“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо


5-р сарын 5
13 цаг 39 минут

      ЭМЯ, ЦХХХЯ-наас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтыг  /2024-05-04/-өөс эхлүүллээ.  


Төрийн ордонд зохион байгуулсан сургалтад нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд, ЭМЯ, ЦХХХЯ, харьяа газруудын төлөөлөл 800 ггаруй хүн оролцлоо. Сургалтад оролцогсдод хандан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар үг хэлж эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүн бүрийн оролцоо, мэдлэг, туршлага хандлага хэрэгтэйг онцолсон.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг төрийн бүтээмжийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай зүйл нь төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах цахим шилжилт гэдгийг онцлоод “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, үзүүлэх үйл явцыг дижитал технологийн тусламжтай хэрхэн хялбаршуулж, хөнгөвчлөх боломжтойг Ковид-19 цартахал харуулсан. Цартахлын нөлөөгөөр эрүүл мэндийн дижитал технологи, үйлчилгээ улам эрчимжиж, дэлхий нийтэд нэг өдөрт л гэхэд 200 гаруй эрүүл мэндийн аппликейшн шинээр нэмэгдэж, дижитал эрүүл мэндийн дэлхийн зах зээлийн хэмжээ 2022 онд 217 тэрбум ам.доллар байсан бол 2032 онд 1,6 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Эдийн засгийн үр ашгаас гадна цахим шилжилт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх арга замыг хялбаршуулж, үйлчилгээг иргэдэд орйтуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Тухайлбал, телемедициныг нэвтрүүлснээр эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагыг 20 хувиар, хүн амын нас баралтыг 45 хүртэлх хувиар бууруулах боломж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх санаачилгыг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2016 оноос хойш хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын 80 гаруй хувь нь мобайл технологийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж хэвшээд байна. Мөн цахим жор нэвтрүүлснээр жор бичилтийн алдааг 60 хувиар бууруулах боломжтой” хэмээсэн юм.


Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч байна. 2024 онд “Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам”-ыг Засгийн газрын тогтоолоор, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журам”-ыг Эрүүл мэндийн сайд болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалаар баталсан.
Эдгээр журмууд батлагдсанаар эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, “ХУР” системээр дамжуулан Үндэсний дата төв болон И-Монголиа системтэй мэдээллийг саадгүй солилцох, нууцлал аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн 4,500 орчим байгууллагад жилд үзүүлдэг амбулаторийн 20 сая гаруй үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая гаруй эмчилгээ үйлчилгээг бүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдлийн нэг дор нэгтгэн, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч мэдээлэл солилцох боломжтой болсон.
Түүнчлэн иргэд цахим жор, амбулатори, жирэмсний хяналт, хүүхдийн ягаан дэвтэр, дархлаажуулалт, дүрс оношилгоо, лабораторийн хариуг И-Монголиа-гаар дамжлуулан авах боломж бүрдсэн юм.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарын цахимжилт бол салбарын мэдээлэл солилцох журам дээр үндэслэн иргэдэд хүрнэ. Ерөнхийдөө мэдээлэл солилцох журмыг нь гаргаад тухайн программ хангамжид тавигдах стандарт шаардлагуудыг биелүүлвэл хувийн хэвшлээс хэрэгжүүлж байгаа системийг ч ашиглаж болох эрх чөлөөг нь нээж өгсөн. Ингэснээр эрүүл мэндийн салбарын цахимжилт иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөөлж, ая тухтай амьдрах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүлээж авах нөхцөл бүрдэж байгаа.
Цахимжилттай холбоотой бүхий л мэдээлэл буюу их өгөгдлийг нэгтгэж чадсанаар цаашид эрүүл мэндийн салбар их өгөгдөлд суурилсан урьдчилан сэргийлэх оношилгоо хийж, аливаа өвчнийг эрт үед нь оношилж, эмчлэх боломжтой болно” гэв.


