УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана


11-р сарын 20
9 цаг 26 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.

2026-11-19 16.57.43.jpg

Эрхэм хүндэт ард иргэд ээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурал өнөөдөр Төрийн тэргүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох онцгой хариуцлагатай асуудлыг Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэж, Монгол төрийн залгамж чанар, Үндсэн хуулийн засаглал, хууль дээдлэх ёс, төрийн хариуцлагатай холбоотой түүхэнд үлдэх онцгой нөхцөл байдалтай анх удаа нүүр тулж байна.

Ард түмэн шударга ёсыг хүсэмжилж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал үзүүлэн, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, үнэн мөнийг тогтоолгох, шударга ёсны төлөөх эрс шийдэмгий шийдвэр гаргасныг гүнээ хүндэтгэж байна.

Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ухнаагийн Хүрэлсүх Та улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өргөх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс орнуудтай дипломат харилцаа тогтоож, гадаад харилцааг өргөжүүлэн тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэе.

Мөн “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, Цагаан алт”, “Цэнхэр алт”, “Эрүүл монгол хүн”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” зэрэг үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрүүд, монгол хүнийг баялагтаа жинхэнэ эзэн нь болгох өрнүүн зүтгэлийг талархан тэмдэглэж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулсан, жендэрийн тэгш байдлыг ахиулахад чиглэсэн олон улсын цуврал бага хурлууд, энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэй албан хаагчдын оролцоог нэмэгдүүлсэн зэрэг олон улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, Эзэн Чингис хааныхаа түүхэн гавьяаг мөнхжүүлэх үйл хэрэгт оруулсан манлайлал тань түүхэнд тодоор үлдэх нь дамжиггүй ээ.

Монгол Улсын төрийн тэргүүний албыг нэр төртэй гүйцэтгэсэн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

2026-11-19 16.58.22.jpg

Эрхэм гишүүд ээ,

Өнөө цаг үед улс төрийн талцал, хуваагдлыг даамжруулан өрдөж, Монгол төрийг сулруулан, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг эрсдэлд оруулах, эх орныхоо хувь заяанд хохирол учруулах санаатай, санамсаргүй оролдлогууд цухалзах боллоо.

Өвөг дээдэс маань үр хойч бидэндээ өвлүүлж үлдээсэн тусгаар тогтнол, бүрэн эрхт Монгол Улсаа бид улс төрийн явцуу эрх ашиг, албан тушаалын төлөөх тэмцлийн золиос болгон хямралд оруулах эрхгүй.

Бидний үзэл бодол, итгэл үнэмшил өөр байж болно. Улс төрийн байр суурь зөрүүтэй байж болно. Харин эх орон, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал дээр бидэнд талцаж хуваагдах эрх байхгүй. Эх орон, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгаас үнэтэй зүйл гэж байхгүй ээ.

Төрийн тогтвортой байдал бол үндэсний аюулгүй байдлын баталгаа. Үндэсний эв нэгдэл бол тусгаар тогтнолын амин сүнс юм. Бидэнд ганцхан эх орон бий.

Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, шатахууны хангамж, зээлийн өндөр хүү, өрийн дарамт, аж ахуйн нэгжүүдэд үүсэж буй хүндрэл гээд шийдлээ хүлээсэн олон асуудал шил шилээ даран үүсээд байна.

Иргэд биднээс хэрүүл талцал биш, хэрэгжих шийдэл хүлээж байна. Хоосон амлалт биш, бодит үр дүн, бодлогын дорвитой шинэчлэл шаардаж байна.

Эрхэм гишүүд ээ,

Бид Үндсэн хуулиа чанд мөрдөж, төрийн ажлыг тасалдуулалгүй явуулж, дараагийн Ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагааг хуулийн хугацаанд, хуулийн дагуу зохион байгуулах үүрэгтэй.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, улс орныхоо эв нэгдэл, эрх ашгийн төлөө Улсын Их Хуралд суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн зөвлөлийг байгуулж ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.

Уг асуудлаар улс төрийн намууд, төрийн институцууд харилцан хүндэтгэлтэй, хариуцлагатай хамтран ажиллахыг уриалж байна.

Мөн дээрх эрх, үүргийг хэрэгжүүлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, бүлэглэлийн эрх ашгаас ангид байж, нийт ард түмнийхээ эрх ашиг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн, төвийг сахисан байр сууринаас асуудалд хандан ажиллах болно.

Бидэнд хагарал талцал бус, улс гэр, ард түмэн, үндэстний эрх ашгаа эн тэргүүнд тавьсан эв нэгдэл хэрэгтэй гэдгийг дахин хэлье.

 

ХУУЛЬ, ШУДАРГА ЁС ЯМАГТ ЯЛАН ДИЙЛЖ, МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР МОНГОЛ УЛС МӨНХӨД ОРШИГ!

 

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт

2026.11.19



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана12 минут 57 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн23 минут 31 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр11 сар 18. 10:43Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна11 сар 18. 10:01“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна11 сар 18. 9:55Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ11 сар 18. 9:51Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа11 сар 18. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 18. 9:09УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой11 сар 17. 15:53Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй11 сар 17. 14:05Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ11 сар 17. 12:33Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв11 сар 17. 12:04Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ11 сар 17. 12:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.