Тайванийн шинэ тэргүүн Лай Чиндэ гэж хэн бэ?


1-р сарын 15
17 цаг 31 минут

      ТАБЭЙ, 2024 оны нэгдүгээр сарын 15 /TASS/. Нэгдүгээр сарын 13-ны өдөр Тайванийн иргэд засаг захиргааныхаа шинэ тэргүүнээр эрх баригч Ардчилсан дэвшилт намаас нэр дэвшигч, өдгөө 64 настай Лай Чиндэг сонголоо. 

Олон хүүхэдтэй айлын хүүхэд, уурхайчны хүү, ЛГБТ хүмүүсийг дэмжигч тэрбээр Харвардын их сургуулийг дүүргэжээ. Ингээд Тайванийг ирэх дөрвөн жил удирдах хүний талаарх мэдээллийг хүргэж байна. 

Лай Чиндэ 1959 онд одоогийн Шинбэй хотын дүүрэг болох Ванли хэмээх жижиг хотод төрсөн байна. Эцэг нь уурхайчин байсан бөгөөд түүнийг хоёр настай байхад нь нүүрсний уурхайн ослоор нас барж, тэрбээр ах, эгч, дүү нарын хамт ээжийнхээ гар дээр өсжээ. Лай Чиндэгийн шаргуу зан хүүхэд наснаас нь эхлэлтэй бөгөөд зургаан хүүхдээ өсгөхийн тулд шаргуу хөдөлмөрлөж байсан ээжээсээ энэ занг өвлөсөн байна.

Нэр хүндтэй эмч Лай Чиндэ

Улс төрийн карьераа эхлэхээсээ өмнө Лай Чиндэ нэр хүндтэй эмч болжээ. Тэрбээр Тайванийн улсын Их сургуулийн Физик эмчилгээний арга, нөхөн сэргээх тэнхимийг бакалаврын зэрэгтэй дүүргэж, Чэнгүн улсын Их сургуулийн Анагаах ухааны тэнхимд үргэлжлүүлэн суралцжээ. Дараа нь Харвардын их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг хамгаалж, Тайваньд нөхөн сэргээх эмчилгээ, эмнэлзүйн тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн цөөн хэдэн мэргэжилтнүүдийн нэг болжээ. Хожим нь Лай Чиндэ нугасны гэмтлийн эмчилгээгээр улстаа тэргүүлэх мэргэжилтэн болсон байна.

Нийгэм-улс төрийн зүтгэлтэн Лай Чиндэ

Хэдийгээр Лай Чиндэ эмч мэргэжилтэй боловч улс төрийн арвин туршлагатай. 1994 онд Ченгүний үндэсний их сургуулийн эмнэлгийн резидент эмч байхдаа, мөн Тайнан хотын эмч нарын холбоог тэргүүлж байхдаа нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд оролцож эхэлжээ. Тэрбээр жагсаал цуглаан, улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулж байлаа. Улмаар хоёр жилийн дараа эмчийн мэргэжлээ орхиж, улс төрд оржээ.

1998 онд тэрээр Хууль тогтоох юан буюу парламентын гишүүнээр сонгогдож, нийгэм, байгаль орчны асуудалд онцгой анхаарал хандуулж, сонгогчдийн дэмжлэгийг ихээхэн хүлээжээ. 10 жилийн хугацаанд тэрбээр гурван удаа парламентад сонгогдсон юм.

Лай Чиндэ 2010-2017 онд Тайванийн зургаа дахь том хот болох 1.9 сая хүн амтай Тайнан хотын даргаар ажиллаж байжээ. Тэрбээр 2013 онд олон нийтийн санал асуулгаар арлын 22 хот, хошууны дарга нарын дунд хамгийн нэр хүндтэй нь байсан бол итгэлийн үзүүлэлт нь 87 хувьд хүрч байв.

Засгийн газрын тэргүүн Лай Чиндэ

2017 онд арлын Гүйцэтгэх юан буюу Засгийн газын тэргүүнээр томилогджээ. Лай Чиндэ анх олон нийтийн өмнө мэдэгдэл хийхдээ Тайванийг Хятадаас тусгаар тогтнохыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн Тайваньд англи хэлийг хоёр дахь албан ёсны хэл болгох санааг идэвхтэй сурталчилж байв. 2014 онд Тайнан хотын захирагч байхдаа анх энэ санаачилгыг гаргаж байсан ч тухайн үед зөвхөн тус хотод л хэрэгжүүлэхийг санал болгож байжээ. Түүний эл санаачилгыг Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэн дэмжсэн хэдий ч одоогоор хэрэгжээгүй байна.

