Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй


11-р сарын 25
9 цаг 09 минут

      Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, ээжийн бэлдэж  явуулсан өдрийн хоолоор хязгаарлагддаггүй. Хичээлийн завсарлагаанаар, дугуйлан, секцэд явах замдаа хүүхдүүд сургуулийн ойролцоох дэлгүүр, түргэн хоолны цэгээс бэлэн бүтээгдэхүүн худалдан авч идэх нь түгээмэл. Хямд үнэтэй, шууд идэх боломжтой догбугги, удон, шарсан тахиа, чипс, печень, чихэрлэг ундаа, шоколад зэрэг бүтээгдэхүүн хүүхдүүдийн хамгийн эхний амттай сонголт байдаг.

Гэтэл эдгээрийн дунд хүүхдэд худалдаалахыг хориглосон, давс, сахар, транс тос, төрөл бүрийн нэмэлт бодисын агууламж өндөртэй бүтээгдэхүүн цөөнгүй. Цаашлаад хүнсний хадгалалт, тээвэрлэлт, үйлдвэрлэлийн эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс микробиологийн бохирдол үүсэх эрсдэл ч бий.

Хамгийн ноцтой нь, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эдгээр бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон хууль, журам, стандарт байдаг ч сургууль орчмын худалдаа, үйлчилгээний газруудад хэрэгжилт нь хэр хангагдаж  байгаа нь анхаарал татах асуудал болж байна. Сургуулийн 150 метрийн бүсэд ямар хүнс худалдаалж байгааг хэн хянадаг, зөрчил илэрвэл хэрхэн хариуцлага тооцдог, хяналтын тогтолцоо бодитоор ажиллаж чадаж байна уу. Уг асуултын хариуг эрэлхийлж, сургууль орчимд худалдаалагдаж буй хүнсний аюулгүй байдлын талаар энэ удаагийн нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлдээ онцолж байна. 

“Үнэ хямд, шууд идэх боломжтой ширхгийн хоол худалдаж авах нь элбэг” 

Эрүүл мэндийн сайдын 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн А/370 дугаар тушаалаар сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг.

Тус жагсаалтад уух зүйлсээс бүх төрлийн согтууруулах болон хийжүүлсэн ундаа, энергийн болон спортын ундаа, өндөг, элсэн чихрээр хийсэн коктейлийг хоригложээ. Харин амттан, зуушны төрлөөс мөхөөлдөс (ургамлын гаралтай алтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүн), нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн, чипс, попкорн, давсалсан самар, хатаасан жимс, бүх төрлийн чихрийг худалдаалахыг хориглосон байна.

Түүнчлэн боловсруулсан болон хагас боловсруулсан түргэн хоолны төрлөөс хиам, зайдас, утсан нөөшилсөн бүтээгдэхүүн, бүх төрлийн чанадаг, дэвтээдэг гоймон, тосонд шарсан ширхгийн хоол, транс тос агуулсан бүх төрлийн хоол хүнс багтжээ.

Гэвч эдгээр бүтээгдэхүүн сургуулийн ойролцоох хүнсний дэлгүүр, түргэн хоолны газруудад худалдаалагдсаар байна.

Тушаалд зааснаар “Сургуулийн орчин” гэдэгт сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтын дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүний эргэн тойрны 150 метр хүртэлх газрыг хамруулдаг.

Бид Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн ойролцоох хүнсний дэлгүүрээр орж үзэхэд хүүхдэд худалдаалахыг хориглосон болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй орц найрлагатай бүтээгдэхүүнүүд худалдаалж байв.

Тухайн дэлгүүрийн худалдагчаас хүүхдүүд ямар бүтээгдэхүүн түлхүү худалдан авдаг талаар тодруулахад “Үнэ хямд, шууд идэх боломжтой ширхгийн хоол болон түргэн хоолыг хүүхдүүд их авдаг. Мөн чихрийн төрлийн бүтээгдэхүүн, ундааг их сонгодог. Сүүлийн үед шарсан дүпүг хүүхдүүд их авч байна” гэсэн юм.

Эндээс харахад хүүхдүүдийн хүнсний сонголтод үнэ, хүртээмж, хэрэглэхэд хялбар байдал голлон нөлөөлж байна. Харин тухайн бүтээгдэхүүн хүүхдэд тохиромжтой эсэх, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд анхаарах, хяналт тавих байдал хангалтгүй хэвээр байна.

