Хуулийн төсөл боловсруулагчийн 5 дахь удаагийн сургалтад Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахууд хамрагдан оролцож байна.

Сургалтын хоёр дахь өдөр (2026.11.22) Монгол Улсын Их Сургуулийн эмирит профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич С.Нарангэрэл “Хуульд тавигдах техник шаардлага-I” сэдвээр хичээл заав.
Тэрбээр, хуулийн мөн чанар, ёс суртахуунлаг хүн байхын утгыг хөндлөө. Төр гэдэг бол хийсвэр зүйл биш, төр гэдэг бол хүн. Тиймээс хамгийн өндөр ёс суртахуунтай хүнээ өөрсдийн төлөөлөгчөөрөө сонгох хэрэгтэйг онцоллоо. Хуулийн нэр томьёоны гол утга учир нь төрөлх хэлд оршдог. Эх хэлээ хадгалж, хамгаалах, яруу сайхныг яруу найрагч Р.Чойном агсны шүлгээр жишээлж тайлбарлав. Учир нь хуульд тавигдах техник шаардлагуудын эхэнд ойлголт, чиг үүрэг, ач холбогдол, бүтэц, нэр томъёог ойлгох хэрэгтэй болно. Бэлчээрийн мал аж ахуйтай, нүүдлийн соёлт монголчууд хойч үедээ үлдээх сургамжаа бичмэл цаасан хэлбэрээр үлдээх боломжгүй байсан тул амьдралын хөдөлшгүй үнэн, жам ёсны хууль мэт агуулгыг Монгол ардын зүйр цэцэн үг болгон үр хүүхдүүддээ цээжлүүлж иржээ. Товч, цөөн хэдэнд үгэнд утгын гүнийг ой санамжид нь шингээдэг зүйр цэцэн үг бол өвөг дээдсээс бидэнд үлдээсэн бичигдээгүй хууль юм гэв.
С.Нарангэрэл: “Хуулийн амин сүнс бол ёс суртахуун”

Хуулийн амин сүнс бол ёс суртахуун. Одоогоос 2500 жилийн өмнө эртний Ромд амьдарч байсан Аристотелийн бүтээлүүд академик шинжтэй төдийгүй, “Хүн гэдэг ёс суртахууны амьтан юм байна, ёс суртахуун гэдэг хувь хүний хувьд заяагдмал зүйл. Харин хэмжээ дамжаа нь хүн болгонд ялгаатай байдаг. Хүн гэдэг оюун бодлын амьтан юм байна” гэсэн агуулгыг багтааснаараа онцлогтой.

Нэр томъёо гэдэг нь бүх эрдэм, мэдлэгийн амин сүнс. Хэрэв тодорхой нэр томьёог олон янзаар хэлээд, сүүлдээ учрыг нь олохгүй болоод ирэхээр аливаа нэг ойлголт төсөөлөл завхардаг. Түүн лугаа ёс суртахуун гэдгийг агуу их Аристотель “moralis” буюу “Хүмүүний сэтгэлийн эерэг энергийн өгөгдлийн цогц”гэсэн утгатай бол өдгөө зан суртахуун, сайн хүн, зөв хүн, зарчим, хүн чанар, хүмүүжил хэмээн тайлбарлаж ирсэн. Сүүлийн үед хүн бүхний амны уншлага болсон харилцаа, хандлага гэдэг нэр томъёо баруунаас орж ирэв.

Хүний амьдралын бүх асуудлыг хуулиар зохицуулж болдоггүй юм байна. Хуулиас эрхэм зүйл хүнд байдаг. Хүний зүрх сэтгэлд ёс суртахуун гэж бий. Түүгээрээ хүн бүр илүү сайн сайхан, аз жаргалтай байх боломжтой. Магадгүй багахан хөрөнгөтэй ч түүнийгээ шударгаар олж авсан бол үүгээрээ бахархсаар энэ ертөнцөөс сэтгэл хангалуун буцдаг гэдгийг эрдэмтэд тогтоож эхэлсэн. Барууны эрдэмтэд ёс суртахуун гэхээр бусдаас хуулсан болчих гээд оронд нь “харилцаа”, “хандлага” гэдэг нэр томъёо хэрэглээд, манайхан түүнийг нь орчуулаад шинэ нэр томъёо гаргаж ирсэн байдаг.