2018 оны 11 дүгээр сард орон нутгийн сонгуульд Ардчилсан дэвшилтэт нам ялагдсаны дараа Лай Чиндэ Засгийн газрын тэргүүний суудлаас огцорч, 2019 оны нэгдүгээр сард албан тушаалаа орхижээ. Хэдэн сарын дараа тэрбээр Ардчилсан дэвшилтэт намын сунгаанд оролцохоор бүртгүүлж, Цай Ин Вэний өрсөлдөгч болов. Хятадын талаар илүү хатуу бодлого баримтлахыг дэмжигч, намын нөлөө бүхий ахмад гишүүд Лай Чиндэг нэр дэвшүүлэхийг дэмжиж байсныг улс төрийн тоймчид онцолж байна. Тэд Цай Ин Вэний бодлогыг хэтэрхий зөөлөн гэж үзсэн боловч Лай Чиндэ намын дотоод сонгуульд ялагджээ.

Энэ бүтэлгүйтэл нь түүний улс төрийн замналыг зогсоосонгүй. Учир нь Цай Ин Вэн өрсөлдөгчөөсөө нүүр буруулаагүй юм. Цай Ин Вэн 2019 оны намар хоёр дахь удаагаа сонгогдохоор нэр дэвшихдээ хамтрагч болох санал тавьсныг Лай Чиндэ хүлээн авчээ.

Сунгаанд өрсөлдөгчөө дэмжих нь хашир улстөрчийн тооцоо байсныг ажиглагчид онцолж байна. Тайванийн засаг захиргааны тэргүүний хувьд нэр хүнд нь буурсны дараа Цай Ин Вэн сонгуулийн өмнө байр сууриа бэхжүүлэх шаардлагатай болов. Сонгогчдын дунд алдартай байсан Лай Чиндэ энэ дүрд тохиромжтой байв. Тооцоо нь ч хүссэнээр нь болж Цай Ин Вэн 2020 оны сонгуульд ялж, харин Лай Чиндэ түүний орлогч болов.

Лай Чиндэ сайн хамтрагч гэдгээ баталж, сонгогчдын дунд болон нам дотор нэр хүнд нь өссөөр байлаа. 2023 оны нэгдүгээр сард Лай Чиндэ эрх баригч Ардчилсан дэвшилт намын дарга болж, намынхны хувьд удахгүй болох сонгуулийн гол итгэл найдвар болжээ.

Улс төрийн үзэл баримтлал

Лай Чиндэгийн улс төрийн үзэл бодол олон талаар Цай Ин Вэнийн байр суурьтай нийцдэг. Өмнө нь тэрбээр өөрийгөө Тайванийн "тусгаар тогтнолын төлөө тэмцэгч" гэж нэрлэдэг байсан бол сүүлийн үед, ялангуяа сонгуулийн өмнө түүний үг хэллэг өөрчлөгдөж, илүү аядуу болсон бөгөөд одоо Тайваний хоолой дахь статус-кво-г хадгалахыг нэн тэргүүний зорилтоо хэмээн мэдэгдэх болсон байна. 

Лай Чиндэ мөн Тайванийн хувьд Хятадтай яриа хэлэлцээ хийх үүд хаалга нээлттэй гэж мэдэгдэх болсон юм. Гэсэн хэдий ч БНХАУ-ын хувьд арлын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийх улс төрийн үндэс суурь нь болсон 1992 оны зөвшилцлийг үгүйсгэж байгаа юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар Лай Чиндэ эх газрын Хятадаас зай барих бодлогыг үргэлжүүлж, АНУ болон бүс нутаг дахь холбоотнуудтайгаа ойртон нягтрах үйл явцыг дэмжинэ. Түүнчлэн арлын цэргийн төсвийг болон Америкаас зэвсэг худалдан авалтыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хүчирхэг армитай байх нь Тайвань арлын хувьд Хятадаас бие даасан байдлаа хадгалж үлдэх боломж мөн гэж тэрбээр үздэг.

