М.Оюунчимэг: Иргэдийг санхүүгийн дарамтад оруулж байгаа үйлчлэл муу, өндөр үнэтэй эмийн шахааг цэгцэлнэ


4-р сарын 16
10 цаг 31 минут

     УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүнээр та ажиллаж байгаа. Өнөөгийн нийгэмд эмийн асуудлаас болж монгол хүний эрүүл мэнд, амь нас яригдаж байна. Гэтэл төр засгийн зүгээс эмийн асуудалд өдий болтол яг ямар бодлого, хяналт тавьж ажиллаж ирэв гэдгийг иргэд шүүмжлэн ярьж байна. Үүнд та хууль тогтоогчийнхоо хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Таны хэлдгээр өнөөгийн нийгэмд эмийн чанар үнэхээр аюулын харанга дэгдээгээд байна. ханиадны эм гэхэд л хэдэн арван төрөл байдаг ч ихэнх нь чанаргүй атлаа үнэтэй байгаа. Эмийн асуудал өнөөдөр яагаад ийм өндөр түвшинд хүрэв гэдэг нь мэдээж төрийн бодлого зохицуулалт сул явж ирснийх. дээр нь эрх зүйн өөрчлөлт орж ирэх болгонд гацаадаг, унагаадаг бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг байдлаас болоод өнөөдөр эмийн асуудал эх захгүй бизнес болж хувирсан. 2019 оны тавдугаар сард Засгийн газраас Эм, эмнэл гийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан байдаг. тухайн үед нийгмийн бодлогын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулан дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулан ажиллаж, улмаар чуулганаар хэлэлцэгдэж байсан.

-Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн гол өөрчлөлт юу байсан юм бэ. Энэ хуулийг тэр үед УИХ батлаагүй гэж үү?

-Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний  чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж ирж байсан. Мөн эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгасан байсан.

Дээр нь эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллагын эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан ийм хуулийн өөрчлөлт байлаа.

-Гэтэл ямар шалтгаанаас болоод дээрх хуулийн төсөл батлагдаагүй юм бэ?

-Энэхүү хуулийн төсөл нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы үед өргөн баригдсан хууль. Удалгүй салбарын сайд солигдож, С.Энхболд томилогдсон. Ингээд дээрх хуулийн төслийг С.Энхболд сайд концепцын хувьд учир дутагдалтай гэж үзэн учраас төслийг буцаасан байдаг. Ийм шалтгаантайгаар энэхүү хууль УИХ-аар батлагдаж чадаагүй. Одоо Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг ажиллаж байгаа. Энэхүү хуулийн төслийг боловсруулаад удахгүй оруулж ирнэ байх. Тиймээс энэхүү хаврын чуулганаар дээрх хуулийн төслийг батлах л чухал байгаа юм.

-Монгол хүний эрүүл мэндтэй шууд холбоотой эмийн талаарх хуулийг баталдаггүй юм байж. Гэтэл бас Эмийн агентлагийн үйл ажиллагаа нь их бүдэг яваад байна уу гэж харсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-УИХ өнгөрсөн 2020 оны 12 дугаар сард Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулах тогтоолыг баталсан байдаг. Энэхүү тогтоолын хүрээнд 2021 оны нэгдүгээр сард Эмийн агентлаг шинээр байгуулагдсан. Угтаа эмийн чанар, үнийн өсөлтийг хянаж байх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монгол Улсад бий шүү дээ. Гэтэл яагаад эмийн асуудал монгол хүний эрүүл мэнд, амь, насанд хохирол учруулсаар байна вэ гэдэг энэ салбарт бохир бизнес эрхлэгчдийн нэгдмэл хүсэл сонирхол оршиж байна гэсэн үг. УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Эмийн агентлаг угтаа 132 хүний орон тоотой байх ёстой. Энэ бол маш том бүтэц. Гэтэл өнгөрсөн хугацаанд тус агентлагийн үйл ажиллагаа яаж явсан, хүний нөөц, удирдлага, бодлогын ямар олон алдаанууд гарсныг олон нийт мэдэж байгаа байх. Агентлагийнх нь даргыг байн байн сольдог, хүн хүчний хүрэлцээг нь хангадаггүй. Өөрөөр хэлбэл эмийн үнэ, чанарыг хянах хуулиар олгогдсон эрхийг нь байнга хязгаарлаж байсан гэсэн үг.

-Засгийн газрын агентлаг шүү дээ. Үйл ажиллагаа нь сул явж байгаа бол удирдлага цаашлаад Засгийн газрын бодлого тааруу байна гэсэн үг биз дээ. Хэн, ямар бүлэглэл хянах үйл ажиллагаанд нь саад учруулж байна гэж та үзэж байгаа юм бэ?

