Г.Түвдэндорж: Манай улс хил дээрх боомтуудаа төмөр замаар холбож, нүүрс, зэсийн баяжмалаа экспортлох хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай


2-р сарын 6
20 цаг 44 минут

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.
-Ярилцлагаа танай яамны чиг үүрэг, хэрэгжүүлэх бодлогоос эхлэе. Олон нийтийн дунд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам хоёр юугаараа ялгаатай юм бэ,  ижил бүтэц, чиг үүрэгтэй юм биш үү гэх ойлголт явж байна. Та Сангийн яаманд ажиллаж байсан. Одоо Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдын алба хашиж байгаагийн хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?
-Сангийн яамны үндсэн үүрэг бол улсын төсвийн хөрөнгийг бүрдүүлэх, хуваарилах, төсвийн төслийг боловсруулж батлуулах төсөв, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлнэ. Харин Эдийн засаг, хөгжлийн яам нь улс орны хөгжлийн бодлого тодорхойлох, төлөвлөлт хийх, эдийн засгийн бодлого тодорхойлох, урт дунд хугацааны хөгжлийн баримт бичгийг боловсруулах зэрэг макро эдийн засгийн хэмжээнд үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа юм. Бусад улс оронд ч Эдийн засгийн хөгжлийн яам, эсвэл Эдийн засгийн яам гэх төрийн захиргааны төв байгууллага улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, салбар хоорондын тэнцвэртэй хөгжлийг хангаж байна. Өмнө нь Үндэсний хөгжлийн газар гэж агентлаг байгуулсан боловч яамны статусгүй байснаас зарим зүйлд хүч дутагдаж ирсэн байдаг. Ийм ч учир Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулсан бөгөөд нийгэм, эдийн засгийн салбаруудын бодлого, төлөвлөлтийг уялдуулан зохицуулах үүрэг гүйцэтгэхээрээ онцлог юм.

-Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдын ажлыг аваад удаагүй байна. Ажлаа юунаас эхлэх гэж байна вэ?
-Миний хувьд өмнө Сангийн яам, Байгаль орчны салбарт багагүй хугацаанд ажилласан. Эдийн засгийн хөгжилд хамаарахгүй салбар, асуудал гэж байхгүй, бүхий л салбарын хөгжил энд яригдах учраас Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдын үүрэгт ажлыг аваад хамгийн эхэнд надад асар их үүрэг, хариуцлага ирж байгааг ухамсарлаж, хэзээ хэзээнээс илүү хичээж ажиллах ёстой гэдгийг өөртөө хэлж байна. Одоогийн энэ цаг үе бол эдийн засгийн хувьд алдсанаа залруулж, нэгэнт гарсан  бодлогоо төгөлдөршүүлэх, түүнийг оновчтой хэрэгжүүлэх нь юу юунаас илүү хэрэгтэй гэдгийг харуулж байгаа тийм л он жилүүд гэж би хувьдаа харж байна. Монгол Улсын хувьд урт хугацааны хөгжлийн бодлого, зорилт нь тодорхой гарчихсан. Түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгүүд болох Шинэ сэргэлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд хэрэгжээд явж байна. Тэгэхээр бид хаашаа явах, ямар үр дүнд хүрэх тодорхой болчихсон гэсэн үг. Одоо гагцхүү түүндээ хүрэхийн тулд цаг үеийн болон гэнэтийн тулгамдсан асуудлыг хэрхэн зөв удирдах вэ, нөхцөл байдлыг хэрхэн зөв шинжилж, оношилж шийдвэр гаргах вэ гэдэг асуудал маш чухал байгаа. Иймд манай улсын нийгэм, эдийн засаг, салбаруудын өнөөгийн бодит байдал, тулгарч буй бэрхшээл, салбаруудын харилцаа, хамтын ажиллагаанд учирч буй зөрчил зэргийг судлахаас ажлаа эхэлсэн. Түүнээс гадна хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих асуудлын суурь нөхцөл хөрөнгө оруулалт юм. Тиймээс саяхан УИХ-аас баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчдыг татах ажлуудыг дорвитой түвшинд хэрэгжүүлнэ гэж бодож байна. Мөн хөгжлийн гол цөм нь хүн, тэр дундаа чадварлаг боловсон хүчин гэж харж байгаа. Тиймээс салбарууд болон орон нутгийн боловсон хүчнийг чадавхижуулах, гадны сайн туршлагуудыг нутагшуулахад мөн анхаарлаа хандуулж ажиллана. Нийгэм, эдийн засгийн салбарууд харилцан уялдаатай, харилцан бие биенээ дэмжин хөгжих, хоорондоо найрсан зохицох үйл явцыг ерөнхийд нь хөгжил гэж ойлгож болно. Иймд манай улсын нийгэм, эдийн засгийн салбаруудын өнөөгийн бодит байдал, тулгарч буй бэрхшээл, салбаруудын харилцаа, хамтын ажиллагаанд учирч буй зөрчил зэргийг ул суурьтай судлахаас ажлаа эхэлсэн. Онолгүйгээр практик үйл ажиллагаа явуулж болохгүй. Иймд эхлээд манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжил яагаад удааширч байгаа учир шалтгааныг тогтоох нь чухал.