Лай Чиндэ нь ЛГБТ хүмүүсийг дэмжигч юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард тэрбээр Тайбэйд болсон “ЛГБТК+” жагсаалд оролцож байжээ. Энэ жагсаал Азид хамгийн том жагсаал болсон бөгөөд 176 мянга орчим хүн оролцсон байна. Энэ нь залуу үеийн сонгогчдын дэмжлэгийг авч, сонгогчдынхоо тоог нэмэгдүүлэх боломжийг түүнд олгосон гэж шинжээчид үздэг. 

Лай Чиндэ гэр бүлтэй, хоёр хүүтэй.

Сонгуулийн кампанит ажлын хамтрагч

Лай Чиндэ сонгуулийн өмнөх өрсөлдөөнд Тайваниас АНУ-д сууж байсан де-факто Элчин сайд асан Шяо Мэйчин гэдэг эмэгтэйг өөрийн хамтрагчаар сонгожээ. Шяо Мэйчин нь 1971 онд Японы Кобе хотод төрсөн. Тайвань, америк гаралтай тэрбээр Тайваньд өсөж, өсвөр насандаа АНУ руу нүүсэн байна. Америкт тэрбээр Оберлин коллежид Зүүн Ази судлалаар магистр, мөн Колумбийн их сургуульд улс төрийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Өдгөө 52 настай Шяо Мэйчин Ардчилсан дэвшилт намын олон улсын харилцааны хэлтсийг удирдаж байжээ. 2000-2002 онд Тайваний тухайн үеийн засаг захиргааны тэргүүн Чен Шуйбяны (2000-2008) орчуулагч, зөвлөхөөр ажиллаж байсан байна. 2000 онд Тайваний нэгэн хэвлэлд тэд ойр дотно харилцаатай байсан гэж бичиж байсан бөгөөд шүүхэд хандсаны дараа уг шар хэвлэл энэ мэдээллийг зохиомол гэж мэдэгджээ.

Шяо Мэйчин Тайваньд улс төрийн карьераа өсгөхөөр 2002 онд АНУ-ын иргэншлээс татгалзжээ. 2002-2008, 2012-2020 онуудад хууль тогтоох байгууллагын гишүүнээр ажилласан байна. 

Тэрбээр дипломат чухал албан тушаалуудын нэг болох АНУ дахь де-факто Элчин сайдын яам буюу Вашингтон дахь Тайбэйн Эдийн засаг, соёлын төлөөлөгчийн газрыг 2020 оны зургаадугаар сараас эхлэн тэргүүлжээ. Шяо Мэйчин энэ албан тушаалыг хашсан Тайванийн анхны эмэгтэй болсон байна. Шяо Мэйчин мууранд хайртай тул Америк руу нүүхээсээ өмнө дөрвөн муураа аваад явна гэж мэдэгдэж байжээ.

Тэрбээр жендэрийн тэгш байдлыг хангах талаар, ЛГБТ хүмүүсийг дэмждэг гэдгээ нэг бус удаа мэдэгдэж байв.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын Хятадын Коммунист намын Төв хорооны Тайванийн асуудлыг эрхлэх газар "салан тусгаарлах байр суурь" илэрхийлснийх нь төлөө түүний эсрэг хориг арга хэмжээ авч, Шяо Мэйчин болон түүний гэр бүлийн гишүүдийг Хятадын эх газар, засаг захиргааны тусгай бүсүүд болох Хонконг, Макаод зорчихыг хоригложээ.

 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ5 цаг 23 минутын өмнө“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 цаг 29 минутын өмнөОйрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 цаг 37 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5 цаг 42 минутын өмнөМөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов5 цаг 49 минутын өмнөСоёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 цаг 59 минутын өмнөХовор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ6 цаг 8 минутын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм6 цаг 15 минутын өмнөТөрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо6 цаг 23 минутын өмнөСувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ6 цаг 28 минутын өмнөСэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 сар 13. 9:26146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна5 сар 13. 9:16“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо5 сар 13. 8:37“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 сар 13. 8:29УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.175 сар 13. 8:24Өнөөдөр улаагчин үхэр өдөр5 сар 13. 8:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан5 сар 13. 8:16ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.