Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна


5-р сарын 10
10 цаг 21 минут

        Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №26

“Gold’s Gym Ulaanbaatar”

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

“Ажилтнууд болон гишүүд үйлчлүүлэгчдэдээ саадгүй орчин бүрдүүлэн ажиллахыг зорьж байна”

зураг
 
”Gold’s Gym Ulaanbaatar” фитнес клубын зохион байгуулагч Б.Батчимэг /баруун гар тал/, Хүний нөөцийн менежер Б.Гомбодорж /зүүн гар тал/, үйлчилгээний ажилтан О.Хувьтөгөлдөр /голд/ нар. О.Хувьтөгөлдөр нь төрөлхийн сонсголын бэрхшээлтэй бөгөөд тус фитнес клубд 2 дэх жилдээ ажиллаж байна /зургийг 2023 оны 12-р сард авав/.

Дэлхийн хамгийн том фитнес клуб болох “Gold’s Gym”-ийн 715 дахь салбар бол “Gold’s Gym Ulaanbaatar” юм

зураг
 
2016 онд нээгдсэн “Gold’s Gym Ulaanbaatar” /зургийг 2023 оны 12-р сард авав/.

“SERIOUS FITNESS For EVERYBODY” буюу “Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг хүссэн хүн бүрд” уриатай “Gold’s Gym” фитнес клуб нь Иог, Аэробик, бүжиг гээд олон төрлийн сонголттой бөгөөд анхан шатнаас мэргэжлийн тамирчин хүртэлх бүхий л хүн хамрагдах боломжтой. 1965 онд АНУ-ын Калифорни мужид анх байгуулагдсан тус фитнес клуб нь одоо Мексик, Венесуэл гэх мэт Латин Америкийн орнуудаас эхлээд Итали, Саудын Араб, өмнөд Африк, Филиппин, мөн Япон зэрэг дэлхийн 30 гаруй оронд 700 мянга гаруй салбартай болтлоо өргөжжээ. ”Gold’s Gym” нь нийт 3 сая гаруй гишүүн бүхий дэлхийд хамгийн томд тооцогдох фитнес клуб бөгөөд гишүүнээр элссэн тохиолдолд гадаадад  ажил, аяллаар явах үедээ тухайн оронд байгаа “Gold’s Gym”-ийн аль ч салбараар үйлчлүүлэх бүрэн боломжтой байдгаараа онцлогтой.

Монголд одоогоос 30 орчим жилийн өмнө анхны фитнес клуб байгуулагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд залуусын дунд эрүүл мэнддээ анхаарч, бие бялдраа хөгжүүлэх тал дээр их анхаарах болсон. Олон салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буй “Их үйлсийн эрэлд” групп нь залуусын энэхүү эрэлт хэрэгцээнд нийцүүлэн 2016 онд “Gold’s Gym”-ийн Монгол дахь анхны салбарыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт нээжээ. Энэ нь дэлхийд 715 дахь салбар юм.

Тус фитнес клуб нь 2022 оны 8-р сараас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулжээ. Клубийн зохион байгуулагч Б.Батчимэг: Одоо манай клуб нийт 40 гаруй ажилтантай. Үүнээс дөрөв нь сонсголын бэрхшээлтэй ажилтан /2023 оны 12-р сарын байдлаар/ юм. Дөрвөн ажилтны гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй ажилтан бөгөөд клубийн цэвэрлэгээ үйлчилгээг голлон хариуцдаг., гэв. 

Олон улсын тэмцээнд оролцож, урам зориг авчээ

зураг
 
О.Хувьтөгөлдөр нь “Gold’s Gym”-ийн анхны хөгжлийн бэрхшээлтэй ажилтан юм /зургийг 2023 оны 12-р сард авав/.

Дээрх дөрвөн сонсголын бэрхшээлтэй ажилтны нэг бол О.Хувьтөгөлдөр юм. Тэр одоо 19 настай, төрөлхийн сонсголын бэрхшээлтэй.

О.Хувьтөгөлдөр нь Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн бөгөөд бага сургуулийн 2-р ангиасаа ах, дүү нарын хамт хотод нүүж иржээ. Учир нь аав, ээж нь түүнийг тусгай хэрэгцээт сургуульд сургах шийдвэр гаргасан байв.

