Ж.Ганбат: Хятадын 55 компани биржээр нүүрс худалдан авах санал ирүүлсэн


2-р сарын 1
19 цаг 19 минут

“Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбаттай ярилцлаа.


-Шинэ он гарахын өмнө та “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ биржээр борлуулна гэж мэдээлэл хийж байсан ч энэ ажил хараахан эхлээгүй байна.  Ажлын явц ямар байгаа вэ?

– “Эрдэнэс Тавантолгой” компани тун удахгүй буюу хоёрдугаар сарын 8-10-ны хооронд нүүрсээ биржээр цахимаар борлуулахаар төлөвлөж, бэлтгэл ханган ажиллаж байна.

Нүүрсийг биржээр борлуулна гэдэг нь нүүрсээ хил нөхцөлөөр зарна гэсэн үг. Хил нөхцөлөөр зарна гэдэг нь нүүрсний тээврээ өөрсдөө хариуцаж худалдан авагч талдаа хүргэж өгөх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор нүүрс хил хүртэл тээвэрлэх тээврийн тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны газар зарласан. Энэ тээврийн тендерт нийтдээ 200 гаруй компани орж ирэх болсон мэдээлэл бий. Тус газар энэ долоо хоногт багтаагаад тээврийн гэрээг дүгнээд эцэслэчих болов уу. Тээвэрлэлтээ цэгцэлж байж, биржээр худалдаалах нүүрсний үнээ зарлана.

Бидний хувьд биржээр 200 мянга орчим тонн нүүрсийг эхний ээлжинд борлуулж, цаашид үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд энэ онд 23 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын зүгээс нүүрсийг цахимаар нээлттэй арилжаалж хил нөхцлөөр үнэ хүргэж зарах энэ үйл ажиллагааг бодлого, арга зүйгээр хангаж ажиллаж байна.

-Нүүрсийг биржээр арилжаалахаар чанараасаа хамаарч үнэ харилцан адилгүй байх уу?

-Тэгнэ. Бид эхний ээлжинд коксжсон нүүрсээ арилжаална, дараа нь эрчим хүчний нүүрсээ борлуулна. Ингэснээр худалдан авагч нараас хамгийн өндөр үнийн санал өгсөнд нь нүүрсээ борлуулна.

-Одоогоор нүүрсний үнэ ямар байна вэ. Эдийн засагчдын зүгээс 2023 онд эрдэс баялгийн үнэ өндөр байна, боломжийг ашиглах ёстой гэдэг зөвлөмж өгөх болсон. Төсөөлөл яаж гарсан бэ ?

-Одоогоор Ганцмод боомт дээр кокжсон нүүрс нэг тонн нь 170-180 орчим ам.доллар байна.  Гэнэтийн юм гарчихгүй бол одоогийн төсөөллөөр үнэ тогтвортой хадгалагдахаар байгаа.

-Нүүрсээ биржээр арилжаалаад эхлэхээр худалдан авагч тал нь Хятад улсын бизнес эрхлэгчид болж таарах байх. Хэр олон компани нүүрс худалдан авдаг бол. Олон байвал өрсөлдөөн ихтэй, нүүрсээ өндөр үнээр зарах боломж байдаг. Биржийн арилжаа амжилттай л хийгддэг байгаа даа?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжаанд оролцож, нүүрс худалдаж авахаа илэрхийлсэн БНХАУ-ын 55 компани байна. Нүүрсийг биржээр арилжаалахтай холбогдуулж Засгийн газраас гаргасан тогтоол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын баталсан журам зэргийг худалдан авагч талдаа хүргүүлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын зүгээс биржийн арилжааг амжилттай болгох талаар бидэнд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллаж байгааг энэ дашрамд дурдах нь зүйтэй.

Бид маргааш Хөрөнгийн биржийнхэнтэй хамтран худалдан авагч талдаа уулзалт хийж, цахим арилжааны талаар тодруулга мэдээлэл өгнө. Нүүрсээ биржээр арилжаалахдаа хамгийн доод үнэ санал болгоно, дуудлага худалдаа учраас үнэ өсч таарна.  Биржээр хийх арилжаа амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

Ер нь, биржээр нүүрсээ зарна гэдэг нь далд зүйлийг ил тод болгож байгаа юм шүү дээ. Өмнө нь хэн, хичнээн тонн нүүрсийг ямар үнээр зараад байгаа нь мэдэгддэггүй, хэн худалдан авч байгаа нь мэдэгддэггүй байсан. Мөн хил нөхцөлөөр нүүрсээ борлуулна гэдэг тээвэрлэлтээ монголчууд өөрсдөө хийнэ гэсэн үг. Монгол компаниуд ажлын байртай, орлоготой болно. Монгол компаниудын тээвэрлэлт ил болж, татвараа төлөөд явахаар “нүүрс хулгайгаар хил гаргасан” гэдэг асуудал ч байхгүй болж, нүүрсний арилжаа бүхэлдээ ил болно.

