БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ


11-р сарын 25
18 цаг 34 минут

      Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2026.11.25/ 13 цаг 47 минутад 29 гишүүний 15 буюу 51.7 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Байнгын хорооны дарга М.Мандхай даргалж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.8-д заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан.

Гишүүдийн ирцийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу

Screenshot 2026-11-25 at 16.58.33.png

Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан ажлын хэсэг байгуулахтай холбоотой Байнгын хорооны тогтоолын төслийг эхэлж хэлэлцэх горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн.

Иймд хуралдааны эхэнд Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

10.jpg

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжсэн юм.

Тус тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Ганбаатар, П.Сайнзориг, С.Одонтуяа, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.

8.jpg

Асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамаас Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ. /асуулгын хариуны дэлгэрэнгүйг эндээс/

Асуулгын хариуг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Органик бүтээгдэхүүний тухай хуулийг баталж, 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгааг дурдаад, хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд салбарын яамнаас холбогдох дүрэм, журам, аргачлалыг боловсруулан батлуулах, баталгаажуулалт, бүртгэл, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна гэв. Тухайлбал, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой “Органик үйлдвэрлэлд тавигдах шаардлага, баримтлах журам”, “Хамтын баталгаажуулалтын байгууллагад тавигдах шаардлага, түүнийг байгуулах, бүртгүүлэх, баталгаажуулалт хийх журам”, “Органик салбарын Үндэсний зөвлөлийг байгуулах, ажиллах журам” “Баталгаажуулалтын гэрчлэх тэмдэг, гэрчилгээний загвар” зэрэг захиргааны хэм хэмжээний актыг боловсруулан баталж, мөрдүүлээд байгаа аж.

6.jpg

Мөн органик үйлдвэрлэлд хэрэглэх бодист тавигдах шаардлага, тэдгээрийг үнэлэх аргачлал, органик бүтээгдэхүүний орц, найрлагыг тооцох аргачлал, мэдээллийн санд бүтээгдэхүүн бүртгүүлэх журам, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортод төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшууллын журам зэрэг баримт бичгийн төслийг боловсруулан ажиллаж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар итгэмжлэгдсэн 3, хамтын баталгаажуулалтын 36 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагаар дамжуулан органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн үйлдвэрлэгч, бүтээгдэхүүн болон баталгаажуулалтын талаарх мэдээллийг нэгдсэн мэдээллийн санд бүртгэн төвлөрүүлж байна. Тус мэдээллийн санд өнөөдрийн байдлаар дотоодод үйлдвэрлэн баталгаажсан 416, шилжилтийн үеийн 54, импортын 30 орчим органик бүтээгдэхүүн бүртгэгдсэн. Түүнчлэн органик бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 138.2 тэрбум төгрөгт хүрч, бүтцийн хувьд 87.0 хувийг газар тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэл, 6.6 хувийг хүнсний үйлдвэрлэл, 4.5 хувийг хоол үйлдвэрлэл, 1.1 хувийг мал аж ахуйн үйлдвэрлэл тус тус эзэлж байна. Эдгээр үзүүлэлт нь органик үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдэн баталгаажуулалтын тогтолцоо төлөвшиж, үйлдвэрлэл, бүртгэлийн үйл ажиллагаа эхний шатанд тодорхой үр дүнд хүрч байгааг харуулж байгааг Д.Довчинсүрэн дарга мэдээлэлдээ тодотгосон юм.

9.jpg

Мөн Органик бүтээгдэхүүний тухай хууль нь үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэх, дотоод, гадаад зах зээлийг өргөжүүлэх чиглэлээр төрөөс үзүүлэх дэмжлэгийн эрх зүйн үндсийг бүрдүүлснийг дурдахын зэрэгцээ хуулийн хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэхэд тулгарч буй асуудлын талаар танилцуулав.

Нэгдүгээрт, органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагын хүний нөөц, техникийн болон мэргэжлийн чадавх хангалтгүй, баталгаажуулалтын үйлчилгээний зардал өндөр байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэл учруулж байна.

Хоёрдугаарт, органик үйлдвэрлэлд шаардлагатай үр, органик бордоо, биологийн гаралтай ургамал хамгааллын бодисын дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлт хангалтгүй, импортын хамаарал өндөр байна.