Тэр дунд сургуулиа төгсөөд МСҮТ-д элсэн орж, мужааны мэргэжил эзэмшжээ. Төгсөөд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байсан ч ажилд орж чадалгүй хэсэг хугацаа өнгөрөв. Нэг өдөр “Gold’s Gym Ulaanbaatar”-ийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд авна” гэсэн зарыг олж харж, улмаар ажилд орох хүсэлт гарган 2022 оны 8-р сард ажилд оржээ. Одоо тэр долоо хоногт 5 өдөр, өглөө 7 цаг 30 минутаас үдээс хойш 2 цаг 30 минут хүртэл ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар 8 настай охин дүүгээ хичээл сургуульд нь хүргэж авах, гэр орны ажлаа хийх гээд ахын бас хүүгийн үүргийг хариуцлагатай гүйцэтгэнэ.

О.Хувьтөгөлдөр “Gold’s Gym Ulaanbaatar”-ийн анхны хөгжлийн бэрхшээлтэй ажилтан учир анх ажилтнууд ч О.Хувьтөгөлдөр ч яах учраа олохгүй тулгамдах үе цөөнгүй байсан гэнэ. Ажлын агуулга болон зааварчилгааг дохио зангаа болон гар утасны мессеж ашиглан заалгаж байсан ч сайн ойлголцохгүй тохиолдол байсан болохоор хааяа цаашид ажиллаж чадах эсэхдээ эргэлзэх үе байсан гэнэ.

зураг
 
Фитнес клубынхээ техник хэрэгслийн батарейг сольж буй О.Хувьтөгөлдөр /2023 оны 12-р сард авав/

Тэр өдрүүдийг өөрчлөх нэгэн үйл явдал болсон нь О.Хувьтөгөлдөр 2022 оны 11-р сард Франц улсын Лион хотод зохион байгуулагдсан “Олон улсын ур чадварын уралдаан”-д мужааны чиглэлээрээ оролцсон явдал юм. “Gold’s Gym”-д ажилд орсныхоо дараа ч гэсэн мужааны ур чадвараа дээшлүүлж байсан тэр олон орны хүүхэд залуустай мөр зэрэгцэн нэг уралдаанд орж, тэдэнтэй өрсөлдөж бас тэднээс суралцсанаар өөрийгөө нээж чадсан байна.

Уралдаанаас буцаж ирснийхээ дараа аль болох өөрийн зүгээс бусад ажилтнуудтай харилцахыг хичээж, түүнийг ойлгож дэмжих хүмүүс ч нэг нэгээр нэмэгджээ. Одоо бол О.Хувьтөгөлдөрийг ажил ихтэй ч юм уу, өдрийн хоолоо идэж амжаагүй байх үед нь уух зүйл бариад ирэх хүн ч байдаг болсон гэнэ.  

2023 оны зун О.Хувьтөгөлдөр МСҮТ-д хамт суралцаж байсан сонсголын бэрхшээлтэй гурван найзыгаа “Gold’s Gym”-д ажиллахыг санал болгож, харин одоо тэдэндээ зааж зөвлөн ажиллаж байгаа юм.

О.Хувьтөгөлдөрийн ирээдүйн мөрөөдөл нь өөрийн үндсэн мэргэжил болох мужаанаараа бие даан ажиллах гэнэ. Тэр цалингаасаа 200 мянган төгрөгийг аав ээждээ өгч, үлдсэнийг нь ирээдүйн бизнестээ зориулан мужааны шинэ хэрэгсэл худалдан авахад зориулдаг гэнэ. Сүүлийн үед, амралтынхаа өдрөөр жолооны курсэд ч суралцаж байгаа аж.

Энд ажиллаж эхэлснээс нь хойш түүний ээж их сэтгэл хангалуун байх болсон бөгөөд түүнд хандан “Том болжээ”, “Тусад оржээ” гэх зэргээр магтах болжээ. Ирээдүйн мөрөөдлийнхөө төлөө алхам алхмаар урагшилж байгаа түүнийг харахад үнэхээр бахархалтай санагдаж байв.

