Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа


11-р сарын 13
10 цаг 09 минут

      Монгол Улсын Их Хурлын чуулганы (2026.11.12)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно 14.01 цагт 66.7 хувийн ирцтэй эхэлж, Улсын нөөцийн тухай болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгүүдийг явууллаа.

2026-11-12 20.56.21.jpg

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 34 гишүүний өргөн мэдүүлсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хороонд, мөн өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд хуваарилснаа танилцууллаа. Түүнчлэн иргэн Батболдын Болдбаатараас нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системээр гаргаж, 100200 иргэн дэмжсэн хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, 100 сая төгрөгнөөс дээш бол бүх насаар нь хорих тухай хуулийн төсөл санаачлах саналыг Хууль зүйн байнгын хороонд хуваарилжээ.

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

2026-11-12 20.57.27.jpg

Дэлхий дахинд тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдлийн давтамж, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан бий болж буй эрсдэлт нөхцөл байдлыг стратегийн болон гамшгийн нөөцийн бодлого, төлөвлөлтөд цогцоор тусгах шаардлага үүсэж байгааг тэрбээр онцолж, улсын нөөц бүрдүүлэх, хадгалах, сэлгэх, хуваарилах үйл ажиллагааг эрсдэлийн үнэлгээ, хэрэгцээний тооцоонд үндэслэн төлөвлөж, нэгдсэн цахим бүртгэл, хяналттай, шуурхай зохицуулалт бүхий тогтолцоонд шилжүүлэх харилцааг хуулийн төсөлд тусгасан гэсэн юм. Тухайлбал, орон нутгийн нөөцийн эрх зүйн тодорхойлолтыг шинэчилж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын чиг үүрэг, оролцоо, хяналтын механизмыг нарийвчлан баталгаажуулах, төрийн захиргааны төв байгууллагуудын харилцан уялдаатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгож, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, стратегийн, гамшгийн болон нөөцийн мэдээллийг цахим санд төвлөрүүлж удирдах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна. Мөн агуулахын дэд бүтцийг улсын төсвөөс гадна төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилж хөгжүүлэх, сул зайг түрээсэлж, орлого олох боломж бүрдүүлэх, нөөцийн хадгалалтын чанар, стандартыг алдагдуулахгүйгээр технологийн горимын дагуу сэлгэх, шинэчлэх, гамшгийн үеийн шуурхай ажиллагааг хангах онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх, боломжийг өргөжүүлэх, холбогдох хууль тогтоомжтой уялдуулан нийцүүлж, хэл зүй, найруулгын зөрчлийг арилгах өөрчлөлтүүдийг оруулж буй ажээ.

2026-11-12 20.57.10.jpg

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хийсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед нөөц бүрдүүлэх, захиран зарцууларх талаарх орон нутгийн эрх хэмжээ, санхүүжилтийг улсын төсөв болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх боломж, олон улсын өнөөгийн нөхцөл байдал, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хүрээнд гаргах шийдвэр нь холбогдох хууль тогтоомжтой нийцэх эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Д.Бум-Очир, Дам.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авчээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, Л.Мөнхбаясгалан, Э.Болормаа, Ж.Энхбаяр нар хуулийн төслийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдуулах, үр дүнгийн хэмжих нэгжийг тодорхой болгох, орон нутгийн удирдлагын эрх, хэмжээг өөрчилсөн болон улсын төсөвт үүсэх нэмэлт ачаалал, уур амьсгалын өөрчлөлтийн үед орон нутгийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, усны нөөц, түүний ашиглалттай холбоотой сонсгол зохион байгуулах зэрэг асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь дэмжжээ.