“Торгох арга хэмжээ авах ёстой ч хариуцлага хүлээлгэх санкц нь Зөрчлийн тухай хуульд тусгагдаагүй байдаг”  

Сургуулийн цайны газар, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх стандарт,  хяналтын журам бий. Харин сургуулийн ойр орчмын дэлгүүр, түргэн хоолны цэгүүдэд худалдаалагдаж буй бүтээгдэхүүний хяналт, стандарт, шалгуур хэрхэн хэрэгждэг вэ.

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойролцоо ТҮЦ-ийг оруулахгүйгээр 380 орчим хүнсний худалдааны газар байдаг. Харин нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 1200 орчим ТҮЦ үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн судалгаа бий.

Тэгвэл эдгээр газруудад зөвшөөрөлгүй, хяналтгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй асуудалд нийслэлийн ХХААГ-аас  холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ 2026 онд сургууль, цэцэрлэгийн ойролцоох хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гурван удаа хийсэн байна. Эхний шалгалтыг зургаадугаар сард, хоёр дахь удаагийнхыг есдүгээр сард буюу сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхлэх үеэр зохион байгуулжээ. Харин хамгийн сүүлд “Хүүхдийн төлөө” аяны хүрээнд удирдамжтай хяналт шалгалт хийсэн гэв. 

Х.Чимгээ

Энэ талаар нийслэлийн ХХААГ-ын хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын улсын ахлах байцаагч Х.Чимгээ “Энэ удаагийн хяналт шалгалтын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг үндэслэн ажилласан. Тодруулбал, 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн сайдын 370 дугаар тушаалын хүрээнд насны онцлогтой холбоотойгоор хориглосон хүнсний бүтээгдэхүүнүүдэд хяналт тавьж, дээж авсан. Тухайлбал, шарсан дүпү, бууз, хуушуур, бэлэн хоол, кимбаб, бургер, бүх төрлийн ундаа, шүүс, чипс, цэлцэгнүүр болон хэт их будаг, бодис агуулсан чихэр зэрэг бүтээгдэхүүнийг хамруулсан.

Ингээд нийт 135 аж ахуйн нэгж, байгууллагаас 62 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүлсэн. Одоогоор дээжийн шинжилгээний хариу гараагүй байна. Ерөнхийдөө бид хяналт шалгалтыг холбогдох хуулийн хүрээнд хийж, шалгалтаар тухайн хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар  ААН-ийг гурван сая хүртэлх төгрөг, иргэнийг 300 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ тооцдог. Гэвч Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалын хүрээнд шууд арга хэмжээ тооцох гэхээр хариуцлага хүлээлгэх санкц нь Зөрчлийн тухай хуульд тусгагдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, уг тушаалыг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах нь тодорхой бус байгаа юм. Тус тушаалыг авч үзвэл Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Боловсролын ерөнхий газарт хэрэгжилтийг хангах үүрэг даалгасан байдаг. Харин бид хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн аюулгүй байдлын чиглэлээр хяналт тавьдаг учраас энэ төрлийн хяналт шалгалтыг хүнс хариуцсан улсын байцаагч нар хийж хэрэгжүүлдэг” гэв.

Түүнчлэн уг тушаал нь 2022 онд батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуультай зөрчилдөж байгааг тэрээр хэлэв.  Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан буюу сургуульд эзэмшүүлсэн газар, түүний эргэн тойронд 150 метр хүртэлх зайг ойлгоно хэмээн тодорхойлсон байдаг.

Гэтэл Эрүүл мэндийн сайдын өмнө батлагдсан тушаал болон дээрх хууль хоорондоо зөрчилдөж байгаа юм. Тиймээс ХХААГ-аас хяналт шалгалтын хүрээнд холбогдох хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж, ХХААХҮЯ-ны харьяа Салбарын хяналтын газраар дамжуулан саналаа хүргүүлээд байгаа аж. 

“Карго”-гоор шарсан дүпү зэрэг гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүнүүд хяналтгүй орж ирдэг байна

Нөгөө талаас сургууль, цэцэрлэгийн орчинд гарал үүсэл нь тодорхойгүй,  баталгаажилтгүй, шинжилгээнд хамрагдаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалах асуудал нэлээд байгаа нь холбогдох байгууллагын хяналт шалгалтаар тогтоогджээ. Тухайлбал, шарсан дүпү зэрэг бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр орж ирж, ямар нэгэн хяналтгүйгээр худалдаалагдаж байгаа тохиолдол бий.

