Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!


5-р сарын 15
8 цаг 27 минут

      УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах улс төрийн намууд доторх “марафон” өчигдрөөс эхлэв. Нам, намд л нэр дэвшүүлэлттэй холбоотой яриа хөөрөө дүүрэн байх шиг байна. Тэр ч тодорхой, намууд нэр дэвшигчдээ тодруулах ердөө тав хоног үлдсэн.

Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу

Уг нь намууд УИХ-д нэр дэвшүүлэхтэй холбоотой байр сууриа эртнээс илэрхийлж байсан. МАН-ын генсек Д.Амарбаясгалан “...МАН эхэлж тойргууд дээр судалгаа зохион байгуулаад, тавдугаар сарын 20-ны дотор багтаан долоо хоногийн хугацаанд нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаа зохион байгуулна. МАН-ын хувьд нэр дэвшигчийг өөрийнх нь хүсэлтээр нэр дэвшүүлэх гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүй. Олон нийтийн зүгээс тухайн тойргийг хэнээр төлөөлүүлэхийг хүсэж байна. Тэр нэр дэвшигчийг дэвшүүлнэ гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа. Тэр зарчмын дагуу явна. МАН аливаа шатны сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэхдээ эхний шалгуур нь тухайн тойргийн дэмжлэг авах, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавин ажиллаж байгаа” гэсэн.

Харин АН-ын генсек Э.Одбаяр “…Нэр дэвшилт ярих хуулийн хугацаа болоогүй байна. УИХ-ын сонгуулийн хууль, СЕХ-ны гаргасан хуанлид бид захирагдаж ажиллах ёстой. Тэгэхээр нэр дэвшигч гэхээсээ илүү горилогчдынхоо саналыг сонсоод, ажиллаад явж байна. Энэ удаагийн сонгууль шинэ системээр явагдана. Ялангуяа, хөдөө орон нутагт томсгосон тойргоор явна.

Тэгэхээр багийн ажиллагаа маш чухал. Тавдугаар сарын сүүлээр хуульд заасан хугацаа нь болж, нэр дэвшигчид тодорно. Намын анхан, дунд шатандаа ажилласан байдал, хувийн рейтинг, багийн хамтын ажиллагааг голлож харгалзан үзнэ” гэж байв.

Эндээс МАН ч, АН ч нэр дэвшүүлэхдээ хэн рейтинг сайтай байна, түүнийг тухайн тойрогт илгээж эсвэл жагсаалтад бичихээ хэлж байжээ. Яг үүгээр болж, олон нийтийн саналаар нэр дэвшигчид нь тодорвол зөв л дөө. Ус, тосоороо ялгараад л гараад ирнэ.

Гэвч сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдал, эх сурвалжуудын мэдээллээс харахад амьдрал дээр арай өөр байгаа бололтой. Аль аль нам нь тойрогт хэн хэн өрсөлдөж, жагсаалтад ямар хүмүүсээ “зоох” дээрээ яриа хөөрөө ихтэй байгаа аж. Товчхондоо, энэ талаар баримталж буй зарчим дээрээ зөрчилдөж буй бололтой. АН-ынхан ил цагаан уриалга, мэдэгдэл гаргаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, нэг хэсгээ тойрогт явуулж, нөгөөдүүл нь жагсаалтад бичигдчих гээд асуудал үүсээд байгаа юм байна. Гэхдээ олон арван жил оршин тогтнож, олон ч сонгуулийн ард гарсан улс төрийн намууд нэр дэвшигчдээ дан ганц намын үзэмж, нам доторх уур амьсгалаа харж шийдэлгүй, горилогчдод “гадна”-аас өгсөн үнэлгээг голчилж харах байлгүй дээ. Учир нь нэр дэвшүүлээд явуулсан хүмүүсийг нь УИХ-д сонгох эсэхээ иргэд, олон нийт л шийднэ.

Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...

Энэ 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиас эхлээд бүсчилсэн 13 том тойргоос 78, улс төрийн намуудын жагсаалтаас 48 гишүүнийг сонгуулахаар хуульчилсан. Энэ нь бараг 30 жил улс төрийн гадна амьтай голтой явж ирсэн жижиг намуудыг хөдөлгөөнд оруулсан. Үнэд ч оруулав. Сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Тэр хэрээр энэ удаагийн сонгуульд хэзээ ч байгаагүй олон нэр дэвшигч өрсөлдөхөөр болоод байгаа юм. Ингэхээр сонгуулийн саналын хуудас сэлтээс эхлээд сонгогчдын толгойг эргүүлсэн олон хүчин зүйл гарч ирэхээр байгааг эх сурвалжууд хэлж байна.