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны хамгийн том шалтгаан бол Монгол Улсад нүүрс дагасан нүүрсний хулгай гаргахгүй, авлига гаргахгүй бүх зүйлийг ил тод болгож, олон нийтийн хараа хяналтыг сайжруулах том зорилго тавьсан нь үр дүнгээ өгч байна.

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлээд өдөрт хилээр гарч байгаа нүүрс тээвэрлэсэн машины тоо 1000 давсан. Энэ тээвэрлэлт одоо ч  хэвээр хадгалагдаж байгаа юу?

-Хятадад цагаан сар болсон учраас одоогоор боомтоор гарах нүүрс тээврийн тоо буурсан. Мөн бид хоёрдугаар сарын 1-ээс нүүрсээ биржээр арилжаалах төлөвлөгөөтэй байсан ч цагаан сар нь давхацсан учраас хэд хоногоор хойшилсон тал бий.

-Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн оффтейк гэрээнүүдийг ил болгосон. Эдгээр гэрээнээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Бодь интернэшнл”-тэй байгуулсан гэрээ ашиггүй, алдагдал үүрүүлсэн гэдэг асуудал хөндөгдсөн. Гэрээг сайжруулж, хоёр талдаа харилцан ашигтай болгох чиглэлээр яриа хэлцэл хийгдэж байгаа юу?

-Засгийн газрын шийдвэрээр “Бодь интернэшнл”-тэй холбоотой Гашуунсухайт, Богдхан төмөр замтай холбоотой таван нууц гэрээг ил болгосон. Эдгээрээс Гашуунсухайт төмөр замтай холбоотой гэрээнд өөрчлөлт оруулъя, сайжруулъя гэдэг хүсэлтийг “Бодь интернэшнл” ХХК–д тавьсан.  Хоёр талд гэрээгээр хаилцан хүлээсэн үүрэг бас байгаа. “Бодь интернэшнл” компани гэрээнд заасан хэмжээндээ өнгөрсөн онд нүүрсээ авч чадаагүй юм билээ, бид санхүүгийн хувьд хүнд байна гэдгээ хэлээд хоёр талдаа санал солилцоод явж байна. Ойлголцолд хүрчих байх аа.

-“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс нийлүүлэх нөхцөлтэйгээр Хятадын компаниас урьдчилаад зээл авчихсан асуудал байгаа. Энэ өр дарагдсан уу?

-“Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны хавар 603 сая ам.доллар урьдчилж авсан байсан. Нийт дөрвөн гэрээ байна. 603 сая ам.доллар гэдэг нь 2 их наядын орлого урьдчилж аваад төлбөрт нь нүүрс нийлүүлэх нөхцөлтэй юм.

Бид өнгөрсөн онд 180 орчим сая ам.долларын өрийг барагдуулсан, одоо цаана нь 420 орчим сая ам.долларын өр байна. Нүүрсээ богино хугацаанд ачуулж, өрийг барагдуулахаар ажиллаж байгаа.

Нөгөө талдаа “Эрдэнэс Тавантолгой” компани дотооддоо арилжааны банкуудаас авсан бондын 769 тэрбум төгрөгийн өр байна.  Үүнээс  420 орчим тэрбумын бондын төлбөрийг ирэх дөрөвдүгээр сард төлөх үүрэг хүлээж байгаа. Энэ өрийг бид борлуулалтын орлогоосоо төлнө. Экспортоо нэмэгдүүлээд, биржээр нүүрсээ амжилттай арилжихаар бондын төлбөрүүдээ бүрэн төлчих боломжтой.

-Иргэд “Сар шинээс өмнө 1072 хувьцааныхаа ногдол ашгийг авъя” гэдэг шаардлага тавьж эхэлсэн. Өрийн дарамт их байгаа үед ногдол ашиг тараах нь хүндрэлтэй, боломжгүй юм байна гэж үзэж болох уу?

-Хүндрэлтэй.

-Тэгвэл улс төрийн шийдвэр гарчихвал “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг тараах гээд чардайхаас аргагүй гэсэн үг үү?