Бидний ярьж заншсанаар “карго” гэх сувгаар дамжин, ямар нэгэн хяналтгүйгээр орж ирсэн бүтээгдэхүүнүүд сургууль, цэцэрлэг орчимд болон ТҮЦ, жижиг хүнсний  дэлгүүрүүдэд худалдаалагдаж байна. Ийм гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг илрүүлсэн тохиолдолд улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийн хүрээнд газар дээр нь хураан авч, Нийслэлийн зөвлөлд шилжүүлдэг байна.

Х.Тамир 

Харин дээрх асуудлаар Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир дараах байр суурийг илэрхийлсэн юм.                               

“Хүүхдийн эрүүл мэнд, хооллолтод сөрөг нөлөө үзүүлэхүйц хүнсний бүтээгдэхүүнийг сургууль дээр худалдан борлуулахгүй байх чиглэлийн дагуу сургуулиуд хориглосон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байгаа. Харин сургуулийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг түргэн хоолны цэгүүд, хүнсний худалдаа эрхлэгчдэд ХХААХҮЯ, аймаг, дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар зэрэг холбогдох байгууллагууд хяналт тавьж ажилладаг. Тэдгээр байгууллагуудтай бид хамтран ажиллаж, чиглэл өгч ажилладаг. Энэ хүрээндээ “Эрүүл сургууль” гэх санаачилгыг эхлүүлээд явж байна” гэв.

Хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжилд шаардлагатай шим тэжээлийг өдөр бүр зохистой хэмжээгээр авах нь чухал. Гэвч шим тэжээлийн дутагдал, зохисгүй хооллолт удаан үргэлжилбэл хүүхдийн эрүүл мэндэд олон төрлийн сөрөг үр дагавар учруулдаг.

Монгол хүүхдийн хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээг батлах тухай 2014 оны Эрүүл мэндийн сайдын тушаалд хүүхдийн байгууллагууд хүйсийн ялгаатайгаар хоол бэлтгэж, үйлчлэх боломжгүйг харгалзан насны бүлгээр илчлэгийн хэмжээг тооцжээ. Тухайлбал, 7-10 настай хүүхэд 2000 ккал, 11-14 настай хүүхэд 2100 ккал, 15-18 настай хүүхэд 2300 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэхээр тусгасан байна. 

Сайн жишээ: Манай сургуулийн 50 метрийн бүсэд хориглосон бүтээгдэхүүн худалдаалж байсан түргэн хоолны цэгийг нүүлгэсэн

Сургуулийн орчин дахь хүнсний аюулгүй байдлын асуудлыг зөвхөн хориг, хязгаарлалтаар шийдэх боломжгүй. Хяналтыг бодитой хэрэгжүүлэхийн зэрэгцээ салбарын хяналтын байгууллагаас гадна тухайн сургууль, сургуулийн удирдлага, багш, эцэг эхчүүдийн оролцоо, санаачилга чухал юм.

Энэ чиглэлээр нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн удирдлага санаачилгатай ажилласан сайн жишээг хүргэж байна.

Э.Пүрэвсүрэн

Тус сургуулийн захирал Э.Пүрэвсүрэнгийн ярьснаар сургуулийнх нь 50 метрийн бүсэд түргэн хоолны үйлчилгээний цэг нүүж ирсэн байна. Тэрээр тухайн худалдаа эрхлэгчтэй уулзахад хорооны Засаг даргаасаа зөвшөөрөл авсан гэжээ.

Үүний дараа сургуулийн захиргаа сургууль орчмын 150 метрийн бүс, худалдаалж болохгүй хүнсний бүтээгдэхүүн, худалдаа, үйлдвэрлэлтэй холбоотой зөрчигдөж буй дүрэм, журмыг боловсруулж, хорооны Засаг даргад хүргүүлсэн байна. Үүний үр дүнд тухайн түргэн хоолны үйлчилгээ эрхэлж байсан иргэн үйл ажиллагаагаа зогсоож, нүүжээ.

149 дүгээр сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн “Сургууль орчмын бүс бол аюулгүй, цэвэр, “ногоон” байх ёстой. Энэ зарчмаа баримтлан ажиллахыг хичээдэг. Тиймээс дээрх арга хэмжээг авч сургууль орчмын бүсэд хориглосон бүтээгдэхүүн худалдаалж байсан иргэнийг нүүлгэсэн.

