БЭЭЖИН, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /Reuters/. БНХАУ-ын эрх баригч Коммунист нам дотоод сахилга батыг чангатгах тухай тогтоолдоо намдаа үнэнч байх шаардлагыг нэн тэргүүнд тавьж, намын эгнээг “бохирдол, вирус”-ээс цэвэрлэхийн тулд авлигатай хийх хатуу тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгийг дурджээ.
Энэ долоо хоногт болсон намын удирдлагын чухал хурлаар баталсан уг тогтоолыг пүрэв гарагт товч танилцуулжээ. Тогтоолд намын гишүүдийн дунд намдаа үнэнч байх үзлийг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлэх, албан тушаалтнуудыг үнэлэх, сонгон шалгаруулах, дэвшүүлэхдээ өдөр тутмын ажил, хувийн зан байдал, хэлсэн үг, нийгмийн харилцаа, гэр бүлийн үнэт зүйлд нь тулгуурлан намын үзэл баримтлалд хэр үнэнч байгааг нь харгалзан үзэх, мөн намын “өөрийгөө шинэчлэх” үйл явцыг үргэлжлүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг ням гарагт нийтэлсэн тогтоолд дурдсанаар “Намын эгнээ ерөнхийдөө зөв байгаа хэдий ч үзэл суртал, зохион байгуулалт, үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдалтай холбоотой асуудлуудыг үндсээр нь шийдвэрлэж хараахан чадаагүй байна” гэжээ.
Энэхүү дэлгэрэнгүй баримт бичигт арав гаруй жил үргэлжилж буй авлигатай тэмцэх, сахилга батыг бэхжүүлэх кампанит ажлын шинэчилсэн бодлогын хүрээг тодорхойлжээ. Өргөн хүрээтэй уг кампанит ажил төрийн байгууллагуулын сая сая албан хаагчийг хамарсан юм.
Уг баримт бичиг Хятадын удирдагч Ши Жиньпин дахин таван жилийн хугацаатайгаар удирдах албан тушаалдаа үлдэх төлөвтэй байгаа удирдлагын халаа сэлгээ болохоос нэг орчим жилийн өмнө гарч байна.
Намын удирдлагаас мөн албан тушаалтнуудын хувийн мэдээлэл, хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү нарийвчлан шалгах, гэр бүлийн хөрөнгө, зарлага нь хууль ёсны орлоготой нь нийцэж байгаа эсэхийг шалгах зэрэг намын боловсон хүчнийг ажил амьдралынх нь бүхий л хугацаанд илүү нарийн хяналтад байлгахыг уриалсан байна. Түүнчлэн төрийн алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн бизнесийн үйл ажиллагааг тогтмол шалгах шаардлагатайг дурджээ.
Авлигатай тэмцэх кампанит ажил нь цаашид далд хэлбэрээр явагддаг болон технологийн дэвшлийг ашигласан авлигын хэргүүдэд чиглэх аж. Тухайлбал, бусдын нэр дээр хувьцаа эзэмших, криптовалют, блокчэйн технологи болон хил дамнасан санхүүгийн урсгалыг авлигын хэрэгт ашиглах явдлыг таслан зогсооно гэдгийг тогтоолд тусгасан байна.
Уг тогтоолд мөн хамтын удирдлагын зарчмыг онцолж, намын байгууллагууд дээд шатны удирдлагын албан тушаалтнуудын “хувийн эрх мэдлийг” доод шатны байгууллагуудад тулган хүлээлгэх ёсгүй гэж заасан байна. Энэ заалт нь төв удирдлагын аль хэдийн бэхжсэн эрх мэдлийг хязгаарлах бус, харин орон нутгийн нам, төрийн байгууллагуудад нэг хүний эрх мэдлийг хэт төвлөрүүлэх явдлыг хязгаарлахад чиглэсэн бололтой.
Үүний зэрэгцээ намын гишүүд Ши Жиньпинийг намын “цөм” удирдагчийн байр сууринд нь тууштай дэмжиж, үзэл бодол, улс төрийн байр суурь, үйл ажиллагааны хувьд намын дээд удирдлагатай бүрэн нэгдмэл байхыг уриалжээ.
Ши Жиньпин уг тогтоолыг тайлбарласан илтгэлдээ “Намын дотоод засаглалыг бүрэн, хатуу чанд хэрэгжүүлэх ажлыг тууштай үргэлжлүүлж, намын эрүүл тогтолцоог хордуулж буй вирусийг тасралтгүй устгаж байж л нам өөрийн мөн чанар, итгэл үнэмшил, үнэт зүйлээ хэзээ ч алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, "социалист эх орноо" үеэс үед өвлүүлэн үлдээж чадна” хэмээн мэдэгдсэн байна.
Facebook
Twitter
Youtube


Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө
Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ
Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ
Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ
Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв

Сэтгэгдэл бичих