Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И арван нэгдүгээр сарын 2-нд Бээжин хотноо Саудын Арабын Төрийн сайд, Засгийн газрын гишүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мусаед бин Мухаммед Аль-Айбантай уулзаж, хоёр орны харилцаа болон Ойрх Дорнодын бүс нутгийн нөхцөл байдлын талаар хэлэлцээ хийжээ.
Уулзалтын үеэр Саудын Арабын төлөөлөгч тус улсын угсаа залгамжлах хунтайж, Ерөнхий сайд Мухаммед бин Салманаас БНХАУ-ын дарга Ши Жиньпинд илгээсэн захидлыг уламжилсан байна. Уг захидалд хоёр орны харилцааны хөгжил болон харилцан сонирхсон асуудлуудыг хөнджээ.
Ван И Саудын Арабыг Хятадын иж бүрэн стратегийн чухал түнш хэмээн тодорхойлоод, тус улстай харилцаагаа хөгжүүлэх нь Бээжингийн Ойрх Дорнодын дипломат бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг онцолсон байна.
Тэрбээр хоёр улсын удирдагчдын хамтын хүчин чармайлтын үр дүнд Хятад, Саудын Арабын харилцаа тогтвортой хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагаа улам бэхэжсэнийг тэмдэглэжээ. Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулж байгааг дурдаад, харилцаагаа цаашид шинэ шатанд гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Хэлэлцээний гол сэдвүүдийн нэг нь Ойрх Дорнод болон Персийн булангийн бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал байв.
Ван И бүс нутгийн нөхцөл байдал дахин дайн, энх тайвны шийдвэрлэх заагт ирснийг анхааруулж, хурцадмал байдлыг намжаахын тулд улс орнууд цэргийн хүч хэрэглэхээс илүүтэй яриа хэлэлцээ, дипломат арга замыг сонгох шаардлагатайг онцолжээ.
Түүний хэлснээр, энх тайванд хүрэх үйл явц амаргүй боловч талууд тууштай хүчин чармайлт гаргавал зөрчил мөргөлдөөнийг зогсоож, тогтвортой байдлыг сэргээх боломжтой аж. Ялангуяа бүс нутгийн эрчим хүчний нийлүүлэлт, олон улсын далайн тээврийн гол замуудын аюулгүй байдлыг хамгаалах нь зөвхөн Ойрх Дорнод төдийгүй дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтойг тэмдэглэсэн байна.
Мөн бүс нутгийн улс орнууд харилцан үл итгэлцлээ арилгаж, дипломат харилцаагаа сайжруулан, энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлэх ёстойг Ван И онцолжээ. Үүний тулд талууд зөвшилцөлд тулгуурлан бүс нутгийн улс орон, ард түмний урт хугацааны ашиг сонирхолд нийцсэн аюулгүй байдлын шинэ тогтолцоог бий болгох шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Хятадын тал Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлээр дэвшүүлсэн санаачилгуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ Саудын Араб болон холбогдох бусад улстай дипломат харилцаа, бодлогын уялдаа холбоогоо бэхжүүлэхэд бэлэн байгааг Ван И мэдэгджээ.
Тэрбээр бүс нутгийн хурцадмал байдлыг аль болох богино хугацаанд намжааж, урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг хангах үйл явцад Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байгааг онцолсон байна.
Г.Бямба
Facebook
Twitter
Youtube


Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө
Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ
Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ
Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ
Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ
Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа

Сэтгэгдэл бичих