-Макро эдийн засгаа тогтворжуулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажлууд хийгдэх вэ?
-Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого нь үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлж, хүн амыг хэрэгцээт бараа, үйлчилгээгээр найдвартай хангах, ажилгүйдлийг багасгах, шинэ ажлын байр бий болгох, үнэ, инфляцын өсөлтийг хязгаарлах гэсэн үндсэн гурван зорилгод чиглэгддэг. Иймд мал аж ахуй, газар тариалангаа үр ашигтай, чанартай, найдвартай болгох нь манайх шиг эдийн засагт ХАА-н салбар  жин дардаг улсад чухал байна. Цаашлаад өөрийн түүхий эдийн нөөцөд суурилсан боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, ялангуяа хөнгөн, хүнсний үйлдвэрийг дэмжиж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг аль болохоор ихээр боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийж нэмүү өртөг шингээж, ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага байна. Мэдээж эрдэс түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг ч байгуулах, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлж, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх гээд хийх ажил их байна. Энэ бүх ажлыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тодорхой тусгасан. Одоо энэ бодлогын зорилтуудыг ээлж дараатай хэрэгжүүлэх, тэгэхдээ салбаруудын уялдаа холбоог хангах хэрэгтэй.  Валютын нөөц нэг хэсэг буурснаа эргээд нэмэгдэж байна. 2022 оны 9 дүгээр сарын байдлаар 2.8 тэрбум ам.долларт хүрч буурсан гадаад валютын улсын албан нөөц 2022 оны жилийн эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрч 31 хувиар  нэмэгдэж, бараа, үйлчилгээний импортын төлбөр тооцоог хангалттай хэмжээнд хангах түвшинд хүрч, өнгөрсөн оноос огцом сулраад байсан валютын ханшийн хэлбэлзэл тогтворжлоо. Манай улс уул уурхайн асар их түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гадаадад гаргаж, үлэмж хэмжээний гадаад валют олж байгаа нь валютын нөөцийг нэмэгдүүлж, инфляци тогтворжиход эерэг нөлөө үзүүлж байна. Тиймээс уул уурхайн салбарын удирдлага, менежимент, хяналт шалгалтыг сайжруулах юм бол валютын нөөц  цаашид тогтвортой нэмэгдэх нь ойлгомжтой. Тухайлбал, Тавантолгойн нүүрсийг биржээр худалдах, тэгэхдээ хуучин шиг уурхайн амны үнээр биш, харин хилийн үнээр худалдах зэрэг чухал шийдвэрүүд гарснаар валютын нөөц нэмэгдэх бололцоог бий болголоо шүү дээ.
-2023 онд дэлхий дахинд эдийн засаг хүндрэх нь гэж эдийн засагчид ярьж байна. Харин манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байх бол?
-Олон улсын шинжээчдийн тооцооллоор дэлхийн эдийн засгийн өсөлт нь ирэх онд Украйнд болж буй дайн, төв банкнуудын мөнгөний хатуу бодлого, өрийн дарамт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2.9 хувьд хүрч өмнөх оноос 5 нэгж хувиар буурахаар байна. Гэхдээ манай худалдааны гол түнш улс болох БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл нь “Тэг-ковид” бодлого, цар тахлын хязгаарлалтуудаа бүрэн цуцалсны нөлөөгөөр 5.2 хувь болж, 2022 оны 10 дугаар сард хүлээгдэж байсан төсөөллөөсөө сайжирсан эерэг мэдээлэлтэй байна. БНХАУ-ын ДНБ 2023 онд өмнөх оныхоос өснө гэдгээ зарласан. Энэ нь манай улсын экспортын бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэх, цаашлаад эдийн засгаа тогтворжуулах, тэлэх бололцоог олгоно гэж харж байна. Харин манай улс өмнөд хил дээрх боомтуудаа төмөр замаар холбож, нүүрс, зэсийн баяжмал, бусад нөөцийг экспортлох хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Урьдчилсан төсөөллөөр уул уурхайн салбар 2023 онд 14.2 хувиар өсөж, уул уурхай дагасан тээвэр, худалдаа, үйлчилгээний салбаруудыг дэмжинэ. Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалт эдийн засагт эерэг нөлөөлж Монгол Улсын нийт эдийн засгийн өсөлтийг энэ онд 5 хувьд хүрч сэргэнэ гэж тооцоолж байна. Нөгөө талаар манай улсын эдийн засгийн гол салбар болох мал аж ахуй хүнд өвлийг хохирол багатай давна гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа, дүгнэлт ч гарсан. Манай улсын эдийн засгийн гол салбар болох мал аж ахуй хүнд өвлийг хохирол багатай давж байна. Өнгөрсөн жил ургац сайн хурааж авсан. Энэ жил үр хангалттай. Иймд хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүн өснө гэж тооцож байна. Одоо гагцхүү боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үүний тулд гадаадад экспортлох нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл эдийн засгийн голлох салбарынхаа бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох, экспортод гаргах гарц, хувилбараа нэмэгдүүлэх замаар бид эдийн засгийн хүндрэлд өртөхгүй байх бүрэн бололцоотой.