2026-11-12 20.56.43.jpg

Хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Ч.Лодойсамбуу, О.Саранчулуун, Э.Болормаа, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, П.Наранбаяр, Г.Хосбаяр, Л.Мөнхнасан, С.Эрдэнэбат, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар асуулт асууж, Шадар сайд Н.Номтойбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүд улсын нөөцийн менежмент, ил тод байдал, зориулалт, хувийн хэвшлийн оролцоо, бараа, материалын хадгалах хугацаа, тайлагнал, нийлүүлэлтийн урьдчилсан гэрээ, зарцуулалтыг бүртгэх, гамшгийн түвшинг тодорхойлох журмыг шинэчлэх, орон нутгийн нөөц бүрдүүлэх хүчин чадал, нутгийн удирдлагын шуурхай байдал, нөөцийг захиран зарцуулах эрх, үүрэг, нөөцийн өнөөгийн байдал, эрчим хүчний эрсдэлийн нөөц, худалдан авалтыг төрийн нууцад оруулж шууд гэрээлэх, шаардлагатай, нэн шаардлагатай гэх ангиллуудын ялгаа, гамшгийн үеийн анхааруулга, урьдчилан сэргийлэх мэдээллийн хүртээмжтэй байдал, уур амьсгалын өөрчлөлт, аюулт үзэгдлийн давтамж, байгалийн шинжлэх ухааны судалгааны дүгнэлтийг нөөц бүрдүүлэхэд тооцож буй эсэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх мэдэл, хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэх, зөрчилд оногдуулах хариуцлагыг тодорхой болгох зэрэг өргөн хүрээтэй асуудлыг олон талаас асууж, тодорхой, дэлгэрэнгүй хариулт, тайлбар авав. Мөн нөөцийн мэдээллийн нууцлал, хууль батлагдсанаар улсын төсөвт үзүүлэх нөлөө, орон нутгийн болон төрийн байгууллагуудын гамшгийн үеийн үйл ажиллагааны уялдаа, нэгдсэн урирдлагын тогтолцоо, нөөцийн бараа, бүтээгдэхүүн татан авах логистик, шийдвэр гаргах, тусламж хүргэх хугацаа, нефть бүтээгдэхүүний нөөцийн сав, агуулахыг бүсүүдэд тулгуурлан барих, бүтээн байгуулалтын зардлыг хувийн хэвшлийн оролцоотой шийдвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгийн үеийн үүрэг, оролцоо, сум дундын нөөц, түүнийг хүргэх туулах чадвар, хүний нөөц, боловсон хүчнийг мэргэшүүлэх, холбоо мэдээлэл, техник технологийн чадавх, улсын нөөцийг бүрдүүлж буй болон нөхөн сэлбэлт, хадгалалт, хамгаалалтын нийт зардал, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж зэрэг голлох асуудлуудыг хөндөж байв.

2026-11-12 20.56.47.jpg

Хуулийн төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжин Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Б.Бейсен, Г.Очирбат нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар явуулах санал хураалтыг чуулганы маргаашийн буюу 2026 оны 11 дүгээр сарын 13-ны нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлууллаа.

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагад нийтийн өргөдлийн цахим систем нэвтрүүлэхийг Улсын Их Хурлын гишүүд дэмжиж байна

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт боловсруулсан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

2026-11-12 20.57.14.jpg

Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал орон нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэд цахимаар өргөдөл, санал гаргаж шийдвэрлүүлэх шийдэл шаардлагатай байгааг танилцуулж, энэ талаарх зохицуулалтыг хуульд нэмж тусгахаар төсөл санаачилсан гэсэн юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын Их Хурлын тухай хууль дахь цахим өргөдлийн зохицуулалтыг жишиг болгон баримталснаа тэрбээр хэлж, орон нутгийн нийтийн өргөдлийг нийслэл, дүүрэг, хороонд сонгуулийн насны хүн амын 3.0 хувь, аймаг, сум, багт 5.0 хувиас дээш тооны иргэд гарын үсэг зурсан тохиолдолд Иргэдийн Төлөөлөгчдийн болон Иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэхээр тусгасан гэлээ.

