дуусгахын төлөө даян дэлхийн улс гүрнүүдтэй санал нэг байна. Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн. Финландтай “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн дээр хамтрах боломжтой. Финланд улсын элсний халаагуурын нөөцлүүрийг Монголд ашиглах, монгол залуусыг тус улсад инженер, ойн чиглэлээр сургах талаар ярилцлаа. Европын холбоотой тогтоосон харилцаагаа өргөжүүлж, Финланд улстай бизнес харилцаагаа хөгжүүлэх талаар ажил хэрэгч яриа өрнүүллээ” гэсэн юм.

Өрнийн их далай, дорнын Торгоны замаар түмэн бээрийг туулан Монгол орныг зорин ирж байсан Финландын судлаачид, эрдэмтэд, аялагчдын цуваа 1800-1900 оны эхэн үе хүртэл үргэлжилж байжээ. Ерөнхийлөгчийн айлчлалыг сурвалжлах багт ажилласан нийтлэлч В.Ганзоригийн бичсэнээр, Монгол хатад 120 жилийн өмнө өмсөж байсан дээл, иж бүрэн гоёл Финландын үндэсний музейд чанарын өндөр түвшинд, тусгай зориулалт бүхий орчинд хадгалагдаж буй аж. Тус музейд доктор Хэйкэл 1890 онд Өргөө хотоос Орхон голын дагуу мориор аялах үедээ Өргөө хотын захаас 50 рублиэр худалдан авч байсан гэх эмээл байна. Монгол хатны хараа булаам тансаг хийцтэй дээл, гоёл, Хэйкэлийн худалдаж авсан эмээлээс гадна бурхан, очир, газрын зураг, гэрэл зураг зэрэг хэдэн мянган баримт сэлт Финландын үндэсний музейд хадгалагдаж буйг нийтлэлч В.Ганзориг сошиал хуудастаа бичжээ. Тэдгээрээс нэн сонирхолтой нь Хайсан гүн Рамстедтэд илгээсэн захидал юм. Тэрхүү захидалд монголчууд Хаант Оросын Засгийн газартай хэлэлцээ хийж, тусламж авахад Рамстедтийг зуучлагчаар ажиллахыг хүсэж буйгаа дурдсан байдаг аж. Рамстедт ч хүсэлтийг хүлээн авч, монголчуудын чин хүслийг оросуудад ойлгуулж, Монголд 15 мянган ширхэг винтов буу нийлүүлэхэд гол гүүр нь болж том тус хүргэсэн юм байна. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финланд улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Финланд-Монголын бизнес форум болж, нийт зургаан баримт бичиг байгуулав. Бизнесийн салбарынхан нийт 10 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ байгууллаа. Олон улс судлаач П.Мягмардорж “Тэнгэр” телевизийн ерөнхий продюссер Б.Ариунцэцэгийн асуултад хариулахдаа “Финланд бол Нордикийн буюу Европын хойд хэсгийн орнуудтай харилцах томоохон гүүр. Монголбанк, Финландын төв банк хооронд 1975 онд эдийн засаг, санхүүгийн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээ хийж байсан түүхтэй. Хүйтэн дайны дараа 1990-ээд онд Европын холбооны TASIS хөтөлбөр хэрэгжиж байхад Финланд улс Багахангайн мах боловсруулах үйлдвэр барихад 11 сая ам.долларын тусламж үзүүлсэн. Финланд ОХУ-тай хиллэдэг. Хоёр том гүрний дунд байрладаг” гэв. Монголчууд Финланд орныг Nokia гар утсаар сайн мэднэ. Тус улс гар утас үйлдвэрлэлийн салбарт 1998-2014 онд хамгийн өндөр борлуулалтыг хийжээ. Финландын ойн аж үйлдвэрийн салбарт 82800 хүн ажилладаг. Ойн аж үйлдвэрийн экспорт өнгөрсөн онд 12.6 тэрбум ам.долларт хүрчээ. Финланд улсын боловсролын салбарын төсөв 2025 онд 20.2 тэрбум евро буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувьтай тэнцсэн аж.    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны есдүгээр сард НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа зарласан. У.Хүрэлсүх Финландын Ерөнхийлөгч Александер Стуббтай ганцаарчилсан уулзалт хийх үеэрээ Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход дэмжлэг үзүүлэх тухай хүсэлт тавьсан уу гэдэг асуулт гарч ирж байна. Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн сард Япон улсад албан ёсны айлчлал хийх үеэр Японы тал Монгол Улсыг 2048-2049 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд өрсөлдөхөд дэмжихээ илэрхийлсэн юм.