“Gold’s gym Ulaanbaatar” нь Тусгай хэрэгцээт сургуультай хамтран ажилладаг

зураг
 
”Gold’s Gym Ulaanbaatar” клубын зохион байгуулагч Б.Батчимэг /зургийг хувийн архиваас авав/

Олон улсын тэмцээнд оролцон өөртөө итгэх итгэлийг олж авч, одоо бусад хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууддаа зааж зөвлөн ажиллаж байгаа түүнд итгэл найдвар хүлээлгэн ажилладаг хүн бол тус клубийн зохион байгуулагч Б.Батчимэг юм. Тэр О.Хувьтөгөлдөрийн талаар:  Хувьтөгөлдөр бидний амны хөдөлгөөнийг хараад ойлгодог болохоор харилцахад хүндрэл гардаггүй. Цэвэрлэгээнээс гадна хувцас солих өрөөний локер болон фитнесийн тоног төхөөрөмжийн батарейг солих, эрэг боолт чангалах, жижиг засвар зэргийг төвөггүй хийчихдэг болохоор үнэхээр талархмаар байдаг., гэж ярьсан юм. Тэр үргэлжлүүлэн: Сонсголын бэрхшээлтэй шинэ гурван ажилтны хувьд ажилдаа дасах хүртлээ бага зэрэг хугацаа шаардагдсан ч цэвэрлэгээний ажлын зааварчилгаа, дараалал зэргийг гар утсаараа үзүүлэх гэх мэтээр тодорхой зааж өгөхийг хичээсэн. Манай Хувьтөгөлдөр ч байнга нөгөө гуравтаа зааж тусалдаг., гэв.

“Gold’s Gym Ulaanbaatar” нь цаашид ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нэмж ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд ажилдаа богино хугацаанд дасаж, дадлагажих боломжийг бүрдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. 2023 онд Тусгай хэрэгцээт сургуулийн багш нартай хамтран, ажлын зааварчилгааг дохионы хэлээр хөрвүүлж, видео хэлбэрт оруулжээ.

зураг
 
Хүний нөөцийн менежер Б.Гомбодорж /зургийг хувийн архиваас авав/

“Gold’s Gym Ulaanbaatar” фитнес клубийн хүний нөөцийн менежер Б.Гомбодорж: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар  “Их үйлсийн эрэлд” группийн хүний нөөцийн бодлогын хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд ААНБ-ууд хуулийн хэрэгжилт болон нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах тал дээр их анхаарах болсон. Манай “Gold’s Gym Ulaanbaatar” фитнес клубийн хувьд одоогийн байдлаар зөвхөн сонсголын бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа ч группийн хэмжээнд төрөл бүрийн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг. Мөн ажлын зааварчилгаа, байгууллагын дүрэм, журам гэх мэт гол бичиг баримтуудыг брайль үсэгжүүлэх ажлыг хийж эхлээд байгаа., гэсэн юм.

Мөн тэр: Хувьтөгөлдөр өөрийн төгссөн мэргэжил болох мужаанаараа ажиллах хүсэлттэй бол группийн харьяа барилгын компанид шилжин ажиллах бүрэн боломжтой., гэж нэмж хэлэв.

Тус клуб нь хөгжлийн бэрхшээлтэй ажилтан төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч саадгүй үйлчлүүлэх боломжтой, таатай орчин бүрдүүлэх тал дээр ач холбогдол өгч ажиллаж байна.

Жишээлбэл, тус клубт одоогоор сонсголын бэрхшээлтэй хоёр, хөнгөн хэлбэрийн саажилттай нэг үйлчлүүлэгч хичээллэдэг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд үндсэн төлбөр болох 300 мянган төгрөгөөс 50 хувийн хөнгөлөлт эдэлдэг байна. Мөн Тусгай хэрэгцээт сургуулийн багш нарын зүгээс “Хүлээн авахын ажилтан дохионы хэл ойлгодог байвал сонсголын бэрхшээлтэй хүмүүс үйлчлүүлэхэд илүү хялбар байх болно” гэж зөвлөсөн ба тус зөвлөгөөний дагуу дохионы хэлний анхан шатны сурах бичиг хүртэл худалдан авчээ. Цаашид дохионы хэлтэй дасгалжуулагч багш авч ажиллуулах талаар ч ярилцаж байгаа гэнэ.

Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна 

зураг
 
О.Хувьтөгөлдөр /зүүн гар тал/, зохион байгуулагч Б.Батчимэг /баруун гар тал/. /зургийг 2023 оны 12-р сард авав/

“Их үйлсийн эрэлд” группийн хүний нөөцийн менежер Н.Даваасүрэн нь “Gold’s Gym Ulaanbaatar” фитнес клубийн хүний нөөцийн менежерээр ажиллаж байхдаа 2023 оны 10-р сард зохион байгуулагдсан DPUB2 төслийн “ААНБ-уудад нөлөөлөх нөлөөллийн семинар”-т хамрагдсан юм.  Тус семинараас олж авсан мэдлэг мэдээлэл дээрээ тулгуурлан группийн хэмжээнд дээр дурдсан ажлуудыг хийж хэрэгжүүлж эхэлжээ.