-Энэ онд эдийн засаг өсөх өөдрөг дүр зураг байна гэж ойлголоо. Нэгэнт эдийн засаг сэргэж байгаа бол түүнийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлээч?
-Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад 2023 онд төсөв, мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийг тогтворжуулах бодлогыг баримталж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэгдсэн төсвийн алдагдлын хязгаарыг жил бүр бууруулан 2023 онд ДНБ-ий 3.6 хувь, 2024 онд 2.8 хувь, 2025 оноос 2 хувьтай тэнцэх хэмжээнд хязгаарлахаар тусгасан байдаг. Төсвийн бодлогын хүрээнд 2023 онд нэгдсэн төсвийн алдагдлыг хуульд заасан хязгаараас бууруулж ДНБ-ий 2.6 хувь буюу 1.4 их наяд төгрөг байхаар баталсан. Түүнчлэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-нд энэ оны төсөвт шинээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ санхүүжүүлэхгүйгээр тусгасан. Засгийн газраас 2023 онд төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагааг сайжруулж, экспортын орлогыг нэмэгдүүлэх, бүртгэлийг сайжруулах чиглэлд ажилласнаар төсвийн орлого нэмэгдэж 19.7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 36.2 хувьтай тэнцэх хэмжээтэй болно гэж тооцоолсон байна. Мөнгөний бодлогын хувьд Монголбанкнаас төсвийн шинжтэй зээлүүд санхүүжүүлэхийг зогсоож, гадаад валютын захад оролцохдоо зөвхөн ханшийн хэт хэлбэлзлийн үед интервенцийн бодлогыг зохистой хэмжээгээр хэрэгжүүлж, валютын улсын нөөцийг хамгаалах шаардлагатай гэж үзэж байна. Эдийн засгийн суурийг тэлэх, бүтээн байгуулалт, дэд бүтцийн томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцыг эрчимжүүлэхэд хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлснээр “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан зорилго, зорилт, арга хэмжээ бүрэн хэрэгжиж чадна. Иймд хөрөнгө оруулалтын үе шат бүрд чиглэсэн зохицуулалтын арга хэмжээг цогцоор авч хэрэгжүүлснээр бодит үр дүн гарна гэж харж байна.  Товчхондоо бид эдийн засгаа тогтворжуулаад зогсохгүй тэлэхэд анхаарна гэсэн үг юм.

-“Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт эдийн засгийн талаар хэрхэн туссан бэ? 