2026-11-12 20.57.17.jpg

Хуулийн төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ц.Туваан нар нийтийн өргөдлийг орон нутгийн хурлуудаар хэлэлцэх иргэдийн дэмжлэгийн босгыг хувьчлан заах нь оновчтой эсэх, сэдэв, агуулгыг хэрхэн эрэмбэлэх, хязгаарлалт тавигдах эсэх, тодорхой сонирхлын бүлгийн нөлөөллийг яаж зохицуулах, иргэдийн дэмжсэн саналыг орон нутгийн хурал хэлэлцэж шийдвэрлэхгүй бол хэрхэх зэрэг асуулт асууж, хариулт авсан байна.

Засаг захиргааны анхан шатны нэгжийг бэхжүүлэх, ашигт малтмал олборлохтой холбоотой хуулийн зохицуулалтад анхаарах, нутгийн хөгжлийн шийдлийг тодорхойлох механизм бий болгох, босгыг уян хатан зохицуулах талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, О.Алтангэрэл, А.Ганбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлжээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна.

2026-11-12 20.57.01.jpg

Хуулийн төсөл, түүний үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, О.Саранчулуун, С.Эрдэнэболд, П.Наранбаяр, Д.Пүрэвдаваа, О.Номинчимэг нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд орон нутгийн нийтийн өргөдлийг дэмжих иргэдийн хувь, уг босгыг бууруулах боломж, тоон гарын үсгийн баталгаажуулалт, иргэдийн дэмжлэг авах хугацаа, оролцоо хүртээмжийг хангах техник, технологийн боломж, өргөдлийн шийдвэрлэлт, дэмжлэг аваагүй өргөдлийг хэрхэх, тухайн асуудлаар дахин өргөдөл гаргах боломжтой, эсэх, үлгэрчилсэн журмыг Засгийн газар ямар хугацаанд батлах, түүнчлэн иргэдийн дуу хоолойг бодитой сонсож, шийдвэрлэдэг байх, төр болон иргэд хоорондын эргэх холбоог баталгаажуулах зэрэг зохицуулалтыг түлхүү хөндөж, ардчилал, хүний эрх, төр, захиргааны чиг үүрэгтэй холбоотой суурь асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Э.Болормаа, С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэлэв.

2026-11-12 20.56.37.jpg

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт орон нутгийн иргэд, нутгийн удирдлагыг өөр хооронд нь ойртуулж, иргэддээ ээлтэй шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий хуулийн төсөл санаачлан боловсруулсанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал нарт талархал илэрхийлээд, “Нээлттэй парламент” бодлогын хэрэгжилт, үр дүнг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг уриалав. Ингээд Байнгын хорооны саналаар маргаашийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар боллоо.

Газар тариалангийн даатгалын тогтолцоог индекст суурилах хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 18 гишүүний санаачилсан Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг дараа нь явуулав.

2026-11-12 20.57.20.jpg

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд тавилаа. Тэрбээр газар тариалан бол хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн иргэдийн орлого, ажлын байртай шууд холбоотой стратегийн салбар боловч ган, хэт халалт, хур тунадасны дутагдал, хөрсний чийгийн хомсдол зэргээс шалтгаалан эрсдэл нэмэгдсээр байгааг дурдаж, цаг уурын эрсдэлээс тариаланчдыг хамгаалах эрх зүйн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд хуулийн төсөл чиглэж буйг онцлов. Индексжүүлсэн даатгалын тогтолцоо нь хур тунадас, температур, хөрсний чийг, сумын дундаж ургацын хэмжээ зэрэг албан ёсны үзүүлэлтэд тулгуурлан нөхөн төлбөр олгоход орших бөгөөд сайн дурын үндсэн дээр хэрэгжих юм. Ингэснээр нөхөн төлбөр олголт илүү шуурхай, ил тод, зардал багатай болох боломжтойг тэрбээр тайлбарлалаа.

