Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн өдрийн мэндийг нийт хүүхдүүд, эцэг, эх асран хамгаалагчид, үе үеийн хүүхдийн байгууллагын ажилтан, албан хаагчид, хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллагч, дэмжигч олон улсын болон дотоодын байгууллага хамт олондоо хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Монгол Улсад залуучуудын санаачилгаар 1925 онд “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй хөдөлгөөн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулан байгуулагдсанаар хүүхдийн байгууллага үүсэн түүхтэй.
Монголын Хүүхдийн байгууллага нь 1925-1940 онуудад Монголын пионерын байгууллагын төв товчоо, 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль, пионерын байгууллагын төв зөвлөл, 1991-2016 онуудад Хүүхдийн төлөө Үндэсний газар, 2016-2023 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 2023 оноос Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулсаар байна.
Тус байгууллага нь ирээдүйн хүмүүнлэг, ёс зүйтэй, чадварлаг Монгол иргэн, гэр бүлийг бэлтгэх эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлж, цогцлуулан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Түүхэн энэ өдрийн мэндийг хүүхдийн байгууллагад залуу нас, эрдэм мэдлэгээ зориулсан ахмад буурлууд, өнөөдөр энэхүү салбарт ажиллаж буй нийт албан хаагч, ажиллагсад Та бүхэндээ хүргэн талархал илэрхийлж, цаашдын ажилд тань амжилт хүсье.
Монголын үрс маш олон болтугай.
Сэтгэгдэл бичих