Гэхдээ нэр дэвшигчдийн олон, цөөн нь санал өгөхөд нөлөөлөхгүй л болов уу. Ес дэх удаагаа УИХ-ын сонгуульд саналаа өгч байгаа сонгогчдод хүндрэл биш. Учир нь сонгогчид хэдийнэ зарчмаа тогтоочихсон. Ингэж ойлгоход болно. Өнөөдөр Төрийн ордноос бусад хаана ч явсан төрийн хулгай, авлига, албан тушаалын асуудлыг үзэж чадахаа больсон нь анзаарагдана.

Ийм асуудалд холбогдсон хүмүүсийн тухайд “...Хайран мөнгө, цаг хугацаа шүү” гэмээр байгаа юм. Тэгэхээр тэдгээр хүмүүс Төрийн ордон, намынхаа байран дахь хандлага, харилцаанд хууртах хэрэггүй юм. Яагаад гэхээр эрх мэдлийн өндөрлөгт хүрээд, өөрөөсөө өөр хүнгүй мэт аашилсан цаг хугацаанд цуглуулсан “хар оноо” өнөөдөр яасан ч балрахааргүй тодорсон. Гэтэл нэр дэвшүүлэх ажиллагаанаас хамаагүй өмнө эхэлсэн горилогчдын “өөрийгөө таниулах” цуваанд том хулгайтай холбоотой яригдаж байсан олон хүн орчихсон тууж явна. Ер нь бол том хулгай буюу төрөөс нийтэд олгосон боломжийг хулгайлсан бүх асуудлыг 30 жилээр нь энд цувуулах боломж хомс юм. Зөвхөн сүүлийн гурван жилд “нийтийн хүртээл” болсон том хулгайг ярихад хамгийн томд нь яахын аргагүй нүүрсний хулгай орно. Энэ асуудал асар өргөн хүрээтэй, айхтар олон хүнийг хамардаг. Нүүрсний хулгайгаа УИХ сонсгол хийсэн. Нүүрсний хулгайгаар шүүх ч зарим хүнийг шийтгэсэн. Гэхдээ энэ хулгайг бүхэлд нь шийдэж чадаагүй байгаа юм. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг ял эдэлж байна. “Тавантолгой төмөр зам”-ын захирал асан Н.Удаанжаргал гадаадад “амьдарч” байна. Зөвхөн энэ хоёр хүн ам нээж, чөлөөтэй ярихад нүүрсний хулгайн нэлээд хэсэг ил болно. Тэр агуулгаараа, энэ хулгайн асуудал бараг хэвээрээ сонгуультай золгож байгаа юм.

Хөгжлийн банкны зээл хуйг тоносон хэрэг хоёр ч шатны шүүхээр шийдэгдсэн. Шүүхэд шилжүүлэх явцад олонх нь сугарч үлдсэн. Шүүхээр шийдвэрлэх явцад дахиад олон нь мултарсан. Шүүхийн шийдвэрүүдийг нь прокурор эсэргүүцдэг. Ийм л байдалтай байна. “Эрдэнэтийн 49”-ийн хэрэг бас л холион бантан болчихсон. Зарим гол хүмүүс нь гадагшаа зугтчихсан.