А.Г.Лукашенко: Монгол, Беларусь хамтран ноолуур, маалингаар төрөл бүрийн даавуу үйлдвэрлэнэ

Баатар хот Минск хур бороотой угтлаа. Дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жилийн дараа Бүгд найрамдах Беларусь улсад анх удаа төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь үндэсний хувцастай бүсгүйчүүд каравай талх, давс барин угтлаа. Маргааш нь ням гараг! Беларусь улсын Ерөнхийлөгчөөр 32 дахь жилдээ ажиллаж буй А.Г.Лукашенко Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дотно анд найзын хувьд гэртээ урьж ярилцжээ. Олон насны зөрүүтэй ч нурууны өндрөөр бараг чацуу, хувь улстөрчийн харизма нь төстэй хоёр улстөрч Орос, Украиний дайнаас эхлээд Беларусийн эсрэг барууны хориг арга хэмжээ, Монгол Улс, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах тухай ярилцсан биз ээ. Тийм ээ, барууны хориг! “Барууны хоригоос болоод Беларусьт олон улсын төлбөрийн карт ажиллахгүй болов уу” гэсэн ажиллаж байна. “Хөрш Украин нь дайн дажинтай байгаагаас болоод Минскт бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан байх” гэтэл бас л үгүй. Зочид буудлын ойролцоо байх супермаркетад талх 0.95-2.09 беларусь рубль, “Минская марка” цөцгий 2.99 беларусь рубль, масло 2.95 беларусь рубль, нэг килограмм хөлдөөсөн чацаргана 9.99 беларусь рубль, “Бабушка Аня” ууттай банш 430 грамм нь 4.79 беларусь рубль, зайрмаг 1.09-4.59 беларусь рубль, 400-1 килограмм хөлдөөсөн загас 9.99-36.99 беларусь рубль, Медово-Заварной бялуу 15.99 беларусь рубль, нэг килограмм алим 1.69 беларусь рубль, нэг килограмм төмс 3.45 беларусь рубль, нэг килограмм “Тwix” чихэр 29.89 беларусь рубль. Нэг төгрөг ойролцоогоор 1258 беларусь рубльтэй тэнцэх аж.

Биднийг Беларусь улсад очсоны нөгөөдөр буюу даваа гарагт Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн ордондоо угтан авлаа. Шийдэмгий, хурц харизматай беларусь эр А.Г.Лукашенко “Беларусь баян орон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өчигдөр гэртээ урьж ярилцахдаа Беларусь технологийг Монголд нэвтрүүлэхээр ярилцсан. Манай гэрт болсон ярианы гол агуулга нь хоёр орны хамтын ажиллагааг чанартай, бодитой, үр дүнтэй байлгах тухай юм. Тийм учраас Беларусийн тал Монгол Улстай 2-3 төсөл дээр хамтран ажиллахаар шийдсэн. Ажил явуулахад саад бэрхшээл байсан, байсаар ч байна. Гэхдээ энэ бүхнийг хамтдаа даван туулах хэрэгтэй. Эрхэм анд нөхөр У.Хүрэлсүх танд болон монголчуудад Беларусь орон нээлттэй” гэж мэдэгдлээ. А.Г.Лукашенкогийн намтарт нэгэн сонирхолтой статистик бий. Беларусь улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 1994 оноос эхлэн долоон удаа нэр дэвшиж ялалт байгуулахад мань эрийн сонгогчдоос авсан санал байнга өсөж байсан аж. Тэрбээр хамгийн сүүлд 2025 оны нэгдүгээр сарын 26-нд Беларусь улсын Ерөнхийлөгчөөр долоо дахь удаагаа сонгогдохдоо 86.6 хувийн санал авчээ. А.Г.Лукашенко Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Ерөнхийлөгчийн ордондоо албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа “Монгол, Беларусь улс газар зүйн хувьд алс хол оршдог ч нийтлэг эрх ашиг нэг. Минск-Улаанбаатарын улс төрийн ойлголцлыг эдийн засгийн төсөл болгох хэрэгтэй. Хоёр улс хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхой болголоо. Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр гэрээ 2026 оны долдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Беларусьт маалинга байна, Монголд ноолуур байна. Монгол ноолуур, Беларусь маалингаар төрөл бүрийн даавуу хамтран үйлдвэрлэхээр тохиролцлоо. Энэ бол зүгээр нэг бүтээгдэхүүн биш, хоёр орны амьд харилцааг илтгэнэ. Монголын хөдөө аж ахуйн салбарт туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бид бэлэн” гэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол, Беларусь улсын Ерөнхийлөгч нар хоёр жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж байна. Бид 2027-2029 оны хамтын ажиллагааны замын зураглалаа зурлаа. Хөдөө аж ахуй, боловсрол, зам, шинжлэх ухаан, эрүүл мэнд, харилцаа холбоо зэрэг олон салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Хоёр улсын худалдааны эргэлтийг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Монгол Улсын хувьд, Беларусь улс Европ руу гарах тээвэр ложистикийн гол гүүр бол манай улс Беларусиас Ази руу хүрэх гарц юм. Монгол Улс Беларусьтай трактор угсрах үйлдвэр барих талаар ярилаа. Монгол, Беларусь улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2027 онд тохионо. “Монголын нууц товчоо”-г беларусь хэл дээр орчуулсан. Миний анд нөхөр өө, манай хоёр улс НҮБ болон олон улсын тавцанд нэг нэгнээ үргэлж дэмжиж ирсэн” гэж А.Г.Лукашенкогийн ордон дахь гоёмсог чулуун танхимд хэллээ. “Монголын нууц товчоо”-г 2025 оны арванхоёрдугаар сард беларусь хэл дээр хэвлэхдээ номны зургуудыг хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн аж.   