Мөн хүний нөөцийн менежер Б.Гомбодоржийн зүгээс үйлчилгээний байгууллагын онцлог байдалд тохируулан зарим нэг нэмэлт зохицуулалт хийж байгаа аж. Жишээлбэл, О.Хувьтөгөлдөр болон бусад сонсголын бэрхшээлтэй ажилтнуудын хувьд хэн нэгэн дуудахад анзаарч сонсох боломжгүй байдаг учир бэрхшээлтэй гэдгийг нь мэдэхгүй үйлчлүүлэгчдийн зүгээс “Миний яриаг үл тоолоо”, “Хүндэтгэлгүй хандсан” гэх мэт гомдол хааяа ирдэг байна.

Тийм учраас Б.Гомбодорж менежер шинэ үйлчлүүлэгч нэг бүрд сонсголын бэрхшээлтэй ажилтнуудынхаа талаар урьдчилан тайлбарлаж, ойлгож дэмжиж ажиллахыг хүсдэг байна. Үүний үр дүнд үйлчлүүлэгчдийн ойлголт хандлага сайжирч, гомдол гарах нь харьцангуй багассан гэнэ. Цаашид энэ талын үйл ажиллагаан дээрээ илүү анхаарч ажиллахаар шийдэж, “Хараагүйчүүдийн үндэсний төв”-тэй хамтран клубийнхээ нийт ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт өгөх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

“Их үйлсийн эрэлд” группийн харьяа “Gold’s Gym Ulaanbaatar” фитнес клуб нь дэлхийн хамгийн том фитнес клубийн салбар учраас дотоодын төдийгүй гадаадын үйлчлүүлэгчид ч ирж үйлчлүүлдэг тул олон улсын чанар стандартыг хангаж ажиллах нэн шаардлагатай  байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхтэй ажиллуулахын сацуу илүү чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж буй тус клубийн үйл ажиллагаанаас суралцах, санаа авах олон зүйл олон байсан гэдэгт итгэлтэй байна. Цаашид ч DPUB2 төсөлтэй хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран бүх хүн тэгш хүртээмжтэй орчинд ажиллаж бас үйлчлүүлэх боломжтой тийм орчныг бүрдүүлэн, нийгэмд сайн жишээг түгээн ажиллана гэдэгт найдаж байна.

【БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ】

Байгууллагын нэр

“Gold’s Gym Ulaanbaatar” фитнес клуб

Үйл ажиллагааны чиглэл

Олон улсын франчайз фитнес клуб

Нийт ажилтны тоо /”Их үйлсийн эрэлд” групп/

365 ажилтан /2023 оны 12-р сарын байдлаар/

Нийт ажилтны тоо /”Gold’s Gym Ulaanbaatar” фитнес клуб/

40 ажилтан /2023 оны 12-р сарын байдлаар/

ХБ-тэй ажилтны тоо /”Их үйлсийн эрэлд” групп/

11 ажилтан /2023 оны 12-р сарын байдлаар/

ХБ-тэй ажилтны тоо /”Gold’s Gym Ulaanbaatar” фитнес клуб/

4 ажилтан /2023 оны 12-р сарын байдлаар/

ХБИ авч ажиллуулах болсон шалтгаан

Нийгмийн хариуцлагын хүрээнд группийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг  дэмжин ажиллаж байгаа бөгөөд тус группийн “Gold’s Gym Ulaanbaatar” фитнес клуб ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхтэй авч ажиллуулж байна. 

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

  • Ажлын туршлага бүхий сонсголын бэрхшээлтэй ажилтан нь шинээр ажилд орсон сонсголын бэрхшээлтэй ажилтнууддаа ажлын зааварчилгааг өгдөг.
  • Фитнес клубийн гишүүд, үйлчлүүлэгчдэд сонсголын бэрхшээлттэй ажилтнуудын талаар урьдчилан мэдээлэл өгдөг.
  • Тусгай хэрэгцээт сургуулийн багш нартай хамтран ажилладаг.
  • Ажлын зааварчилгааг дохионы хэл бүхий видео байдлаар бэлтгэсэн.

АЖЛЫН БАЙРНЫ ДАДЛАГАЖУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 7707300877032222



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 цаг 36 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн9 цаг 12 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна9 цаг 20 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав9 цаг 25 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ9 цаг 53 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ9 цаг 58 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.