Тэгээд хэрэг нь гацчихсан. Оюу толгойн асуудал ч шүүхийн бантан болчихоод байж байна. Хамгийн гол нь эдгээр том хулгайд холбогдсон хүмүүс нэр дэвшихээр явж байгаа аж. Нэр дэвших ч биз. Энэ хэдээс гадна 2018 онд анх дэлбэ үсэрч, ил болсон ЖДҮ-гийнхэн ч “...2024 оны сонгуульд нэр дэвшинэ” гээд гараад ирж байна. Угтаа тэд 2020 оны сонгуулиар сэдэв нь халуун хэвээр байсан тул “жил өнжөөд” өнөө жил сонгуульдахаар шийдсэн бололтой. Ер нь бол нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй байна. Түүнчлэн авлига, албан тушаалын, бас хүний эрхийн эсрэг асуудалд холбогдсон хүмүүс ч “...Нэр дэвшинэ ээ” л гэж байх юм. Уг нь тэдэнд томдох ч Наполеоны “...Улс төрийн зүтлгэлтнүүдэд цагаа олоод тайзнаас буух нь зарим үед хожоотой байдаг. Ийм замаар тэд үр дүнгүй тулалдаанд өөрийгөө сүйтгэхээс сэргийлдэг. Ингэснээр тэдний нэр хүнд унахгүйгээр үл барам, харин ч эзгүй үед нь дээшилчихдэг” гэдгийг бодчихмоор байгаа юм. Гэхдээ энэ дээр МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн “...Нэр дэвшигчийг өөрийнх нь хүсэлтээр нэр дэвшүүлэх гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүй. Олон нийтийн зүгээс тухайн тойргийг хэнээр төлөөлүүлэхийг хүсэж байна. Тэр нэр дэвшигчийг дэвшүүлнэ”, АН-ын генсек Д.Одбаярын “...Намын анхан, дунд шатандаа ажилласан байдал, хувийн рейтинг, багийн хамтын ажиллагааг голлож харгалзан үзнэ” гэсэн нь хэрхэхийг шийдэх үндэс нь болох биз ээ. Ер нь тэгээд нам нь “...Дэмжлээ, нэр дэвшүүллээ” гэхэд цаана нь СЕХ гэж том даваа байна. СЕХ-ноос “...Нэр дэвших эрх өглөө” гэхэд ард нь сонгогчид бий шүү дээ.

Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ

Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талын, наад захын шаардлага юм. Нөгөө талд, бүр цаана нь нэг л зарчим үйлчлэх шаардлага үүсээд байна.

Мэдээж, улс төрийн намуудын удирдах байгууллагууд үүнийг олж харсан л биз. Тэр нь юу вэ гэхээр, олон нийтийн хүсээд, шаардаад байгаа УИХ бол “...Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүс хэрэгтэй шүү” гээд байгаа юм. Мэдлэг боловсрол, хууль тогтоох чадвар мэдээж чухал л даа. Гэвч өнөөдөр нэн шаардлагатай “шалгуур” энэ болоод байгаа юм.

Ерөөсөө энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхдээ улс төрийн намуудын анхаарах зарчим нь энэ. Хулгайч нарыг хамгаалдаггүй, хулгайг өөгшүүлдэггүй л хүмүүсээ нэр дэвшүүлж байж л улс төрийн намууд нэр хүндээ өндийлгөх боломжтой. Тийм хүмүүс дээр хэлсэн нөхдүүдээс ч олон бий л дээ. Гэхдээ хулгайч биш, хулгайг хамгаалахгүй хүмүүс нь нэг сул талтай байна. Тэдний улс төрийн нөлөө бага байна. Гэтэл улс төрийн намуудын сонгуулийн амжилт нэр дэвшигчдийнх нь нэр хүндээр хэмжигдэхээр болчихоод байдаг. Хамгийн гол нь “нөгөөдүүл”-ээсээ татгалзахын ашиг тус тухайн улс төрийн намууддаа хүртэхээр тогтохгүй юм. Тэр ашиг тус Монгол Улсад ирнэ. Тэгэхээр улс төрийн намууд тийм сонголтын өмнө иргэдийг аваачих үүрэгтэй болчихсон хэрэг. Тиймээс болдог бол улс төрийн намуудад “…Нөгөөдүүлээсээ татгалзчих” гээд зөвлөчихмөөр байгаа юм.

Ер нь бол сонгуульд санал өгдөг иргэд, сонгогчид одоо хэрсүү, бас хэцүү болсон. Өнгөрсөн хугацаанд эрх мэдэл дагасан асар их авлига, хулгай байсныг мэдчихсэн. Мэдээлэлтэй болчихсон. Нэг үгээр хэлбэл, авлигыг үл тэвчих үзэл суучихсан.

Ийм байхад улс төрийн нам, СЕХ, за бүр сонгогчдын саналыг яаж ийж аваад УИХ-д орох нь намдаа ч, төрд ч томоохон эрсдэл, ихээхэн ажил чирэгдэл учруулна. Учир нь өнөөдөр шүүхээр шийдүүлэх гээд “амжаагүй” хэргүүд маргааш шийдэгдэж л таарна. Шүүх ч дандаа иймээрээ байх боломжгүй болсон. Тэгэхээр “...Улсын ерөнхий прокурорын нэр бүхий гишүүнийг түдгэлзүүлэх хүсэлтэд дарагдсан УИХ байгуулах уу”, “...Улсын хөгжил, шударга ёс ярьдаг УИХ-тай болох уу” гэдгийн эхний сонголтыг л улс төрийн намууд хийх гэж байна л даа.

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ3 цаг 9 минутын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.