Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн өнөөдөр /2026.11.02/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.
Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр орны хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явц болон цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн уулзалтын эхэнд Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг бодит төсөл, харилцан ашигтай худалдаа, салбар хоорондын хамтын ажиллагаагаар баяжуулахад хоёр орны парламентын бүлгийн харилцаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шийдвэрлэн эхлүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт амжилттай урагшилж байгааг онцолж, төслийг шуурхай хэрэгжүүлэн ашиглалтад оруулахын ач холбогдлыг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн даргын хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна гэв.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве цаг зав гарган хүлээн авсанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнд талархал илэрхийлээд, Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж буй 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, Монгол–Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль, Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, харилцаа холбоо, аутсорсингийн шилдэг төв зэрэг гурван томоохон төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хоёр улсын хооронд шууд нислэгтэй болсныг дуулгав.

Тэрбээр эдгээр төсөл нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, боловсрол, технологийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг онцлов. Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улстай газрын ховор элементийн чиглэлээр хамтран ажиллах, улмаар нүүрс худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл, технологи тэр дундаа хиймэл оюуны ухааны салбарт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын туршлага, чадавхад тулгуурлан хамтран ажиллах боломжийн талаар хөндөн ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа
Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ

Сэтгэгдэл бичих