Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!


4-р сарын 10
8 цаг 33 минут

       Энэ сэдвийг хөндье гэж ихэд бодлоо, дээрээс нь найз нар маань нэмэрлэлээ. Гадаадад алба ажлаар байнга явдаг найз нар маань үгээ бараад халаглан ярьж байна, тэгээд намайг бичнэ үү, олонд хүргэнэ үү гэлээ. Иймд 100% миний санаа биш. Би тэдний ярьсныг өөрийнхтэйгээ эмxэтгээд нийтлэл болгогч нь. Гэхдээ нэг өчил байна. Төр-засаг нь, Дипломат алба нь ихээхэн чармайлт тавин, иргэдийнхээ гадаадад зорчих эрхийг хангах гэж, иргэнээ гадаадад хамгаалах гэж, шоронд оруулчихгүй юмсан гэж, томоор яривал гадаад хамтын ажиллагаа хөгжүүлэх гэж, гадаадын хөрөнгө оруулалт татах гэж, хүмүүнлэгийн гадаад харилцаа хөгжүүлэх гэж бүх талаар чармайж ирсэн ба ардчиллын буянд иргэн болгон гадаад паспорт эзэмшиж, гадаадад чөлөөтэй зорчдог болсон билээ. Энэ үйлсийг бүтээх гэж Монголын Төр ардчиллын энэ 34 жилд хэрдээ ажилласан, ажиллаж ч байна.

Үндсэн сэдэв. “Сэргэлтийн жил” гэнэ үү, “Жилийн аян” гэнэ үү, “Луу жилийн гадаад нэр хүндийн сэргэлтийн кампани” гэнэ үү, нөгөө “Таван Ш” гэнэ үү, “Шүүр, шувуу ажиллагаа” гэнэ үү. Яаралтай хэрэгжүүлэхгүй бол болохгүй нэн чухал нэг ажил байнаа. Анхааралдаа авна уу!

2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгох тогтоол баталж, энэ хүрээнд Авлигатай тэмцэх таван “Ш” төлөвлөгөөг хэрэгжүүлж байсан нь одоо хүчин төгөлдөр байна. Миний ойлгосноор энэхүү “Таван Ш”-ийн субъект нь улс төрчид, эсвэл тэдний хамсаатан олигархиуд. Жирийн монгол иргэдэд падгүй хэмээн монголчуудын ихэнхи нь үздэг. Миний энэ удаа хөндөж байгаа сэдэв бол “Шүүр ба шувуу” ажиллагаагаар хилийн чанадад, нэр бүхий гадаад орнуудад Монгол Улсынхаа нэр хүндийг балласан, монголчуудынхаа ариун нэр төрийг сэвтүүлсэн бүх монгол иргэдийг шүүрдэн эх оронд нь авчирч ял сонсгох тухай юм. “Таван Ш”-ийн субъектын хүрээг тэлэх тухай юм. Ярьж байнаа, гадаад улсуудад явахад нүүр халуун боллоо, нүүр хийх газаргүй боллоо, алба ажлаар очсон биднийг хүртэл “МОНГОЛ ХҮН” хэмээн нүд үзүүрлэн, хардаж сэрдэж, үл итгэж, үл хүндэтгэх боллоо. Эрэгтэйг нь хулгайч, эмэгтэйг нь янхан гэж үзэхийн наагуур байна гэхчлэн.

“МОНГОЛ ХҮН” хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг ёстой шороотой хутгаж байгаа тухай би бичдэг л дээ. Харин энэ удаа тэднийг гэмт хэрэгт тооцон нутагт нь шүүр, шувуу ажиллагаагаар бөөн бөөнөөр нь авчрах, тэгэх мөртлөө Монголд авчраад гадаад паспорт хэзээ ч олгохгүйгээр хар тамга дараад хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг сэвтүүлсэн гэх ялаар цээрлүүлэхийг нөхөд маань санал болгож ярьж байх юм аа.

“Хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг сэвтүүлэх” гэх ял буй болгож, эрүүгийн хуулинд оруулна. Тэр нь юуг хэлэв гэвэл гадаад улсад очоод хулгай хийсэн (монголчуудын хамгийн түгээмэл гэмт хэрэг), биеэ үнэлэн янхандсан (монгол бүсгүйчүүл өмнөд хөршид, Зүүн өмнөд Азид хэдэн зуугаараа тийм ажил эрхэлдэг), мөн хар тамхины зөөвөр, залилан, танхай, архидалт, өөр юу ч байдаг юм, монголчуудын үйлддэг болгоныг ноцтой гэмт хэрэгт тооцъё гэнээ.