-Түрүүн би хэлсэн шүү дээ. 2019 онд Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн барьж байсан гэж. Харамсалтай нь уг хуулийн төсөл буцаагдсанаас хойш одоог болтол дахин өргөн баригдаагүй, гацсан. Эмийн асуудлаар хууль баталчихъя гэхээр гацаачихаад байна. Эмийн асуудлаар хяналт тавих чиг үүрэгтэй агентлаг байгуулчихаар мөн адил үйл ажиллагааг нь доголдуулж, зориуд улс төрийн нөлөөлөл орж ирээд байна шүү дээ. Тэгэхээр үүнээс нэг зүйл тодорхой харагдаж байгаа нь эмийн бохир бизнес бүлэглэл Засгийн газар тэр бүү хэл УИХын үйл ажиллагаанд нөлөөлж чадаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, эмийн асуудалд хяналт тавих ёстой байгууллагуудад буюу Хүний эмийн зөвлөл, ЭМДҮЗ, Эмийн агентлагт эм тойрсон компаниудын төлөөлөл хувалз шиг шигдчихсэн байна гэсэн үг. Улмаар өөрсдийнхөө эрх ашигт нөлөөлсөн эрх зүйн өөрчлөлтийг гацаах, Засгийн газрын бүтэц нэгжийн үйл ажиллагааг дотроос нь доголдуулсаар өдийг хүрсэн байгаа юм. Ийм нэгдмэл ашиг сонирхолтой паразитуудын хууль бус үйл ажиллагааны уршгаар эмийн чанарын асуудал монгол хүний эрүүл мэндэд ноцтой хохирлыг учруулсаар байна. Тиймээс энэхүү ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох асуудал юу юунаас илүү чухал. Уг зөрчлийг таслан зогсоож байж иргэдийг санхүүгийн дарамтад оруулж байгаа үйлчлэл муу, өндөр үнэтэй эмийн шахааг цэгцэлнэ. Тиймээс миний хувьд ямар ч эргэлзээгүй эмийн бохир бизнес бүлэглэлтэй тууштай тэмцсээр байх болно. Тэмцсэнийхээ хүчинд ард түмэнтэй хамт ялах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-Манай улсын эмийн зах зээлд эргэлдэж байгаа мөнгөн дүн ямар хэмжээнд байдаг бол. Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?

-Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг бид нэг их наяд төгрөгөөс давтал нь биелүүлсэн. Гэтэл энэхүү санхүүжилтийн ихэнх хэсэг нь эмнэлгийн ор эсвэл аптек, эм рүү чиглэсээр байгаа юм. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ рүү дээрх сангийн хөрөнгө бараг явахгүй байна гэсэн үг. Манай улсын эмийн зах зээл дээр 500-700 тэрбум төгрөг эргэлддэг гэсэн судалгаа бий. Гэтэл нийт эмийн 70 гаруй хувь нь импортоор орж ирсэн байгаа. Энэ эмнүүд яг хаанаас орж ирээд байна, ямар компанийн үйлдвэрлэсэн эм бэ, ямар компани оруулж ирээд байна гэдэг нь өөрөө өнөөдөр ил тод бус. Тэгэхээр энэ процессыг бид шилэн болгоё, нээлттэй ил тод байлгах шаардлагатай.

-Хил, гаалиар бүртгэл хийгдэж байж оруулж ирж байгаа байлгүй дээ. Тэгэхээр тэдгээр байгууллагаас энэхүү асуудлыг тодруулж үзсэн үү?

-УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан манай ажлын хэсэг бүх гааль дээр ажилласан. Ингээд харахад эмийн асуудал дээр импортлогчид, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, Эрүүл мэндийн яам, гааль, хил гэдэг дээр нэгдсэн мэдээллийн платформ огт байдаггүй юм байна. Нэгэнтэйгээ мэдээлэл солих асуудал дээр алдаатай зүйлүүд ажиглагдсан. Нөгөөтэйгүүр эдгээр байгууллагуудаас авсан мэдээлэл тоо, баримтын хувьд асар их зөрүүтэй байгаа нь Түр хорооны ажилд саад учруулж байна. Бусад улс орнуудад бол энэ чиглэлд нэгдсэн мэдээллийн сантай. Түүнд нь орсон датанууд зөрүүтэй байна гэсэн ойлголт огт байдаггүй. Манайд харин зөрүүтэй мэдээллийн сан нь хаалттай байгаа нь цаанаа бүлэглэлийн эрх ашиг, монополь зах зээлийн асар хүчтэй нөлөөлөл байна гэсэн үг. Тэгэхээр цаашид энэхүү асуудалд дээр нэгдсэн мэдээллийн сантай болох нь илүү чухал байгаа юм.

-Эмийн салбарт монополь тогтоосон хэдхэн компани байгаа гэж та ярьсан. Эдгээр компаниудын үйл ажиллагаанд яг ямар доголдол байна вэ?

