Өвгөдөөс уламжилсан Монгол ухаанаа өвлүүлэгч


2-р сарын 27
18 цаг 13 минут
Монгол үндэсний хувцсаараа гоёсон бүсгүйчүүд Төрийн ордонд цуглажээ. Тэд бол 21 аймаг, 330 сумаас ирсэн 1000 гаруй малчин бүсгүй “Малчин эмэгтэйчүүд-Манлайлал” зөвлөгөөнд ирсэн нь энэ байлаа. Тэдний дунд дугуй улаан малгайтай, энгэртээ одон, медалиа зүүсэн нэгэн буурай онцгой харагдсан юм. Түүнийг Цэрмаагийн Хандсүрэн гэнэ. Тэрбээр 1930 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн. Долоон жилийн боловсрол эзэмшээд 1947 онд 17 настайдаа малчин болсон гэж байлаа. Ц.Хандсүрэн гуай эцэг эхээс тавуулаа, айлын хоёр дахь хүүхэд нь. Одоо 70 гарсан дүүтэйгээ хоёулаа үлджээ. Түүнийг “Амьдралын тойрог” буландаа урьж ярилцлаа.
 
сонин mn
 
Ц.Хандсүрэн гуай 1955 онд нэгдэлжих хөдөлгөөн эхлэхэд Биндэр сум руу шилжсэн байна. Эднийх нэгдэлд ороогүй байхдаа хонь 500, үхэр 50-60, гурван азарга адуутай айл байжээ. Хувийн аж ахуйтай байхад олон малтай ч одоогийнх шиг туслах малчин авдаггүй, өөрсдийн хүчээр малаа өсгөнө. 1954 онд малаа сайн өсгөсөн хэмээн Ц.Хандсүрэнг аймгийн депутатаар сонгож байжээ. Тэрбээр 1955 оны нэгдүгээр сард Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд орсон байна. Энэ үед нэгдлээс ямар ажил даалгана бүгдийг нь чин сэтгэлээсээ хийдэг байсан тухайгаа дурсаж байв. Тухайлбал, хоёр жил гаруй хонь хариулж, дараа нь төллөх 100 гаруй ингийг Дорж хэмээх айлаас авч 300 гаруй болгож өсгөсөн байна.
 
“ЭРЛИЙЗ ХУРГА, ТЭМЭЭ ХОЁР АДИЛХАН ЭМЗЭГ АМЬТАН”
 
Монголчууд бид дээдсээс өвлөсөн малчин заяа, дэлхийд ховорхон морьтой заяатай ард түмэн. Тэгвэл дэлхийд ховорхон заяаны эзнээс хонь болон төллөх ингийг хэрхэн хариулж байсан талаар асуухад “Эрлийз хонь хариулахад их эмзэг. Тэр үед зохиомол хээлтүүлгийг их нарийн хийдэг байсан. Энэ цээрийг төл дээр нь хадгалж чадахгүй болохоор өнөөх нь өлсөнө.
 
Ц.Хандсүрэн гуай энэ тухай “Малын эмч нэг айлд очиж ирээд морио хашаанаас уяж, хашаа давж ороод хэдэн хонь төллүүлсэн юм. Хэчнээн хургатай байна гээд үхсэн хургануудыг авна. Гэтэл бохир газраар явсан бол тэр хашаа руу хамаагүй орох ёсгүй байсан юм билээ. Тухайн үед ламаар явж болохгүй лам, нам хоёр харшилдаг байлаа” гэсэн юм. 
 