Гэтэл одоо бодит жишээ болчихож гэв ээ. Хонконг, Макаод монголчууд эх орныхоо нэрийг баастаад дууссан. Хонконгийн улаан дэнлүүний гудамжинд монгол охид ярайн зогсох ба үйлчлүүлэгчээ дуудан өөрийгөө зарлана. Миний найз нэртэй зүстэй нөхрийг маань танимагцаа “Ах аа, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй!” гэж хэнэг ч үгүй хэлж байх юм гэнэ. Австрали монголчуудад визэн дээр хатуурхахгүй харин ч өгөөмөр байснаа саяхнаас III ангиллын нэр хүнд тааруу орны жагсаалт руу орууллаа, виз мэдүүлэхэд хэцүү боллоо гэхчлэн найз нар маань халаглан ярина. Өмнөд Солонгосын тухайд ярих юм биш. Дээд түвшинд сайн сайхан нөхөрхөг харилцааг бүтээчихсэн, доошоо очихлоор “Нөгөө л МОНГОЛЧУУД” гээд нэр хүнд навс унасан. Хүндлэхээ байсан. Олон ч жил болж байгаа юм гэв. Аялал жуулчлал хөгжүүлээд мөнгөтэй монголчуудыг аялуулаад гэх мэт сайн сайхан өөдрөг үр дүн байнаа байна. Аялал жуулчлал, эмчилгээ сувилгаа гээд Турк руу цувж өгч байна. Гэтэл Туркэд монголчуудыг үзэж чадахаа байлаа, очсон монгол хүн бүр адгийнд тооцогдох гэж байна. Түрэгүүд монголчуудаас залхлаа гэнэ. Аялал жуулчлалын цоо шинэ түнш Вьетнамд бас “Нөгөө л МОНГОЛЧУУД” гэх имиж. Нөгөө л цамаан, өлөн, шуналтай зан нь хөдөлчихдөг, хаана ч очсон. Идэж уух бүгд үнэндээ орчихсон гэмэгц нь монгол хүн таваг дүүрэн овоолон ам руугаа чихэх ба хоолоо барахгүй үлдээх нь цаадуулын зэвүүцлийг төрүүлнэ. Хулгай зэлгий ч хийсэн сурагтай. Вьетнамд гэлтгүй Таиландад ч хулгайн хэрэг мандуулсан.  Баруун Европоор нэг монгол хулгайчдын сүлжээ байсан нь байна уу, алга болсон уу, бүү мэд. Гэхдээ нэр хүнд бас л тааруу хэвээрээ.

Энэ мэт жишээ олныг дурдаж ярьсныг би энд буулгах гээгүй. Ганц л дүгнэлт байна. Эх орныхоо нэр хүндийг гадаадад унагасан, сэвтүүлсэн монгол иргэдийг “Шүүр, шувуу ажиллагаан”-ы хүрээнд нэн даруй татан авчрахгүй бол хоёр гурван жилийн дараа монголчууд бултаараа хилийн дээс алхаж чадахаа байх нээ. Тушигдах дээрээ тулах нээ. Мэдээж хууль хүчний байгууллагад асар их зориг тэвчээр шаардлагатай болно. Гэвч хийхээс яах билээ. Зориглогтун!

IQ өндөртэй, оюун ухааны олимпиадад ихэнхи медалийг нь хамаад ирдэг, Морин хуурын чуулгаараа Францын Версалийн ордныг доргиосон, “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэндээ 800 үзмэр дэлгээд дэлхийгээр аялуулж чаддаг, Лондонгийн Трафальгар талбайд “Тамгагүй төр” жүжгийн жүжигчид биелгээ бүжиж британичуудыг гайхшруулсан, ийм лут гайхамшигт үндэстэн байж нөгөө талд нь хулгай, янхандалт, архи, аар саархан гэмт хэргээр эх орныхоо нэр хүндийг хорлож суугаа гуташигт явдалд цэг тавих нэг жилийн аяныг энэ 4 дүгээр сардаа багтаан эхлүүлбэл ямар вэ, Та минь ээ?

Д.Баярхүү



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо10 минут 26 секундын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ29 минут 3 секундын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо33 минут 43 секундын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ37 минут 58 секундын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа3 цаг 19 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье3 цаг 22 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 цаг 19 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа6 цаг 35 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа6 цаг 45 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо7 цагийн өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр7 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан7 цаг 11 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.