-Үүсээд байгаа бодит нөхцөл байдлыг бид маш сайн ойлгох хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны санхүүгийн тайлангаа гаргаж байна, ирэх долоо хоногт эцэслэн гарна. Санхүүгийн тайлан гарсны дараа аудит орно. Бид санхүү дээр ийм үзүүлэлттэй гарлаа,  ийм өр төлбөр байна. Мөнгөн хөрөнгө дээр ашигтай гарсан ч хүндрэл байна гэдгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-дөө танилцуулна. Ногдол ашиг тараах эцсийн шийдвэрийг ТУЗ, хувьцаа эзэмшигчид шийднэ.

Бодитойгоор харахад бондын төлбөр 500 тэрбумын өр байна, компаниудаас урьдчилаад авчихсан өр байна.

Үндсэндээ 2.4-2.5 их наядын өр байгаа. Ялангуяа бондын өрийг хугацаанд нь барагдуулахгүй бол санхүүгийн хувьд хүндрэлтэй болж,  эрсдэл үүснэ.  Ийм үед ногдол ашиг тараана гэвэл санхүүгийн хувьд улам хүндрээд “Эрдэнэс Тавантолгой” компани хэвийн үйл ажиллагаа явуулахад бэрхшээл үүснэ.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсоны дараахан та тус компанид санхүүгийн зөрчил их байна гэж мэдэгдсэн. Мөн албан бус мэдээ шүү, “Эрдэнэс Тавантолгой” компанид ажилладаггүй хэрнээ 100 шахам хүн цалин авдаг байжээ гэдэг яриа гарсан. Энэ үнэн үү, хэрэв үнэн бол ажилладаггүй хүмүүсийн цалинг зогсоосон уу. Зөрчлүүд засагдсан уу?

-Тийм ээ, нуух зүйл алга. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д санхүүгийн сахилга бат муу, зөрчил их байсан. Үр ашиггүй зөрчлүүдийг арилгах, хууль зөрчсөн албан тушаалтнуудыг чөлөөлөх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх зэргээр нэлээд цэгцэллээ.

Хувийн хэвшлээр ажил хийлгэчихээд хөлсөнд нь нүүрсээ хямд үнээр өгдөг,  ажлаа хийлгэчихээд төлбөрийг нь хугацаанд нь өгдөггүй, түүнээс болж тухайн компани хүндэрдэг, ажил хийсэн компанийнхаа гүйцэтгэлийг нь хянадаггүй зэрэг зөрчил байсан, зогсоосон. Мөн тендер зарлаад шалгарсан компанитай гэрээ байгуулдаггүй, гэрээ байгууллаа гэхэд урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр мөнгө гаргадаг, урьдчилж өгдөг байсныг зогсоосон. Тендер зарласан бол тэр компани ажлаа гүйцэтгэчихээд гүйцэтгэлээ үнэлүүлчихээд мөнгөө авдаг болсон.

Цаг хугацаандаа ажлыг  чанартай хийсэн бол гүйцэтгэлийг нь хянаж үзээд гурав хоногт багтаан төлбөрийг нь төлдөг тогтолцоо руу шилжүүлж байна.

2021 оны найм, есдүгээр сард ажлаа хийж дуусгасан ч хөлсийг нь төлөөгүй байсныг олгосон. Нийтдээ гэрээт компаниудад 150 орчим тэрбум төгрөгийн ажлын хөлс олгосон.

Ажилд авах, чөлөөлөх зэрэг хүний нөөц замбараагүй байсныг цэгцэлсэн. Хүссэн үедээ ажилдаа ирдэг, хүсээгүй үедээ ирдэггүй. Зарим хүн нь энэ компани дээр ирж ч үзээгүй хүмүүс байсан. Албад байгуулах нэрээр баахан дарга томилсон байсан. Дөрвөн хүн тутмын нэг нь дарга байсан. Шаардлагагүй орон тоог цомхотгосон. Ажилдаа ирдэггүй, тааваараа ажилдаа ирдэг, хууль зөрчсөн зэрэг 50 гаруй хүнийг чөлөөлсөн. Цаашдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  хүний нөөц, удирдлагыг яаж томилох ёстой юм бэ гэдгийг ярих ёстой. Бид саналаа боловсруулаад Засгийн газар болон ТУЗ-д саналаа танилцуулна.

-Шаардлага хангахгүй техник хэрэгсэл “Эрдэнэс Тавантолгой” компанид нийлүүлэгдсэн тухай сонсогдож байсан. Тухайлбал, шаардлага хангахгүй дугуй нийлүүлсэн гэдэг ч юм уу. Энэ тохиолдолд яах юм, нийлүүлсэн компани руу нь буцааж, мөнгөө авч хохирлоо барагдуулах юм уу?

