Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон жил бүр тэмдэглэх болсон. Энэ жил уг өдрийг монголчууд 14 дэх жилдээ тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл, Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч, Эзэн Богд Чингис хааныг 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн хэмээн дээрх зарлигаар тогтсон юм.
Их эзэн Чингис хаан бол монгол туургатнуудын бахархал төдийгүй дэлхий нийтэд эв эеийг эрхэмлэн, хууль цаазын дор амар амгаланг цогцлоож, шашин шүтлэг, тэгш байдлыг тэтгэсэн ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэгч, худалдаа арилжаа, харилцаа холбоо, соёл, шинжлэх ухаан, дипломат ёс зэрэг олон салбарыг хөгжүүлэгч, өнөөгийн дэлхий ертөнцийн үнэт зүйл, үзэл санаа, даяаршлын үндэс суурийг тавигч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, энэ утгаараа хүн төрөлхтний түүхэн дэх аугаа удирдагч, мянганы суут хүн гэгдэн өргөмжлөгдсөн их хүмүүн билээ.
Тив дамнасан их гүрний үндсийг тавьж, гадаад харилцаа, худалдаа, зоос мөнгө, зам харилцаа зэрэг дэлхийн хөгжлийг урагш ахиулахад түлхэц үзүүлсэн үндсэн өөрчлөлт хийсэн хэмээн АНУ-ын "Вашингтон Пост” сонин Чингис хааныг хоёрдугаар мянганы суут хүн хэмээн зарлаж байсан бол 2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх тусгай тогтоол гарган, уг тогтоолдоо: Нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглээд энэхүү үйл ажиллагааг НҮБ-ын гишүүн орнууд өргөн тэмдэглэхийг уриалж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 онд их хааны мэндэлсний 860 жилийн ойгоор зарлиг гарган Их эзэн Чингис хааны эш хөргийг айл гэр, албан байгууллага бүр дээдлэн залахыг уриалж, Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах ажлыг эхлүүлсэн юм.
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулан өнөөдөр болох үйл явдлууд:
07.50 цагт: Монгол Улсын Төрийн далбааг мандуулна.
08.00 цагт: Төрийн тугийг цэнгүүлнэ.
10.00 цагт: Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэлнэ.
11.00 цагт: Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол эхэлнэ.
13:00 цагт: Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
15:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг "Мөнх тэнгэрийн бичиг-2026" монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт, шагнал гардуулах ёслол Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" үзэсгэлэнгийн танхимд болно.
Facebook
Twitter
Youtube


Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.06
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг

Сэтгэгдэл бичих