Харин тэмээн дээр энэ байдлыг цэглэсэн ажээ. Ц.Хандсүрэн “Тэмээгээ хонь шиг дагаж хариулна. Тэмээ нь эрлийз хургатай адилхан айхтар эмзэг амьтан. Морьтой хүн харвал хүүхэд шиг хөлсөрхөнө. Нэг удаа манайхаас Адаргын нэг хөгшин хөсөг авч нүүдэл хийгээд тэмээг маань авчирч өглөө. Тэгсэн тэр орой нь нойтон шамарга орж тэнгэр жаахан эвгүй болдог юм байна. Тэгэхээр нь тэмээгээ хашааны банзны өвөрт оруулахад тэр хөгшин хамгийн сүүлд ботголсон тэмээг туугаад явж байсан. Ингээд хашааны өвөрт оруулчихаад гэрт орчихоод гараад иртэл нөгөө ботго маань хөөс нь сагаад хажуугаараа хэвтэж байна. Нөгөө хөгшин ч тэмээ хариулдаг, Адаргын сайн тэмээчин байсан юм. Тэгсэн “Надаас хөлсөрчихөж.  Ус эргүүлээд, малгай өмсгөчих” гэж байна. Мөн “Миий ирсэн зүг рүү ус доогуур цацаад, малгайг минь өмсгөөд ир” гэлээ. Хэлсэн ёсоор нь үйл хийчихээд нэлээн байж байгаад харахад давгүй жог, жог гээд сууж байна.  Сүүлд энэ ботго маань Бам хар нэртэй гунж болж ботголсон доо. Ботгоо хөхүүлэхдээ хөхүүлж байгаа талынхаа борвин дээр нэг хөлөө тавьж хөхүүлдэг байсан. Хэр баргийн ингэ ингэхгүй. Ер нь ботгоо хөхүүлэхгүй байгаа ингийг албаар арагш нь хөлийг нь тавьж хөхүүлдэг. Ингэ өглөөгүүр ботголдог амьтан. Үхэртэй адил төлөө долоодоггүй, үнэрлэдэг. Ботгоны зулай цоорхой төрдөг. Заримдаа битүү хальстай гардаг. Ийм ботго барагтай бол даарахгүй. Манайх ганц ингийг л шилрүүлж байсан. Учир нь ингэ хаана, яаж бууранд гарсан байна тэр газраа очиж ботголдог гэнэ. Тэгээд ботгоо дагуулаад ирсэн. Би 1982-1986 он хүртэл нэгдлийн 40 үнээг саасан. Манайх 1985 оны зудархаг өвөл үхрээ онд мэнд оруулж ”Энх сүрэгтэн” болж байлаа” хэмээн хуучилсан юм.
 
сонин mn
 
ПИОНЕРООС НАМЫН ГИШҮҮН БОЛОВ
 
Ц.Хандсүрэн гуай ханьтайгаа нэгдэлд орсныхоо дараахан танилцжээ. Хуушааны Гомбо намын гишүүн, нэгдэлд орохоосоо өмнө түүхий эдийн эрхлэгч, агент, багийн дарга хийж байсан аж. Мөн Гурванбаян сумын буюу одоогийн Өмнөдэлгэр сумын анхны багийн дарга хийж байсан гэдэг. Гурван жилийн цэргийн албанд мордсон ч 1945 оны чөлөөлөх дайнд оролцож таван жил алба хаажээ. Тэд долоон хүүхэдтэй ч таван хүүхдээ өөрсдөө өсгөсөн гэнэ. Нэг хүүхдээ эмээд нь, нөгөөхийг нь хүнд өргүүлсэн гэж байв. Тэр үеийн хүмүүс олон хүүхэдтэй ч малынхаа төлөө амиа тавидаг байсан тухай яриа дэлгэж байв.  Төрөөд нэг сар болоод малаа маллахад тэр бүр хүүхэд өвдөх асуудал гардаггүй байсан гэнэ. Эгэл малчин айлын жишгээр  том нь багыгаа харна.
 
Баг, сум, намын  хорооны хурал болоход хоёулаа явах боломжгүй тул ээлжилж, 70-80 км газрыг мориор туулж очино гээд малчин хүний амьдралын бүхий л сайн сайхан,жаргал зовлонг эн тэнцүү туулсан тухайгаа Ц.Хандсүрэн гуай ярьж сууна.  
 
Нийтлэлийн баатрыг маань намын гишүүнд элсэхэд эмэгтэйчүүд цөөн байжээ. Албан тушаал өндөр, амьдрал ахуй сайтай, даалгавраа сайн биелүүлдэг хүмүүсийг намын гишүүнээр элсүүлдэг байж. Ц.Хандсүрэн гуайн хувьд 15 нас хүрээд пионерын гишүүн, пионероос эвлэл, эвлэлээс намын гишүүн болсон бөгөөд өнөөгийн МАН-ын ахмад гишүүн ажээ. Тэрбээр мал маллахын зэрэгцээ багийнхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар 1963-1969 он хүртэл ажилласан байна. Түүнээс “Малчин эмэгтэйчүүд-Манлайлал” зөвлөгөөний талаар асуухад “Нэгдлийн үед хурлыг тогтмол хийдэг байсан. Одоо ч жаахан саараад байна. Тэр үед багийн намын хурал, сумынх бол сумынхаа намын хуралд оролцоно. 1982 онд намын бага хуралд их хурлын төлөөлөгчийг сонгохоор сумаасаа сонгогдож байлаа. Өвгөн маань ч нэг бус удаа сонгогдож байсан. Сая Төрийн ордонд болсон зөвлөгөөнд оролцсондоо сэтгэл өндөр байна. Сайхан зүйл их ярилаа. Бидний үед чуулга, уулзалт, төлийн баяр болно уу гэхээс улсын ийм том арга хэмжээ болж байсангүй” хэмээн ярьсан юм."Малчин эмэгтэйчүүд-Манлайлал" зөвлөгөөний үеэр Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, охин Г.Мөнхзулын хамт. Төрийн ордонд.
 