-Дугуйны тендертэй холбоотой асуудал байгаа. Хууль хяналтын байгууллагад өгсөн, шалгаж байна.

Нөгөө талдаа техникийн алдаа гардаг юм уу, санаатай алдаа гаргадаг юм уу, буруу тооцдог юм уу, шаардлагагүй тоног төхөөрөмж, эд хогшил авсан,  хэрэгцээнээсээ давуулж, их хэмжээгээр авсан зүйл байна. Хууль хяналтын байгууллагад эдгээр асуудлыг шилжүүлсэн, шалгаж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд хэчнээн тонн нүүрс экспортолсон бэ. Засгийн газраас 500 сая ам.доллараар валютын орлого нэмэгдүүлэх даалгавар өгсөн санагдах. Онцгой дэглэм тогтоосны үр дүн хэр гарч байна вэ?

-Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтооход өдөрт 200-300 орчим машин нүүрс тээвэрт явдаг байсныг бид 4 дахин нэмэгдүүлж чадсан.

Бидний зүгээс Онцгой дэглэм тогтоосон 2022 оны  аравдугаар сарын 26-аас арванхоёрдугаар сарын 31-н хүртэлх хугацаанд  нүүрс борлуулалтыг 4.2 дахин, тээврийг 4 дахин, экспортыг 2 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна. Орлогын хувьд өмнө тооцож байснаас 3.7 дахин нэмэгдүүлж чадсан.

Өнгөрсөн 2022 онд нийт 11 сая тонн нүүрс экспортолсны 5 сая тонн нь онцгой дэглэм тогтосон сүүлийн 2 сарын хугацаанд хийгдсэн байдаг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2010 онд байгуулагдсанаас хойших 12 жилийн хугацаанд анх удаа 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь түүхэн амжилт юм. Бид энэ амжилтаа ахиулж, энэ онд 23 сая тонн нүүрс экспортод гаргах зорилт тавьсан.

-500 сая ам.доллар оруулж ирэх  даалгавар биелэгдсэн гэсэн үг үү?

-Засгийн газраас 500 сая ам.доллар оруулж ирэх үүрэг өгсөн байсан нь биелэсэн. Нийтдээ 588 сая ам.долларын борлуулалт хийгээд тэрнээсээ бэлнээр 416.6 сая ам.долларыг Монголбанкинд шилжүүлж, үлдсэнийг өмнөх авсан зээлийн өр барагдуулсан. 160 орчим сая ам.долларын өр барагдуулсан.

-Барагцаагаар арван сарын турш 5.5 сая нүүрс экспортод гаргаад байсныг сүүлийн хоёр сард 5.5 саяар нэмэгдүүлэхэд тээвэрлэлт сайжирсан, дээр нь эрдэс баялгийн үнэ өссөн зэрэг нь  нөлөөлөв үү?

-Нүүрсний экспортоо нэмэгдүүлээд ирэхээр үнэ бага зэрэг буурсан. Хамгийн гол нь экспортоо богино хугацаанд нэмэгдүүлж чадсан нь тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж чадсантай холбоотой. Уурхайн хэвийн үйл ажиллагааг хангаад Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг хангалттай билүүлсэн гэж үзэж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд ашигтай ажилласан гэж үзэж болох уу?

-Ашигтай ажилласан.

-Хэдий хэмжээний ашигтай ажилласан бэ?

-Одоогоор төдий хэмжээний ашигтай ажилласан гэж тоо хэлэх боломжгүй.  Яагаад гэвэл санхүүгийн тайлан эцэслэн гарч,  аудит орсны дараа санхүүгийн тайлан баталгаажна. Ашигтай гарах нь бол тодорхой. Гэхдээ ашигтай гарсан ч гэлээ өр төлбөр их учраас бид энэнтэйгээ уялдуулаад  ногдол ашиг тараах эсэхээ ТУЗ болон Засгийн газарт танилцуулах ёстой.


Эх сурвалж: news.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа8 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа9 цаг 3 минутын өмнөЗөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ9 цаг 16 минутын өмнөУ.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхүйц үг, үйлдлийг таслан зогсоох ёстойг анхааруулж байна9 сар 14. 15:08Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна9 сар 14. 13:4440 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ9 сар 14. 13:35Монголын пара шатарчид эхний хожлоо авлаа9 сар 14. 11:33Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ9 сар 14. 10:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ9 сар 14. 10:09УБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 14. 10:03Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ9 сар 14. 9:46Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо9 сар 14. 9:40НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно9 сар 14. 9:34Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал9 сар 14. 9:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 14. 9:07Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна9 сар 14. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан9 сар 14. 8:51Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна9 сар 12. 18:52Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.