Сургалтын үндсэн илтгэлийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Д.Очирбат “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр тавьж “Алсын хараа-2050”-д тусгагдсан эрүүл мэндийн салбарын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт болон Дунд хугацааны хөгжлийн баримт бичиг болох “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан “Төрийн бүтээмж” зорилтын  хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэх, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт ашиглан шинээр нэвтрүүлж байгаа талаар танилцуулсан бол ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвийн дор эрүүл мэндийн салбарын цахимжилтын цаашдын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй  мэдээлэл өгсөн.
Мөн “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь” сэдвээр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь” сэдвээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал, “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдвээр ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг нар илтгэл тавьж, Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлтийн танилцуулгыг “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг хийлээ.
Сургалтад оролцогчдод “И-Монгол академи”-ийн танилцуулгыг И-Монгол академийн Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудлаар ЭМХТ-ийн Эрүүл мэндийн мэдээлэл технологийн албаны дарга Б.Доржмягмар нар мэдээлэл хийв.


“Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг төр, хувийн хэвшлийн 27 байгууллагын 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр сүүлийн дөрвөн сарын хугацаанд ажиллаж “ХУР”, “ДАН” системийн давуу талыг эрүүл мэндийн салбарт түргэн шуурхай нэвтрүүлэхийг зорьж буйгаа ярьсан. Тэрбээр өмнө нь хэдхэн эмнэлгийг цахимжуулаад орхичихдог байсан бол энэ удаа  үндэсний хэмжээнд төр, хувийн хэвшил гэж ялгалгүй эрүүл мэндийн бүх байгууллагыг нэгдсэн мэдээллийн системтэй болгож буйгаараа онцлог гэдгийг тодотгож байлаа.  Ингэснээр иргэдэд тулгардаг хүлээгдэл, чирэгдэл багасаж, санхүүгийн дарамт буурах ач холбогдолтой юм.  
Сургалтад оролцогчдын нэг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны ӨЭМТ-ийн дарга Г.Чанцалмаа “Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд маш олон программ солигдож байсан. Тухайлбал, ЭМДЕГ, дархлаажуулалт, халдварт бус өвчин, төслүүд дээр янз бүрийн программ ашиглаж, мэдээллээ шивж ирсэн. Одооноос нэгдсэн системд орж, шаардлага хангасан программ хангамжуудаас сонгож ашиглах боломж бүрдэж байгаа нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажилд чухал хувь нэмэр болно гэж итгэж байна” гэсэн юм.


ЭМХТ-ийн Эрүүл мэндийн мэдээлэл технологийн албаны дарга Б.Доржмягмар цахимтай холбоотой үйлчилгээг иргэд өөрсдөө авч байж л мэдэрдэг онцлогтой гээд “Өнгөрсөн хугацаанд иргэд хувийн мэдээлэл бүхий амбулаторийн карт бариад явдаг байсан. Энэ хэвээрээ үзлэг оношилгоо, шинжилгээний хариуг цаасаар хэвлүүлж авахыг хүссэн хандлага одоо ч ажиглагдсаар байна. Тиймээс иргэдийн цахим хэрэглээг дэмжихэд чиглэсэн ажлыг зохион байгуулахад анхаарч байгаа” хэмээв.
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтаар эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг болох “Цахим-эрүүл мэндийг сайжруулах цогц арга хэмжээний төлөвлөгөө”-ний төслийг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд цаашид тус сургалтыг бүсчилсэн байдлаар бүх аймаг, дүүрэгт зохион байгуулах юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо5 сар 29. 15:51Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна5 сар 29. 15:46Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 14:45Ц.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 сар 29. 14:41ХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 сар 29. 14:36Зөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 сар 29. 14:29Хоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 сар 29. 14:23Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв5 сар 29. 14:16УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 сар 29. 13:19Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 сар 29. 11:14Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 11:11Нийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 сар 29. 11:08Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 сар 29. 11:04Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 сар 29. 10:59ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 29. 10:57Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа5 сар 29. 10:54“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө5 сар 29. 10:51ТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.