УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм


11-р сарын 10
10 цаг 52 минут

     Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.

Эзэн Чингис хаанаас эхтэй элэг, сэтгэл нэгт монголчууд аа,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд, төрийн түшээд ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрд суугаа нийт монголчууд, эсгий туургатан элгэн түмэндээ Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Монгол бахархлын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр юм.

820 жилийн тэртээ Алтай, Хангай, Хэнтий, Саяны их нурууд, говь, талын уудам орон зайд тархсан Мөнх Тэнгэрийн үр садыг Чингис хаан нэгэн жолоонд нэгтгэн, монголчуудын төрт ёсны шинэ түүхийг өртөөлж Их Монгол Улсыг байгуулсан билээ.

Энэхүү их үйл хэргийн тэгш дүүрэн ой өнөө жил тохиож буй нь Монгол бахархлын өдрийн утга агуулга, ач холбогдлыг өндөрт өргөж буй хэрэг юм.

Модун Шаньюй тэргүүт дээдэс өвгөдийн байгуулсан Хүннү их гүрэн талын нүүдэлчин түмний төрт ёс, цэрэг захиргаа, зохион байгуулалтын их өв соёл болон уламжлагдаж, эзэн Чингис хааны Их Улсаар төгөлдөржин мандсан түүхтэй.

Нийтийн тооллоос 200 гаруй жилийн өмнөөс тоологддог Хүннү гүрний суут түүх орчин цагийн шинжлэх ухаан, археологи, антропологийн ололт нээлтүүдээр баталгаажин, улам урагш ахисаар байгааг энэ бахархалт өдөр Улсын Их Хурлын хүндэт индрээс онцлон тэмдэглэе.

Эзэн зарлигтай, Их хуралдайн тогтоолтой Их Монгол Улс Евразийн өргөн уудам нутагт өрнө дорныг холбосон эх газрын бодлогыг зангидан, нэгдсэн төр, хууль цааз, чөлөөт худалдаа, өөр хоорондоо ялгаатай өв соёл, шашин шүтлэгийг хүндэтгэх бодлогоор олон үндэстнийг манлайлан дагуулж, Эв, Энх, Эрхэмлэл хүндлэлийн гүн их ёс журмаараа дэлхийн дэг журмыг цогцлоосон билээ.

Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улс үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, хаан голомт, төрт ёсоо хүрээлэн нягтарч, эзэнт гүрнийхээ оршин тогтнох үндсийг бат бөх тавьсан нь эдүгээ хүртэлх олон зууны түүхэнд үл давтагдах гавьяа юм.

Та бид бахархалт дээдсийнхээ эв нэгдэл, сахилга хариуцлага, төрт улсаа дээдлэх үзэл, өөрийн төдийгүй өрөөл бусдын шашин соёлыг хүндэтгэх их ухаанаас суралцаж, өвлүүлэн үргэлжлүүлэх нь хамгаас чухал юм.

Эрхэм хүндэт төрийн түшээд ээ,

Монголчууд бид төрт ёсны эртний түүхтэйн зэрэгцээ төрийн чухал асуудлыг хамтаар хэлэлцэж, зөвлөлдөн шийдвэрлэдэг өнө эртний уламжлалтай.

Хүннү гүрний үеийн Цэцдийн зөвлөл, Их Монгол Улсын үеийн Их Хуралдай нь энэхүү уламжлалын тод илэрхийлэл юм.

Их Хуралдай бол хаанаа өргөмжилж, төрийн залгамж халаа, дайн ба энхийн асуудлыг хэлэлцэн, улс орны хувь заяаг шийдвэрлэдэг төрийн дээд чуулган байсныг түүхэн эх сурвалжууд гэрчилдэг.

Энэ бол монголчууд төрийн чухал шийдвэрийг зөвлөлдөн хэлэлцэж, хамтаар батлах соёлыг олон зууны өмнөөс төлөвшүүлж ирсний баталгаа юм.

Олон талын оролцоог хангаж, санал бодлыг хэлэлцэн зөвшилцөх нь Монгол төрийн эртний уламжлал, өнөөгийн парламентат ёсны үнэт зарчим мөн.

Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар ард түмэн төрийн эрх барих эрхээ төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх ардчилсан тогтолцоог баталгаажуулсан.

Өнөөдөр Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, жинхэнэ утгаараа ард түмний засаглах индэр байж, олон ургалч үзэл, зөвшилцөл, парламентын ардчиллыг бэхжүүлэх, иргэндээ ээлтэй, ил тод, иргэдийн оролцоотой, тэдний хяналт бүхий НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТЫГ төлөвшүүлэх үйл хэргийг эхлүүлээд байна.

Найман зууны өмнө монголчууд Их Хуралдайдаа төрийн чухал асуудлаа хэлэлцдэг байсан бол өнөөдөр Монголын ард түмэн сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан улс орныхоо хувь заяа, хөгжлийн бодлогыг шийдвэрлэхэд оролцож буй нь бидний төрт ёсны түүхийн их өв сан, үе дамжин өртөөлөх үнэт зүйл мөн.

Монгол Улсын Их Хурал өвгөд дээдсийнхээ энэхүү үнэт өв уламжлалыг бахархан үргэлжлүүлж, өнөө цагийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан ажиллах үүрэгтэй.

Өнөөгийн парламентын мөн чанар нь ард түмний итгэл, хууль тогтоомжийн чанар, төрийн бодлогын залгамж, улс орны ирээдүйн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаар илрэх учиртай.

Төрийн түшээд бид өвөг дээдсийнхээ алсын хараа, төр засах ухааныг өвлөн залгамжилж, нийт иргэн, үндэсний эрх ашгийг эрхэмлэж, хууль дээдлэх ёс, шударга ёс, сахилга хариуцлагыг төрийн үйл хэргийн үндсэн зарчим болгох учиртай.