Минск хотноо Беларусь-Монголын бизнес форум болж, талууд нийт 17 баримт бичигт гарын үсэг зурлаа. Монголын хувийн хэвшлийнхэн Беларусийн талтай хийсэн гэрээний нийт үнийн дүн 50 сая ам.доллар. Тухайлбал, “Ханбогд Кашимер” ХХК Беларусийн номер 01 ээрэх үйлдвэр болох “Камволь”-той хамтран ажиллахаар боллоо. Тус үйлдвэр нь төрийн мэдлийнх бөгөөд ерөнхий захирал нь сайд байсан хүн аж. Беларусь улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ажилладаг “Камволь” үйлдвэрийн захирлаар сайд асан бүсгүйг томилохдоо “Энэ салбарыг хөгжүүл” гэсэн үүрэг өгчээ. “Белаз” машины үйлдвэрийнхэн Монголын бизнес эрхлэгчдэд техник, технологио танилцуулахдаа “Ерөнхийлөгч бидэнд жолоочгүй “Белаз” зохион бүтээх үүрэг даалгавар өгсөн. Бидний шинэ бүтээл энэ байна” гээд жолоочгүй “Белаз” машины шинэ загварыг сонирхуулжээ. Монголын газар тариалангийн салбарынхан бизнес форумд оролцож, Беларусь улсаас бордоо импортлох талаар ярилцжээ. Тэднээс “Яагаад Беларусиас гэж вэ” хэмээн асуухад “Хятад улс бордоогоор дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учраас Монголд нийлүүлэхгүй байна. ОХУ-ын азотын үйлдвэрүүдийг бөмбөгдсөн. Тиймээс Беларусиас бордоо авах боломжтой” гэж байлаа. Хэдийгээр Беларусь улс Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотойгоо хамт барууны хар жагсаалтад орсон ч Москва хотод барьсан барууны хэв загвар бүхий Москва-Сити шиг тансаг зэрэглэлийн орон сууцны хотхоныг Минскт барьж буй аж. Зөөлөн чийглэг агаартай, зам нь түгжрэлгүй, агч мод, шилмүүст модны үнэр тансаг цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй Минск хот зун жуулчид ихтэй. Аялал жуулчлалын ид үед Минск хотод нэг өрөө байрны түрээс өдрийн 200 рублиэс дээш үнэтэй. Гадаадын иргэд Беларусьт арваас дээш хонох бол бүртгэл, даатгал хийлгэнэ. Оюутнууд сард 350-500 рублийн тэтгэлэг авдаг. Сургууль бүр оюутны дотуур байртай. Тэтгэлэггүй оюутнууд оюутны байрны төлбөрт сард 100-150 рубль төлдөг аж. Беларусь улсын сургуулиудын сургалтын чанар сайн байдгийн нэг нууц нь практик хичээл түлхүү ордогт байдаг юм байна. Минскт 10 гаруй монгол оюутан суралцаж байна. Оюутнууд визээ сунгуулахад 200 орчим рубль, даатгалд 800 орчим рубль төлдөг. Гэхдээ эрүүл мэндийн даатгал нь зөвхөн гэнэтийн ослын үед л үйлчилдэг тухай Минскт суралцдаг монгол оюутан ярилаа. Европын улс төрийн их хүйтрэлийн үеэрх гурван улсын айлчлалаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусь улсаар өндөрлөв. Төрийн айлчлалын хүрээнд Монголын хувийн хэвшлийнхэн ХБНГУ, Финланд, Беларусийн талтай нийт 95 сая 500 мянган ам.долларын гэрээ байгууллаа. Баатар хот Минск. Энд Аугаа их эх орны дайны музей бий. Дайн эхлэхэд есөн саяулаа байсан энэ ард түмэн дайн дуусахад зургаан саяулаа болж цөөрсөн. Брестийн цайзыг хамгаалж баатарлагаар тулалдсан эр цэргүүд, нацистуудын эхний бөмбөгдөлтөөр 80 хувь нь эвдэрч сүйрсэн Минск хот, тосгоны иргэдийг бөөнөөр нь шатаасан Хатыний эмгэнэлт явдал... Энэ музейн үзмэрүүд өнгөрсөн түүхийг “ярьж” өгнө. Минскт ирвэл Аугаа их эх орны дайны музейг заавал үзээрэй. Нацистуудын бөмбөгдөлтөд 80 хувь нь өртсөн Минск хотыг ямар зөв зохион байгуулалттайгаар бүтээн байгуулсныг бас хараарай. Гудамж, талбайд нь ширхэг ч хоггүй энэ гоё хотын “Большой театр” болох Беларусь улсын Дуурь, балетийн их театрт Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулсан.         

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан37 секундын өмнөШтайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ8 минут 27 секундын өмнөУлсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа10 сар 29. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 29. 8:58АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.