-Энэ бодлогын эдийн засгийн агуулгыг товчхон хэлбэл манай улс 2050 он гэхэд ДНБ 6.1 дахин, нэг хүнд ногдох ДНБ 3.6 дахин нэмэгдэж 15 мянган ам.долларт хүрнэ гэж заасан. Одоогийн байдлаар нэг хүнд ноогдох ДНБ 4 мянган ам.доллар байна. Энэ нь энгийнээр хэлхэд нэг хүн жилдээ 4 мянган доллароор амьдарч байна гэсэн үг. “Алсын хараа 2050”-д 2041-2050 онд ДНБ-ий үйлдвэрлэлийн хэмжээ 2018 оны валютын ханшаар 77.7 тэрбум долларт хүрч, 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 15000 долларт хүрч өснө. Энэ үед ДНБ-ий 27.4 хувийг боловсруулах аж үйлдвэр, 25.3 хувийг уул уурхай, олборлох салбар, 11.6 хувийг тээвэр логистикийн салбар бүрдүүлэхээр байна. Эдгээр салбаруудаас гадна эрчим хүч, аялал жуулчлал болон бүтээлч эдийн засгийн салбаруудад мөн өндөр өсөлт бий болохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, ирэх 30 жилд манай эдийн засагт бүтцийн эрс өөрчлөлт гарч, боловсруулах аж үйлдвэр болон бусад шинэ салбарууд хөгжиж, эдийн засаг бодитойгоор олон тулгуурт болох нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Монгол Улсын эдийн засгийн гадаад зах зээлээс хамааралтай, цөөн салбараас хамаардаг, экспортод голлох түүхий эдийн ханш дэлхийн зах зээл дээр унахад дагаад дотоодын эдийн засаг хямардаг эмзэг байдал арилж, хэрэглэгч эдийн засгаас үйлдвэрлэгч эдийн засаг руу шилжинэ гэдгийг маш тодорхой тусгасан. Тухайлбал, эдийн засгийн бүтцээ бид тодорхойлохдоо Боловсруулах аж үйлдвэр (Хүнд, Хөнгөн, Хүнс), Олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийн зохимжтой харьцаа бүхий уул уурхайн аж үйлдвэр, Эрчим хүч, Тээвэр, логистикийн салбар, Аялал жуулчлал, Мэдлэгжсэн, бүтээлч эдийн засаг /Creative Industry/ зэргээр ангилсан. Бодлого нэг бүрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, ажил арга хэмжээг Засгийн газар урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлсэнээр энэхүү хөгжлийн бодлого зорилгодоо хүрч,  эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засаг бүхий улс орон болно гэж бодлогын баримт бичигт тусгасан. Мэдээж хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь өөрөө маш чухал асуудал. “Алсын хараа 2050” бол Монголын хөгжлийн урт хугацааны бодлого юм. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээх дунд хугацааны хөтөлбөрийг 2021 оны эцсээр баталсан. Уг бодлогыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн жил бүрийн үндсэн чиглэлд тусган шат дараатай хэрэгжүүлж байна.

Б.НОМИН-ЭРДЭНЭ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Одоогийн байдлаар тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй7 цаг 27 минутын өмнөBlue sky tower-т тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй тул хамгаалалтад авчээ9 цаг 13 минутын өмнөШинээр төрсөн нярайг хүүхдийн мөнгөнд хэрхэн бүртгүүлэх вэ?10 сар 8. 15:23Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 45 гомдол, мэдээллийг хянан шалгав10 сар 8. 15:12Хүн төвтэй хуулийн үзэл баримтлал буюу парламент юу хийх вэ10 сар 8. 15:03Төрийн банкны харилцагчид БНТУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо10 сар 8. 9:57500-600 мянган айл өрхөд орон сууц хэрэгтэй10 сар 8. 9:53Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна10 сар 8. 9:09Төрийн хар хүн хаана байна10 сар 8. 9:05Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа10 сар 8. 8:53Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан10 сар 8. 8:49Н.Номтойбаяр: Ц.Батсүх гэж хурандаа цолтой хулгайч нэг сая ам.доллар нэхсэн Ц.Батсүх: АТГ-т шалгуулна10 сар 7. 18:52Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянга болгож, 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа10 сар 7. 18:44Засгийн газраас Эрүүл мэндийн салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалтын ажлууд үр дүнгээ өгч эхэллээ10 сар 7. 16:34"Эрүүл хооллолт, эрүүл амьдрал" сэдэвт 21 хоногийн аян эхэллээ10 сар 7. 16:24Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ10 сар 7. 16:03ЭХЭМҮТ-ийн төрөх амбулаторийг шинэчиллээ10 сар 7. 15:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа10 сар 7. 15:44Бид мод тарьж байна - Тэрбум мод10 сар 7. 14:41“Хүрээ” амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа10 сар 7. 14:31Ирэх сараас цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж эхэлнэ10 сар 7. 14:25Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа10 сар 7. 14:13Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын эмчилгээг Монголд нутагшуулна10 сар 7. 11:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 7. 11:28“Өгөөмөр” захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ10 сар 7. 9:18“Эрүүл мэндийн технологи- Олон улсын экспо 2024” үзэсгэлэн боллоо10 сар 7. 9:13Аюулт үзэгдэл, ослын 92 дуудлагаар ажиллаж, 10 иргэний амь насыг хамгааллаа10 сар 7. 9:07М.Мандхай: Парламент “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг эрчимжүүлнэ10 сар 7. 9:00Нэгдүгээр ангийн сурагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалтад хамрууллаа10 сар 7. 8:53УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.10.07-10.1010 сар 7. 8:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.