Гуравдугаарт, үйлдвэрлэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын үе шат хоорондын уялдаа сул, органик бүтээгдэхүүний дотоодын зах зээл, хэрэглэгчдийн мэдлэг, ойлголт хангалттай түвшинд хүрээгүй байна.

Дөрөвдүгээрт, хуульд заасан төрийн дэмжлэг, урамшууллыг бодитой хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, санхүүжилтийн эх үүсвэрийг үе шаттай шийдвэрлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч үйлдвэрлэл эрхлэгчдэд хүрэх санхүүгийн дэмжлэг, баталгаажуулалтын хүртээмж, зах зээлийн тогтолцоог бүрэн бүрдүүлэх ажлыг цаашид эрчимжүүлэх шаардлагатай байна гэдгийг Д.Довчинсүрэн дарга мэдээлэлдээ онцолсон юм.

11.jpg

Хуулийн хэрэгжилтийн эхний үр дүн гарч, баталгаажуулалтын тогтолцоо, бүртгэл, мэдээллийн сангийн суурь тавигдаж байгаа ч бид зөвхөн хууль, журам баталж, бүтээгдэхүүн бүртгэхээс илүүтэйгээр органик үйлдвэрлэлийг өргөжүүлэх, бүтээгдэхүүнийг зах зээлд өрсөлдөхүйц үнээр борлуулах, экспортын боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай. Цаашид органик үйлдвэрлэлийг хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хөрсний үржил шим, байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртөг, үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх төрийн бодлогын чухал чиглэл болгон хөгжүүлнэ гэдгийг мэдээлэлд дурдсан байлаа.

1.jpg

Салбарын яамны мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, П.Батчимэг, Д.Жаргалсайхан, Б.Уянга, М.Мандхай нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд хууль батлагдаад гурван жил өнгөрсөн хэдий ч хэрэгжилт хангалтгүй байна гэдгийг аж ахуйн нэгж, иргэд хэлж буйг онцлов. Мөн хуулийн хүрээнд 14 журам, аргачлал, жагсаалт, 2 гэрчилгээний загвар батлах ёстой хэдий ч асуулгын хариунаас харахад дөрвөн журам, гэрчилгээний загвар баталсан байгаад анхаарах шаардлагатай гэлээ. Түүнчлэн энэ хуультай хамт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулан Монгол Улсад органик бүтээгдэхүүн үйлдвэрлээд үүнийгээ баталгаажуулсан бол уг албан татвараас эхний таван жил 100 хувь, дараагийн таван жил 50 хувь чөлөөлнө гэсэн заалт тусгасныг дурдаад, үүний хэрэгжилт болон органик бүтээгдэхүүнийг хариуцсан нэгж, бүтэц салбарын яаманд байгаа эсэхийг лавлав.

2.jpg

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ Органик бүтээгдэхүүний тухай хуультай хамт батлагдсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн. Энэ заалт хэрэгжээд явж байгаа хэмээн хариулав. Харин тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, дэлхий нийтээрээ хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд органик үйлдвэрлэл, хөрс, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг дэмжихийн зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой тодорхой ажлуудыг хийж байна хэмээв.

photo_2026-11-25_15-27-41.jpg

Ингээд эцэст нь асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдаад, энэ асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Иймд Улсын Их Хурлын гишүүний саналаар асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь уг саналыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 56 шийдвэрийн биелэлт дунджаар 80.21 хувьтай байна

Хуралдааны төгсгөлд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлаас баталсан 56 шийдвэрийн 394 зүйл, заалт хяналтад байгаа бөгөөд энэ нь Улсын Их Хурлын шийдвэрийн нийт 1,972 заалтын 20.0 хувийг эзэлж байна. Эдгээрийг ангиллаар нь авч үзвэл Монгол Улсын 15 хуулийн 38 заалт, Улсын Их Хурлын 20 тогтоолын 196 заалт, Байнгын хорооны 21 тогтоолын 160 заалт хяналтад байна гэв.