Ёс суртахуунаа уландаа гишгээд, үл тоомсорлоод эхэлбэл гай барцад салахгүй. Архидалт мансуурал, нойргүйдэл, сэтгэл гутрал дагалдана. Чанчунь бомбо их эзэнд нэг зүйлийг онцгой анхааруулж хэлсэн байдаг. Гэнэт олдсон хар муу хөрөнгө, мөнгө бол үүл нүүж, сүүдэр нь хоромхон зуур газарт тусаад алга болдог шиг түр зуурын үзэгдэл гэдгийг захисан юм билээ. Хүн төрөлхтөн ёс суртахууны сайхан өгөгдлийг уландаа гишгэж, үл тоомсорлож эхлээд тэргүүндээ мөнгө хөрөнгө, эрх мэдэл, тансаг хэрэглээг залах болсон. Өнөөдөр хүн төрөлхтөн бүхэлдээ ийм болж, ёс суртахууны асуудал монголчууд бидний төдийгүй хүн төрөлхтөн цаашид тэсэж үлдэх үү гэдэгт хүрээд байна. Хүний хувьд шударга байдал гэдэг өмсөж, зүүхтэй ижил хэрэгцээтэй. Бидний өвөг дээдэс энхийг, шударга ёсыг тогтоогоод буцдаг байсан тухай дурдлаа.
Б.Амарсанаа: Хууль бол зарим үед нийгмийн хөдөлгөгч хүч байх боломжтой

Академич С.Нарангэрэлийн лекцийн дараа Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа “Хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн рецептийг ашиглах арга зүй” сэдвээр илтгэв. Тэрбээр, хууль бол зарим үед нийгмийн хөдөлгөгч хүч байх боломжтой гэж лекцийнхээ үеэр өгүүлэв. Нийгмийн үнэт зүйлд тулгуурлаж эрх зүй бий болох учраас тухайн улс, үндэстний онцлогийг харгалзах, хууль угаасаа байх ёстой. Агуулгаа алдаагүй, зөв гаргах нь нэн тэргүүний шаардлага хэмээв. Эрх зүйн рецепти буюу нутагшуулалт гэдэг нь гадаад улсын эрх зүйн тогтолцоо, салбар, институтыг бүхэлд нь буюу тогтолцооны түвшинд хүлээн авч дотооддоо шингээх үйл явц юм. Үүнтэй зэрэгцэн эрх зүйг шилжүүлэн суулгах гэж бас ойлголт байдаг. Энэ нь нэг улсын эрх зүйн тодорхой хэм хэмжээ, институт, зарчмыг өөр улсын эрх зүйн тогтолцоонд шууд буюу харьцангуй шууд нэвтрүүлэх үзэгдэл ажээ. Хууль бол аливаа асуудлыг шийдвэрлэхэд зориулагддаг. Хэрвээ агуулга муутай, зарчмаа баримтлаагүй хуулийн төсөл боловсруулбал Үндсэн хуулийн түвшний зөрчил үүснэ.

Шүүхийн чадавх сул бол шинэ зохицуулалт бодит байдалд хэрэгждэггүй. Санхүүгийн хяналтын нарийн зохицуулалт нэвтрүүлэхэд мэргэжлийн байгууллага байхгүй бол хууль цаасан дээр үлдэнэ.
Хууль боловсруулах ажиллагаанд эрх зүйн рецепти ашиглах боломжид харьцуулсан эрх зүйн алхам, асуудлаа тодорхойлох, хэрэгжилтийн анализ, бусад улс орныхтой харьцуулах, өөрийн орны тогтолцоо нийцэж байгаа эсэх, хэрэгжих боломжтой эсэхийг шалгах чухал байдаг. Үндсэн хуулийн нийцэл, өмнөх болон бусад хуулийн нийцэл, захиргааны байгууллагын чадавх, шүүхийн чадавх, нийгэм хүлээн авах эсэх, орчуулгын найдвартай байдал зэргийг анхаарах чухал гэв.