Ер нь багш, сурагчид маань эрт илрүүлэгт хамрагдсаны дараа хоол боловсруулах эрхтний эмгэг маш их тохиолдсон байдаг. Энэ асуудлыг сургуулийн орчинд шийдэхийн тулд хамгийн түрүүнд эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй. Хүүхэд сургуулийн ойр, хол, хаана ч явсан эрүүл мэнддээ анхаарч, зөв хүнсээ сонгодог мэдлэг, дадлыг олгох хэрэгтэй байгаа юм.  

Нөгөөтэйгүүр, сургуулийн орчимд худалдаа эрхэлж байгаа иргэдийг хориглох эрх нь хязгаарлагдмал байдаг. Гаднын улсуудад сургуулийн орчин гэдэг бол маш цэвэрхэн, аюулгүй, эцэг эхчүүд нь ч дураараа ордоггүй тийм газар байдаг. Тиймдээ ч хуулийн хэрэгжилт, дүрэм, журам стандартын дагуу явагддаг.

Үүний адил манай улс ч хуулийн хэрэгжилтийг маш сайн хангаж, зохицуулах хэрэгтэй байна. Ядаж л сургуулийн ойролцоо үйлчилгээ явуулж байгаа худалдаа эрхлэгчдийн хүнсэнд хяналт тавьж, худалдаалахыг хориглосон хүнсэнд анхаарч, хатуу арга хэмжээ авдаг байх ёстой санагддаг” гэв.

Энэ жишээ сургуулийн захиргаа, орон нутгийн удирдлага хамтран ажиллавал сургуулийн орчны аюулгүй байдлыг хамгаалах боломж байгааг харуулж байна. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад тал бүрийн хариуцлага чухал.

Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, хяналтын журам бий. Мөн холбогдох байгууллагууд сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажилладаг гэдгээ илэрхийлж байна.

Нэг талаас боловсролын байгууллага сургуулийн доторх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хяналт тавьж, хүүхдүүдэд хориглосон хүнс худалдаалахгүй байх чиглэл өгч байгаа юм. Нөгөө талаас сургуулийн гаднах худалдаа, үйлчилгээний газруудад ХХААХҮЯ, аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар, боловсролын газар зэрэг байгууллагууд хяналт тавьдаг байна.

Гэвч бодит байдал дээр сургуулийн ойролцоох дэлгүүрийн лангуун дээр хүүхдэд худалдаалахыг хориглосон нэр төрлийн бүтээгдэхүүн өрөөстэй, хүүхдүүд худалдаж авсан хэвээр байгаа. Иймд стандартын хэрэгжилтэд холбогдох байгууллагууд илүү анхаарах, уялдаа холбоотой ажиллах, хариуцлага тооцдог байх шаардлагатай байна.Түүнчлэн зөвхөн яам, Тамгын газар гэлтгүй сургуулийн багш, удирдлага, эцэг эхчүүд ч хүүхдүүдийнхээ ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаад анхаарч, зөв зохистой хооллолтын талаар мэдлэг, мэдээлэлтэй байлгах зэргээр дээрх асуудалд тал бүрийн хариуцлага чухал байгаа юм. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тухай яриа уриа, санаачилга төдий үлдэх бус бодит хяналт, хариуцлага болон хэрэгжих хэрэгтэй.

Ч.БЯМБАХАЖИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй11 минут 28 секундын өмнөУлсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа19 минут 51 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн23 минут 58 секундын өмнөМонгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 16:12Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна11 сар 24. 16:09Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ11 сар 24. 13:36Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна11 сар 24. 12:56Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ11 сар 24. 12:50Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ11 сар 24. 12:34Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд11 сар 24. 11:10Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв11 сар 24. 11:02Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 24. 9:19Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо11 сар 23. 17:29Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна11 сар 23. 17:25Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв11 сар 23. 15:34Ж.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ11 сар 23. 15:29Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ11 сар 23. 13:41Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв11 сар 23. 13:24МАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй11 сар 23. 12:11Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ11 сар 23. 11:45Я.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна11 сар 23. 11:34Нийт нутгийн 78 хувь цастай байна11 сар 23. 9:14Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун11 сар 23. 9:06УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна11 сар 23. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн11 сар 23. 8:41Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.