7.jpg

Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 56 шийдвэрийн 394 зүйл, заалтын биелэлт дунджаар 80.21 хувьтай байна. Нийт заалтын 235 буюу 59.6 хувь нь бүрэн хэрэгжиж, 146 буюу 37.1 хувь нь хэрэгжих шатандаа байна. Хэрэгжих шатанд байгаа заалтын 19 нь эрчимжүүлэх шаардлагатай гэж үнэлэгдсэн бол хэрэгжээгүй гэж үнэлэгдсэн гурван заалт, хэрэгжих боломжгүй гэж хоёр заалт үнэлэгдсэн байгаа нь шийдвэрийн төсөл боловсруулах шатанд хэрэгжүүлэгч этгээд, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой заах шаардлага байгааг харуулж байна. Хяналтад байгаа заалтын 62.9 хувь буюу 248 заалтыг хяналтаас хасах саналтай байгаа нь бүртгэл хяналтын жагсаалтыг цэгцлэх шаардлага бий болсныг харуулж байна хэмээн тайлангийн танилцуулгад дурджээ.

Иймд бүрэн хэрэгжсэн, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, дараагийн шийдвэр гарсан заалтуудыг цахим системийн бүртгэлийн хяналтаас хасан, хэрэгжиж байгаа шийдвэрүүдэд үр дүн гаргахад анхаарч ажиллах шаардлагатайг Т.Доржханд сайд танилцуулгадаа онцлов.

photo_2026-11-25_15-27-41 (2).jpg

Байнгын хорооны түвшинд хяналтаас хасах саналтай 248 зүйл, заалтыг журмын 6.4-т заасан үндэслэл тус бүрээр хянан хэлэлцэж, хяналтаас хасах шийдвэр гаргах, удаашралтай гэж үнэлэгдсэн 19 заалтын хэрэгжилтийг хариуцсан салбарын яам, байгууллагад чиглэл өгөх, Байнгын хорооны тогтоолоор үүрэг, чиглэл өгөхдөө хэрэгжүүлэх чиг үүрэг, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэр, хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлтийг тодорхой заах зэрэг арга хэмжээний авах саналтай байгааг танилцууллаа.

Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Уянга, С.Одонтуяа, М.Мандхай нар асуулт асууж, үг хэллээ. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ тайлангийн танилцуулгаас харахад салбарын яаманд өгсөн үүрэг даалгавар, нөгөө яамныхаа үйл ажиллагаа, чиглэлтэй зөрчилддөг байдалд цаашид анхаарах, улмаар тайланд оруулах нэр төдий томьёолсон мөрөөдлийн жагсаалтыг оруулж ирж байгааг засаж сайжруулах нь зүйтэй хэмээв.

12.jpg

Харин Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хууль тогтоолын шийдвэрийн биелэлтийг 90 хувь гэж үнэлсэн ч бодит үнэлгээ ердөө 63 хувьтай байгааг дурдаад, цаашид бодит нотолгоо, баримтгүй иймэрхүү тайланг хүлээж авах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ14 минут 39 секундын өмнөИх хэмжээний цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сэрэмжлүүлж байна20 минут 55 секундын өмнөЖендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав25 минут 19 секундын өмнөНөмрөгийн ДЦГ-Т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ5 цаг 2 минутын өмнөХувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын явцад 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэв6 цаг 58 минутын өмнөЗамын хөдөлгөөнд саад учруулж байршуулсан автомашиныг зөөж шилжүүлдэг болно7 цаг 2 минутын өмнөУИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа9 цаг 17 минутын өмнөЗасгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцэнэ9 цаг 21 минутын өмнөАНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа9 цаг 26 минутын өмнөСургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй9 цаг 40 минутын өмнөУлсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа9 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн9 цаг 53 минутын өмнөМонгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 16:12Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна11 сар 24. 16:09Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ11 сар 24. 13:36Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна11 сар 24. 12:56Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ11 сар 24. 12:50Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ11 сар 24. 12:34Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд11 сар 24. 11:10Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв11 сар 24. 11:02Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 24. 9:19Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо11 сар 23. 17:29Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна11 сар 23. 17:25Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв11 сар 23. 15:34Ж.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ11 сар 23. 15:29Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ11 сар 23. 13:41Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв11 сар 23. 13:24МАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй11 сар 23. 12:11Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ11 сар 23. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.