Ийнхүү хуулийн төсөл боловсруулагч бэлтгэх тав дахь удаагийн сургалт үдээс хойш “Салбар эрх зүй дэх хууль зүйн техник”, “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоолол хийх аргачлал”, “Хуульд тавих техникийн шаардлага” буюу хуулийн төслийн процессжуулан бичих шаардлага, ач холбогдол сэдвүүдээр бүтэн өдрийн турш үргэлжиллээ.


“Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт”-ын хоёр дахь өдрийн сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын дарга Ж.Сайнхишиг чиглүүлэн явууллаа.

Үдээс хойших сургалтаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор (LL.D), дэд профессор С.Батбаяр “Салбар эрх зүй дэх хууль зүйн техник” сэдвээр илтгэв. Доктор уг сэдвийн хүрээнд хувийн эрх зүй дэх системчлэл, хууль зүйн техник, төрөлжүүлэх арга хэлбэрийн тухай тайлбарласан юм.

Дэлхий нийтийн чиг хандлага орчин үед бүтээлч бөгөөд хэрэгжих боломжтой, харьцуулсан эрх зүйг хөгжүүлэх, Арбитрийн, тендерийн гэх мэт загвар хуулиудыг ашиглах, зөөлөн хэм хэмжээний нөлөөг илүүд үзэх болсон талаар танилцууллаа. Олон улсын байгууллагын манлайллаар хэрэгжүүлж буй хууль тогтоох шинэчлэл өнөө цагийн бас нэгэн жишээ аж.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2021 онд хувийн эрх зүйн шинэтгэлийг явуулахаар зарласан байдаг. Хувийн эрх зүйн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, салбарын боловсон хүчин бэлтгэх бодлогыг өөрчлөх, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг хэрэгцээ, шаардлага өнөө ч хэвээр байгаа гэв. Хууль амьдралаас урган гардаг, тиймээс бодит нөхцөл байдлаа ямагт санаж, ур чадвараа сайжруулах, ингэхийн тулд хуулийн төсөл боловсруулагч зөвхөн хуулбарлах бус, шинийг санаачлагч, өөрийн орны онцлогт тохирсон уян хатан зохицуулалтыг судалгаанд үндэслэн ончтой сонгох ёстойг сануулсан.


“Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоолол хийх аргачлал” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач Б.Баасандорж илтгэхдээ, тухай зохицуулалт үнэхээр хэрэгтэй эсэх, өөр хувилбар байж болохыг, ашиг болон зардлын тэнцлийг харж, төрийн бодлогын чанарыг сайжруулахад анхаарахыг онцлов.

Сүүлийн хичээлийг “Хуульд тавигдах техникийн шаардлага- III” сэдвээр Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Эрх зүй, эдийн засаг, төсвийн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Н.Мөнхзэсэм зааж, мэдээлэл өгсөн юм.

Хичээл бүрийн дараа сургалтад оролцогчид өдөр тутмын амьдралдаа тулгарч буй асуудал, ажлын чиг үүрэгтэй уялдан хуулийн төсөлтэй холбогдох зүйлсийг эрдэмтэн, докторуудаас асууж, тодруулж байв.

Энэхүү сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төв, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслөөс зохион байгуулж байгаа бөгөөд маргааш үргэлжилнэ.

Үүний үр дүнд Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлдэг зөвлөх, туслахуудыг мэргэшүүлж, улмаар судалгаа, нотолгоонд суурилсан, Үндсэн хууль, хүний эрхийн стандартад нийцсэн, үр нөлөөтэй хуулийн төсөл боловсруулах чадавх бэхжих ач холбогдолтой гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

Сэтгэгдэл бичих