Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв


11-р сарын 2
12 цаг 21 минут

    -Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлал ажилттай болж өндөрлөлөө. Элчин сайд Та айлчлалын гол үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын урилгаар энэ оны аравдугаар сарын 19–22-ны өдрүүдэд ХБНГУ-д төрийн айлчлал хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 14 жилийн дараа ХБНГУ-д төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцааг бэхжүүлэх, 2024 онд тогтоосон стратегийн түншлэлийг бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэртэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Тус хамтарсан тунхаглалаар цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилт тодорхой болголоо. Түүнчлэн Холбооны Канцлер Фридрих Мерц Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцож, ажил хэрэгч, үр дүнтэй яриа өрнүүлсэнд Элчин сайдын хувьд би маш их баяртай байна. 

Айлчлалын гол зорилго нь улс төрийн харилцан итгэлцэлд тулгуурласан стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, батлан хамгаалах болон бусад салбарын бодит хамтын ажиллагаагаар баяжуулах явдал байсан. Энэ хүрээнд бизнесийн хамтын ажиллагаа, их, дээд сургуулиудын түншлэл, шинжлэх ухааны судалгаа, соёлын харилцааг өргөжүүлэх тодорхой алхмууд хийгдлээ.

Цаашид айлчлалын үр дүнг байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилт, хамтарсан төсөл, хөрөнгө оруулалт болон хоёр улсын иргэдэд хүрэх бодит өгөөжөөр бататгахын төлөө ажиллах нь чухал гэж үзэж байгаа.  

-Элчин сайд Та эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлийг дурдлаа, ямар бодит үр дүнг хүлээж байгаа вэ?

-Энэ удаагийн айлчлалын тэргүүлэх зорилтын нэг нь Монгол, Германы стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв.

Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд Берлин хотноо зохион байгуулсан Монгол, Германы бизнес форумд хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Форумын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл зэрэг чиглэлээр нийт зургаан баримт бичиг байгуулсан нь шууд тодорхойлогдох үр дүн юм.  

Түүнчлэн, Монголбанк, Германы Холбооны банк хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан, Германы Сэргээн босголтын зээлийн банк болон Монголын “Чингис хаан баялгийн сан нэгдэл” тогтвортой хөгжил, аж үйлдвэр, технологи, дэд бүтэц, хөгжлийн санхүүжилт, хөрөнгийн удирдлагын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоноос гадна монголын “GR Precast” компани Германы “CBS Home” компанитай хамтран Монгол Улсад хөнгөн бетон угсармал эдлэлийн үйлдвэрлэл байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон. “Blackbox Energy”, “smartOPS” компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт, “Хүнс Комплекс” компани Германы “Poly-clip System”, “Eberhardt” компаниудтай үйлдвэрлэл, технологийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцоод байна.

Эдгээр санаачилга нь Германы технологи, санхүүжилт, туршлагыг Монголын эдийн засгийн боломжтой уялдуулах, үйлдвэрлэл хөгжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэмүү өртгийг өсгөх боломжийг нээж байгаа юм. Одоо тохиролцоонуудыг бодит төсөл, хөрөнгө оруулалт, ажлын байр, үйлдвэрлэлийн үр дүнд хүргэхийн төлөө Элчин сайдын хувьд бүх хүч, нөөц боломжоо дайчлан ажллаж байгаа.

-Элчин сайд Та 100 жилийн түүхтэй хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаанд ямар шинэ боломж нээгдэж байгаа гэж үзэж байна?

-Таны хэлсэнчлэн Монгол, Германы боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа зуун жилийн түүхтэй. Анх 1926 онд Дашдоржийн Нацагдорж тэргүүтэй монгол залуус Германд суралцаж эхэлсэн нь Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Өнөөдөр энэ уламжлал үргэлжилж, Германд 700 гаруй монгол оюутан суралцаж байгаагийн 126 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Саксони муж улсад боловсрол эзэмшиж байгаа.

Айлчлалын хүрээнд хоёр улсын их, дээд сургуулиуд хооронд долоон баримт бичиг байгуулсан нь хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам боллоо. Энэ хүрээнд багш, судлаач, оюутны солилцоо, хамтарсан сургалт, судалгааг хөгжүүлэхийн зэрэгцээ уул уурхайн бүс нутгийн ус, байгаль орчны менежмент, уурхайн ашиглалтын дараах газрын нөхөн сэргээлт, цахилгааны инженерчлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдсэнд баяртай байна.

Түүнчлэн Берлин хотноо болсон Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгт хоёр улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач, их, дээд сургуулийн удирдлагууд оролцож, уур амьсгал, тогтвортой хөгжил, инженерчлэл, материал судлал, эрүүл мэнд, археологийн чиглэлээр хамтарсан судалгааны төслүүдийг хэлэлцсэн. Сонгогдсон төсөл бүрд 35 мянга хүртэлх еврогийн санхүүжилт олгож, 2027 оны эхний улирлаас 12 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Монголын түүх, соёлыг Герман болон Европт сурталчлахад айлчлал ямар ач холбогдолтой байв?

-Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Берлин хотын Музейн арал дахь “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээсэн нь соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны онцлох үйл явдал болсон.

Үзэсгэлэнд Монголын түүх, нүүдэлчдийн соёл иргэншил, Монголын эзэнт гүрний өвтэй холбоотой археологийн олдвор, судалгааны үр дүнг толилуулж буй. Монгол, Германы хамтарсан археологийн судалгаа, тэр дундаа Орхоны хөндий, эртний нийслэл Хархорум хотын судалгаа нь хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны чухал хэсэг болдог.  

Тус үзэсгэлэн 2026 оны аравдугаар сарын 21-нээс 2027 оны дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байх бөгөөд Германы төдийгүй Европын олон нийтэд Монголын түүх, соёл, дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг танин мэдэх боломж олгож байгаа нь онцлог юм. Хоёр улсын Төрийн тэргүүн нар музейг нээж үг хэлэх үеэр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр “Чингис хааныг дэлхийн түүхэнд нөлөө бүхий удирдагчдын нэг хэмээн онцолж, Монголын эзэнт гүрэн Ази, Европын түүхэнд чухал нөлөө үзүүлснийг тэмдэглэсэн”. Түүнчлэн 1999 оноос эхэлсэн Монгол, Германы археологийн хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд толилуулж буй нь хоёр орны шинжлэх ухаан, соёлын түншлэл хэр өндөр хөгжсөнийг илтгэж байна. 

Миний харж буйгаар энэ үзэсгэлэнгийн үнэ цэн нь зөвхөн түүхэн олдворуудыг дэлгэн үзүүлэхэд бус, харин Монголын түүх, өв соёлыг Европын олон нийтэд эх сурвалж, судалгаанд тулгуурлан таниулж байгаа явдал юм.

-Германд ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд чиглэсэн ямар үр дүн гарсан бэ?

-Хоёр улсын харилцааны үр өгөөж иргэдийн өдөр тутмын амьдралд хүрэх ёстой. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий консулын газрыг Франкфурт ам Майн хотноо нээх болсныг төрийн айлчлалын үеэр албан ёсоор зарлалаа.

Консулын газар нээгдсэнээр Германд ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах, эрх ашгийг нь хамгаалах, мөн бизнесийн харилцаа, иргэд хоорондын хэлхээ холбоог дэмжих боломж нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.  

Түүнчлэн хоёр улсын жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, нийгмийн хамгааллын асуудлаар хамтран ажиллах, холбогдох хэлэлцээр байгуулах боломжийг судалж, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр зорьж байна. Эдгээр асуудал нь Германд ажиллаж, амьдарч буй иргэдийн амьдралд шууд хамааралтай учраас ЭСЯ цаашид анхаарах шаардлагатай.

-Айлчлалын үр дүнг цаашид хэрхэн бодит ажил хэрэг болгох вэ?

-Айлчлалын дараагийн зорилт бол хүрсэн тохиролцоо, байгуулсан баримт бичгүүдийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг бий болгох явдал юм. Үүний тулд хоёр улсын төрийн байгууллага, бизнесийн төлөөлөл, их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг тогтмол үргэлжлүүлж, ажлын уялдаа холбоог хангах шаардлагатай.

Эдийн засгийн салбарт хамтарсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын төслүүдийг урагшлуулах, Германы дэвшилтэт технологи, туршлагыг Монголын нөөц боломжтой уялдуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэхэд анхаарна. Сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, аж үйлдвэр, дэд бүтэц, хөгжлийн санхүүжилт нь хамтын ажиллагааны чухал чиглэлүүд байдаг.

Айлчлалын мөрөөр мөн боловсрол, шинжлэх ухааны салбарт байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж, хамтарсан сургалт, судалгаа, эрдэмтэн, судлаач, оюутны солилцоог өргөжүүлэхийг зорьж ажиллах болно. Чингэхдээ, Франкфурт дахь Ерөнхий консулын газрын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, иргэдийн жолооны үнэмлэх, нийгмийн хамгааллын асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын хувьд айлчлалын үеэр эхлүүлсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, бизнесийн түншлэл болон иргэд хоорондын харилцааг дэмжиж ажиллана.

Эцэст нь хэлэхэд, энэ удаагийн төрийн айлчлал Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх суурийг бэхжүүлсэн өндөр ач холбогдолтой боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ19 минут 41 секундын өмнөГэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ35 минут 25 секундын өмнөЭрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав56 минут 38 секундын өмнөЖ.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв1 цаг 15 минутын өмнөМонголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?1 цаг 28 минутын өмнөГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ2 цаг 10 минутын өмнөНамдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ2 цаг 14 минутын өмнөДорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ2 цаг 21 минутын өмнөТ.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ4 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан4 цаг 45 минутын өмнөНөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 30. 10:22Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 10:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ10 сар 30. 10:15НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав10 сар 30. 9:40Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ10 сар 30. 9:37457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна10 сар 30. 9:28Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ10 сар 30. 9:24Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 30. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 30. 8:59Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ10 сар 30. 8:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.