Хуулийн төсөлд эрсдэлийг тариаланч, даатгагч, хамтын эрсдэлийн сан, давхар даатгал болон төрийн оролцоотойгоор шатлалтай хуваарилах зохицуулалт тусгасан байна. Мөн шинэ сан, байгууллага байгуулахгүйгээр одоо ажиллаж байгаа Малын индексжүүлсэн даатгалын тогтолцооны дэд бүтэц, давхар даатгалын механизмыг ашиглахаар заажээ. Төрөөс шаардлагатай тохиолдолд даатгалын хураамжийн тодорхой хувийг дэмжих боломжтой боловч төсөвт тогтмол нэмэлт ачаалал үүсгэхгүй гэж хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

2026-11-12 20.57.24.jpg

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүн танилцуулав. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг ургац алдсан тариаланчид нөхөн төлбөрөө бүрэн авч чадах эсэх, цаг уурын индексийг тогтоох дэд бүтэц бий эсэх, төрийн оролцоо болон улсын төсөвт үзүүлэх нөлөө, хуулийн зохицуулалтад жижиг аж ахуйн нэгж, байгууллага хэр хамрагдах, зарим аймаг, сумдад явуулах туршилт зэргийн талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат газар тариалангийн нийт талбайн хэдэн хувийг хэдэн аж ахуйн нэгж эзэмшдэг, тухайн орон нутгийн иргэд газар тариалангийн зориулалтаар газар эзэмшиж ашиглах боломжтой эсэх, мал бүхий иргэд, тариаланчдын хоорондын харилцааг зохицуулах эсэх болон гадаадын давхар даатгалын байгууллагын талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат газар тариалангийн даатгалын асуудлыг бие даасан хуулиар зохицуулах шаардлага, мөн улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хуулийн төсөлтэй холбогдуулан хийсэн судалгаа, мэдээлэл, даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын санхүүгийн нөөц хүрэлцэх эсэх, даатгалд ашиглах, өгөгдөл мэдээллийн үнэн зөв байдлыг хэрхэн баталгаажуулах зэрэг асуулт асууж хариулт авсан байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай үг хэлж, төсвийн ачааллыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хуулийг хэрэгжүүлэх механизм, тооцооллыг нарийвчлан тодорхойлж ажлын хэсгийн хүрээнд сайжруулах шаардлагатай гэсэн санал илэрхийлжээ. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

2026-11-12 20.56.30.jpg

Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Ч.Лодойсамбуу, Д.Энхтүвшин, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, М.Мандхай нар асуулт асууж, үг хэллээ. Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалангийн үйлдвэрлэлийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл, зах зээлийн хэлбэлзлээс хамаарах хамаарал, цаг уурын эрсдэл, даатгалыг индексжүүлэх чиг хандлагын давуу болон сул тал, индекс тогтоох технологийн боломж, хуулийг хэрэгжүүлэх дэд бүтэц, сангийн болон холбогдох хууль, тогтоомжийн уялдаа, нийцэл, улсын төсөвт ирэх ачаалал, даатгалын компаниудын чадамж, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хураамж, даатгалын хамрагдалт, ялангуяа жижиг аж ахуйн нэгжүүдийг даатгалд хамруулах, нөхөн төлбөрөө авч чадахгүй байх болзол нөхцөл, мөн төсөлд тусгагдсан туршилтын хугацааны шийдэл, үнэлгээ, давхар даатгалын тогтолцооны үр дүн, Засгийн газрын дэмжлэг зэрэг асуудлыг Улсын Их Хурлын гишүүд хөндөж, хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтыг тодруулж асуун, дэлгэрэнгүй хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүд алдагдлаас хамгаалах сангийн орлогын эх үүсвэр, цаг уурын станцуудын хүчин чадал, даатгагч болон даатгуулагч санал нийлэхгүй байх тохиолдлуудыг шийдвэрлэх механизм зэрэг зохицуулалтыг нарийвчлан тодотгож байв. Санал хураалтыг маргааш явуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна2 минут 19 секундын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа6 минут 5 секундын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна39 минут 6 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан46 минут 19 секундын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.