сонин mn
 
ДӨРӨВ ДЭХ ҮЕЭ ҮЗЭЖ БУЙ БУУРАЙ
 
Ц.Хандсүрэн гуай 1986 онд тэтгэвэртээ гарсан ч зүгээр суусангүй. Хувийн малаа хариулж байгаад Сүхбаатар аймгийн Халзан суманд байх бага охин Г.Мөнхзулындаа ирж амьдрах болсон байна. Угийн хөдөлмөрч хүн тул хурганы арьс шүүж, зөөлөрсөн хойно нь гараараа нухаж, элдээд үр хүүхэд, ач, зээ нартаа дээл хийхэд нь бэлэн болгож өгдөг гэж байлаа. Мөн ноосоор утас ээрч ширмэл ширдэг урлана, нэмнээ оёно, хүүхдүүдийнхээ товчийг хүртэл хадаж өгдөг гэсэн юм. Түүгээр ч барахгүй хааяа уран зохиолын ном уншина. Гэхдээ нүдний шил зүүдэггүй гэсэн.
 
Ач, зээгээ харна, хичээлийг нь давтуулна, цэцэрлэгээс авна, эцэг эхийн хуралд сууна гээд өөрийгөө завгүй байлгана. Тэрбээр энэ тухайгаа “Одооны хоёрдугаар ангийн хүүхдийн хичээл бидний тавдугаар ангид үздэг байсан хичээлийг үзэж байна. Үр хүүхэд, хүргэн, бэр, ач, зээ, гуч гээд тоолоход 100 хүрчээ. Эмээ нь дөрөв дэх үеэ үзэж байна” хэмээн инээж суув.
 
Ц.Хандсүрэн гуай Биндэр сумынхаа улсын тэргүүний “Сүлдэт өндөр” хадгаламж зээлийн хоршооны ахмад гишүүн юм байна. Энэ хадгаламж зээлийн хоршоо нь банк, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг аж. Хэдэн жилийн өмнө  ах дүү, найз нөхдөөрөө хуримтлалыг хэрхэн бий болгох вэ гэж ярилцаад  нийлж  хуримтлал үүсгэсэн аж. Үүнийгээ  жилийн дараа задалдаг гэнэ. Энэ хуримтлал нь сар бүр таван хувийн хүүтэй байсан бол өнгөрсөн оноос зургаан хувь болжээ. Өөрийнхөө боломжоор хөрөнгөө нийлүүлнэ.  Түүний бага охин Г.Мөнхзул “Миний аав их хэлэмгий, хүмүүст хэлэхээ хэлчихдэг шударга хүн байсан. Гэр орныхоо санхүүг барина. Ааваас хойш ээж маань биеэ даагаад санхүү мөнгөө зохицуулдаг болсон болохоор хуримтлалын бүлэгт орсон. Өнгөрсөн жил өөрийнхөө эрүүл мэндэд зориулсан. Ач, зээ нараас нь их сургуульд орвол арай илүүг өгөх зэргээр төлөвлөн хуримтлалаасаа өгч байна. Тэр бүү хэл ач, зээ нарынхаа хаана амьдардаг, хэн нь хэдэнд хүүхэдтэй гэдгийг ч биднээс илүү мэднэ.  Ээж минь захиа бичих дэс дарааг их сайн мэддэг.
 
Тухайлбал, Сайн байна уу. Энэ нутаг оронд цаг агаар ийм байна гэж эхлээд дараа нь өөрсдийн байгаа байдлыг бичээд хамгийн сүүлд нь ерөөл тавиад доор нь заавал ч үгүй хоёр юм бичнэ. Тэр нь "Хүндэтгэсэн ээж. Хүндэтгэн ёсолсон ээж нь төрсөн охиндоо” гэж бичдэг байсан.
 
Захиа бичих ёсыг хаанаас сурсныг мэдэхгүй. Ээж минь элдэв зан авиргүй. Хүний эвийг олохдоо сайн” хэмээн ээжээрээ бахархан ярьж байв. Ийнхүү насаараа мал маллаж, малч монгол ухаанаа үр хүүхдэдээ өвлүүлэн, сургаж яваа 93 настай Ц.Хандсүрэн гуай өдгөө Сүхбаатар аймгийн Халзан суманд энх тунх аж төрж байна. Дээдсээс өвлөсөн малчин заяа, дэлхийд ховорхон морьтой заяатай эдний долоон хүүхдийн дөрөв нь аав ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж явна.     
 
 
Рагчаагийн Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв5 цаг 32 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 52 минутын өмнөӨмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.