-Угтаа импортоор эм оруулж ирдэг томоохон ханган нийлүүлэгч компани нь өөрөө жижиглэн худалдаа руу орох ёсгүй байдаг. Гэтэл томоохон 2-3-хан компани энэ зах зээлийг бүрэн атгачихсан байгаа нь шинжээчдийн дүгнэлтээс тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ,эмийн салбарт байгаа хэдхэн монополь компаниудын нөлөөлөл жижиглэнгийн салбарт ч хүчтэй байна гэсэн үг. Эмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж бий гэж үздэг. Эдгээр компаниудын ихэнх нь нөгөө монополь тогтоосон хэдхэн компаниудын охин компани гэдгийг шинжээчдийн нотлох баримт цуглуулах явцад гарч ирсэн. Энэ талаар тодорхой мэдээллүүд өнөөдрөөс эхэлж байгаа Эмийн сонсголын үеэр олон нийтэд нээлттэй болох байх. Үүнээс болоод өрсөлдөх зах зээлгүй учраас чанаргүй эм оруулж өндөр үнээр зарах суурь нөхцөл нь бүрдчихсэн байгаа хэрэг.

-Эмийн чанарыг шинжилдэг лаборатори уг нь манайд байгаа биз дээ?

-Монгол Улсын хэмжээнд ганцхан төв лаборатори бий. Гэхдээ энэхүү лаборатори маань өөрөө эмийн чанар аюулгүй байдлыг шинжлэн тогтоох тал дээрээ асуудалтай. Технологийн суурь бүтцийнхээ хувьд хөгжиж чадаагүй. Харин хувийн хэвшлийн лабораториуд бий. Тухайлбал, Монос-ын лаборатори байна. Гэхдээ энэ бол хувийн хэвшлийн лаборатори учраас бодитой шинжилгээ хийгдэж байгаа эсэхийг төр хянах боломжгүй болчихож байгаа юм. Үүнээс болоод асуудал үүсдэг. Энэ мэт эмийн чанар, үнэтэй холбоотой олон асуудлыг Түр хороо хянан шалгаж шаардлагатай бодлого, эрх зүйн өөрчлөлтүүдийг гарган ажиллана. Монгол Улсын эмийн зах зээл дэх  хэдхэн монопольчид ЭМДС-гийн хөрөнгөөр тоглож байгаа механизмыг яаралтай засах шаардлагатай. Үүнд эмийн бохир бизнес бүлэглэлийн эрх ашиг нөлөөлөл хүчтэй байгаа учраас ард түмнээсээ дэмжлэг хүсэж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Тиймээс асуудлыг ил тод, нээлттэй болгох, цаашлаад эмийн бохир бизнес бүлэглэлтэй тэмцэхийн тулд олон нийтийн оролцоо юу юунаас илүү чухал байгаа юм аа.

-УИХ-ын хаврын отгон чуулган үргэлжилж байна. Энэхүү чуулганаар хэлэлцэгдэж байгаа олны анхаарал татсан хэд хэдэн хуулийн төсөл бий. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл орж ирсэн. Таны хувьд уг хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

-Уг хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Мэдээж цаг үеийн шаардлагаар орж ирж байгаа хуулийн төсөл гэж харж байна. Нөгөөтэйгүүр өмнөх алдаа дутагдлаа уг хуулийн төсөлд засаад явах учиртай. Тухайлбал, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Хөгжлийн банкны хэрэгжил дээр алдаа гарч байсан. Тэгэхээр энэ алдааг бид Баялгийн сангийн тухай хууль дээр давтаж болохгүй. Баялгийн сан бол Монголын ард түмний өмч гэдэг утгаараа ил тод, нээлттэй, шилэн байх шаардлагатай. Энэ санг бид арвижуулах ёстой.  Баялгийн санд эрсдэл их байгааг бид бүхэн анхааралтай тооцох хэрэгтэй. Учир нь сүүлийн гучин жилд төгрөгийн ханшийг бодоход 700 дахин унасан гэж хэлж болно. Өнгөрсөн гучин жил хуримтлагдсан гадаад өрийн хэмжээ их байгаа. Өнөөдөр инфляци ямар байгааг бодолцох шаардлагатай. Цаашид төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зэрэг олон асуудлыг тал талаас нь сайн тооцож байж энэхүү Баялгийн сан ашигтай, өгөөжтэй байна. Тиймээс УИХ энэхүү хуулийн төслийг хэлэлцэж байна. Бусад улс орнуудын Баялгийн сан нь зургаан сангаас бүрддэг юм билээ. Харин манайх гурван сантайгаар эхлүүлэх гэж байна. Тэгэхээр яг өнөөгийн манай нийгэм, улс төр, эдийн засгийн хувьд энэ бодлого зөв болов уу гэж бодож байгаа. Асуудлыг хэн нэгний өнцгөөр бус нийтийн эрх ашигт тэр дундаа ирээдүйд үүсч болох эрсдлийг тооцоолж байж уг хуулийн төслийг батлах шаардлагатай гэсэн байр суурьтай байна.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.