Тусгаар тогтнолоо бататгаж, улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулж, ард түмний итгэлийг үйл хэргээрээ хариулах нь бидний түүхэн үүрэг мөн бөгөөд хойч үедээ бүрэн улс, бүтээмжтэй засаглал, хүчирхэг төрийг өвлүүлэх нь бидний эрхэм хариуцлага гэдгийг онцлон тэмдэглэе.

 

2026-11-10 10.38.58.jpg

Эрхэм ард иргэд ээ, монгол ахан дүүс ээ,

Чингис хаан даян дэлхийн нэгэн цаг үеийн түүхийг бүтээгээд зогсоогүй, монголчуудыг нэгтгэх үзэл санаа, тусгаар тогтнолоо хамгаалах ирмүүн зориг, төр улсаа дээдлэх их бахархлыг өвлүүлсэн билээ.

Их Монгол Улсын түүх бол зөвхөн өнгөрсөн үеийн ялалт, байлдан дагуулалтын түүх биш ээ. Энэ бол улс гэрийн зохион байгуулалт, хууль цааз, төрийн бодлого, худалдаа харилцаа, соёл иргэншлийн харилцан нөлөөллийн өргөн цар хүрээтэй түүх мөн.

Түүхээ мэддэг ард түмэн үндэснийхээ үнэт зүйлийг ойлгоно. Үндэсний үнэт зүйлээ ойлгодог ард түмэн тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг илүү гүн ухамсарлана. Тэр хэмжээгээр үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бэхжиж, геополитикийн ээдрээ төвөгтэй энэ цагийн сорилт бэрхшээлийг эрсдэлгүй даван туулна.

Бид их түүхээрээ бахархахын зэрэгцээ тэрхүү түүхэндээ дүйцэхүйц хөгжил дэвшлийг энэ цагт бүтээх нь хамгийн том зорилго болоод байна.

XXI зууны Монгол Улсын хүч чадал нь зөвхөн газар нутгийн уудам, байгалийн баялгийн хэмжээгээр бус, ард иргэдийн мэдлэг боловсрол, эдийн засгийн өрсөлдөх чадвар, технологийн хөгжил, шударга хууль, төрийн байгууллагын чадавх, үндэсний эв нэгдлээр хэмжигдэх болно.

Бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд хүчирхэг Монгол Улсын нэрийг мөнхөлсөн. Харин бидний үеийнхний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох явдал юм.

Тиймээс Монгол Улсын Их Хурал Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан Их Монгол Улсынхаа түүхэн өвийг судлан шинжлэх, хүүхэд залуучуудад эх түүхийн мэдлэг, эх оронч үзэл, үндэсний бахархлыг зүрх сэтгэлд нь шингээн төлөвшүүлэх, Эзэн Чингис хааныхаа түүх шастир, алдар сууг монгол хүн бүр дээдлэн хүндэтгэж, эрхэмлэн дэлгэрүүлэх тухай гүн утга агуулга бүхий тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Их Монгол Улсын төрийн тогтолцооны үнэт өв, ихэс дээдсийнхээ дэлхийн түүхэнд ямар хувь нэмэр оруулсан тухай түүхийн эх сурвалж бичиг, архивын баримт, судалгааны бүтээлийг хадгалан хамгаалах, цахимжуулах, Монгол судлалыг дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ ажлын чухал хэсэг байх учиртай.

Түүх, өв соёл, уламжлал, зан заншлаа мэддэг хүн эх орныхоо үнэ цэнийг ойлгож, төрт ёс, тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөгөө аминаасаа илүү дээдлэн хамгаална. Тусгаар тогтнолоо эрхэмлэдэг ард түмэн эв нэгдэлтэй, ирээдүйдээ илүү итгэлтэй байна.

2026-11-10 10.39.09.jpg

Иймд Улсын Их Хурлын шийдвэрийг түүхэн ойд зориулсан тогтоол гэхээс илүүтэй, өргөн цар хүрээнд харж, монгол хүн бүрийн үндэсний ухамсар, эх оронч үзэл, түүх соёлын өвийг эрхэмлэн дээдлэх үзэл санааг сэрээх, хойч үедээ өвлүүлэх бодит үйл хэргийн эрх зүйн үндэс гэж үзэж хэрэгжүүлбэл зохино.

Их Монгол Улсын 820 жилийн энэхүү төр ёсны эрхэм бэлгэшээл монголчууд бидний эвийг эрхэмлэж, зөвийг түүчээлсэн эх оронч үзэл санааны бамбарыг асааж, улс үндэстнийхээ хөгжил дэвшил, монгол хүний оюун санаа, саруул ухаанд дахин сэргэлтийг авчрах түүхэн эргэлтийн эхлэл цэг байж, ирээдүйн хүчирхэг монголыг бүтээх хүсэл зоригийг бадраах сайн цагийн эхлэл болно гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.

Их Монгол Улсын түүх, Эзэн Чингис хааны суу алдар, өвөг дээдсийнхээ төрт ёсны үнэт өвийг эрхэмлэн дээдэлж, эв нэгдлээ бататган бэхжүүлж, дэлхийн улсуудтай найрсаг, энх тайвнаар зэрэгцэн оршиж, тусгаар тогтносон Монгол Улсаа улам хөгжүүлэн хүчирхэгжүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе.

 

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс маань хүчирхэгжин мандах болтугай!



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв6 минут 1 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм12 минут 27 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв15 минут 18 секундын өмнөС.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн17 минут 39 секундын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан21 минут 14 секундын өмнөӨвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр1 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан1 цаг 29 минутын өмнө“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.